Categories
мэдээ нийгэм

Аврагчид галаас хоёр хүүхдийн амь аварчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 8Б байранд иргэн А-ын байр шатаж байна гэсэн дуудлага 2019.12.18-ны өдрийн 04:04 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 04:09 цагт очиж 5 минут ажиллаж галыг унтраасан байна.

Утаажилтын бүсээс Д /11 настай, эмэгтэй/, О /9 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гаргажээ.

Хүйтний улиралд обьектын гал түймрийн дуудлагын тоо нэмэгддэг, иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

Хог, хаягдлыг тусгай зориулалтын төвлөрсөн цэгт, саванд асгаж тогтмол ачиж тээвэрлүүлэх

Үнс нурмыг ил задгай асгах, ялангуяа шатамхай хог хаягдалтай хамт асгахыг хориглох

Цогтой үнс нурмыг тагтай төмөр саванд хийж шатах эх үүсвэрээс 0,5 метрээс багагүй зайд байрлуулах

Хог хаягдал, өвс, шарилжийг устгах зорилгоор ил задгай гал гаргах, шатаахгүй байх

Пийшин зуухыг гэр сууцанд байрлуулахдаа цонолт шаталтаас хамгаалсан хаалт хамгаалалт хийх, пийшин зуухны яндангийн дээврийн хөндийгөөр гарч байгаа хэсгийг халалтаас хамгаалсан үл шатах материалаар тусгаарлах, галласан пийшинг хараа хяналтгүй орхихгүй байх

Пийшин зуухны яндангийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг сайтар шалгах гэмтэлтэй пийшин, зуух, янданг ашиглахгүй байх

Гэр сууцандаа зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх

Цахилгаан угсралт, ашиглалтын дүрмийг дагаж мөрдөн цахилгааны хүчдэлээс үүсвэрлэн гарах галын аюулаас сэрэмжлэх

Автомашины зогсоол, тавиуланд галын аюулгүй байдлыг хангаж, хаалга гарцуудыг чөлөөтэй байлгаж хоорондын зай хэмжээг баримтлах

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж орхихгүй байх

Иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллагууд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх, тэдгээрийг ашиглаж сурахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *