Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр дэлхийн 29 оронд тархаад байгаа коронавирусийн халдвар сүүлийн 48 цагийн дотор БНСУ-д 433 тохиолдол болж эрс өссөн. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж мэдээллээ солилцож байгаа аж. БНСУ-д манай улсын 45 мянган иргэн ажиллаж амьдардаг гэсэн тоо бий. Иймд халдвар гарсан хотуудад хөл хорио тогтоон, гараа сайн угаах, малын гаралтай хоол хүнийг сайн болгож хэрэглэх, амны хаалт зүүхийг зөвлөж эхэлжээ.
ЭМЯ-наас ойрын өдрүүдэд БНСУ-д зорчихгүй байх, Солонгос улсаас ирсэн бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаж, шаардлагатай тохиолдолд утсаар зөвлөгөө авахыг анхааруулж байна.