Categories
мэдээ нийгэм

Соробан сампингийн Олон Улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон яамны бусад удирдлага соробан сампингийн Олон Улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Камбож улсад зохион байгуулагдсан түргэн цээж бодолтын олон улсын тэмцээнд Монгол Улсаас “Тояа” академийн 83 сурагч, 13 багш оролцож 41 улсын 4000 гаруй хүүхэдтэй өрсөлдөн багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн юм. 81 орны гишүүнчлэлтэй олон улсын боловсролын байгууллагаас зохион байгуулдаг тус тэмцээнд Монголын 38 сурагч дэлхийн аварга, 36 сурагч алтан цом, 6 хүүхэд мөнгөн цом, 3 хүүхэд хүрэл цомын эзэн болж монгол хүүхдийн оюуны чадамжийг дэлхийд таниулсан билээ.

Олон улсын тэмцээнд амжилт гаргасан сурагчид БСШУСЯ-ны удирдлагуудад нэг секундэд хоёр бодлого гарах 100 мөртэй бодлогыг цээж бодолтын аргаар бодож сонирхуулсан юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ирэх онд зохиогдох хамгийн чухал тэмцээнд нь сайд болон яамны зүгээс дэмжлэг үзүүлэх болно” гээд бусад удирдлагуудын хамт бяцхан оюунлаг сурагчдад шинэ жилийн бэлэг гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *