Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Эдийн засагч Ерөнхий сайд нараас бүрдсэн багийг У.Хүрэлсүх яаралтай бүрдүүлэх хэрэгтэй

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Коронавирусийн халдвар эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Эдийн засаг өөрөө онцгой байдалд орчихлоо л доо. Эрүүл мэндийн яамнаас гадна Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, эдийн засагт оролцдог институциуд онцгой байдал зарлах ёстой. Хоёрдугаарт, УИХ нэн даруй хуралдаж ээлжит бус чуулганаараа улсын төсөвт тодотгол хийх учиртай. Эхний улиралд экспорт тэг боллоо. Өнөөдөр үйлчилгээний хэдхэн салбар дээр нэмэх нь мал, малчин гурав л үлдэж байна. Экспортолж буй гол зүйл маань “шороо”. Шороог маань авдаг үйлдвэрүүд зогсчихлоо.

-Улсын төсөвт хоёр их наядын илүү зардал бий. Энэ зардлаа буцааж танах асуудал яригдахаас аргагүйд хүрч байна уу?

-Тэгж ойлгож болно. Онцгой горимд тохирсон төсвийг дахин бататгах ёстой.

Хоёрдугаарт, төв банк валютын зах зээлд хөдөлгөөнд оролцох учиртай. Учир нь өдгөө экспорт, импорт аль аль нь зогсож байна. Үүнийг дагаад банкны салбарууд зээлийн хүүгийн асуудлыг тавин хувь багасгах учиртай. Хадгаламжийн хүүг ч багасгах ёстой байгаа юм. Ингэж байж харилцан гэрээнүүдээ эргэж харна гэсэн үг л дээ. Нөгөө талаасаа СЗХ-гоор дамжаад ББСБ-ууд энэ асуудалд анхаарах байх.

Бид 1990-1992, 1997, 2009, 2013-2016 онд хямралуудтай таарч явсан. Тэр үеийн хямралууд цэвэр эдийн засгийнх байсан. Энэ удаагийн онцлог нь огт өөр болчихож байгаа юм. Тийм учраас тухайн үед хямралаас гаргаж байсан мэргэжилтнүүд

-Өнөөгийн Ерөнхий сайд тухайн үеийн Ерөнхий сайд нарыг жишээ нь урих уу. Урихгүй байх магадлал нь өндөр юм биш үү?

-Ичиж нэрэлхэх явдал байхгүй л дээ. Д.Бямбасүрэн гуай, М.Энхсайхан гуайг урих хэрэгтэй. Сүүлд гээд ярихад Ч.Сайханбилэгийг ч дуудаж авчрах хэрэгтэй. Н.Алтанхуягийг ч урьж болно. Үүн дээр хүний, өөрийн нам гэх ямар ч зааг ялгаа хэрэггүй. Хамгийн гол нь зовлон үзсэн чавганц л үнэ цэнэтэй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх сайд зовлон үзсэн, улсаа хямралаас гаргасан Ерөнхий сайд нарыг уриад баг бүрдүүлээд ажиллах хэрэгтэй.

-Эдийн засгийн хүрээлэн гэж байдаг байлгүй дээ. Их сургуулийн эрдэмтдээс баг гаргах боломж бий юү?

-Шокийн үеийн эдийн засаг гэж бий. Баг гаргаад ажиллуулбал судлаач нар бий болов уу гэж найдаж байна. Тэдний үгийг сонсох ёстой. Одоо гээд яривал бүх зүйл миннимал байдалд бий. Ярианы эхэнд хэлсэнчлэн мал, малчин хоёр л хэрэг болно. Хамгийн том олзуурхал гэвэл бид нөөцөө сайн бүрдүүлчихсэн. Нөөцөө сайн бүрдүүлсэн үе ч таарлаа. Өвлийн цагт монголчууд махаа сайн бэлдээд авчихдаг. Ногоогоо ч бэлдчихдэг. Нөгөө талаасаа Цагаан сар гэдэг утгаараа хүнсний бэлтгэл дажгүй хийгддэг. Ийм үе таарсан учраас бидэнд олзуурхууштай нөхцөл давхацсан гэсэн үг. Тэгэхээр өөрийн нөөцийн менежмэнт дээрээ сайн ажиллах хэрэгтэй.

-Та төсөвт тодотгол хийх ёстой гэлээ. Яг ямар тодотгол хийх ёстой гэж?

-Хоёр их наядын алдагдалтай төсөв баталчихсан. Ядаж л тэр алдагдлаас нь салгамаар байна.

-Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл дээр өөр зарчим барих ёстой болж таарч байна аа даа?

-Буулгах байлгүй дээ. Хэмнэлтийн байдлаар явахаас аргагүй.

-Нүүрс тэг зогсолт хийчихсэн. Зэсийн баяжмал дээр л найдвар байх шиг…?

-Зэсийн баяжмал авдаг тал маань авахгүй гэвэл мөн л тэг зогсолт хийнэ. Алт л жаахан эргэлдэх байх. Гэхдээ эзлэх хувь нь бага. Хамгийн гол нь бүх баялаг, өөрөөр хэлбэл бүх “шороо” маань урд хөршид экспортлогддог.

-Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо онцгой байдалд ажиллах ёстой гэж ойлголоо. Тэд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Эхний ээлжинд хоорондоо уулзалдаж ярилцах ёстой. Уулзалдалгүйгээр өөр өөр тийш хараад суучихдаг алдаа эдгээр байгууллагад бий.

-Эдийн засаг өнөөгийн нөхцөлд муудлаа гэхэд хэчнээн хувиар буурах ёстой гэж тооцох ёстой вэ?

-Муугаар бодвол доод тал нь хоёр дахин унах ёстой гэж эдийн засгийг тооцох ёстой. Төсвийн орлогыг гэхэд л 11 их наяд биш, таван их наяд гэж тооцох учиртай. Ингэж тооцож бүх юмаа хэмнэлтийн горимд шилжүүлэх хэрэгтэй. Тэр бүү хэл цалинг ч багасгах ёстой. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний хөгжил, шинжлэх ухаан хоёрт итгээд суухаас аргагүй.

-Төсвийн орлого эрс багасах нь ээ?

-Тэгнэ. Өмнө байснаасаа гурав дахин багасна. Тийм учраас тодотгол хийх ёстой гээд байгаа юм.

-Эдийн засгийн хямралын үед эдийн засагчид улсыг удирдаж байсан гэсэн тайлбар дуулддаг. Үнэхээр тийм шалтгаан байсан уу?

-Үнэн. Тийм учраас эдийн засагч биш Ерөнхий сайддаа “нэрэлхэх хэрэггүй” гэж зөвлөөд байгаа юм. Ганц Сангийн сайддаа найдаж болохгүй. Энэ Сангийн сайд маань хямралаас улсаа гаргаж чадсан уу гэдэг дээр туршлагыг нь харах хэрэгтэй. Тийм учраас нэрэлхэх хэрэггүй. Мэргэжлийн Ерөнхий сайд нартаа хандах хэрэгтэй. Хямрал бүрт Ерөнхий сайд нар маань мэргэжлийн эдийн засагчид байсан гэх шалтгаан бий.

-Тухайн үед Ерөнхий сайд ч юм уу ЗГХЭГ-ыг авч явсан улсууд өнөөдөр шоронд хоригдох шахуу яваа юм биш үү?

-Тийм бол тэр хүмүүсээ шоронгоос нь гаргаад хүчийг нь ашиглах хэрэгтэй. Шокийн менежмэнт дээр тэд л ажиллаж чадна. Шокийн менежмэнт хийх ганц хүнээ халчихсан харагдсан.

-Тэр нь хэн бэ?

-Н.Энхбаяр гэж эдийн засагчийг хэлээд байна л даа. Тэр залуу долоон Ерөнхий сайдад зөвлөгөө өгч явсан хүн. Макро эдийн засгаа гадарладаг ганц нь гэж хэлж болно.

-Ингээд бодоод байх нь ээ ганц аврал маань ОУВС юм биш үү?

-Ерөөсөө л тийм. Зөвлөгөөг нь үг дуугүй дагах хэрэгтэй. Нэрэлхэх шаардлагагүй.

-Эдийн засгийн хямралыг давахад мэргэжлийн Ерөнхий сайд нарын оролцоо өндөр байсан гэж та ярилаа. Жишээ нь, хэн гэж Ерөнхий сайд улсаа хямралаас гаргачихав аа?

-Д.Бямбасүрэн гуай улсаа шокоос гаргаж байсан. Түүхийг нь нийт ард түмнээрээ мэднэ. Дараа нь М.Энхсайхан улсаа хэцүү байдлаас гаргасныг өнгөрсөн түүхээс харж болно. 2009 оны хямрал айхавтар байсан. Шатах тослох материал, улаанбуудайн нөөц хэцүүдсэн. Мэргэжлийн хүмүүс л энэ бүх хямралаас улсаа авч гарсан нь бодитой үнэн.

-Өнөөдрийн Ерөнхий сайд лав мэргэжлийн эдийн засагч биш. Ингээд харахаар яалт ч үгүй өмнөх Ерөнхий сайд нараасаа тусламж авах ёстой болж таарч байна аа даа?

-Яг тийм. Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөөд мэргэжлийн улсуудаас бүрдсэн баг гаргаж ажиллах хэрэгтэй. Өөр гарц байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *