Categories
мэдээ цаг-үе

Ч.Насантогтох: Монголын тамирчид “Токио-2020” олимпоос нэлээд олон медаль авах байх аа

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтохтой ярилцлаа.


-“Токио-2020” олимпийн наадам эхлэхэд 160 хоног үлдээд байна. Монголын шигшээ багаас хичнээн тамирчин олимпийн эрх авах төлөвтэй байгаа вэ?

-Коронавирусийн халдвартай холбоотойгоор олимпийн эрх олгох тэмцээнүүд хойшлогдож байгаа тохиолдол нэлээд байна. Тухайлбал, Уханьд болох хуваарьтай байсан олимпийн эрх олгох боксын тэмцээн хойшлогдсон. Энэ нь шигшээ багийн санхүүгийн төлөвлөгөөнд хүндрэл учруулж байгаа. Энэ тэмцээн Йорданд зохион байгуулагдахаар болсон учраас тамирчдын замын зардал нэмэгдсэн. Одоогийн байдлаар, Монголын шигшээ багаас олимпийн эрх авсан арваад тамирчид байгаа. Тавдугаар сард олимпод оролцох тамирчдын нэрс бүрэн тодорхой болно. Нийтдээ найм орчим спортын төрөлд дөчөөд тамирчин олимпийн эрх авах боломжтой байгаа. Жүдогийн төрлөөр хамгийн олон тамирчин олимпод оролцоно байх хэмээн таамаглаж байна.

-Олимпийн эрх авсан болон эрх авах боломжтой тамирчдын хувьд бэлтгэлээ хэрхэн хийж байна вэ?

-Монгол Улсын шигшээ баг олимпод оролцох тамирчдаа дөрвөн жилээр төлөвлөгөө гаргаад бэлддэг. Одоогоор сүүлийн жилийнхээ бэлтгэлийн хөтөлбөрт шилжээд ажиллаж байна. Тамирчдын гол бэлтгэл 2017, 2018 онуудад явагдсан. Харин одоогоор сэтгэл зүйн бэлтгэл болоод өндөр ачаалалтай холбогдсон бэлтгэлүүдийг түлхүү хийж байгаа. Тамирчин болгоны сэтгэл зүй өөр байдаг. Тиймээс тамирчин тус бүрийн сэтгэл зүйг судалж, ямагт тогтвортой байлгах сэтгэл зүйн баг ажиллаж байгаа.

-Олимпийн эрх авсан болон эрх авах боломжтой тамирчдын санхүүгийн асуудалд ямар шийдлийг гарган ажиллаж байна вэ?

-Олимпод оролцох эрхээ авсан тамирчид болон дасгалжуулагчдад нэмэгдэл цалин олгож байгаа. Мөн олимпоос медаль авах найдлагатай тамирчдад нэмэгдэл цалинг олгодог. Тамирчид маань ямартаа ч санхүүгийн асуудалд санаа зовохооргүй цалинтай болж байгаа.

-Таны хувьд олимпоос медаль авах гол найдлага, таамгийг ямар спортын төрөлд тавьж байгаа вэ?

-Гол найдварыг топ дөрвөн спортын төрөлдөө хүлээлгэж байгаа. Боксын спортод Б.Чинзориг, Э.Цэндбаатар хоёртоо найдвар тавьж байна. Энэ хоёр тамирчин сүүлийн жилүүдэд амжилтаа тогтмол өндөр түвшинд барьж байгаа. Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид болоод буудлагын тамирчдаасаа ихээхэн найдварыг хүлээж байна. Мөн жүдогийн тамирчид маань нэлээд хэдэн медаль авна байх аа хэмээн найдаж байна.

-Саяхан жүдо бөхийн Парисийн их дуулга тэмцээн болж өндөрлөлөө. Та жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан хүний хувьд энэ тэмцээнд оролцсон жүдогийн тамирчдадаа ямар дүгнэлтийг хийсэн бэ?

-ДАШТ-ий дараа орох өндөр чансаатай хоёр том тэмцээн байдаг. Энэ бол Парисийн их дуулга болон Токиогийн их дуулга юм. Эдгээр тэмцээнд дэлхийн бүх шилдэг жүдочид өрсөлддөг. Энэ хоёр тэмцээнээс медаль авсан тамирчид олимп, ДАШТ-ээс медаль авдаг болох нь надад ажиглагдсан. Тиймээс би жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсны хувьд дүгнэн хэлэхэд, жүдочид маань “Токио-2020” олимпоос нэлээд хэдэн медаль авчих байх аа хэмээн бодож байна. Сая болсон Парисийн их дуулга их өрсөлдөөнтэй бас чанга тэмцээн боллоо. Олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга тамирчныг Цогтбаатар ялж хүрэл медаль авсан. Мөн сүүлийн арван жилд ялагдаагүй байсан Тэддиг Японы тамирчин яллаа. Тэгэхээр Парисийн их дуулга бол чансаа өндөр, том тэмцээн гэдэг нь харагдаж байна.

-Та жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албаны ажлаа өгсөндөө харамсаж байгаа юу?

-Надад харамсах сэтгэл байхгүй ээ. 2019 оны ДАШТ-д муу оролцсон гээд тухайн үеийн жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан байгаа. Удалгүй надтай хамт ажиллаж байсан бүрэлдэхүүнийг дахин томилсон. Х.Болдбаатар, Нямлхагва нар надтай хамт ажиллаж байсан, асар их туршлагатай, сайн дасгалжуулагчид байгаа. Эдгээр дасгалжуулагчид буухиаг маань таслахгүй байх аа гэж бодож байна.

-Таныг жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байх хугацаанд сургалт дасгалжуулалтын систем таны төлөвлөсөн түвшинд хүртэл сайн ажиллаж чадсан гэж үздэг үү?

-Миний тамирчдаа бэлдэж байсан сургалт дасгалжуулалтын систем одоо ч яг л өмнөх шигээ хэрэгжиж байна. Би олимп, дэлхийн аваргыг төрүүлж байсан өөрийн системдээ бүрэн итгэлтэй байдаг. Тиймээс би зөв системээр тамирчдаа бэлдэж байсан л гэж бодож, өөртөө сэтгэл хангалуун явдаг даа.

-Сүүлийн жилүүдэд Олимп, ДАШТ-д найдвар тавьж хүлээдэг байсан тамирчдын маань нас одоо гуч хүрчихлээ. Тэгэхээр тэдний буухиаг үргэлжлүүлэх дараагийн үеийн залуучуудыг бэлдэж чадсан юм болов уу?

-Жүдо бөх Монголд өргөн дэлгэр хөгжиж, маш олон жүдогийн клуб хичээллэж байгаа. Монголд хамгийн олон хүн хичээллэж байгаа спортын төрөл шүү дээ. Улсын чанартай өсвөрийн тэмцээнд мянга орчим хүүхэд оролцдог. Тиймээс жүдо бөх буухиа тасрахгүй хөгжинө.М.Уранцэцэг, Г.Одбаяр, Д.Сумъяа, О.Ууганбаатар нар гуч хүрчихлээ. Үнэндээ сүүлийн дөрөв, таван жилд арав гаруй настай өсвөрийн залуучууд сайн бэлтгэгдээгүй. Би маш том алдаа гаргаж, тэднийг бэлдээгүйдээ харамсдаг. Тиймээс одоогийн шигшээ багтай хамт дараагийн олимпод оролцох залуучуудын багийг бэлдэх бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Жүдогийн спорт өндөр хөгжсөн улс орнууд нас насны шигшээ багуудыг хамтад нь бэлддэг. Түүнчлэн бүх насны шигшээ багийн тамирчид нь цалинтай, тэмцээн уралдааных нь зардлыг улсаас шийдэж өгөх системтэйгээр ажилладаг.

-Өсвөрийн тамирчдыг зөв дасгал, сургуулилтын системээр бэлдэхэд мэргэжлийн дасгалжуулагчийн хомсдол бий. Уг нь Монголд байгаа бүх Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш нарыг мэргэшүүлээд, дасгалжуулагчаар бэлдчихвэл 800 гаруй мэргэжлийн дасгалжуулагч бий болох боломж байна шүү дээ?

-Санал нэг байна. 2000-аад оны эхэн үед Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дэргэд биеийн тамирын багш болон дасгалжуулагчийн анги гэж байдаг байсан. Харин одоо дасгалжуулагчийн анги нь байхгүй болчихсон байна лээ. Спортын мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиудад “Дасгалжуулагчийн төрөлжсөн анги” гэж байх ёстой. Мэргэшсэн спортын төрлөөр мэргэжлийн дасгалжуулагчдыг бэлдэх гарцаагүй шаардлага бий. Тийм учраас, БСШУСЯ энэ асуудалд анхаарал хандуулж, дасгалжуулагчийн ангийг дахин бий болгох шаардлагатай. Тэгэхгүй бол шигшээ багт байсан тамирчин, эсвэл сумын заан цолтой бөх сайн дураараа дугуйлан удирдаад ажиллаж байна. Тэр тамирчин хүүхдүүдийнхээ бие махбодын онцлог болоод сэтгэл зүйн онцлогийг судлаагүй байж тухайн хүүхдийг дасгалжуулна гэдэг маш том алдаатай бодлого шүү дээ. Тэр байтугай спортод дуртай өөр мэргэжил эзэмшсэн хүн, хүүхдийн дугуйлан хичээллүүлж байна. Энэ бол ёс зүйд нийцэхгүй асуудал. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

-Хүүхдүүдтэй ажиллахад практикаас гадна онол маш чухал байдаг. Гэвч Монголд спортын клуб, дугуйлан хичээллүүлж буй ихэнх дасгалжуулагчид сургалт, дасгалжуулалтын системд онолын мэдлэгийг ойшоож үзэхээ больчихсон мэт санагддаг?

-Тийм. 1980, 1990-ээд оны үед дандаа Орост сургуульд төгссөн дасгалжуулагчид шигшээ багийг удирддаг байлаа. Тиймээс, тухайн үед хэдийгээр материаллаг бааз муу байсан ч сургалт дасгалжуулалтын зөв системээр өнөөгийн Монголын спортын хөгжлийн суурийг тавьсан юм. Харин одоо үед Орост сурч байгаа мэргэжилтэн байхгүй болсон.

-Сургалт дасгалжуулалтын нэг чухал үзүүлэлт нь тамирчинд барилдааных нь бичлэгийг үзүүлж, алдааг нь ярилцах арга байдаг. Та жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байх үедээ энэ аргыг хэр их ашигладаг байсан бэ?

-Манай гэрт тав, зургаан зуу гаруй барилдааны бичлэг бүхий кассет байдаг. Тэр бол маш чухал зүйл.

-Японы шигшээ баг жүдо бөхийн спортоор энэ цаг үед дэлхийд ноёрхож байна.Тэдний өндөр түвшний амжилтаа ийм удаан хугацаанд хадгалж байгаа шалтгааныг юу гэж та боддог вэ?

-Нэгдүгээрт, жүдо бол Японы үндэсний спорт. Мөн Японд хүүхдийг дөрөв, таван настайгаас нь эхэлж жүдогоор хичээллүүлдэг. Хамгийн гол нь барилдааны техникийг яг л стандартынх нь дагуу эзэмшүүлдэг. Японы шигшээ багаас хорин тамирчин тэмцээнд оролцсон тохиолдолд арван судлаач тэднийг дагаж явдаг. Тэд судалгааны ажлаараа гойд сайн. Манай шигшээ багийнхан ч гэсэн судалгааг сайн хийдэг баймаар байгаа юм. Одоо манай шигшээ багт судалгааны таван баг ажиллаж байгаа. Уг нь арван жилийн өмнө л судалгааны багийг ажиллуулж эхлэх байсан юм даа.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *