Categories
мэдээ цаг-үе

Б.Онхоон багш

“50 нас бол хүүхэд нас,

60-74 нас нь идэр нас,

75-аас дээш бол хөгшин нас юм” хэмээн дурсан аль хэдийнэ 90 насыг зооглосон ч саруул сайхан, дөлгөөн тайван дүнхийн суугаа ахмад багшийгаа хараад бахархан бишрээд хэлэх үг ч олдохгүй л. Ард түмний маань хайртай нэрт дуучин явсан Ардын жүжигчин Түмэндэмбэрэл(1941-1977 (Увс, Өндөрхангай) агсны хань ижил гэдгээр нь зарим үеийнхэн андахгүй байх, харин манай сургуулийн үе үеийнхэн “Онхоон багш”, “Онхоон багш” хэмээн ихэд хүндлэн байдгийг эртнээс мэдэх ч өөр салбарын оюутан байсан миний хувьд хүндэт багшаараа хичээл заалгах, намайг сургуульдаа ажиллахаар ирэхэд гавьяаны амралтандаа суусан байсан тул бас хамт ажиллах завшаан тохиогоогүй тул яг үнэндээ багштайгаа нүүр тулж танилцах боломжгүй явсан цаг саяхан. Гурван жилийн өмнөхөн манай ахмадуудын уламжлалт спортын наадмын Шатрын тэмцээнд “Б.Онхоон багш 90 настайдаа түрүүлж Алтан медалийн эзэн боллоо” гэж сонсоод ихэд гайхаж, шатар тоглодог хүн байх нь гэж бодсоноо бодохоор өөрийгөө шоолж инээд хүрмээр… Тэгэхэд тус тэмцээний аваргаар Б.Онхоон багш, дэд аваргаар Д.Ламжав /мат/ багш, гутгаар байрт Ц.Маам /мат/ багш нар тус тус шалгарч байсныг маш тод санадаг юм. Тэр цагаас хойш ахмадын баяр бүрээр бас тэмцээний үеэр багштайгаа таарна, тэрээр шатрын тэмцээндээ ороод медаль, шагналаа авчихаад явахыг нь хараад бахархана.

Миний бие энэ “Шороон гахай” жилд олон сайхан эрхмүүдтэй уулзаж, дурсамж түүхийг нь сонсон тэмдэглэл хийсэн, тэдний нэг нь манай сургуулийн хамгийн өндөр насыг насалж яваа олон мянган шавь нарынхаа хайртай багш нь, өөрийн бүхий л амьдрал, үйлсээрээ хүмүүний амьдралын бодит нэгэн үлгэр дуурайл болж яваа Бямбадоржийн Онхоон багш маань юм. Ингээд багштайгаа хөөрөлдсөн тэмдэглэлээсээ чадан ядан хуваалцахыг хичээв. Багшийн маань амьдралын түүхэн замнал нь манай нийгмийн бүхэл бүтэн нэгэн цаг үеийн толь юм шиг санагдсан шүү… Багшаасаа эхлээд бага насных тухай асуучихсан чинь бүхэл бүтэн амьдралын замналыг сонсох эхлэл болсон юм, иймд багшийнхаа амьдралыг

“Балчир нас”, “Сурагч нас”, “Залуу нас”, “Мөрөөдөл болсон багшийн амьдралаар амьдарсан жаргалтай нас” хэмээн бичмээр санагдав.

Гэлэн хүү хэмээн өхөөрдүүлсэн БАлЧИр НАС:

Тэрээр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт ганц хүү, хоёр охинтой айлын дундах хүү болон төрсөн бөгөөд эгч, дүү хоёроо даган бусдын адил хонь хариулж, морь унаж торнижээ. Аав Я.Бямбадорж нь дөрвөн аргын тоо болон бичиг үсгийн боловсролтой тул тухайн үеийн Мишиг гүний хошууны тамгын газар тал бичээчийн үүргийг гүйцэтгэн ганц хүү Б.Онхооныгоо таван нас хүрэхэд нь монгол бичиг заан уншуулж сургасан байжээ. Ээж У.Нямсүрэн нь хошуу нутагтаа ажилсаг, царай зүс сайтай хэмээн хүндлэгдсэн эмэгтэй байсан бөгөөд 36 настайдаа мөнх бусыг үзүүлсэн нь хань нь идэр залуу насандаа, үрс нь балчир бага насандаа өнчирсөн нөхөж баршгүй хүнд үе тохиосон нь харамсам.

Нялх түүнийг амаа ангайн унтаж байхыг харсан өвөг эцэг нь Анхаан хэмээн өхөөрддөг байсан нь ирээдүйн Онхоон хэмээн алдарших нэрийн эхлэл болжээ. Эхээс мэндлэхэд нь анх түүнд нагац ах аграмба Чимэд нь Пэрэнлэйлхүндэв гэдэг нэрийг хайрласан гэдэг.

Ингээд таван настай балчир Онхооныг тэр үеийн жишгээр Мишиг гүний хошууны Норовчоймбол хийдэд ах гэлэн Лувсандоржийг дагуулан шавь оруулжээ. Нутгийн энэхүү хийд нь 500-гаад ламтай, 16 дугантай, Манал бурхны дацан, Чойрын дацан (гүн ухааны онол), Жүдийн дацан (тарни) …зэрэг дацангуудтай том хүрээ байсан гэдэг. “Дацан гэдэг нь одоогийнхоор их сургууль юм шүү дээ” хэмээн гайхан суугаа надад тайлбарлав. Тэр үеийн байдлыг дурсан хуучлахдаа “… Цогчин дуганд олон лам нар номоо хураад суухад нэг захаас эсрэг захад суугаа хүний царай харагдахгүй, төөрөх энүүхэнд…” хэмээн дурссан нь төсөөлөхөд ч бэрх.

Балчир энэ насны хамгийн том дурсамж бол багад нь түүнийг энхрийлэн алаг захтай, хиазтай энгэртэй гэлэн дээл өмсгөдөг байсан нь хийдийнх нь лам нар өхөөрдөн Гэлэн хүү хэмээн нэрлэн үе үе “Гэлэн хүү”-г дуудаарай сонин уншуулъя хэмээгээд монгол бичгээр хэвлэгддэг байсан сонингоос цаг үеийн байдлыг (Халх голын дайн, Лам нарын баривчилгаа, Засгийн газраас явуулж байгаа бодлого шийдвэр… гэх мэт)мэдэж авдаг байж. Лам нар монгол бичиг мэдэхгүй, тангад, түвд үсэг л мэддэг байсан бололтой. Сонин уншаад алаг цаастай чихэр, боорцогоор шагнуулж байсан нь бага насны том дурсамж болон үлджээ.

Хийдэд сууж байхдаа гэрээ их санадаг байснаа мөн дурссан юм. Хийдэд тэгээд ямар ном заалгаж байв? гэж сонирхоход юуны түрүүнд түвд бичиг, үсэглэл, итгэл ном, дүншиг, сан, тарни заадаг байсан гэсэн нь бас л сонирхолтой санагдсан болой. Ийнхүү 5-8 нас хүртэл нутгийнхаа хийдэд шавилсан байна.

ШИнэ цАГИйн Онц СУРЛАГАТАНСУРАГЧ

Цаг төрийн байдал хүндэрч лам нар толгой дараалан баригдаж, хүрээ хийд нь ч хаагдсан тул аав нь түүнийг Дэлгэрхаан суманд байгуулагдан ажиллаж байсан бага сургуульд оруулснаар орчин цагийн боловсрол эзэмших шинэ замд оржээ. Тэр үед хүмүүс хүүхдээ сургуульд өгөх тун дургүй, ихэвчлэн ядуу айлын хүүхдүүд сургуульд сурдаг байж. Хүүхдүүд гэр лүүгээ ч их оргоно, захирал нь мориор элдээд л ирдэг байж. Кино шиг л… Тэр үеийн Дэлгэрхаан сумын бага сургуульд ойр орчмын Эрдэнэсант, Бүрэн, Эрдэнэдалай… зэрэг сумдын хүүхдүүд ирж суралцах тул томоохон сургуульд тооцогддож байв. Сургууль нь хичээлийн байр, хоолны гэр, халуун усны гэр, захирлын контор, улаан булан… зэрэг долоон гэрээс бүрдэх бөгөөд аргал түүж, галч нар гал түлж гэрүүдийг дулаацуулна.

Тэр үед сурагчдадаа дөрвөн улирлын хувцас өгдөг байсан нь сонин. Тухайлбал, цэнхэр, ногоон сатин эсвэл жигүүнэн дээл, савхин гутал, малгай, өвөл нэхий дээл, эсгий гутал, цагаан хурган малгай, дотуур хувцас… зэргийг үнэ төлбөргүй өгдөг байсан аж. Монгол бичиг сайн мэдэх түүнийг анхны хичээл дээр захирал багш Цэрэндорж ангид нь орж ирээд сурагч Онхооны дэвтрийг сөхөж үзээд түүнийг анги дэвшүүлэх хэрэгтэйг багшид нь хэлэхэд, энэ хүүг ангийн дарга болгох гэж байгаагаа захиралд хэлсэн гэдэг. Ийнхүү ангийн дарга Б.Онхоон тусгай ширээнд суун, багшийн туслах болсон түүхтэй. Тэрээр багаасаа ядарсан болон ядуу зүдүү хүнийг ихэд өрөвдөн туслахыг хичээдэг байжээ. Сурагч насны бас нэгэн сайхан дурсамж нь маршал Чойбалсан бага сургуульд нь ирэхэд ангийн дарга Онхоон сурагчдаа жагсаан рапорт (мэдээлэл) өгч байсан нь санаанд нь тод нэгэн дурсамж болон үлджээ. Маршал савхин дээлтэй түнтгэр хүн байсан хэмээн дурссан юм.

Ажиллаж, суралцаж, хийж бүтээсэн ЗАЛУУ НАС:

Сумандаа бригадын даргаар олон жил, дараа нь сумын даргаар ажиллах болсон эцэг С.Бямбадорж нь гурван өнчин хүүхдээ асран хамгаалахаар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч Нийслэл хотноо 1941 онд шилжин иржээ. Энэ үед хүү Онхоон нь долдугаар ангиа төгсөөд байж. Тэр үед Аж үйлдвэрийн комбинат гэж улсын том үйлдвэр УБ хотноо байв. 15 нас хүрсэн тэрээр ажил хийж амьдралдаа тус нэмэр болохыг ихэд эрмэлзэн тус үйлдвэрт ажиллах өргөдөл өгснөөр ажлын гараагаа Арьсны заводын лабораторид лаборантаар ажиллаж эхэлжээ. Ажлаа сайн хийж 180 төгрөг авдаг байсан нь их мөнгө байв. Тус үйлдвэрт ихэвчлэн 18, 19, 20-той залуучууд ажиллана. Тэд гэрийн хүмүүжил сайтай, нэлээн буурь суусан хүмүүс байсан гэдэг. Энэ цаг үе эх орны дайны ид хүнд үе тул олон цагаар заримдаа амралтгүй ажиллах нь энүүхэнд. Тэд нэхий дээл, цэргийн хувцас ихэвчлэн хийнэ. (15 000 дээл хийх төлөвлөгөөтэй байв) Ажилдаа сайн, бичиг үсгийн боловсрол сайтай Б.Онхооныг 16 настай байхад нь АҮК-ын Эвлэлийн үүрийн даргаар сонгосон нь шинэ содон зүйл (залуу дарга) байсан төдийгүй ирээдүйд улс төрийн албан тушаалд ажиллах эхлэл байжээ. Тэрээр даргын ажлаа сайн хийсэн гээд хамгийн залуу “Ударник” цолтон болж, “Бид ялав” медаль, МХЗЭ-ийн ТХ-ны “Хүндэт жуух” болон торго дурдан зэрэг үнэ бүхий зүйлээр шагнуулж, цаашлаад алтан үсэгтэй үнэмлэхээр удаа дараа шагнагдах болж, Намын үнэн сонинд ч бичигдэж байсан нь залуу насны сайхан дурсамж болон үлджээ. Тэр үеийн залуус Эвлэл, олон нийтийн ажлаараа ханын сонин гаргах, танц хийх, дуу хөгжим сурах, бичиг үсэг сурах, бусдыгаа манлайлан хошуучлах … зэрэг олон арга хэмжээнд оролцдог байжээ.

Дайны цаг үеийн байдал, ахуй амьдралын талаар нь сонирхон асуухад:

-Хоол их ховор, гурил бас ховор, ихэвчлэн хивэг хэрэглэнэ, талх (200 гр), түлээ нүүрс, ус (хувингаар) бүгд нормтой. Сүү цагаан идээ ховор.

-Тэр үед малчид хувийн өмчтэй байсан. Сүү айраг цагаагаа борлуулна.

-Хятадууд “Өндөр худаг” гэдгээс (одоогийн Далай ээж захын ойролцоо, Усны гудамжнаас хойш) ганган пойшигтой томск мориор ус үнэтэй түгээнэ. Айл айлд нь усыг оруулж өгдөг байсан нь сонирхол татам …

-Тэр үед УБ хот маань 50 мянга хүрэхгүй шахуу хүн амтай байсан гэдэг.

-Ихэвчлэн хүмүүс гэрт амьдарч, явган явна. Зарим нь морь, дугуйгаар явна. Багш хааяа мориор явах ч тэр нь арчилгаа ихтэй, алдчих аюул их тул явган явдаг байж.

Ингээд удалгүй 20 нас хүрч Цэргийн ерөнхий сургуульд элсэн улс төрийн ажилтан болохоор сурч эхэлсэн бөгөөд жил дараалан онц сурч, Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт шилдэг суралцагчдын нэгэн болжээ. Шилдэг суралцагч түүнийг БХЯ-ны сайд генерал Жанчивын тушаалаар хязгаар нутагт (Хэнтий, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгууд) хилийн цэргийн улс төрийн орлогчоор томилох болсон ч өөрийн хүсэл багш болох чин хүсэлдээ хөтлөгдөн онц сурсны ач гавьяагаар Офицерийн сургуульдаа түүхийн багшаар ажиллах болсон байна. 1956 онд БХЯ татан буугдаад Дотоод явдлын яамтай нэгджээ. Дайн дуусч, тайван цаг ирсэн тул Офицерийн ба Цэргийн Ерөнхий сургууль ч татан буугдахад өөрийн хүсэлтээр үргэлжлүүлэн сурах мөрөөдөл нь биелж МУИС-д элсэлтийн шалгалт өгч тэнцэн Түүхийн салбарын оюутан болохын хамт тухайн салбарынхаа намын үүрийн даргын сонгуульт ажил, Их сургуулийнхаа Оюутны зөвлөлийн даргын ажлыг төгстөлөө хийж байжээ.

Ийнхүү их сургуулиа төгсөхөд ректор академич Д.Цэвэгмид багш сургуульдаа үлдэн багшлах болсныг дуулгасан нь оюутан цагийн хэзээ ч мартагдашгүй үйл явдал төдийгүй мөрөөдөл болсон багшаараа ажиллах ажил-амьдралын шинэ замын эхлэл болсон ажгуу.

мУБИс-Ийн хүндэТ прОфессОр Б.ОнхООн БАГШ:

Ийнхүү “Ертөнцийн бүх сайхан мэргэжлүүдийн дотроос Багшийн мэргэжил хамгийн сайхан нь” хэмээн догдлон ярьж суугаа хүндэт эрхэм буурал багш минь 1950 оноос Цэргийн сургуульд (офицерийн сургууль), 1960 онд МУИС-д, 1961-1994 он хүртэл УБДС буюу энэ цагийн МУБИС-д Түүхийн багш, тэнхимийн эрхлэгч, декан зэрэг албыг нэр хүндтэйгээр гүйцэтгэн гавьяаныхаа амралтад гарч үр хүүхдүүд, түмэн олон шавь нар, үе үеийн эрдэмтэн багш нар, эргэн тойрныхондоо цэвэр цэмцгэр, зөөлөн зан ааш, оюутандаа түшиг тулгуур, хамт олондоо элэгсэг нөхөрсөгөөрөө алдар цуу нь түгэн мандсан хүндэтгэл дүүрэн эрхэм болсныг бахдалтайгаар та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна. Мэдээж багшийнхаа их сургуулийн амьдралын талаар үргэлжлүүлэн бичвэл дахин нэлээд хугацаа, зай орох нь тодорхой юм. Товчхон дурдахад тэрээр ЕБС-ийн VII, VIII, IX дүгээр ангийн “Нэн шинэ түүх” сурах бичгүүдийн зохиогч, 60 гаруй өөрийн ном, гарын авлагаа хэвлүүлсэн, 160 гаруй оюутны диплом удирдсан, шавь нараас нь олон алдартан- гавьяатан төрсөн билээ. Эрдэмтэн, профессор Ж.Цэвээндорж, Д.Баяр, Х.Баянмөнх, Ж.Заанхүү, Т.Намжил, Т.Жамбалдорж, Ардын багш Ж.Дүгэр, Гавьяат хуульч Лхагваа гээд урт дараалал гарах биз ээ…

Багшийн ярианаас анзаарч онцлоход, Түүхийн шинжлэх ухааны сургалтыг түүхэн газрууд, музей болон дурсгалт газруудаар суралцагчдыг дагуулан биеэр үзүүлэн онол практиктай хослуулан заах нь үр дүнтэй, тэдэнд их хэрэгтэй байдаг гэсэн манай түүхийн тэнхимийнхэн сургалтынхаа явцад оюутнуудтайгаа аялах, хүмүүстэй уулзалт зохиох, түүхэн нэрэмжит өдөрлөг арга хэмжээ зохиох … зэрэг төрөл бүрийн хэлбэрээр хичээл сургалтаа явуулаад байдаг нь Б.Онхоон багшаас маань эхтэй байх нь гэж бодон ихэд бахархсан шүү. Тэрээр онцлон: энэ арга зүйг миний отгон шавь нарын нэг болох тэнхимийн багш Г.Даариймаа сайн хэрэгжүүлдэгт би баярлаж явдаг юм хэмээн нэр дурдан хөөрөхөд би бас анд найзаараа бахархав.

Ярианыхаа төгсгөлд сонирхон та ингэж өндөр сайхан наслахад тань хамгийн их нөлөөлсөн зүйл юу гэж боддог вэ? Нарийн жорноосоо хуваалцаач багш аа хэмээхэд:

Гойд хэлэх сүртэй юм үгүй дээ! Хүн ер нь хэт баярлахгүй, хэт гомдохгүй биеэ сайхан авч явах хэрэгтэй. Бас хоол ундаа зөв тохируулах их чухал гэсэн нь маш энгийн юм шиг боловч монгол гүн ухаан нэвт шингэсэн, монгол өв уламжлалаа дээдлэн энэрэл нигүүлсэхүйн дээд болсон буурал багшийн маань том сургамж, сургаал мэт ээ.

Хүндэт эрдэмтэн багшийн маань яруу алдар дэлгэрч, зуу насалж зургаадай таяг тулаарай хэмээн ерөөл өргөе.

Т.ДУЛАМРАГЧАА

МУБИС А115.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *