Хятадын Сычуань мужийн Чэнду хотноо БНСУ, Япон, БНХАУ-ын төр, засгийн тэргүүнүүдийн түүхэн дээд хэмжээний уулзалт болж өндөрлөлөө. Солонгосын хойг дахь нөхцөл байдал, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын тухай асуудал талуудын хөндсөн гол сэдэв байлаа.
Трамп, Ким нарын яриа хэлэлцээ мухардалд ороод буй энэ үед тус бүс нутгийн гурван гүрэн ийн санаачилгыг гартаа авч, гурван талт уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы ерөнхий сайд Абэ Шинзо, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян нар оролцсон аж.
Талууд Чэнду хотыг зорихын өмнө Хятадын нийслэл Бээжинд тус бүрдээ БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хоёр талын уулзалтыг хийв. Гэхдээ дэлхий нийт Мун Жэ Ин ба Абэ Шинзо нарын уулзалтад гол анхаарлаа хандуулаад байсан юм. Учир нь Япон, БНСУ-ын хоооронд өрнөөд буй худалдааны маргааныг шийдэхэд талуудын хүчин чармайлт тэдний анхаарлыг татаж байгаа юм.
Өнгөрсөн онд Сөүлийн шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы фирмүүдээс шаардсан нь хоёр талын харилцаанд сэв суулгах алхам болсон. Харин түүхэн гэгдэх энэ удаагийн уулзалтаар Бээжин нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь дипломат үйл ажиллагааны төв болсон гэж онцлох хүн цөөнгүй байлаа.
Дашрамд хэлэхэд, өнгөрсөн сард тус бүс нутагт Пентагоны тэргүүн айлчилсан билээ. Түүний энэхүү айлчлал нь Хятадын эсрэг “хандлага” ажиглагдсаныг шинжээчид онцолсон юм. Түүнчлэн Японы гадаад хэргийн сайд Тосиицу Мотэги, БНСУ-ын түнш Кан Гён Хва нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой ирэх оны нэгдүгээр сарын дундуур уулзалдаж магадгүй гэсэн мэдээлэл хөвөрч байна. Солонгосын хямралыг хэлэлцэх гурван талт уулзалт АНУ-ын Сан-Фрацинско хотноо болж болзошгүй тухай мэдээлжээ.
Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Хятадын Солонгосын хойг дахь хямралыг зохицуулах талаар ахиц гарсныг өндрөөр үнэлэв. Тэрээр “Бид нягт хамтран ажилласны хүчинд үр шимээ үзнэ гэдэгт найдаж байна” хэмээн онцолжээ. Мөн талууд аюулгүй байдлын асуудлаас гадна хамтын хүчээр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тухай асуудлыг ч энэ үеэр хөнджээ. Сануулахад, Бээжин, Чэнду хотуудад болсон дээрх уулзалтаас өмнө Хятадын нийслэлд чөлөөт худалдааны асуудлаар гурван орны сангийн сайд нар гурван талт уулзалтыг хийсэн удаатай. Тухайн үед талууд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт иж бүрэн түншлэлийн гэрээг 2020 онд байгуулах талаар ярилцсан аж.
Д.ЦЭРЭНДОЛГОР