60 тэрбумын схемийг илчилсэн гэх иргэн Г.Доржзодовтой ярилцлаа.
-Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялалт байгуулахад хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол та. Яруу найрагч Ц.Хулан “АН-ыг ялалтад хүргэхийн тулд өөрийгөө золиосолсон Доржзодовыг хайрлах хэрэгтэй” гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан удаатай. Харин одоо таныг хэрэгт татах гээд байна. Танд өөрийгөө хамгаалах эрх зүйн ямар үндэслэлүүд байна вэ?
-Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үзсэн. Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургаан өмгөөлөгч сошиалаар болон хэвлэлээр олон нийтэд сүүлийн дөрвөн сарын турш цацсаар байгаа мэдээлэл шиг зүйл тэнд огт байхгүй байна лээ. Өөрөөр хэлбэл, хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд нягтлан шалгах шаардлагатай байна л гэсэн байсан. Энэ нь нэг талаараа Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ногдуулах ёстой зохих шийтгэлийг хөнгөрүүлсэн, эсвэл хүндрүүлсэн ч байж болзошгүй гэсэн үг шүү дээ. Мөн өөр хичнээн оролцогч байгаа вэ тэднийг бүгдийг дахин шалга гэсэн утгатай. Учир нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх хэмжээний худал мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг маш их цацагдаж байна.
Хэвлэл, сошиал, интернэтээр намайг маш их дайрч, гутаан, гүтгэж байна. Тэд тэгэхээс өөр юу ч хийх билээ. Нэг удаа би тэсээд гарч болсон юм дахиад нэг тогтоод үлдэх ч байлгүй. Надад хийсэн хэрэг байх биш. Хэнээс юунаас айж явах ёстой гэж. Нууц уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн маш ноцтой гэмт үйлдлийг зориг зүрхтэй ямар ч иргэн дэлгэх нь мэдээж шүү дээ. Чухам юугаараа дэнчин тавьж, эрсдэлийг яаж үүрэх вэ гэдгээс л шалтгаалах байх. Жингийн нэг туухай нь илчлэгч иргэн гав ганцаараа, нөгөө туухай нь улс төрийн махны машин байгаа тохиолдолд туйлын болгоомж хэрэгтэй. Энэ хэргийг илчиллээ гээд ямар улстөрч, улс төрийн хүчин хожих нь гол асуудал биш. Зөвхөн Монголын ард түмэн, хойч ирээдүй л хожих ёстой. Бид энэ будилж яваа, хулгай, луйвар, завхрал, шившгээр дүүрэн он жилүүдээс хурдхан шиг салмаар байна. Нийгмийн эрх ашгийн төлөө яваа учраас надад айх зүйл огтхон ч алга. Эрт орой хэзээ нэгэн цагт мухарлагдах нь ойлгомжтой шүү дээ. Нотлох баримтуудыг хэн ч,хэзээ ч, яаж ч устгах гээд нэмэргүй. Хил хязгааргүй өргөн тархсан. Интернэттэй холбогдсон хэн ч танилцах боломжтой.
-Тэр аудио бичлэгийг их олон удаа шинжилсэн гэсэн. Хэрэг яагаад мөрдөн байцаалт руу буцав?
-Хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн өдрөөс хойш тоон технологиор бичигдсэн 90 болон 40 минутын дуу бичлэгүүдийг одоо болтол хараат бус шинжээчээр шинжлүүлээгүй байгаа шүү дээ. Энэ мэдээж сонирхлын маш том зөрчил дагуулж байгаа асуудал. Өнгөрсөн аравдугаар сарын шүүх хурлын материалтай танилцаж байхад маш олон хуурамч дүгнэлт хэрэгт авагдсаныг олж мэдсэн. Тэр бүү хэл, уулзалтын долоон ширхэг фото зургийг хүртэл эвлүүлэг гээд дүгнэлт гаргуулчихсан байсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах явцад гадны нөлөө их хүчтэй орсон гэсэн үг. Нотлох баримт нь ердөө ганц хоёр дуу бичлэг, хэдэн ширхэг фото зураг ч бас биш шүү дээ. Надад шуудангаар ирүүлж байсан 240 гаруй хуудас и-мэйл өнгөрсөн зун хавтаст хэрэгт тэр чигээрээ нэмэгдэж орсон.
-Таны эсрэг том мөнгө хөдлөж байгаа талаар зарим хүн сошиалд бичээд эхэлсэн байна лээ?
-Энэ шинэ зүйл биш. Би 2016, 2017 оны сонгуулиудын үеэр тэдний маш хүчтэй хар пиарыг тэсч гарсан шүү дээ. Өнгөрсөн 2017 оны сонгуулиар МАН пиар төсөвтөө 10 хоногийн турш зөвхөн намайг орон даяар гутаахад зориулж 600 гаруй сая төгрөг төсөвлөж цацаж байсан гэж байна лээ. Төрөл бүрийн шторк, нийтлэл, теле жүжиг, сурвалжлага, ярилцлага, фото эвлүүлэг гээд утгаа алдсан. Асар богино хугацаанд тийм их зүйлийг үйлдвэрлэж орон даяар сонгогчдын тархийг угаасан. Үүнтэй зэрэгцээд тагнуул, хуулийн байгууллагыг үүр шөнийн заагаар дайчлан баривчлах бүслэлтийг хүртэл зохион байгуулж байсан шүү дээ. Юуных нь хамгаалалт. Шал худлаа л байхгүй юу. Ц.Сандуй энэ тухай ам алдана лээ. Тэр үеийн бичиг цаас нь ч ил болсон. УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр ч мөн хуулийн байгууллагын оролцоотойгоор сонгогчдын толгойг эргүүлж, улс төрийн цуварсан баахан мэдэгдэл орон даяар хэд хэдэн удаа цацаж, улмаар сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн шүү дээ. Бүх зүйл архивлагдан үлдэж байгаа болохоор намайг тэд биш, харин тэднийг түүх шүүх байлгүй.
-Албан тушаал наймаалцаж байхад та дэргэд нь байсан. Их итгэлийг нь олсон болоод л дэргэд нь сууж байсан байх…
-Би уг нь “Шинэ Монгол Хаад” групп нэртэй нэг хувийн компанид ажлын байранд өрсөлдөөд тэнцсэн ухаантай юм. Тэгээд Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дайчлагдаад эдний энэ юманд нь орооцолдчихсон. Тэр компанид ажилд орох гэж очсон биш ёстой амьдралаа сүйтгүүлж дуусаагүй л байна. Сүүлд нь миний боловсролын бичиг баримтыг А.Ганбаатар өгөхгүй барьцаалж сонин хачин араншин гаргаж байсан удаатай. Би ийм хачин гаж үйлдлүүдийг нь огт ойлгоогүй. Одоо ч ойлгохгүй байгаа. Гэтэл сүүлийн гурван жилийн турш намайг тэдний компанид зохион байгуулалттайгаар шургалсан хүн л гэнэ, 90 минутын яриаг үг бүрээр залгаж нийлүүлж эвлүүлсэн л гэнэ, Америкт захиалж эвлүүлсэн л гэнэ, айхавтар программ ашиглаж эвлүүлсэн л гэнэ, түгжил л гэнэ, бэлэн төлөвлөгөө авчирч мөнгөөр зарах санал тавьсан л гэнэ, бараг л бүх улс төрийн намуудад нэг тийм хачин схем бариад зарах санал тавьж байсан л гэнэ, эсвэл нэг улс төрийн намаас хулгайлж ирсэн л гэнэ, маш их мөнгөөр зарсан л гэнэ… энэ бүхэн бол өнөөх л Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зохиосон, зохион байгуулалттайгаар тарааж байгаа ямар ч нотолгоогүй, хов хоосон яриа, домог. Харъя гэсэн ч нотлох баримтгүй хоосон яриа төдий зүйлүүд. Уг нь 40 минутын дууны бичлэг дээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар тооны машин дээр ёстой аагархаж, төрийн албыг цохиж оруулаад л, тэднийг мөнгөөр үржүүлээд л, авах ашгаа бодож гаргаад л ярьж байгаа амьд яриа шүү дээ. Одоо үүнийгээ нуух гэсэн тархи угаалтыг маш их мөнгөөр хийж байх шиг байна. Хувийн хэвшлийн салбарт ажиллах гэж очсон би гэдэг хүн чинь одоо нэг бол схем зохиогч, эсвэл эвлүүлэгч, сүүлдээ хэн ч болох юм байгаа юм бүү мэд. Тэдний энэ тарааж байгаа домог нь ямар ч нотлох баримтгүй, сошиал, интернэтээр шуугиулах замаар нийгмийг хордуулж,тархи толгойг нь нүдсээр байгаад ярьж байгаа худлаагаа “үнэн” болгох үйлдэл юм. Намайг хилсээр гүтгэж дуусаагүй байна гэсэн үг. Бүр аргаа ядаад ТВ25-аар Доржзодов яагаад Монголоос зугтахгүй байгаад байна? гэж цацаж байх вэ дээ. Энэ чинь намайг эх орноос минь хавчин гадуурхах эхлэл үү? МАН-ын хэвлэлийн албаны даргын телевиз шүү дээ, энэ чинь. Дараа нь энэ бүхнийхээ лай ланчгийг өөрсдөө даах юм байлгүй дээ. Гэмт хэргийг нь илчиллээ гэж миний амьдралаар тоглосон, тоглохдоо хууль хяналтын байгууллагыг дайчилж олон удаагийн бүслэлт, баривчилгаа, нэгжлэг, мөрдөн мөшгилт, зохиомол эрүүгийн хэргүүдийг УИХ-ын дарга байсан М.Энхболд, НИТХ-ын дарга байсан Ц.Сандуй нарын далдуур зохион байгуулсан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ноцтой үйлдлүүд шүү дээ. Энэ бол яавч зөв зүйл биш. Монгол Улсын Үндсэн хуулиас дээгүүр, нийгмийн эрх ашгаас дээгүүр амьдардаг хүмүүсийн үйлдэл.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрыг хажуудаа суулгаад хүзүүдээд тэвэрчихсэн зургийг олон нийтийн сүлжээгээр яваад байсан. Энэ зураг дарахад та бараг дэргэд нь байсан байх…
-Би тэр зургийг мэдэх ч үгүй. Лав л А.Ганбаатарын компани дээр байрлах Ц.Сандуйгийн тусгай өрөөнд авсан зургууд бололтой байсан. Би зөвхөн тэр их олон хуудастай поверпойнтыг Ц.Сандуй, А.Ганбаатар нарын заавраар компьютерт өрөх, эмхэтгэх, нэгтгэх ажилд бүтэн 40 гаруй хоног дайчлагдаад, 2014 оны есдүгээр сарын 8-ны өдрийн нууц уулзалт дээр техник хариуцах, слайдыг нь дээш доош гүйлгэж удирдах, гарсан санал зөвлөмжийг тэмдэглэх үүрэгтэй дуудагдаж суусан хүн. Ажил олгогч А.Ганбаатарын өгсөн үүрэг даалгаварыг л би биелүүлсэн нь тэр шүү дээ. Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 2017 оноос үзүүлээд цацаад байгаа зургийн талаар би юу ч мэдэхгүй. Тэр зураг дээр байгаа хүмүүс өөрсдөө л мэдээлэл өгөх байлгүй дээ. Би тийм хүмүүстэй огт уулзаж үзээгүй.
-Та сүүлд Ц.Сандуй, А.Ганбаатар нартай хэзээ уулзав. Тэд юу ярьж байх юм?
-Сүүлд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаан дээр барааг нь харснаас уулзаагүй. Тэдэнтэй яриад байх юм надад огтхон ч алга. Хийж байгаа зүйлсийг нь хараад тэдний санааг ойлгочихож байгаа юм чинь уулзаад байх ямар ч шаардлагагүй.
-Ингэхэд та одоо юу хийж байна вэ. Ямар ажил бүтээж байна?
-Хааяа ном редакторлох төдий ойр зуурын юм л хийж байна.
-Таны хувьд шинэ нөхцөл байдал үүслээ. Маргаашаа яаж харж байна вэ. Хэрэгтэн болчих юм биш биз?
-Надад ямар юмных нь хийсэн хэрэг байх вэ дээ. Би тэгээд ч аль нэг намын гишүүн ч биш. Намайг ажилд шалгаруулж авсан захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл, оролцсон захирлууд гээд гэрч нар байгаа шүү дээ. Угаасаа би Монгол Улсын төрд 2009 онд Тангараг өргөсөн иргэн хүн. Хийсэн зүйл байхгүй учир айх юм алга. Эрхбиш ардчилсан орны иргэн байна төрөөсөө айж явах ёсгүй гэдгээ мэдэж байна. Энэ хэрэг өөрөө эцэс төгсгөлгүй үргэлжлэхгүй. Мухарлагдаад л дуусна, хэзээ нэгэн цагт. Хэзээ гэдэг нь хуулийн байгууллага ямар нэгэн нөлөөнд авталгүй, хэр шударга ажиллахаас л шууд шалтгаална. Шаардлагатай бүх нотлох баримтуудыг бүгдийг цуглуулаад хавтаст хэрэгт авчихсан.
-Та Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүхэд өгсөн байгаа гэсэн. Энэ асуудал ямар шатандаа явна вэ?
-Би бас зүгээр суугаад хараад байсангүй. Өнгөрсөн гуравдугаар сард А.Ганбаатар миний зүгээс 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр хэвлэлийн хурал хийхдээ намайг зохиогч, бусдад зарах санал тавьж яваад тэдэнтэй уулзсан” гэх утга агуулгатайгаар гүтгэсэн асуудлаар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс хурлыг хэзээ мөдгүй товлох гэхээр л А.Ганбаатарын бие төлөөлөгч нь элдэв шалтаг тоочиж саад учруулсаар өнөөдрийг хүрлээ. Эрүүгийн хэргийн шүүх хурал болох гэж байгаа гэдгээр шалтагласаар арваннэгдүгээр сар гаргасан. Тэгээд Баянгол дүүрэгт ялагдсаныхаа дараачаас бас л болсон болоогүй, хугацаа хожсон шалтаг тоочсоор саяын Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлыг хүргэж байна. Харин Ц.Сандуйг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонинд хоёр нүүр дүүрэн миний тухай гүтгэлэг нийтлүүлсэн асуудлаар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өнгөрсөн гуравдугаар сард гомдол гаргасан. Гэтэл яг хэрэг үүсгэхээс өмнө хил даваад зугтчихсан. Шүүхээс түүнийг оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэдгээр хоёр ч удаа хэрэгсэхгүй болгож хааж байсан. Хаягаа их ч будлиулж зугтсан юм. Сүүлдээ эрэн сурвалжлуулж хаягийг нь олж тогтоосон боловч мөн л тэр хаягаа будлиулаад шүүхийн Мэдэгдэх хуудсыг гардаж авахгүй зугтсаар байсан. Ингээд Монголд наадмаар орж ирсэн юм. Бодвол 60 тэрбумын хэргийг томоотой байж байгаад шүүх хуралд оролцчих гэсэн мессеж авчихаад орж ирсэн юм байлгүй. Яг тэр үеэр надаас тагнуулын байгууллага нэмэлт нотлох баримтууд хүлээгээд авчихсан байсан юм. Харин аравдугаар сар гарч байж түүний томилсон бие төлөөлөгч нь шүүх дээр биеэрээ очиж Мэдэгдэх хуудсыг гардаж авснаар хэрэг үүссэн. Гэтэл яг А.Ганбаатар шиг хуралдааны товыг Баянгол дүүргийн шүүх хуралдааны дараа хуралдуулах арга саам эрэлхийлээд цаг хожоод л явж байснаа уг хурлаар Ц.Сандуйг ял шийтгэгдэнгүүт түүний бие төлөөлөгч нь гэнэт аргаа өөрчилж Ц.Сандуйгаасаа татгалзчихсан. Энэ бүхэн ерөөсөө шүүхийг үл хүндэтгэж, цаг хожих гэсэн үйлдлүүд. Бүтэн жил чангаалаа шүү дээ. Хөөн хэлэлцэх хугацаагаар, эсвэл нэг шүүхийн шийдвэрээр нөгөө шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн аргууд л юм шиг байна лээ.
Ц.Сандуй, А.Ганбаатар нарын өмгөөлөгч нар Баянгол дүүргийн хуралдааныг хаалттай явуулах санал гаргаж хаалттай хуралдуулсантай яг адил Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн хуралдааныг ч бас хаалттай явуулах хүсэлтээ гаргаад өгчихсөн явж байгаа. Энэ ямар учиртай вэ гэхлээр дээрх бүх шүүх хуралдааны үйл ажиллагааг олон нийтэд хэзээ ч хүргэхгүйгээр хаалттай явуулах л зорилготой гэж харагдаж байна.Эдгээр хэрэгт улсын нууцтай ч юмуу, эсвэл хувь хүний нууцтай юм юу ч байхгүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ, төрийн болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү. Тэгээд ч бүхэл бүтэн зургаан өмгөөлөгчтэй баг ажиллуулж байгаа.