Categories
мэдээ

Авто замын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлнэ

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо “Ололт амжитын түлхүүр” ХХК-тай хамтран олон улсын менежментийн тогтолцоог монголд нэвтрүүлэх гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай ISO 45001, ISO 9001 стандартуудыг авто замын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нэвтрүүлэх юм байна.

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв “Монголд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль хангалттай байдаг. Гэвч үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй байна. Сүүлийн хоёр жилд авто замын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослоор хоёр хүн нас барж, найман хүн хөдөлмөрийн чадвараа алдсан. Ослын шалтгаан нь уналт, нуралт, ажил олгогчдын мэдлэг хандлага, механизмийн эвдрэл, тэмдэг, тэмдэглэгээний стандартын зөрчил зэргээс болж байна. Ажилчид өвөл, зуны улиралд их задгай ажилладаг учраас ийм нөхцөл байдал үүсэх нь ихэссэн. Мөн авто замын компаниуд ослоо нуун нуун дарагдуулсан тохиолдол ч гарсан. Тиймээс авто замын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх шаардлагатай юм” гэлээ.

Мөн тэрээр замын компаниудад олон улсын менежментийн тогтолцоог нэвтэрүүлэхийг уриалсан юм.

“Ололт амжилтын түлхүүр” ХХК-ийн төлөөлөгч Б.Батхүү Бид 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулахдаа 20 мянга орчим хүнийг хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамруулсан. Монголын уул уурхай, барилга, замын салбарын ажилчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд байдаг. Монгол Улсын хэмжээнд 22500 осол ямар нэг шалтгаанаар дарагдаж байна гэсэн судалгаа бий. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр манай улсын замын салбар дэлхийтэй мөр зэрэгцэх, байгууллагын ажилчид алдахаас сэргийлэх юм” хэмээв.

Ч.ОЧИРРЭНЧИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *