Categories
мэдээ цаг-үе

Тэмээчин хөдөлмөрийн баатар, ямааныхаа тоогоор толгой цохидог “Богд”-ынхон

Арцын сүрлэг нуруугаар өдөр бүр манан татан бороошиж, уулын тагтад арц ногоорон, өнгийн цэцэг алаглан Арцын ар хоолойд таанын цагаан толгой найгалзан хөмүүл тааны соргог үнэр анхилна.Тэр 1924 оны зун одоогийн Өвөрхангай аймгийн Богд сум байгуулагджээ.

Сумын төвөөс товчхон: Сайн Ноён Хан аймгийн нэрийг өөрчлөн Цэцэрлэг мандалын уулын аймаг болгосны дараа 1925 онд Эрдэнэ Бишрэлт Мэргэн Ноён Хутагтын шавийг Цэцэрлэг Мандал уулын аймгийн Батширээт сум болгон Гурван сайхан Уулын Хошуунд шилжүүлжээ.Цэцэрлэг Мандал уулын аймгийн (1923-1929) Гурван Сайхан Уулын хошуунд 1924 онд Арц Уул сумыг байгуулж сумын даргаар Лувсангийн Дашзэвэгийг (1897-1927) сонгожээ.Маршал Чойбалсан энэ хүний тухай олонтаа дурдаж холбоо барьж бичиг захидал байнга солилцдог байсан тухай зохиолч А.Дашнямын (Өлзийнарангийн өчил)номд (91-92 р хуудас) хэд хэдэн удаа бичсэн нь бий.Тэнд сарлаг Түндэвийн хүү Дашзэвэг гэж Чойбалсан дурдсан байдаг юм. Энэхүү бяцхан түүхийг бичигч Ж.Раднаабазар миний бие сарлаг Түндэвийн охин Дарийн (Дашзэвэгийн дүү) ач хүү бөгөөд Дарь миний эцэг банхан Жанчивын эх юм.Миний бие 1935-1940 он хүртэл Түндэвийн гэргий Гомбын Отгон (1869-1952) эмэгтэй дээр өссөн билээ.

Арц Уул Батширээ сумдыг 1927 онд Ханхөгшин уулын Хошуунд шилжүүлжээ.1924 онд хуучин Сайн Ноён Хан аймгийн Сайн Ноёны Хошууны Зүүн сумын урд нутагт Баянтөхөм сумыг байгуулан даргаар Сайн Ноён Хошууны алдарт бичээч дэлдэн Дашийн хүү Гончигдоржийг сонгон ажиллуулжээ.Дэлдэн Даш бичээч бол Ж.Раднаабазар миний буурал эх Э.Янжингийн төрсөн дүү бөгөөд анх надад 4-5 настайд Дамчойравжаагийн монгол бичгийн цагаан толгой заасан анхны багш бөлгөө.1929 онд Арц Уул Баянтөхөм сумдыг нийлүүлэн Арц Уул сум болгон даргаар нь Жанцангийн Сэнгэ (1895-1960) сонгожээ. Арц Уул сум байгуулагдахад миний эцэг Дарийн Жанчив уул сумын тал бичээч ,сумын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн анхны даргаар ажиллаж байжээ. БНМАУлсын нутаг дэвсгэр, засаг захиргааг 1923-1930 онд дахин хуваарилж Цэцэрлэг Мандалын аймгийг 1931 онд Өвөрхангай ба Архангай аймаг болгон хуваажээ.Энэхүү өөрчлөлтөөр БНМАУлс 5 аймаг 543 сумтай байсныг 13 аймаг 311 сумтай болгон өөрчилжээ.1931 онд Өвөрхангай аймгийн АрцУул Батширээт сумдыг татан буулгаж Ховд сум гэж нэрлээд сумын төвийг Баянтөхөмд байршуулж даргаар Шантуугийн Лхамцоог сонгон ажиллуулжээ. Ховд сумын даргаар Базарын Дэмчиг, Гүнсэнгийн Нацаг, Дугаржавын Цэрэнпунцаг, Мянганы Цэдэв, Гаарав, Ёндонбалын Цэдэн-Иш, Сандив, Бөндөн, Нэргүйн Цэдэн-Иш, Навсайн Бадамдорж нар сонгогдон ажиллаж байжээ.

1943 онд Өвөрхангай аймагт шинээр Зүүн Богд сумыг байгуулж Ховд, Баруунбаянулаан сумдаас өрх ал таслан өгч сумын төвийг Бага Богд Уулын өвөр Цагаан толгой гэдэг газар төвлөрүүлжээ. Зүүн Богд сумын даргаар Гаарав, Цэвээндорж, Жанчивын Түгжвандан, Базарын Вандансэнгэ, Цэвэлням, Сүнжигийн Нацагдорж, Жаал овогт Батжаргалын Сангидорж, Амбаа овогт Додийн Цэвээндорж, Түдэвгончигийн Пүрэв нар ажиллажээ. 1963 онд Ховд сумыг 1963 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн (зарим аймгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай) БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 2-р зарлигаар татан буулгаж Зүүн Богд сумтай нэгтгэн Богд сум хэмээн нэрлэв.Сумын анхны даргаар 1960-1963 онд Навсайн Мэчиддорж (1931-?), 1963-1975 онд Пэлжээгийн Шаравчогдон (1923-1991), 1975-1986 онд Төгс овогт Шийрэвийн Ринчиндорж (1934-1999).1986-1990 онд Доржпүрэв,1990-1992 онд Хөндийн овогт Банрагчийн Доржхорлоо (1942-2005) 1992-1996 онд Пүрэвийн Чулуун, 1996-2008 онд Хөндийн овогт Авирмидийн Адьяа,2005-2008 онд Жамьянжавын Адьяатогтох, 2008-2014 онд Жийдэг овогт Сарайсангийн Мягмарсүрэн, 2014 оноос Чулууны Чинзориг нар сумын Засаг даргын ажлыг гүйцэтгэж байна.

Өвөрхангай аймгийн Богд сум Монгол Улсад дөрвөн тэмээчин Хөдөлмөрийн баатар төрүүлсэн Монголд ямааны тоо толгойгоор улсын хэмжээгээр сүүлчийн 20 гаруй жил тэргүүлж байна.Суманд зохиолч Ц.Гайтавын нэрэмжит бүрэн дунд сургууль, хүний гавьяат эмч Ж.Раднаабазарын нэрэмжит Эрүүл Мэндийн Төв,ХААН Банкны сумын салбар зэрэг тэргүүний байгууллага олон билээ. Сүүлчийн хэдэн жилд сумын төв байнгын өндөр хүчдэлийн шугамтай болж улсын төсвийн хөрөнгөөр сумын төв нийтийн халаалтын шугамтай, шилэн кабелийн бүрэн үйлчилгээтэй болж тохижиж байна. Улсад 18 сум нийтийн халаалтын системтэй бөгөөд Богд сум Өвөрхангай аймгийн анхны нийтийн халаалттай сум болжээ.Одоо сумын хэмжээгээр 6000 гаруй хүн амтай, түүний тавь гаруй хувь нь сумын төвд суурьшин амьдарч байна.Богд суманд сүүлийн таван жилд сургууль, цэцэрлэгийн барилга баригдан ашиглалтад оржээ. Богд сумын уугуул Ю.Үнэнбүрэн, Д.Жаргал нар санаачлан хөрөнгө мөнгө гарган Арц Богдын мөнхийн шүтээн хэмээх цогцолборыг байгуулж Богдын ард түмэнд дурсагдах алдартнуудаа алдаршуулж байна. Тус цогцолбор нь аймагтаа сумдын анхны цогцолбор юм. Богдын хөдөлмөрсөг ард түмний түүхийг залуу үедээ мэдүүлэх зорилгоор “Миний хайртай Богд нутаг” уралдааныг хүүхэд залуучуудын дунд зохион явуулж байна. Улаанбаатар хот дахь Богд сумын нутгийн зөвлөл санаачлан сумын төвийг цэцэрлэгжүүлэх зорилгоор гурван төрлийн 2000 гаруй модыг тарьж ургууллаа.Одоо Богд сумаас мал сүргээ хөдөлмөр зүтгэлээрээ өсгөсөн улсын сайн малчин Ж.Огтоно, аймгийн сайн малчин П.Чимэддорж, мянгат малчин Д.Аранжин (1 дүгээр баг), Цийяны Төрмөнх (2 дугаар баг), Доржгочоогийн Насантөр (3 дугаар баг), Баасангийн Алтантөр (4 дүгээр баг), Банзрагчийн Баянмөнх (5 дугаар баг), Даваасүрэнгийн Баярсайхан (6 дугаар баг), Дэмчигийн Ганбат (7 дугаар баг), ажил үйлсээрээ сумынхаа зон олныхоо төлөө нөр хичээнгүйлэн зүтгэж байгаа сургуулийн захирал Т.Цэрэнлхам, эмнэлгийн их эмч У.Бямбасүрэн, эмнэлгийн хүн хүчний мэргэжилтэн Д.Үүрийнтуяа, Богд сумыг хөгжүүлэн цэцэглүүлэхэд олон жил хүч хөдөлмөрөө зориулж байгаа ухаалаг бизнесмэн Ю.Үнэнбүрэн, Д.Жаргал, хүний их эмч Хөндий овогт Ю.Уранчимэг нарыг дурдахад нэн таатай байна. Өвөрхангай аймаг 300 гаруй эрдэмтэдтэй бөгөөд Богд сумаас Нобелийн шагналт эрдэмтэн Чимэдбазарын Жаргал, академич Содномдоржийн Норовсамбуу, ШУ-ны доктор Жанчивын Раднаабазар нарын 27 эрдэмтэн төрсөн нь аймагтаа эрдэмтдийн тоогоор 1 дүгээрт орж байна. Богд сум социалист төрийн үед үйл ажиллагаагаараа улсын хэмжээнд тэргүүн байр эзэлж маршал Чойлбалсангаас 1943 онд, маршал Ю.Цэдэнбалаас 1967 онд шагнал гардаж авсан ганц сум юм. Богд сумын хөдөлмөрчдийн онцлог нь:

1. Богд хаант засгийн үед гаминтай ширүүн тэмцэл хийж цөөнгүй хүн эх орныхоо төлөө амь насаа алдсан.

2. Ардын засгийн үед элдэв эсэргүү хөдөлгөөнд нэг ч хүн оролцоогүй нутаг эх орноо орхин хил даван нүүж үймээн самуунд ороогүй.

3. Эх орны дайны үед маршал Х.Чойбалсангаас 1943 онд тэргүүн сумын социализмын бүтээн босголтын үед 1967 онд Ю.Цэдэнбалаас шагналыг тус тус гардан авсан Монголын ганцхан сум.

4. Монголд дөрвөн тэмээчин Хөдөлмөрийн баатар төрүүлсэн онцгой сум билээ.

Уугуул нутаг сумын 100 жилийн ойгоо 2024 онд тэмдэглэх бөгөөд ойгоо угтан ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Богд сумын уугуул профессор Ж.Раднаабазар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *