Categories
мэдээ нийгэм

Монгол, Кувейт Улсын Гадаад хэргийн яам хоорондын II Зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Кувейт Улсын Гадаад хэргийн яам хоорондын II Зөвлөлдөх уулзалт өчигдөр Эль-Кувейт хотноо боллоо. Уулзалтыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан Туслах сайд Али Сулейман Аль-Саийд нар хоёр талаас тэргүүлэн оролцов.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар талууд дэлгэрэнгүй ярилцаж, ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. Манай тал Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Түлэнхийн төвийн барилгын ажил болон Өндөрхааны нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслийн явцын талаар ярилцахын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засагт нэн шаардлагатай дэд бүтцийн болон хүмүүнлэгийн шинэ төслийг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.

Хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог өргөжүүлэхийг чухалчлан ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны 8 дугаар сард зохион байгуулагдах Дэлхийн экспортын хөгжлийн форумд кувейтийн талаас өндөр түвшний төлөөлөгч болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг оролцохыг урилаа.

Улмаар аялал жуулчлал, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд аль аль талаасаа анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, Соёлын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөр, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр зэрэг баримт бичгийг ойрын хугацаанд эцэслэж, гарын үсэг зурахаар тохиролцсон юм.

Монгол Улсын Их Сургууль, Кувейтийн Их Сургууль хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, Кувейтийн их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг тэтгэлгээр суралцуулах боломжийн талаар ярилцав.

Уулзалтаар талууд бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, НҮБ болон бүс нутаг, олон улсын байгууллагууд, тухайлбал Булангийн хамтын ажиллагааны зөвлөлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.

Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Кувейт Улсын Мэдээллийн сайд бөгөөд Залуучуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Эрхэмсэг ноён Мухаммад Абдулла Аль-Жабри-тай уулзаж, хэвлэл, мэдээллийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцохын сацуу хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Эль-Кувейт хотноо зохион байгуулах асуудлаар ярилцлаа. Арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Мэдээллийн яамнаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Талууд 2018 оноос хойш сэтгүүлчид харилцан солилцож байгаа нь хоёр орныг сурталчлах томоохон боломж олгож байгааг тэмдэглэж, энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцов.

Монгол Улс нь Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудаас хамгийн түрүүнд Кувейт Улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2020 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *