“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.
-Дэлхийд арваадхан Санхүүгийн музейн нэг нь таны байгуулсан музей. Анхны цаасан мөнгө, эртний зооснууд гээд дэлхийд ховор үзмэрүүдийг хэдэн зуугаар нь дэлгэсэн гэхээр чамгүй их мөнгө орсон байх. Яагаад ийм музей байгуулах болов, хувь хүн ийм музей байгуулчихсан гэхээр гайхах хүн олон таардаг уу?
-Зорьж ирж үзсэн хүмүүс гайхдаг. Хөрөнгө мөнгөний тухайд нуух юу байх вэ, би зээлийн байранд амьдардаг. Машины лизинг, кредит карттай.
Банканд учиргүй их мөнгө хуримтлуулсан юм алга. Харин бизнес хийсэн. “Мандал даатгал” гэдэг компанийг оргүй хоосноос байгуулж босгосон. Бизнес хийж олсон бүх мөнгөө “Мандал даатгал”-д оруулсан. Өнөөдрийг хүртэл “Мандал даатгал”-аас мөнгө авч үзээгүй. Хэзээ нэгэн цагт авах байх гэж боддог. Байгуулсан компанийнхаа ТУЗ-ийн даргаар ажилладаг. Сарын цалин маань нэг сая төгрөг.
“Голомт”-ын захирлаар хэдэн жил ажиллахдаа дажгүй цалин авч байсан. Олсон мөнгөө энэ музейг барьж байгуулахад зарцуулсан. Надад материаллаг баялаг гэхээс илүү оюун ухааны баялаг онцгой чухал. Энэ музейгээ харж кайф авдаг.
Монгол Улсад дэлхийд аравхан байдаг музейн нэгийг байгуулсан. Миний байгуулсан музей Монголд л үлдэнэ. Би дэлхийн санхүү гэдэг юмыг Монголдоо авчирсан. Орост байхгүй, Хятад, Хонконг, Сингапур ийм музейгүй. Монголыг минь ядуу л гэнэ, дорой л гэнэ. Надад хүнээс илүү хийчихсэн мөнгө төгрөг алга.
Гэхдээ сэтгэл байвал сингапурчуудын хийж чадаагүйг Монгол хийсэн гэж дэлхий харж байгаа нь сайхан. Сая би Канадын төв банкны урилгаар Сингапурт очиж хуралд суугаад ирлээ. Тэр үеэр Саудын Арабын төв банкныхан санхүүгийн музей байгуулна гээд судалгаа хийгээд явж байна. Ямар баян улс билээ. Гэтэл одоо л санхүүгийн музей байгуулна гээд явж байх жишээний.
-Санхүүгийн музейтэй арваадхан улсын нэг гэдэг бахархах мэдээ л дээ. Ингэхэд дэлхийн санхүүгийн музейнүүдийг хувь хүмүүс байгуулаад байна уу, улсаас нь санаачилж барьдаг юм уу?
-Санхүүгийн музейнүүдийн холбоо гэж бий.
Энэ холбоо 10 гаруй гишүүнтэй. Хувь хүний санаачилгаар байгуулсан ганцхан музей нь манайх. Дандаа улсынх нь төв банк, Сангийн яам байгуулсан.
Надад арван байр авч, таван машин унах шаардлага байхгүй.
Би сая танд ярилцлага өгөх гээд ажил руугаа ирэхдээ Тоёота Альфард унаад ирлээ. Гоё машин.
Хүнд материаллаг баялаг шүтэх үе байхыг үгүйсгэхгүй. Үнэтэй машин авч унаж яагаад болохгүй гэж. Гэхдээ хүн гэдэг амьтан тасралтгүй боловсорч байх ёстой. Материаллаг баялгийг шүтэх үзэл нь тодорхой хугацааны дараа идеал, оюуны баялгийг шүтэх үзлээр солигдож байж л хүн гэдгээ жинхэнэ утгаар нь мэдэрнэ.
-Оюуны баялаг гэдгийг та ямар утгаар хэлж байна вэ?
–Оюуны капитал гэдэг бол ард түмнийхээ төлөө, ядаж найз нөхөд, хамт олон, харилцагчдынхаа төлөө сэтгэж юм хийж эхлэхийг хэлнэ.
Хувь хүнээсээ даван гарч, сэтгэж амьдарвал тасралтгүй боловсорч яваа хэрэг.
Тэгэхгүйгээр далан нас хүртлээ ард түмэн, улс орныхоо төлөө юу ч хийгээгүй мөртлөө хамгийн үнэтэй машин авах гээд явж байгаа хүнийг би асуудалтай л гэж хэлнэ. Дөчин настайдаа үнэтэй машин унаж яваа бол асуудал биш. Үзэг, эдлэг. Би эдийн засагч хүн учраас хэрэглээг дэмждэг. Хүн хэрэглэж байж л илүү томыг хардаг. Тийм учраас цалингийн зээл, машины зээлийг дэмждэг. Зээл аваад гоё машин унаж үзэцгээг л дээ.
Гагцхүү тэрнийхээ дараа оюуныхаа хөгжилд анхаарч, илүү томыг бүтээхийн төлөө тэмүүлэх ёстой.
Материаллаг баялгийг үзээгүй мэдрээгүй хүн оюуны үнэ цэнийг мэдрэхгүй байж болох талтай. Философи сонирхож судалдаг хүний хувьд би аз жаргалын үндэс оюуны баялгаас үүсдгийг ухаарсан. Материаллаг баялаг хүнд түр зуурын баяр өгдөг.
-Материаллаг баялгийг шүтсээр яваа тавь, жар, далтнууд олон байна. Хувь хүний мөн чанараас шалтгаалдаг эд үү, эсвэл өөр шалтгаан байна уу?
-Нас өндөр болчихоод материаллаг баялгийг шүтсээр яваа хүнийг би буруу ойлголттой, алдсан хүн л гэж хэлнэ.
Түүнээс биш төрөлхийн гэж хэзээ ч бодохгүй. Хүн бүр ижил хувь заяатай төрдөг гэдэгт итгэдэг. Хүн бүр тэгш боломжоор хангагдах ёстой гэдэгт бас итгэдэг.
Гагцхүү тэр хүн өнөөг хүртэл энэ тухай ном зохиол уншиж, философийг нь сонсоогүй учраас ойлгохгүй байгаа хэрэг. Боловсролын реформ эхлүүлж байж л хүн бүрийг насан туршийн гэгээрэл рүү хөтлөх хэмжээний өөрчлөлт хийж чадна.
Дахиад хэлэхэд бизнесийн өндөр амжилт гаргасан хэр нь аз жаргалгүй, дутуу хөтүү явж байгаа хүмүүсийг би төөрсөн хүн гэж хэлнэ.
Төөрсөн, авах ёстой боловсролоо авч чадаагүй л хүмүүс. Энэ хүмүүсийг боловсруулах ёстой. Рокфеллер маш шүтлэгтэй хүн байсан. Өнөөгийн үнэлэмжээр тооцоход хамгийн баян хүн. Тэр хүн 30, 40, 50-тай-даа бизнест гялалзаад 60 гараад бүх мөнгөө их сургуулиуд байгуулах, эрдэм шинжилгээний ажил санхүүжүүлэх, ядуусыг асрах, өвчтөнүүдийг эмчлэхэд зарцуулсан.
-Баруунд нийтлэг харагддаг л даа, таны яриад байгаа хандлага. Монголын бизнес эрхлэгчдээс маш ховор анзаарагддаг чанар. Шалтгаан нь таныхаар боловсролын систем юм байна, тийм үү?
-Ер нь бол тийм. Гэхдээ таны хөндсөн энэ сэдэв дээр би их өөдрөг бодолтой яваа.
Англиар “Give back” гэдэг л дээ. Хүн хэн ч биш байхаасаа ажиллаж, өндөр амжилт гаргаж, бизнес хийж, мөнгө их олж, тэрэндээ шимтдэг. Үүний эцэст амьдралынхаа дараагийн шат руу шилждэг. Тэр нь буцааж өгөх.
Билл Гейтс хорь ч хүрээгүй байхдаа бизнесээ эхэлсэн. Их мөнгө хийсэн. “Майкрософт”-д хамаг чадлаараа зүтгэсэн.
Цаг нь болонгуут дараагийн үедээ бизнесийн ажлаа даатгаад “Мелинда энд Билл Гейтс” сан байгуулсан. Сангийнхаа хүрээнд олон тэрбум ам.долларыг Африкт өвчин устгахад зарцуулаад сууж байна.
Ази, Америкт хандивын ажил эхлүүлчихсэн яваа. Тэгэхээр Монголын тухайд ерэн онд бизнесээ эхэлсэн хүмүүс тавин нас гарч байна.
Жар хүрч яваа. Ингээд харахаар “Give back” удахгүй эхлэх байх аа. Гучин жил бизнес хийлээ, одоо эргээд улс орондоо гараа сунгах байх. Долоон буудалд төрсөн, тэгш боломжийг олж авч чадахгүй яваа сайн хүүхдүүдэд Харвардад сурахад нь туслах байх.
Дунд сургуулиудад хөрөнгө оруулалт хийх байх. Төгссөн их сургуулиуддаа анги шохойдох хэмжээнд туслах биш, эрдэм шинжилгээний ажлуудыг нь санхүүжүүлэх байх.
-Таныг боловсролын реформ яриад эхлэхээр “Өнөө банкир Ганзориг яагаад гэнэтхэн боловсрол яриад унав” гэж гайхсан хүн олон байсан. Худалдаа хөгжлийн банкны О.Орхон, “Xас”-ын Ч.Ганхуяг, Г.Амартүвшин гээд бусад банкируудаас тэс өөр сэдэв хөндөж, боловсролын реформын төлөө лобби хийгээд эхлэхээр би ч анхандаа гайхсан шүү…?
-Нийгэм Орхон, Ганхуяг, Амартүвшин биднийг зангиа зүүсэн, цамц хослолтой банкир гэсэн нэг дүрээр хардаг байхыг үгүйсгэхгүй. Тэгж харагддаг ч байх. Гэхдээ бид чинь тэс өөр хүмүүс.
-Тэгвэл та эднээс юугаараа ялгаатай вэ?
-Надад ялгаатай ганц л юм бий. Мөнгө төгрөг хийх, бизнес босгох тал дээр би энэ гурвын энд хүрэхгүй шиг байгаа юм.
Миний хувьд өнөөг хүртэл олон нийтийн төлөө явснаараа эднээс ялгарна. Тэр талыг минь л харчихвал Ганзориг ойлгомжгүй, үсчдэг хүн биш л дээ. Зүгээр л ярьдгаа яриад яваа хүн.
Миний амьдралаа залгуулдаг амьжиргаа бол банкны бизнес. Хувь хүний зүрх сэтгэл гэж яривал Ганзориг гэдэг хүнийг улс орон, ард түмнээс салгаж ойлгох аргагүй. Ажлынхаа хажуугаар лекц уншиж, ном бичиж, музей байгуулж, санхүүгийн боловсролын сайт нээж яваагийн минь цаад шалтгаан энэ л дээ.
-Та Голомт банкийг удирдаж байхдаа санхүүгийн боловсролын сайт нээж байл уу?
-Бүр анх Санхүүгийн зах зээлийн холбоонд байхдаа ийм агуулгатай сайт нээж байсан юм.
Холбооныхоо өмнөх вэб сайтын контент, зургийн цомгоо гаргаж ирээд харлаа. Хийгээгүй юм алга аа. Ямар ч мөнгөгүй хорин хэдтэй залуу л “Улсынхаа төлөө” гээд “эргүү мэдрэл” юм хийж явсан байгаа юм. Ингээд харахаар боловсрол бол миний эртнээс ярьсан сэдэв. Ганзориг гэж хүнийг мэддэг улсын хувьд гайхах өнцөг биш.
Орхоныг боловсрол яриад эхэлбэл ойр тойрныхноос нь эхлээд олон хүн гайхаж магадгүй. Харин Ганзориг боловсрол яриад эхэлбэл натурал. Голомтод ороод www.edu.golomt гээд иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах агуулгатай сайт нээсэн. 150 ширхэг санхүүгийн контент хийсэн ч өнөөдөр нурчихсан. Байхгүй болсон. Миний хийсэн бүтэлгүй юм зөндөө. Гэхдээ өөр ямар банкир санхүүгийн боловсролын сайт нээсэн бэ, та тийм жишээ санаж байна уу?
-Санахгүй байна. Банкны их ажлын хажуугаар иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулна гээд сайт ажиллуулна гэдэг амаргүй байх аа?
-Хэцүү гэвэл ямар ч ажлаас ийм шалтгаан хайгаад хийхгүй сууж болно. “Голомт”-д энэ ажлыг эхлүүлэхэд дуртай хүн байгаагүй. Ганзориг гэж хэнхэг нөхөр ирээд үндсэн ажлаас өөр юм хийлгээд уналаа гэж дургүйцэж суусан байх.
Ажилтнуудаа “Хадгаламжийн хүү хэрхэн тогтдог талаар график хий, инфляц гэж юу болохыг тодорхойлсон видео хий” гээд суулгачихаж байгаа юм. Намайг захирлаар очиход “Хөгжлийн Голомт”, “Голомтын соёл”, “Голомтын гоёл”, “Манай банк сайн сайхныг санхүүжүүлнэ” гээд их гоё үгнүүд угтсан. Тухайн үед би банкныхаа зарим хүнд “Юун коммунист уриа лоозон шиг үгнүүд вэ. Яаж сайн сайхныг санхүүжүүлж, хэзээ хөгжлийн голомт болсон юм, Голомтын соёл гэж яадаг соёл билээ” гэж хэлээд зад үзсэн. Хөгжлийн Голомт болох эхний алхам нь иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах гээд сайт нээсэн юм.
-Санхүүгийн боловсролын сайт чинь яагаад уначихсан юм бэ?
– Контентын чанар маш муу байсан. Ажилтнуудаараа 200-300 видео хийлгээд амжилт олоогүй шалтгаан нь бас л боловсролтой холбогдчихож байгаа юм. МУИС-ийн эдийн засаг төгсчихөөд инфляц гэдгийг тайлбарлах хоёр минутын видео хийж чадахгүй суух жишээний. Ингээд Голомтын соёл, Голомтын гоёл гэж яриад байсан хүмүүс хөрсөн дээрээ буусан.
“За тэгвэл одоо Голомтынхоо соёлыг бий болгоцгооё, сайн сайхныг санхүүжүүлье” гээд зүтгэсэн. Тэгж зүтгээд амжилттай болсон ажлын нэг нь “Үндэсний хуримтлал”. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон түүх нь их сонин. Судалгаа хийгээд үзтэл хадгаламжийн төвлөрөл аймшигтай байсан. Хадгаламжийг хэдэн зуухан хүн атгачихсан суусан. Зөвхөн бизнесмэн, улстөрч гэсэн хоёр бүлэг л хадгаламжтай гэсэн зураг гардаг байгаа.
-Хэрэглээ, зээлээ хүчирдэггүй гэсэн шалтгаан иргэдийг хадгаламжгүй амьдрахад нөлөөлдөг юм болов уу?
-Гайхмаар нь судлаад үзэхэд тийм биш байсан. Хоёр, гурав, дөрвөн сая төгрөгийн цалинтай хүн ямар ч хадгаламжгүй байсан гээд та бод доо. Тэгээд 2-5 сая төгрөгийн цалинтай хүмүүсийн дунд Монголд анх удаа сэтгэл зүйн тест хийлээ.
Гэтэл өнөө өндөр цалинтай хүмүүс хадгаламж гэдгийг “Гэнэт их мөнгө олбол түүгээрээ зээлээ хаагаад үлдсэн арав, хорин саяыг нь дансандаа хийж хадгалах” гээд ойлгочихсон яваа нь тестээр тодорхой болсон.
Бид харилцагчдадаа “Хадгалах гэдэг чинь cap бүр цалингаасаа 20, 50, 100, 300, 500 мянгыг үнэнчээр хийж, хүүг нь хоолойгоо тултал авахыг хэлдэг” гэдгийг ойлгуулсан.
Ер нь хэн ч ойлгуулаагүй байсныг бид ойлгуулж чадсан. “Үндэсний хуримтлал” хөтөлбөр хэрэгжсэнээр өнөөдөр 120 мянган хүн цалингаасаа хуримтлал үүсгэж байна. Ийм ажлыг ямар ч сайд хийгээгүй. Зүй нь эдийн засгийн гавьяатыг иймэрхүү, хөрсөн дээр буусан, бодитой, үр дүнтэй ажлуудад өгмөөр байгаа юм.
-Toп банкуудын нэгийг удирдаж байснаа ажлаа өгчихөөд боловсролын реформ яриад явахаар ойр тойрныхон чинь, таныг мэддэг хүрээнийхэн юу гэж байх юм?
-Миний сонголт, шийдвэрийг гайхаж хүлээж авсан хэсэг бий.
Мэргэжилдээ хайртай, мэргэжилдээ дурласан, мэргэжлийн амбицтай, мэргэжлийн ёс суртахуун гэж ярьдаг даа. Нягтлан бодогч гэсэн мэргэжлээр амьдралаа залгуулж яваа хүн бол нягтлан бодогч биш. Нягтлан бодохыг мэддэг л хүн.
Монголын нягтлан бодох бүртгэлийн стандартыг сайжруулах юмсан, нягтлан бодогчдынхоо сургалтын чанарыг дээшлүүлэхсэн, бүх компанийн санхүүгийн тайлан үнэн зөв байгаасай гэж мөрөөдөөд, тэрнийхээ төлөө явдаг хүн бол нягтлан бодохын мэргэжилтэн хүн.
Та ажилдаа дурлаж илүү сайхныг бичихийн төлөө урагшилж, би ингэж яриад сууна гэдэг нь сайн хэрэг. Монголд мэргэжлийн ёс зүй бий болж байна гэсэн үг. Төгсрөөгүй байж магадгүй. Гэхдээ зөв чиг рүүгээ явж байна.
Гэтэл ийм ойлголт, чиггүй хүнд магадгүй миний алхам ойлгогддоггүй байхыг үгүйсгэхгүй. Чи яагаад сэтгүүлчдэд лекц уншаад явдаг юм бэ, дунд сургуульд ямар ч мөнгөгүйгээр хичээл орох хэрэг байна уу, сошиал дээр танин мэдэхүйн юм яриад суух тийм хэрэгтэй гэж үү, хайран цаг гэх мэт үгс зөндөө дуулддаг. Ийм юм хийгээд банкны захирлын ажлаа хийхгүй байна гэж хардаг.
Учир нь би 2007 оноос хойш бичиж байна. Бичсэн нийтлэлийн маань тоо 600 давчихсан. 600 нийтлэлийн дараа ямар ч тэнэг хүн хурдан бичиж сурна аа даа. Гэтэл 600 нийтлэл бичээгүй хүний хувьд миний энэ чадамж ойлгогдохгүй. Нийтлэл бичиж үзээгүй хүн нэг бичвэр хийх гэж таван өдөр ч болж мэднэ. Манайханд нэг алдаа анзаарагддаг. Эхнийхээ нийтлэлийг төгс хийх гэж улайрдаг.
Дахиад алдаа гаргахаас, бусад хүн өөрийг нь яаж дайрах бол гэхээс айдаг. Ертөнцийн тооллоор бол нүд ирмэхийн зуурын агшин шүү дээ, хүний амьдрал. Чамайг муулсан, шүүмжилсэн, өөлсөн бүхний эцэст чиний бүтээл л үлдэнэ. Эдийн засагчийнхаа хувьд 120 мянган хүнийг хуримтлалтай болгосон нь л надад чухал. Бусад нь “Голомт”-оос хуулаад хийгээсэй гэж найдаж байна.
-Гэхдээ бизнесийнхэн нийгэм рүү хэт хандчихаар ашиг орлогоо алдана гэж болгоомжлоод байх шиг анзаарагддаг. Ер нь ч тийм юм биш үү?
-Ард түмний төлөө явна гэдэг бизнест хортой, бизнес хийнэ гэдэг ард түмнийг шулж мөлжихийн нэр гэж монголчууд ойлгодог. Миний хувьд тийм юм хэзээ ч дэлхийд байхгүй гэдгийг мэддэг. Таны харж байгаа өнцөг бол худлаа. Тархи угаалт.
Жишээ нь, сая хэлсэн 120 мянган хадгаламж эзэмшигч “Голомт”-оос хэзээ ч урвахгүй. Мэдээж хэн ч хүүний төлөө явна. Гэхдээ Голомт, Худалдаа хөгжлийн банк гэсэн өнцгөөс харвал үнэнч харилцагч хэрэгтэй. Эдийн засаг өгч, уруудах ямар ч үед үнэнч харилцагч л хэрэгтэй.
Голомт банк нийгмийн хариуцлага гээд Туулын эргийн хогийг түүж болно. Гэхдээ банкирууд хог түүгээд явлаа гээд хог дуусахгүй. Хүмүүсийг хуримтлалтай болгох нь л банкны ажил.
-Одоо боловсролын реформ руугаа эргээд оръё. Тэр том банкийг удирдангаа боловсролын реформоо хийсэн бол нөлөө, цараа талаасаа илүү байсан юм биш үү?
-Голомт банканд би маш олон зорилготой орсон.
Нэгдүгээрт, банканд ажилладаг хүний хувьд топ банкны гүйцэтгэх захирал гэдэг бол мөрөөдлийн ажил. Хоёрдугаарт, гүйцэтгэх захирлынхаа хувиар өөрийгөө өөртөө батлах хэрэгтэй байсан юм.
“Голомт”-ын хувьд өмнө нь том банк байгаад байр сууриа алдаж хэдэн байр ухарсан үе таарсан л даа. Ийм банкийг эргүүлж босгож, тэргүүлэх байр суурь руу нь аваачиж чадах уу, үгүй юү гэдэг сорилтын өмнө зогсохыг хүссэн.
Гүйцэтгэх захирлын ажил тамирчинтай л адилхан. “Мандал”-ыг Монголын хамгийн том даатгалын компанийн нэг болгосон.
Өөрөөр хэлбэл, Азийн аварга болсон. Мэдээж энэ ажлыг ганцаараа хийгээгүй. Миний ард баг бий. “Голомт” гэж том банкийг удирдаж эхэлсэн. Дэлхийн аваргад орсонтой дүйцэхүйц алхам. Монголын том банкийг өмнөх тэргүүлэгч байр сууринд нь аваачихын төлөө зүтгэсэн. Олимпийн аваргад орох нь тамирчин хүний мөрөөдөл биз дээ. Надад ийм л амбиц байсан. Одоо таны асуултад хариулъя.
Боловсролын реформыг хийж чадах болов уу гэдэг асуулт надад эртнээс байсан. Үүнийгээ “Голомт” дээр туршиж үзэх хэрэгтэй байсан юм. “Голомт” шиг 2000 ажилтан, долоо, найман зуун мянган харилцагчтай том систем Монголд ховор. Гарын арван хуруунд багтана. “Голомт”-ын бүтээгдэхүүн, бизнесийн процессыг дэлхийн түвшинд хүргэж “Голомт”-ын ажилтны урам зоригийг дэлхийтэй өрсөлдөх итгэлцлийн түвшинд аваачиж чадвал би боловсролын системд реформ хийж чадна гэж харсан.
Монголын багш нарын тоо 40 мянга. Тэднийг хангалттай хэмжээний цалинтай, дэлхийн тэргүүлэх багш нар болгож, багш нарын бүтээгдэхүүн болох сурагч, эцэг эхчүүдийн түвшинд боловсролын реформыг хийж чадах нь уу гэдэг туршилтыг банк удирдаж байхдаа хийсэн гэсэн үг. Банкны удирдлагын ажлаа яаран сандран өгсний цаад шалтгаан ерөөсөө л энэ. Туршилт амжилттай болсон.
Үргэлжлэл бий…