Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Адлагдсан, мартагдсан, мадлагдсан Азгүй суутнууд

2014 онд “Непко” хэвлэлийн газраас “Азгүй суутнууд” хэмээх нэгэн сонирхолтой номыг хэвлэн гаргасан юм. Номын өмнөх үгэнд “Суутнууд болгон алдаршиж, баяжаад байдаггүй. Харин хүмүүст адлагдан ганцаардмал ядуу амьдрал дунд хорвоог орхисон нь цөөнгүй. Зарим шинэ нээлт, гайхалтай уран бүтээлүүд цаг хугацаа орон зайгаа олоогүйгээс эс үнэлэгдэн гээгдэж, ойлгогдолгүй мартагдан нээлт хийгсэд нь биш, ухаалаг өрсөлдөгчид нь тухайн уран бүтээл шинэ санаанаас нь асар их ашиг олсон тохиолдол цөөнгүй байдаг.” гэжээ. Үнэхээр ч тийм. Та бүхэнд сонирхуулж байгаа уг ном бүхэлдээ яг л ийм, хийсэн бүтээсэн, нээсэн нээлтийнхээ үр шимийг хэзээ ч хүртэж чадаагүй, азгүй суутнуудын тухай өгүүлдэг.

Дэлхийн хамгийн алдартай “Сoca Cola” хэмээх хийжүүлсэн ундааг ууж үзээгүй хүн байхгүйтэй адил. Тэгвэл энэ ундааны анхны жорыг эмийн санч Жон Пэмбертон гэгч гарган авсан аж. Гэвч тэрээр мөнгөний гачаалаас болж зохиогчийн эрхээ Аса Гандлер гэгчид 2300 доллараар заржээ. Харин Гандлер нь туйлын ухаалаг байж энэ ундааг дэлхийн брэнд болгож чадсан юм.Пембертон хийсэн, нээж олсон гайхамшигт ундаагаа мандан бадрахыг харж чадаагүй. Хамаг эрхээ зарснаасаа хойш ганцхан жил л амьдарчээ. Сонирхуулахад, хүрэн өнгөтэй байсан Санта Клаусын хувцас чухамдаа кока кола ундааны сурталчилгаанаас болж улаан өнгөтэй болсон байх юм. Бидний өдөр тутмын хэрэгцээ болсон компьютерийн эцэг нь Германы эрдэмтэн Конрад Цүкэ гэгч. Тэрбээр анх 1941 онд релейний техник дээр суурилсан программын удирдлагаар ажиллах чадвартай “Z-3” гэх бүтээлээ танилцуулсан ч түүнд зохиогчийн эрх өгсөнгүй. Ингээд тэрээр хэзээ ч нээлтийнхээ үр шимийг хүртээгүй бөгөөд түүний эзэмших ёстой алдар сууг өөр хүмүүс хүртсэн нь харамсалтай.

Дэлхий нийтийг хэрсэн фэйсбүүк гэх олон нийтийн сүлжээг хамгийн их ашигладаг гэдгээрээ монголчууд тивдээ тэргүүлдэг. Тэгвэл энэ сүлжээний анхны санааг Кэмерон болон Винкдевосс гэх ихэр ах дүүс олсон. Цукербергийг ч ах дүүс анх ажилд авч төсөл дээрээ ажиллуулж байж. Гэтэл мань хүн үндсэн төслөөс нь нууцаар огт өөр зүйлийг хөгжүүлж байсан нь өнөөгийн фэйсбүүк юм. Нэг ёсондоо ажил олгогчдынхоо олон нийтийн интернэт сүлжээ байгуулах санааг сэмхээн гэгч нь луйвардаад авчихсан гэхэд болно. Ихрүүд санааг нь хулгайлсан гэж Цукербергтэй шүүхдэлцэн 65 сая ам.долларыг авахаар тохиролцон, 20 саяыг нь бэлнээр бусдыг хувьцаа хэлбэрээр авчээ. Энэ номыг гарч байх үед тэдний хувьцаа 150 сая орчим ам.долларын үнэлгээтэй байлаа. Азгүй гэхэд азгүй бас нэгэн бүтээлийн эзэд мөн л ах дүүс МакДоналд юм. Тэд өөрсдийн гаргасан “арай л тэнэгдүү” шийдвэрээсээ болж олон удаа амаа барьсан биз. Тэд өөрсдийн бий болгосон түргэн хоолны сүлжээний бүх эрхээ мөн л хамтрагч болох Рей Крокт хоёр сая 700 мянган доллараар зарж орхисон юм. Крок ч тэр маркетингийн тун чадварлаг менежер байж уг түргэн хоолны газрыг дэлхийн брэнд болгож дөнгөсөн билээ.

Хүүхэд багачуудын үзэх дуртай Микки маус гэхээр л хамгийн түрүүнд Уолт Дисней гуай л зурсан гэж буух нь дамжиггүй. Гэвч яг үнэндээ Диснейн зураач Аб Айверкс зурсан байх юм. Гэвч тэрээр Диснейн сүүдэрт үүрд үлдсэн юм. Өнөөгийн ухаалаг гэх төхөөрөмжүүд, компьютер гээд бүгд л ямар нэгэн программын тусламжтай ажилладаг. Тэгвэл хүн төрөлхтний түүхэнд анхны программчлалын хэлийг Ада Лаулес гэгч Британи эмэгтэй зохиосон. 1979 онд шинэ хэлбэрийн программчлалын хэлийг “Ада” хэмээн нэрлэж түүнийг түүхэнд мөнхөлсөн ажгуу. Энэ номноос өөр олон сонирхолтой нээлт, бүтээл хийгсэд хэрхэн яагаад алдрын хуудсанд анхдагч болж үлдээгүй, эсвэл мартагдсан талаар тунчиг арвин түүхийг уншиж болно. Уншиж байгаа хүнээ огтхон ч уйдаахгүй номыг танд санал болгоход таатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *