Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд нийлүүлэх автобусны чанар, засвар үйлчилгээ, баталгааг чухалжилж буйгаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан манай улсад ирээд буй Казахстан улсын “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзах үеэр илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ, “Бид автобусны чанар үзэмж, нийтийн тээврийн стандарт, төлбөрийн уян хатан нөхцөлийг чухалчилна. Энэ талаар гадаад, дотоодын үйлдвэрлэгч нартай санал солилцон харьцуулалт хийн судалж байна” гэв.
Уулзалтад нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Daewoo Bus Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов, тус компанийн Монгол дахь төлөөлөгч З.Бердаулет нар байлцав.
“Daewoo Bus Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов хотын Захирагчийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, автобусны үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Daewoo Bus Kazakhstan” компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. БНСУ-ын “Daewoo” корпорацитай хамтран ажилладаг. Манай компани автобус баазын 40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Явах эд анги сэлбэгээ БНСУ-аас нийлүүлдэг” гэв.
Тэрээ, “Бид зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусныхаа дотор, гадар эд ангийг төмрөөр хийсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай, хүүхдийн автобус нь зориулалтын жижиг суудалтай хяналтын камер, хамгаалалтын хэрэгслээр тоноглосон гээд нийтийн тээврийн стандартын шаардлагыг бүрэн хангасан” хэмээн мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотод Казакстан улсаас автобус нийлүүлэх тохиолдолд баталгаат хугацаандаа засвар үйлчилгээг нь бүрэн хариуцах нэгдсэн төв байгуулж өгөх талаар дурдлаа.