Categories
мэдээ нийгэм

​МҮИС БНСУ-ын Чусонь Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд сургалт зохион байгууллаа

МҮИС БНСУ-ын Чусонь Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагаа” төслийн хүрээнд 12 сарын 6, 7-ны өдрүүдэд “Монголын хорт хавдартай өвчтөнд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх”, “Сувилахуйн тэнхимийн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийн тухай семинарыг амжилттай зохион байгууллаа.

“Монголын хорт хавдартай өвчтөнд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх” сургалтад Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Налайх, Хан-Уул дүүргийн гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг 30 гаруй сувилагч, ЭМЯ, МСН, Чусонь Их Сургуулийн “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагаа” төслийн багш (Ким Жинь Хый, Гим Хён Рэ), Чоньнам Их сургуулийн Сувилахуйн тэнхимийн багш(Чэ Дог Хый), Гёнсан Их Сургуулийн сувилахуйн тэнхиймийн багш(Со Минь Жон) нар оролцлоо.

Энэ удаагийн сувилагч нарт зориулсан сургалтын хөтөлбөр нь “Монголын хорт хавдартай хүмүүсийн өнөөгийн байдал, холбогдох хууль тогтоомж болон бодлого”, “Гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагчийн үүрэг болон хэтийн төлөв” “Хорт хавдартай өвчтний өвдөлт болон шинж тэмдэг”, “Хорт хавдартай өвчтөний сэтгэцийн эрүүл мэндэд хяналт тавих болон харилцан ойлголцол” гэсэн сэдвүүдээс бүрдсэн юм.

МСН-ийн тэргүүн Д. Нямсүрэн “Монголын ӨЭМТ-д ажилладаг сувилагч нарт их тус нэмэр болсон сургалт боллоо. Уг сургалт өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдаж байсан. Хол газраас биднийг зорин ирж, хүч хөдөлмөр болон халуун дулаан сэтгэл гарган сургалт зохион байгуулсан Чусонь Их Сургуулийн төслийн хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.

“Сувилахуйн тэнхимийн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр”-т хамт олны эрүүл мэндийн сувилахуй, насанд хүрэгчдийн эрүүл мэндийн сувилахуй, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй хичээлийг заадаг МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн багш нар, улсын болон хувийн их дээд сургуулиуд, Говь-Алтай, Дорнодговь, Дархан-Уул аймгийн их дээд сургуулийн 40 гаруй багш нар хамрагдлаа.

Тус сургалтанд хамрагдсан МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Б. Болорчимэг “Энэ сургалтын хөтөлбөр болон семинараар дамжуулан Монголын хорт хавдартай өвчтөнд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагчийн чадварыг сайжруулах, гэр бүлийнхний асаргаа сувилгааны чадварыг дэмжих, үр дүнд суурилсан сургалтыг хэрэгжүүлэхийн тулд хичээлийн төлөвлөгөө болон зохион байгуулах аргын тухай сурч авлаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *