Categories
мэдээ цаг-үе

Ж.Алтанцэцэг: “Бооцоо” жүжгийн дуу, “Антигона”, “Харьд одсон бүсгүйн заяа”-г дуулсаар байгаад л ирлээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп Дива Ж.Алтанцэцэг дуучин С.Сэрчмаатай хамт эх орныхоо баруун, зүүн аймгуудаар явж “21 tour concert” аялан тоглолтоо амжилттай хийгээд ирсэн. Аялан тоглолт болоод уран бүтээлийнх нь талаар түүнтэй ярилцлаа.


-Монгол орноо тойроод ирэв үү?

-Тэглээ. Аялан тоглолт хийгээд ирлээ. Өнгөрөн одож буй 2019 он миний хувьд уран бүтээлийн жил байлаа. “Хайр гэж…” тоглолтоо гуравдугаар сарын 8-нд Corporate convention center-ийн Концертын танхимд хийсэн. Тоглолт маань маш өргөн бүрэлдэхүүнтэй, нүсэр болсон. Энэ тоглолтод дуулсан шинэ уран бүтээлүүдээ ард түмэндээ сонсго, Монгол орноо тойр гэдэг саналыг On’n off продакшныхан бидэнд тавьсан. Хоёр поп Дива хамтарч явъя гээд дуучин С.Сэрчмаатай замд гарсан.

Есдүгээр сарын 20-ноос аялан тоглолт маань баруун аймгуудаас эхэлсэн. Зүүн аймгуудын тоглолт аравдугаар сарын 5-наас эхэлсэн. Нийтдээ 20, 20 хоногоор Монголынхоо баруун, зүүн аймгуудыг тойрч дуусгасан. Төвийн бүсийн хувьд Улаанбаатарт ойрхон байдаг болохоор өөр л дөө. Тийм учраас бид аймгууд, орон нутгаар орж өөрсдийн үзэгчдэдээ дуу хоолойгоо хүргэе, биечилж үзэгчидтэйгээ уулзъя гэж зорьсон. Зорьсноо бүтээсэн. Ямар ч байсан амжилттай явж чадлаа. Баруун бүсийн тулгуур төв гэдэг утгаар нь Ховд аймгаас тоглолтоо эхэлсэн. Ховд, Баян-Өлгий гээд л тоглолтоо эхэлсэн дээ. Дуучин хүний хамгийн том аз жаргал, үүрэг, хийх ёстой ажил бол үзэгчидтэйгээ уулзах байдаг шүү дээ. Үзэгчидтэйгээ нүүр тулж уулзъя гэсэн минь биеллээ олсонд баяртай байгаа. Баруун аймгуудаар тоглолтоор явахдаа тэр их өндөр сүрлэг хайрхадын абшиг, эрч хүчийг хүртэж, аймаг, орон нутагт нутгаа сахин суугаа монголчуудтайгаа уулзаж сайхан явж ирлээ. Би тоглолт бүрийнхээ төгсгөлд “За би урлагийн Янжинлхам бурханыхаа зараалаар ирлээ” гэж хэлж байсан. Тоглолтын үеэр ямар нэг хүндрэл гараагүй, харин Увс аймагт тоглох үед хүндэтгэх шалтгаан гарсан учир тоглож чадаагүй. Бусдаар бол бүх юм төлөвлөсөн ёсоор байлаа. Харин ч төлөвлөгөөнд ороогүй газруудад очиж тоглосон шүү.

-Хаана вэ?

-Жишээнь, баруун аймгуудаас Говь-Алтай аймгийн Шарга суманд бид шөнийн 00.00 цагт тоглолт хийсэн (инээв).

-Яагаад тэр вэ?

-Биднийг замд явж байгааг дуулаад тус сумын иргэд сумынхаа клубт цуглачихсан байсан. Биднийг ирнэ гэж хүлээж байсан юм билээ. Бид “Амжих юм уу, аймгийн төв рүү орсоор байтал 21 цаг болно. Очсоор байтал 22 цаг өнгөрнө. Тайзаа засна, хөгжмөө бэлдэнэ, хувцас хунараа өмсөнө” гэсэн чинь “Зүгээр ээ, бид хүлээж байя” гэлээ. Тэгээд тус суманд шөнөжингөө шахуу тоглолт хийсэн дээ. Гэх мэтчилэнгээр сумдаар төлөвлөгөөгүй тоглолт их хийсэн шүү.

-Шөнийн 12 цагт очиход үзэгчид нь хүлээгээд сууж байх юм уу?

-Сууж байсан. Хүлээгээд сууцгаачихсан “Бид хүлээгээд байж байя аа, яарах юмгүй” гэхийг нь сонсоод бахархмаар сэтгэгдэл төрсөн. Дараа нь тоглолтоо дуусгаж ирээд “Сумдаараа явж баймаар юм байна” гэж дүгнэлт хийсэн шүү. Бид бол хөдөө орон нутгаараа ховор явдаг дуучид юм байна. Явдаг уран бүтээлчид маань хаагуур, хаагуур, аль сумаар яаж орохоо хэдийнэ мэддэг болчихсон байдаг юм байна.

-Та өмнө нь аялан тоглолтоор явж байсан биз дээ?

-12 жилийн өмнө анх удаа аялан тоглолтоор эх орноо тойрч явж байлаа. 2007 онд. “Тэгэхэд би шувуу байсан” цомгоо гаргаад “Нисч ирсэн дурлал” тоглолтоо хийгээд Монгол орноо 44 хоногийн хугацаанд тойрч байлаа. Тэгж явахдаа ганц ч өдөр завсарлага авалгүй явж билээ. Энэ удаад ганцаараа явах гэснээ дуучин С.Сэрчмаа анх удаа Монгол орноо тойрч үзэж байгаа юм билээ. Тэр утгаараа поп Дива гэдэг хүний хувьд үзүүлэлт гэж юм байх хэрэгтэй байлгүй дээ гэж бодсон л доо. Тоглолтоор явахад маш олон хүн зорьж ирдэг юм байна. Бас үзэгчид маань “Итгэл өгөөч наддаа”, “Намайг эзэмдэх чиний сэтгэл”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Бооцоо” жүжгийн дууг дуулж өгөөч, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны дуугаа дуулж өгнө үү гэж байсан. Тухайн дуучны урьд нь дуулж байсан дуунуудыг үзэгчид нэхдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Гэтэл би эсрэгээр нь бодоод аль болох шинэ уран бүтээлээ хүргэе гэж төлөвлөсөн байсан л даа. Тэгтэл шинэ дуунууд гэхээсээ илүүтэй сэтгэлд нь хоногшсон дуунуудыг дуучнаар нь дуулуулж, сонсох дуртай байдгийг сая мэдлээ. Шинэ дуунуудыг минь огт дуулуулаагүй. “Бооцоо” жүжгийн дуу, “Антигона”, “Харьд одсон бүсгүйн заяа”-г дуулсаар байгаад л ирлээ (инээв). Энэ дуунуудыг хичнээн ч дуулав, дуулсаар байгаад ирлээ. “Итгэл өгөөч наддаа”-г дуулж байгаад хоёрдугаар бадаг нь “…Анх чи намайг…” гээд эхлэхийн өмнө би энэ дууныхаа тухай товч түүх ярихгүй юу. “1995 онд…” хэмээн ярьж эхэлтэл манай тайзны арынхан инээлдсэн. Дараа нь учрыг нь асуутал “Алтаа эгч ээ, үзэгчдийн ихэнх нь 1995 онд дөнгөж төрсөн байсан юм байна шүү дээ” гээд инээлдэцгээсэн. “Та түүх ярихаар 1990 хэдэн оны юм, дээр үеийн юм яриад байна. Ядаж жаахан наашлуулж, 2000- аад оны юм ярь” гэцгээсэн л дээ. Тэгтэл үнэхээр л хорин хэдэн жил өнгөрчихсөн л байж шүү. 20 жилийн хугацаа ийм хурдан өнгөрчихнө чинээ хүн боддоггүй юм байна. Дуучин хүнийг хамгийн анх дуулж, гарч ирсэн бүтээлээр нь үзэгчид хүлээгээд авчихсан байдаг учраас тэр үеийнхээ дууг л дуулах ёстой байдгийг ойлголоо.

-Дээхнэ үед уран бүтээлчид бригадаар явахдаа хэдэн сараар явдаг байж. Одоо бол сарын дотор л эх орноо тойрчихож байна. Тухайн үед зам харилцаа муу, машин техник ч ховор байж дээ. 2007 онд очиж байсан сум, өнөөдрийн сум хоёрын хооронд ямар ялгаа харагдав?

-2007 оноос хойш их өөрчлөгджээ, хөдөө орон нутаг маань. Би гурван жил АНУ-д амьдарч байгаад ирснийг ч хэлэх үү, эх орноороо явж, урлагт хайртай ард түмнийхээ бодит амьдралтай нүүр тулж, нөхцөл байдалтай нь танилцъя гэсэн нь миний гол зорилго байсан л даа. Зүгээр аялаад, тойроод ирэх биш, юу өөрчлөгдөж вэ гэдгийг харж, театрын хүн болохоор театрын барилгууд, дотоод орчинг нь их анзаарсан. Сая явж байхад нэг л зүйл мэдрэгдлээ. Буудал, сүлжээ дэлгүүрүүд нэмэгдэж, үйлчилгээ нь сайжирсан байна. Зам харилцаа сайжирч, одоо л бүх аймгаа засмал замтай холбож байна. Аймгуудын хувьд үйлчилгээний салбар нь өөрчлөгдсөн байна. Гэтэл Соёлын төвүүд нь өөрчлөгдөөгүй байх жишээтэй. Гэхдээ бүгд тийм биш л дээ. Зарим нэг Соёлын төв гоё болсон байна аа. Эх орон минь хөгжиж байна, хөгжсөн байна. Бид Улаанбаатарт муу амлаад шүүмжлээд яриад байгаа болохоос биш дэлхий дээр байдаг үйлчилгээний бүхий л сүлжээ ороод ирчихсэн байна. Хамгийн гол нь монголчууд театраа хөгжүүлэх цаг үе ирэх байлгүй дээ гэдэг гэгээн юм сэтгэлдээ төсөөлж, ерөөж бодлоо л доо. Гэхдээ хэцүү юм харагдлаа, дандаа гоё юм гэж хаа байх вэ дээ. Тийм ч болохоор би сая тоглолтоор явахдаа тайзаа авч явсан. Тэгтэл хүмүүс “Тайз ачаад явж байхдаа яахав дээ” гэцгээсэн. Хүн театр, Соёлын төвд орж ирж юм үзэх гэж байгаа бол гоё сайхан орчинд сууж, гоё сайхан юмыг мэдрэх нь чухал шүү дээ.

-Та эх орноо тойрохдоо тайзаа ачаад л яваад байсан хэрэг үү?

-Ачиж явсан шүү дээ. Тусдаа машин гаргаад, Yamaha-гийн оргиналь дөрвөн өсгөгч, тайзаа ачиж маш өндөр ач холбогдол өгсөн. Үзэгчдээ зорьж явж байгаа тохиолдолд өндөр ач холбогдол өгөх ёстой гэж бодсон л доо. Тоглолтын тайз маань лаа, цэцэг навчаар чимэглэгдсэн. Яагаад вэ гэвэл бид зүгээр л байгаа тайзан дээр нь гараад дуулах, тайзаа гоё янзлаад дуулах хоёр чинь өөр.

-Хөдөөнийхөн тоглолтоор цангалаа гэж ярьдаг үе хойно хоцорсон байлгүй?

-Тэгсэн байна. Харин ч тоглолт олон очдог болжээ. Үүн дээр цэгцтэй, дараалалтай, бодлого явмаар юм байна гэж бодогдсон. Үзэгчдийг урлагаар соён гэгээрүүлнэ гэдэг. Тэр утгаараа хүмүүс рүү чиглэсэн, нутаг орных нь онцлогт тохирсон ажил хиймээр санагдсан. Би фэйсбүүкээр шууд бичлэг хийж байгаагүй. Харин сая тоглолтын үеэр анх удаа лайв хийж үзлээ. Говь-Алтай аймгийн эмэгтэйчүүдийн “Гоо даль”, “Эвийн хүч” группийн бүсгүйчүүд надтай уулзсан. Тэд маш сайхан эрч хүчтэй, нутаг орондоо юм бүтээхсэн гэсэн зүрх сэтгэлтэй. Тийм учраас тэдэнтэй уулзаад маш их баярлаж, сэтгэл хөдлөөд лайв хийсэн л дээ. Бүсгүйчүүд маань их мундаг болчихжээ. Нутаг орныхоо төлөө санаа тавьж, нэгдэж “Бид энэ нутагтаа л амьдарна. Улаанбаатарт байгаа бүхнийг нутагтаа нутагшуулахыг хүсч байна” гэж ярьцгааж байсан. 2007 онд тоглолтоор явахад надад зориулж нэхсэн цамц, жимсний чанамал бариад ирж байсан үзэгчид байсан. Энэ удаад ч тэр чин сэтгэлээсээ угтан авч, тоглолтыг минь амжилттай болоход бүхий л талаараа тусалж байсан хүмүүстээ маш их баярлалаа. Тоглолтын тасалбарын үнэ 10 мянган төгрөгийн үнэтэй байсан. Мөнгө төгрөг олъё гэж зориогүй. Үзэгчидтэйгээ уулзъя, амьд харилцаа үүсгэе гэдэгт л хамаг анхаарлаа зориулсан. Тийм ч болохоор тоглолтын дундуур зарим дууныхаа үүх түүхээс хуучилж, халуун дотно яриа хөөрөө үүсгэхэд үзэгчдэд их таалагдсан. Тоглолтынхоо төгсгөл рүү гоё доргио дуу дуулж, хамтдаа бүжиглэсэн. Их сайхан байсан.

-Та сошиалд, тэр дундаа фэйсбүүкт нээлттэй хүн. Нийгмийн сайн сайхан, хүүхдийн сайн сайхны төлөө дуу хоолой болж, болохгүй зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг тань анзаарагддаг. Ж.Алтанцэцэг: “Бооцоо” жүжгийн дуу, “Антигона”, “Харьд одсон бүсгүйн заяа”-г дуулсаар байгаад л ирлээ Хэдхэн хоногийн өмнө та Монголын Хүүхдийн ордны тайзны талаар пост оруулсан байна билээ. Та тайзаа хүндэлдэг, тайзанд маш их ач холбогдол өгдөг учир тийм пост бичсэн байх гэж бодлоо?

-Би сая тоглолтоор явахдаа тайзаа ачиж явсан нь орон нутгийн тайзыг гоё, тансаг болгож, гоё орчин, урлагийн ариун тансаг сүм үүсгэхийн тулд хичээж ажиллаж байгаа нь тэр байхгүй юу. Монголын Хүүхдийн ордноор авьяастай хүүхэд болгон дамжин гардаг. Би ч багадаа Хүүхдийн ордны харшийн шинэ жилд орохыг мөрөөддөг байлаа. Миний мөрөөдөл байсан. Саяхан би тэнд арга хэмжээнд оролцож, дуулсан. Дуучин A Cool 1000 хүүхдэд бэлэг өгсөн. Гэтэл тэр тайзан дээр өсгийтэй гуталтай зогсоход хүндрэлтэй байсан. Шал нь хөдөлгөөн орчихсон, дэгэн догонтой. Тайзан дээр нь гараад зогсож байхдаа бодсон л доо. Тайз нь дульхан санагдсан. Магадгүй би ганц очоод л нэг талаас нь харсан байж болно. Гэхдээ тайзыг хямд төсөр аргаар өчнөөн янзаар хувиргах техник, технологи бий болчихсон байна. Түүнийг ашиглаад арга хэмжээ болгон дээр тайзаа олон янзаар хувиргаад байж болдоггүй юм байх даа гэсэн халаглалаа л бичсэн юм.

-12 дугаар сар уран бүтээлчдийн хамгийн завгүй сар бололтой?

-Олон арга хэмжээнд оролцож байна. Би чинь олон газар харьяалагддаг. “Ачлалт хүүхдүүд” асрамж, хамгааллын төвийн зөвлөхийн ажилтай. Хүмүүс нэмэгдэж байгаа ч бие нь дээрдэж байгаа ахмадуудаа шинэ жилийн баярт оролцуулдаг болсон сайхан мэдээтэй. Хүүхдүүдэд бэлэг өгнө. Налайх дүүргээс зохиож байгаа шинэ жилийн арга хэмжээнүүддээ оролцоно. Найз нөхөд, хамт олны гээд олон л арга хэмжээнд орж байна.

-“Ачлалт хүүхдүүд” гэж ахмадын асрамжийн газар уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудыг асардаг. Баянхошуунд байдаг. Хоёр дахь төв нь нээгдчихсэн. Гэр бүлийн хоёр ажиллуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй ахадуудтай өдөр болгон тулж ажиллаж, хэвтэрт байгаа хүмүүсийг асарч тойлно гэдэг хэцүү л дээ. Зарим нь бурхан болохоор буяны ажлыг нь хийж өгнө. Энэ чинь их сонин хувь тавилан байхгүй юу. Их буянтай ажилтай. Би ганцхан эгчтэй. Эгч маань саяхан бурхан болсон. Ах дүү, хамаатан садныхаа залуучуудыг цуглуулаад айлуудаар гурил, будаа тараалгаж, буян үйлдүүллээ. Тэгж явахад залуу хүүхдүүд дургүйхэндүү, зарим нь ойлгохгүй шахуу л явж байна билээ. Бүгдээрээ явж ирээд ганц л үг хэлсэн “Яасан хэцүү амьдрал вэ” гэсэн. Би “Аймаар биш ээ. Энэ бол хүний амьдрал. Бурхан, буг зэрэгцэн оршдог гэдэг шиг хүн бие, сэтгэл, оюун гурваа захираад сурвал хүнд зовлон ирэхэд ч даван туулдаг” гэж хэлсэн. Залуус их залхуу байна. Хичээл номондоо явахгүй, аав ээжийнхээ гарыг харж, юманд өнгөцхөн, өөрийнхөө бодлоор ханддаг. Гэтэл тэр хэцүү амьдралтай айлуудаар хороо хорины дарга нартай нь хамт явуулаад “Нийгмийн ажилтан гэдэг хүмүүс ийм л ажил хийдэг юм” гэж хэлсэн. Нэг өдөр нийгмийн ажилтны ажил хийж ирчихээд тэд орой нь өрөвдсөн, уйлснаа, айснаа ярьцгаасан л даа. “Буян нүглийг ялгаж чаддаг билгийн мэлмий гэж байдаг юм. Тэрийгээ олж хар, миний дүү нар” гэсэн. Тэд өнөөдөр нэг найзтайгаа кофе уугаад дуусгачихдаг 10 мянган төгрөгөөр хэдэн кг гурил авдгийг мэдэж авцгаасан. Америкт байхдаа би нэг зүйлийг их сайн анзаарсан. Тэнд өнчин өрөөсөн хүүхдийг шашин шүтлэг, арьсны өнгө гэж ялгаварлахгүй шууд л өргөөд авчихдаг. Хэзээ ч цээрлэдэггүй. Янз бүрийн үзэл бодол, шашин шүтлэгийг ч тоохгүй, нэгэн үзэл бодлын дор нэгдмэл байж чаддаг. Гэтэл монголчууд бид цөөхүүлээ байж хичнээн ч олон янзын шашинтай юм, хичнээн олон янзын үзэл бодолтой юм. Тэр бүгдэдээ төөрөлдчихсөн. Энэ нь нэг бодлын эрх чөлөө л юм даа. Нөгөө талаасаа хүн төрөлхтний хуулийн дор нэгдэж, захирагддаг тийм зүйл нь дутагдалтай санагддаг. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд, ирж буй 2020 он маань 20, 20 гэсэн тэгшхэн сайхан он юм. Бүх хүний санаж бодож байгаа, хийж бүтээж байгаа ажил үйлс нь тэгшхэн сайхан бүтэх болтугай гэж ерөөе. Шинэ жилээ сайхан угтаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *