УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор төрөөс тодорхой арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргалаа. Эдгээрт таны байр суурь ямар байна вэ?
-Улсын онцгой комиссоос цагаан сарыг тэмдэглэхгүй байхаар шийдэж, Ерөнхийлөгч ч мөн ийм зарлиг гаргалаа. Эдгээр алхмуудыг зөв гэж бодож байна. Цагаан сар гэх зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох нь коронавирусээс урьдчилсан сэргийлэх маш том алхам болно. Тиймдээ ч дээрх шийдвэрүүдтэй санал нэг байгаа гэдгээ хэлмээр байна. Гадны зарим хэвлэлд коронавирус БНХАУ-д маш их хурдацтай тархаж байсан нь удааширч эхэлсэн, тархацыг хяналтдаа авч чадсан гэж мэдээлж байна. Нөгөө талдаа бусад улс орнуудад, жишээ нь өнөөдөр Английн хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирусийн дэгдэлт гуравдугаар сарын дундуур хамгийн оргил үедээ хүрнэ гэж мэдээллээ. Угтуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээ ч авч байна. Аюул өнгөрөх яагаа ч үгүй байгаа учир бид анхааралтай, хянамгай байдлаа бууруулж хэрхэвч болохгүй.
-Коронавирус гарсантай холбоотойгоор гуравдугаар сарын 2-ныг хил хааж, нүүрсний экспорт хийхийг хориглоод байна. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Мэдээж эдийн засгийн үр нөлөөг ярихгүй байж болохгүй. Хэн ч ийм нөхцөл байдлыг урьдчилан тооцоолоогүй. 2020 оны төсөв алдагдалтай батлагдсан. Тиймдээ ч миний хувьд тэтгэврийн зээл тэглэх асуудалд анхнаасаа эсрэг байр суурьтай байсан юм. Санхүүгийн сахилга бат, гадаад валютын нөөц, банк санхүүгийн салбарыг эрүүл хүчтэй байх, цаашдын хөгжлийн суурь болох зэрэг асуудлуудтай холбоод үзэхэд тэтгэврийн зээлийг интервенц хийх нь урт хугацаандаа сөрөг үр дагавартай гэж харсан хэрэг. Энэ байр суурь минь одоо ч хэвээрээ.
2020 оны нэгдүгээр сарын төсөөлөл дээр нэмэгдэж гарч ирж байгаа хүндрэл нь энэхүү эдийн засгийн бэрхшээл. Цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор бизнесийнхэнд маш хүнд цохилт ирж, орлого нь огцом буурна.
Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдэд бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ нөөцөлчихсөн, хамгийн их борлуулалт хийх цаг үеэ хүлээж байгаа. Тэдний зарим нь зээл авч бараагаа авсан нь дамжиггүй. Тэдгээр бизнес эрхлэгчид банк бус санхүүгийн байгууллага, lend.mn зэрэг санхүүгийн хэрэгслүүдээс зээл авсан байна.
Өдрийн зээл авсан нь ч цөөнгүй. Тиймээс борлуулалт эрс багасвал бизнес эрхлэгчдэд хүнд, зээлээ эргэн төлөхгүй байх, хоцрох нөхцөл байдал үүсч, санхүүгийн зах зээлд бас ачаалал ирэх вий гэх болгоомжлол байна. Нөгөөтэйгүүр нүүрсний экспортыг зогсоосноос үүдэн гадаад валютын нөөц огцом буурч ханшид нөлөөлөх байдал үүснэ. үүнтэй холбоотойгоор бид эдийн засгийн хямралыг давж гарах богино хугацааны арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг яаралтай гаргах хэрэгтэй. эрсдэлийн менежмэнтийн талаар засгийн газар тодорхой шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, зарим тендерүүдийн эхлэх хугацааг хойшлуулах, түр зогсоох, валютын нөөцийг хямгадах, хэмнэлтийн горимд шилжих, зайлшгүй хэрэгцээт зардлуудыг төлөвлөн бусдыг нь хоёр, эсвэл гурван сараар хойшлуулах шаардлага үүссэн гэж харж байгаа. эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бидний тооцоолж байснаас амаргүй гарахаар нөхцөл байдал үүсээд байна.
-Чуулган завсарласан энэ хугацаанд намууд мөрийн хөтөлбөр дээрээ ажиллаж байгаа юу?
-Намуудын мөрийн хөтөлбөр шат шатандаа боловсруулагдаж байна. МАН-ын бүлэг гишүүдээс мөрийн хөтөлбөрт тусгах саналыг авч байгаа. Гишүүн бүр өөрийнхөө харьяалагддаг Байнгын хороо, түлхүү ажиллаж ирсэн чиглэл, орон нутгийн онцлогоос хамаарсан саналуудыг илэрхийлж байна. Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө олон нийтээс цахимаар нээлттэй санал авч байгаа харагдсан. Миний хувьд ийм нээлттэй хандлагыг зөв зүйтэй гэж харж байгаа. залуусын дуу хоолой, идэвхтэй санал шүүмжлэл нэн хэрэгтэй байна.
Манай намын зүгээс 2016 оны мөрийн хөтөлбөртөө үнэлэлт дүгнэлт өгч байна. Ямар амлалтуудаа биелүүлэв, юуг орхигдуулав, учир шалтгаан нь юу байв гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх цаг үе л дээ. Нийслэлийн тухайд Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөр 90 гаруй хувийн хэрэгжилттэй байгаа юм билээ. Гэсэн ч олон нийтийн зүгээс шүүмжлэх байдал ажиглагдаж байна. Ямар ч байсан дүгнэж цэгнэх гэж оролдож байгаа нь сайн хэрэг. Тэгж байж бид юу хийж чадав, цаашид юу хийх вэ гэдгээ харна. Ямартаа ч утаагүй болох том төлөвлөгөөний ноён нурууг гаргаж чадсан гэж үзэж байгаа. Мөн нийгмийн чиглэлийн асуудлуудыг сайтар шийдсэн. Ахмад настны болоод залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Ахмадууддаа насны хишиг олгох, цалинтай ээж хөтөлбөр, тэтгэврийг тэгшитгэх зэрэг асуудлуудыг боломжийн хэмжээнд шийдсэн. Бид ахмадуудын эрхийн тухай анх удаа ярьж эхэллээ шүү дээ. илүү таатай, баяр хөөртэйгөөр урт удаан амьдрах тухай, амьдралын чанарын асуудлыг авч үзэж байгааг дэвшил гэж харж байгаа. Аливаа зүйлийг шүүмжлэх амархан. хийсэн зүйлээ хийснээр нь ярих нь зөв зүйтэй.
-Нам, бүлэг дотор ирэх сонгуулиар хэнийг нэр дэвшүүлэх талаар яриа өрнөж байгаа байх. Одоогоор шийдэгдсэн зүйл бий юү?
-Нийгмийн зүгээс нэр дэвшигчид хэн байх эсэхт ихээхэн анхаарал хандуулж байна. Манай намын тухайд энэ асуудал дээр судалгаа хийгдэж, нам дотор нэр дэвшигчдийн сунгаа явагдаж байна. Гэхдээ энэ бүхэнд дүгнэлт өгөхөд эрт байна. Тавдугаар сар хүртэл олон янзын таамгууд хэвлэлээр болон олон нийтийн сүлжээгээр явж таарах байх.
-Баянгол дүүргийн нэг мандатыг хассан. Сөрөг хүчний зүгээс нийслэлийн мандатыг цөөлсөн эрх баригчдын энэ үйлдлийг дэмжихгүй байгаагаа хэлж байгаа. Таны хувьд энэ шийдвэрийг дэмжиж байв уу?
-Нийслэлийн тойргоос сонгогдсон гишүүний хувьд нийслэлийн мандатын тоог хасах бус бүр нэмэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Нийслэлд тулгамдаж буй асуудал, түүний улсын эдийн засагт гүйцэтгэдэг үүрэг оролцоо зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд Уи х дахь нийслэлээс сонгогдсон төрийн төлөөлөл, хууль тогтоогчдын жин нэмэгдэх ёстой гэж үздэг юм. Гэхдээ ардчиллын зарчим нь олонхынхоо шийдвэрээ дагадаг учиртай. хэдий би эсрэг байр суурьтай байсан ч дийлэнх олонх нь орон нутгийн тойргийг нэмэх сонирхолтой байсан учир шийдвэр тэгж гарсан.
-Та одоогоор ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?
-Шинжлэх ухаан технологийн тухай хууль дээр ажиллаж байгаа. Шинжлэх ухааны байгууллагуудад хийж байгаа судалгааны эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь яаж илүү сайжруулах бололцоо байна вэ гэх асуудлаар ШУА-ийн удирдлагууд, их, дээд сургуулийн захирлууд, эрдэмтдийн хүрээнд цомхон байдлаар зөвлөлдөж байна. зөвлөлдөж, ярилцаж хуулиа чамбайруулахыг зорьж байна.
-Манай эрдэмтдийн чадвар чансаа олон улсад төдийлөн гологдоод байдаггүй гэдэг. Гэсэн ч төрөөс бодлогоор дэмждэггүйтэй холбоотойгоор хийсэн судалгаагаа ажил хэрэг болгох бололцоо нь хомс юм шиг санагддаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Төсвийн хоёр хувийг шинжлэх ухаанд зориулна гэж мөрийн хөтөлбөрт тусгасан хэрнээ энэ заалтаа биелүүлээгүй л дээ. Угтаа тэрхүү гаргаж байгаа зардал эргээд мэдлэгийн хуримтлал бий болгодог. Тэр эрдэмтэд, технологийн салбарынхан дараа, дараагийн эдийн засгийн хөшүүр, мотор болж, оюуны чадамжийг зузаатгаж байдаг. Тиймдээ ч гарч байгаа зардлыг ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэж харах ёстой юм.
Шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээ нэмэгдээгүй гэдэг нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж чадаагүй байна гэсэн үг. эдийн засаг түүхий эдийн экспортоос хэт хамааралтайг мэдрэх энэ цаг үе шинжлэх ухааны талаарх байр суурь, ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт хийхийн чухлыг улам бүр нотолж байна.