Categories
мэдээ цаг-үе

“Хөгжлийн шийдэл” ТББ-ын менежер Л.Төгсбаяр: Орон нутгийн бизнесийг одоогийнхоос дахин нэг түвшин ахиулах нь “BEST” төслийн гол зорилго

“Хөгжлийн шийдэл” ТББ-ын ерөнхий менежер Л.Төгсбаяртай ярилцлаа. Тус байгууллага жижиг, дунд бизнесийн чадавхжуулахад үйл ажиллагаагаа түлхүү чиглүүлж байна.


-Танай байгууллагыг Монгол дахь төрийн бус байгууллагууд дундаас хамгийн анх олон улсын чанарын ISO стандартыг хангасан гэж сонссон. Хэдэн оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Манай байгууллага 2008 онд байгуулагдсан. Жижиг, дунд бизнесийг дэмжих, чадавхжуулах, улмаар ажилгүйдлийг багасгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй гол үйлчилгээ гэвэл бизнесийн сургалт, мэдээлэл, холболтын үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий зураглалаар нь харвал бизнес эрхлэгч хамгийн эхэнд өөрсдөө чадавхжих шаардлагатай. Үүний дараа хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгцээ үүснэ. Үүн дээр бид олон улсын байгууллагуудын тусламжтайгаар зээл зуучилж өгөх ажлууд хийж байна. Мөн бизнес эрхлэхэд өдөр тутам шаардлагатай мэдээллээр хангана. Борлуулалтын зуучлал буюу бизнес холболтын үйлчилгээ гэсэн загвараар үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын хувьд 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монголын анхны ISO9001, ISO2015 стандартыг нэвтрүүлсэн төрийн бус байгууллага юм. Саяхан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим уг стандартыг нэвтрүүллээ. Энэ жил Солонгосоос аудит ирж ажиллаад манай стандартыг дахин сунгасан.

-Жижиг, дунд бизнесийг дэмжихэд илүү төвлөрч ажилладаг гэсэн үг үү?

-Бид өрх гэрийн амьдралын чанарыг сайжруулна, өсөлтөд чиглэсэн бизнесийн хөгжлийг дэмжинэ, байгаль орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэсэн үндсэн зорилготой. Жижиг, дунд бизнесүүдтэй хамтран ажиллаж байгаа. Мөн тодорхой хугацаанд том бизнесүүдэд ч гэсэн консалтинг үйлчилгээ үзүүлээд явж байсан.

-Бизнеэс эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа гол бэрхшээл юу байна вэ. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхэд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээсээ танилцуулахгүй юу?

-Өнөөдөр том бизнесүүдийг хасаад, старт апаас авахуулаад бичил, жижиг, дунд бизнест тулгамдаж байгаа гол бэрхшээл гэвэл нэгдүгээрт өөрсдийнх нь чадавхыг сайжруулах явдал юм. Өрхийн үйлдвэрлэлээс албан бүртгэлтэй бизнес болоход бизнесээ удирдаж явуулах, зах зээл дээр хэрхэн бүтээгдэхүүнээ гаргаж олны танил болгох, маркетингаа яаж хийх зэрэг бизнес эрхлэгчийн чадавхтай холбоотой олон асуудал байна. Манай байгууллага Английн хун тайж Чарльзийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг YBI гээд олон улсын залуу бизнесийг дэмжих санаачилга сүлжээ байгууллагын албан ёсны Монгол дахь гишүүн юм. Гишүүн байгууллагуудад бизнесийг хөгжүүлэх сургалт, зөвлөгөөнүүд оруулдаг. Уг чиглэлийн дагуу бид ажилладаг.

Хоёр дахь нэг том зүйл нь санхүүжилт. Үүнтэй холбоотойгоор бид хоёр жилийн өмнө АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Reach хэмээх төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөл жижиг, дунд бизнес рүү хандсан. Банк санхүүгийн байгууллага, Зээлийн батлан даалтын сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, олон улсын төсөл хөтөлбөрүүд зэргээс зээл авахад жижиг, дунд бизнес эрхлэгч нарт чадавхын дутагдал байдаг юм байна. Наад зах нь бизнес төслөө бичиж чадахгүй байх жишээтэй. Мөн зээлийн шалгуур хангасан бичиг баримтыг бүрдүүлж чадахгүй байна. Ер нь олон улсын төсөл хөтөлбөрүүд урт хугацаанд хөгжих бизнесийг түлхүү санхүүжүүлдэг. Тиймээс өнөөдрийн санхүүжилт гэхээс илүү ирээдүйд хөгжих зураглал, замыг гаргах шаардлагатай. Энэ чиглэлд бид зөвлөгөө үзүүлж банк санхүүгийн байгууллагад зээлийг нь зуучилж, төслийг нь бичиж өгөөд санал болгож байна гэсэн үг. Энэ төсөл маань амжилттай хэрэгжсэн тул АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг манай байгууллагатай дахин хамтран ажиллаж 15 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байгаа. Сайн засаглал, ил тод байдал, авлигагүй бизнесийн орчинг бий болгож, үүнд нь суурилсан санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах төсөл өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ.

-Өнгөрсөн 11 жилийн хугацаанд жижиг, дунд бизнес эрхлэлтэд ямар дэвшил гарсан бэ?

-Анх 2008 онд үйлчилгээ үзүүлж байхад манай зорилтот бизнес эрхлэгчдийн хувьд дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг зэргээр жижиг түвшинд байсан. Энэ бизнесүүд маань мэдлэгт суурилж, алсын хараа, эрхэм зорилго дээрээ тулгуурласан бодлоготой болсноор хөгжөөд ажлын байраа нэмэгдүүлж албан бизнес болоод томорчихсон. Манай хамгийн анхны үйлчлүүлэгч гэвэл “Шар доктор”, “Суман гүн” нарийн боовны цех зэрэг байна. Бүгд л анх бичил бизнесээс дээшээ томорч гарч ирсэн. Гэхдээ хөгжлийн явц удаашралтай байгаа. Энэ нь зөвхөн чадавхаас шалтгаалахгүй байна. Бизнес болон эдийн засгийн орчин, зах зээлийн өсөлт, хуулийн дэмжлэгийн орчин зэрэг сайнгүй байсан нь компаниудын богино хугацаанд өсч дэвжих боломжийг сааруулж байна.

Ер нь жижиг, дунд, бичил бизнесийн хувьд төлбөр төлөөд зөвлөх үйлчилгээ авах зүйл тухайн үед байгаагүй байсан. Манай байгууллага 20 гаруй олон улсын байгууллагатай хамтарч 100 гаруй төсөл хэрэгжүүлсэн. Олон улсын байгууллагуудад мөнгө байгаад байна. Тэр мөнгийг яаж жижиг, дунд бизнес рүү хүргэх вэ гэдэг асуудал тулгарна. Яг энэ чиглэлд манайх илүү туршлагатай, жишиг болсон байгууллага гэж ойлгож болно.

-Та бүхэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг мэдэж байна. Бэлээхэн 11 жилийн туршлага байна. Үүнд суурилж төр засагт үгээ хүргэх, бодлого шийдвэрт нь нөлөөлөх чиглэлд хэрхэн анхаарч ирсэн бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Өмнө нь хэрэгжүүлсэн “Reach” төслийн хүрээнд Монголбанктай хамтарсан жижиг, дунд бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр уулзалт зохион байгуулсан. Мөн Монголын энтрепренёруудын нэгдсэн чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвөөс санаачлан жил бүр зохион байгуулдаг. Үүнд бид хамтран ажиллаж ирлээ. Арга хэмжээнүүдээс янз бүрийн зөвлөмж гарч, төрийн зохих байгууллагуудад хүргэдэг.

Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй BEST төсөл хэрэгжиж эхэлж байна. Энэ төсөл маань таван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь санхүүжилтийн бүрэлдэхүүн хэсэг буюу зээлийн үйлчилгээ юм. Хоёрдугаарт, жижиг, дунд бизнесийг засаглалын хувьд сайжруулна. Гуравдугаарт, санхүүжилтийн орчинг сайжруулах чиглэлээр ажиллана. Энэ бүрэлдэхүүн хэсэгт жижиг, дунд бизнес эрхлэгч нарт санхүүжилтийн хүртээмжийн орчинг сайжруулахад ямар асуудал тулгарч байгааг судалж, энэ чиглэлээр төрийн болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулж, санал зөвлөмж өгч ажиллах юм.

-АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хоёр жилийн өмнө хэрэгжүүлж дууссан төслийн үргэлжлэл BEST төсөл хэдэн аймгийг хамрах вэ?

-BEST төсөл 12 аймагт хэрэгжинэ. Эхний жил найман аймаг хамрагдана. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорнод, Ховд, Дорноговь, Хөвсгөл, Завхан, Баянхонгор зэрэг аймгуудад хэрэгжих юм. Энэ аймгуудыг яагаад сонгосон гэхээр бизнесийн эргэлт арай эрчимтэй явагдаж байгаа гэж үзсэн. Дээрээс нь бүсийн төв болох аймгуудаа зориуд сонгоод нэг түвшинд байгаа бизнесүүдийг нь дахиад нэг түвшин ахиулах зорилготой ажиллаж байна. 77224007 гэсэн утсаар манай зөвлөхүүдтэй холбогдож болно.

Олон улсын байгууллага, Авлигатай тэмцэх газрын хийсэн судалгаа зэргээс харахад манай бизнесүүд зээл авахдаа өөрийнхөө үйл ажиллагааны зардлын 4.4 хувийг зарцуулж байна гэсэн дүн гарсан. Энэ нь албан бус зардал болж байна гэсэн үг. Нэг ёсондоо зээлээ бүтээхийн тулд лобби хийх, магадгүй авлигад өртөх эрсдэлийн нэг болж байна. Уг судалгаан дээр суурилаад төслийг хэрэгжүүлж байгаа. Зээл, санхүүжилт өгч байгаа байгууллагууд өөрсдөө ил тод байдлыг хангаж байна уу, үнэлгээний хороондоо ТББ, бизнесийн төлөөллүүдийг оруулж байна уу, шударга ажиллаж байна уу гэдэг асуудал гарна. Үүнийг бид илүү ил тод, нээлттэй болгох талаар ажиллана. Авлигатай тэмцэх газар, ТББ-уудтай хамтран ажиллана.

Хоёрдугаарт, бизнес эрхлэгч талаасаа ч гэсэн зээлээ бүтээхийн тулд яагаад заавал лобби хийх гээд байна гэвэл мэдлэг мэдээлэл муутай, урт хугацааны бизнесээ хөгжүүлж чадахгүй, түүнээс болоод засаглал муу байгаатай холбоотой. Түүнээсээ болоод зээлийнхээ шалгуурыг хангаж чадахгүй байгаад байна. Богино хугацаанд төлөвлөж ажилладаг учир зээлийн шалгуур хангаж авахын тулд лобби хийх, авлига өгөх зэргээр зардал гаргахаас өөр аргагүй болчихож байгаа юм. Иймд компанийн засаглалаа сайжруулаад, одоогийнхоосоо ил тод санхүүжилттэй байх юм бол санхүүжилтийн хүртээмжийг ганцхан зээл, банк санхүү гэхгүйгээр бусад эх үүсвэрээс авах боломж нээгдэнэ.

-Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл энэ нь үр өгөөжгүй зүйлд зарцуулагдаад дуусах тохиолдол бий. Үүнээс хамаарч иргэд ч сэтгэл хангалуун бус, компаниуд мөнгө өгсөн нэр зүүгээд зөрчилтэй хэвээр үлддэг. Тэгвэл та бүхэн нийгмийн бизнесийг дэмжихэд анхаарч ажилладаг юм билээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Мөн манайх орон нутгийн малчдын малын түүхий эдийг нэмүү өртөг шингээн хоршоолол болгож хөгжүүлж ажиллаж байсан туршлагатай. Энэ чиглэлээр манай байгууллага уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж байна. Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон компаниудтай бүгдтэй нь хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлдэг. Уул уурхайн компани орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийдэг. Эсвэл нөхөн олговор гэдэг ч юм уу санхүүжилт өгч байгаа. Энэ мөнгийг илүү орон нутагт тогтвортой ажлын байр бий болгох, нийгмийн асуудлыг шийдсэн бизнест зориулах юм. Нийгмийн бизнес гэж юу вэ гэхээр тухайн орон нутагт тулгарч байгаа байгаль орчин, хог хаягдал, хүүхдийн цэцэрлэг зэрэг нийгэмд ямар асуудал тулгамдаж байгааг гарган ирж, түүнд суурилсан бизнесийг хөгжүүлснээр эдийн засаг маань давхар хөгжих боломж байгаа юм.

Нийгмийн асуудлаа нэг талдаа шийднэ, нөгөө талдаа ажлын байрыг бий болгож байна. Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа санхүүжилт янз бүрийн соёлын төв байгуулах, мод тарих зэрэгт түлхүү чиглэж байгаа. Тэрийг нь тогтвортой хөгжил буюу нийгэмд суурилсан бизнесүүдийг санхүүжүүлэхэд зарцуулбал орон нутаг ч хөгжинө, иргэд уул уурхайн хооронд зөв харилцан ойлголцол бий болно. Гуравдугаарт, тэнд байгаа бизнесүүд нийгмийн асуудал дээр суурилсан учир заавал уул уурхайгаас хараат бус байж, эдийн засгийг солонгоруулна. Энэ чиглэлээр бид “Оюу толгой”-той хамтраад төсөл хэрэгжүүлж байна.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *