Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Бүх зүйл новш”

“Нью Иорк таймс” сонины бестселлэр “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг”-ийн зохиогч Марк Мэнсоны “Бүх зүйл новш” ном хувь хүний хөгжилдөө анхаарсан хэний ч сөхөж харахаар бүтээлд тооцогдож байна. Энэ номын тухай Колумбын их сургуулийн сэтгэл судлалын профессор Скот Барри Кауфман “Марк Мэнсон хүний аз жаргалтай сайн сайхан амьдралын тухай асуултуудыг бүтээлч санаанд оромгүй байдлаар тасралтгүй нарийвчлан судалсаар. Үр дүнд нь манай ертөнц хааш зорьж буй, түүнчлэн бид тэрхүү газарт хүртлээ өөрсдөдөө болон бусдад хэрхэн илүү санаа тавих талаарх зарим гүн гүнзгий асуултуудад анхаарал хандуулсан, гайхалтай, ойлгоход хялбар ном болжээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан харагдсан.

Хүний ертөнц материаллаг талаасаа өөлөх зүйлгүй төгс болохын хэрээр ганцаардал, шаналал газар авдгийн шалтгаан, сэтгэл хангалуун бус байдлаас гарах арга, хиймэл оюун ухааны хөгжлөөс болж цаашид ч танигдах аргагүй өөрчлөгдөх дэлхийд өөрийгөө алдахгүй аз жаргалтай амьдрах урлагийг Марк номондоо багтаажээ. 132 оронд явуулсан судалгааны дүнгээс харахад тухайн улс орон хэдий чинээ баяжина, хүн ам нь амьдралын утга учир зорилгын талаар төдий чинээ бодож шаналдаг гэнэ. Чинээлэг хөгжингүй ертөнцөд гутранги үзэл өргөн тархсаны гол шалтгаан нь энэ аж. Олон нийтийн санаа бодлын талаар мэдээлэл цуглуулдаг Yougov компани 2015 онд дэлхийн 17 оронд явуулсан судалгаагаараа дэлхийн байдал сайжирч байна уу, муудаж байна уу, эсвэл хэвэндээ байгаа юу гэсэн асуултад хариу авахад хамгийн чинээлэг орнуудын иргэдийн 10-аас цөөн хувь нь байдал сайжирч байгаа гэж хариулжээ. Харин АНУ-ын судалгаанд хамрагдсан иргэдийн зургаан хувь нь сайжирч байгаа гэсэн бол Австрали, Францад энэ үзүүлэлт ердөө гурван хувь байж. Номын тайлбар хэсэгт энэ мэт судалгаануудын линк, холбоосуудыг хийж өгсөн нь илүү их мэдээлэл хайсан хүмүүст зүг чиг болохоор санагдсан.

Алдартай философичдийн түүх, үзлийг эшилсэн хэсэг энэ номонд элбэг таарна. Хөгжих хэрээр аз жаргалгүйчүүдийн тоо өсч яваагийн шалтгааныг гэхэд л философичдын үзэл номтой холбочихсон байх жишээний. Зохиогч Платоныг гэхэд л “Хуурамч эрх чөлөөний аюул заналхийлэхийг, зугаа цэнгэл цэцэглэн хөгжихийг, ийнхүү цэцэглэн хөгжих нь хүмүүсийн үнэт зүйлсэд гамшигт нөлөө үзүүлэхийг, хэтэрхий их баяр жаргал хүн бүрийг балчир хүүхдэрхүү, амиа хичээсэн, ямбатай, ердөө өөрийгөө л хайрладаг болгохыг Бернейсээс өмнө нэг хүн олж харжээ. Тэр бол улс төрийн философийн жинхэнэ гангстер. “Сэтгэлийн загалмайлсан эцэг”-ийг ч (Зигмунд Фройд) март. Энэ эр сэтгэл гээчийн санааг анх олж нээсэн шүү. Тэр хэдэн мянганы турш үргэлжилсэн энэ бүх гай гамшгийг хэн хүнээс ч өмнө олж харжээ. Хүний санаанд орж болох бүх сэдвээр санаагаа илэрхийлсэн анхны агуу сэтгэгч Платон л болов уу. Боддог, мэдэрдэг тархи угаасаа салангид гэдгийг тэр анх таамагласан. Хүн хүсэл эрмэлзлээ өөгшүүлэх замаар биш, харин өөрийгөө үгүйсгэх янз бүрийн хэлбэрээр зан төлвийг бий болгох ёстой гэж хамгийн анх тэр л нотолсон. Платон үнэхээр мундаг хүн байжээ” хэмээн дуу алдан бахадсан байна лээ. Ер нь агуу философичид хүн төрөлхтөнд юу үлдээснийг “Бүх зүйл новш” номноос багцаалдаад харчихаар юм билээ.

Шинжлэх ухаанч тайлбар, философич гаргалгаа, судалгаан дээр суурилсан үнэлэлт, дүгнэлтүүд ихтэй энэ номонд хүний тархины тухай сонирхолтой хэсгүүд байсхийгээд таарна. Тархи яаж ажилладаг талаарх шинжлэх ухааны нотолгооноос эхлээд бясалгал тархинд хэрхэн нөлөөлдөг тухай ултай судалж харсан дүгнэлтүүд нь олзуурхууштай санагдсан шүү. Марк Мэнсоны номноос “Орчин үеийн барууныхан бясалгалыг тайвшруулах арга гэж ойлгодог. Харин жинхэнэ буддын шашны бясалгал нь утасны сонирхолтой программудыг ашиглан стрессээ тайлахаас хамаагүй илүү эрч хүч шаардсан ажил. Хатуу бясалгал нь чимээгүй сууж өөрийгөө хайр найргүй ажиглахыг шаарддаг. Хүн удаан хугацаагаар бясалгал хийвэл хамгийн шившигтэй зүйлс нь ил гарч эхэлдэг. Хачин жигтэй хий бодлууд, хэдэн арван жилийн өмнөх харуусал, бэлгийн гаж дур хүсэл, тэсвэрлэшгүй уйтгар гуниг, ганцаардал, тусгаарлагдсан мэдрэмж урган гарна. Эдгээрийг зүгээр л ажиглаж, хүлээн зөвшөөрч, дараа нь чөлөөлж байх хэрэгтэй. Бясалгал бол үндсэндээ эмзэг, сул дорой байдлын эсрэг дасгал юм” гэсэн хэсгийг онцолмоор байна. Бясалгалыг гүнзгий судалсан хүний л хийх дүгнэлт.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *