Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Хүн олноор үйлчлүүлдэг газруудад эрсдэл гаргахгүй байхад анхаарч ажиллана

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэсэн. Дээрх хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцсон бөгөөд зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаах хүртэл арга хэмжээ авна гэдгийг онцолж байна.

Тэрбээр “Нийслэлийн Онцгой комиссыг өчигдөр хуралдуулж, шаардлагатай арга хэмжээ авах чиг үүрэг бүхий тусгай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг бүх сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр зогсоох, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулан эдгээрт хяналт тавина.

Өмнөх удаад нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгахад гадаадын хөрөнгө оруулалттай зарим сургууль хичээллэж байсныг цаг тухайд нь таслан зогсоосон. Энэ удаад тийм явдал гарах ёсгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулж буй бол хууль тогтоомж болон Үндэсний аюулгүй байдлын хангах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг иргэн, аж ахуйн нэгж дагаж мөрдөх ёстой. Тиймээс хичээл, сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд ямар нэг сургууль, цэцэрлэг хичээллэхгүй.

Зах, худалдааны төвүүд зэрэг хүн олноор үйлчлүүлдэг газруудад эрсдэл гаргахгүй байхад анхаарч ажиллана. Зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаахаас аргагүй. Энэ тохиолдолд цаг тухайд нь нийслэлийн онцгой комисс болон бусад бүтцээр хэлэлцэж шийдвэрлэнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *