Байгалийн түүхийн музейг нураах ажил үргэлжилж, өчигдөр нүүрэн хэсэг, музейн өмнөх чулуун арсланг буулгаж эхэллээ. Ингэснээр Монгол орны түүхийн үнэт өв болсон музей газрын хөрснөөс бүрэн арчигдахаар боллоо.
Байгалийн түүхийн музейтэй холбоотой асуудал өнгөрсөн саруудад олны анхаарлын төвд байж ирсэн. 95 жилийн түүхтэй эл музейг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн 2013 оноос үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Харин өнгөрсөн долдугаар сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг нурааж, оронд нь Чингис хааны музей байгуулах шийдвэрийг гаргасан юм. Өнгөрсөн аравдугаар сараас уг ажлыг эрчимжүүлэх болсноо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдэж, бүр газар дээр нь очиж хэвлэлийнхнийг дуудаж “Нураахаас аргагүй болсон” гэж байв.
Засгийн газар, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны шийдвэр, алхмыг соёлын өв хамгаалагчид удаа дараа эсэргүүцэж ирэв. Тэд жагсаал цуглаан зохион байгуулж, хэвлэлийн хурал ч хэдэнтээ хийсэн. Иргэд, соёлын өвийг хамгаалагчид музейг өнгөрсөн жилүүдэд арчилж тордож чадаагүй, зориудаар ашиглах боломжгүйд хүргэсэн хэмээн буруушааж байгаа юм. Хамгийн гол нь түүх, соёлын дурсгал болсон барилга байгууламжийг нураах бус сэргээх ажлыг хийх ёстойг тэд онцолж байгаа. Байгалийн түүхийн музейн хувьд нураахгүйгээр сэргээх олон шийдэл байгааг мэргэжлийн хүмүүс сануулсаар байсан. Бүр гадны экспертүүд урьж авчраад шинжлүүлчихье гэсэн санал ч гарч байлаа.
Хамгийн наад захын, олон улсад ашиглагддаг жишиг бол түүх, соёлын барилга байгууламжийн нүүрэн хэсгийг яг хэвээр нь үлдээж, бусад хэсэгт нь засвар шинэчлэлийг хийдэг. Ингэснээр түүх соёлын дурсгал хэдэн зуун жил өнгөрсөн ч хэвээрээ хадгалагддаг, үнэ цэнэтэй байдаг, үнэн бодит түүх өгүүлдэг гэж үздэг аж. Харин манай энэ тохиолдолд нураах шийдвэр гаргасан эрх бүхий хүмүүс энэ тухай ган хийх битгий хэл эсрэгээр нь “Нураана” гэж дайрсаар байгаад хүслээ гүйцэлдүүлсэн нь хачирхалтай. Олон нийтийн эсэргүүцлийг үл тоон дараагийн барилгыг барих тендерийг зарлаад компанийг нь хүртэл сонгочихоод байгаа.
Харин үүний эсрэг иргэдийн төлөөллийн “Эрх зүйн соёл” НҮТББ-аас Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.
Захиргааны хэргийн шүүх 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгахаар шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоолын заалтыг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн юм. Шүүхийн шийдвэрийг дэлгэрэнгүй хүргэвэл “Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3-т “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт “Чингис хаан” музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулах” гэж заасан хэсгээс эхний хэсэг болох “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж” гэх хэсгийг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “АЯА” ХХК нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан захиргааны гэрээг тус тус уг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв” гэжээ. Өөрөөр хэлбэл, Байгалийн түүхийн музейг нураахтай холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдэгдтэл музейтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа зогсох ёстой гэсэн үг. Шүүхийн шийдвэр үүгээр тогтохгүй. “…Мөн урьдчилсан хэлэлцүүлгээр эрх бүхий байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулж, барилгыг шинэчлэн засварлах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээч томилсон болно” гэсэн байгаа юм. Нэг үгээр, Байгалийн түүхийн музейг нураах Засгийн газрын шийдвэрийг хэрэг шийдэгдтэл түдгэлзүүлж, музейн барилгыг шинэчлэн засварлах боломжийг судлахаар болсон байдаг.
Захиргааны шүүхийн захирамжид хариуцагч тал гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүх хянаж үзээд Засгийн газар, БСШУСЯ-ны гомдлыг хэрэгсэхгүй болгосныг шүүхийн эх сурвалж хэллээ.
Шүүхийн шийдвэрийг хэнбугай ч дагаж мөрдөх учиртай. Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн хүртлээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэдэг, хүлээж авдаг. Ялангуяа, хууль сахиулагч Засгийн газрын хувьд энэ асуудал хамгийн их хамаатай. Тэд шүүхийн шийдвэрийг биелүүлж гэмээнэ, ард иргэд шүүхдээ хүндэтгэлтэй хандах хандлага улам нэмэгдэнэ. Гэтэл шүүхээс “Асуудлыг шийдвэрлэтэл музейг нураах шийдвэрийг түдгэлзүүллээ” хэмээн цагаан дээр хараар бичин шүүгчийн алх цохин шийдвэрлээд байхад музейн барилгыг нураачихлаа. Шүүхээсээ давсан ямар их эр зориг, ашиг сонирхол вэ. Засгийн газар, бодлогын яам нь шүүхийн шийдвэрийг үл тоовол энэ улсад хууль ёс яаж хэрэгжих вэ.
Одоогийн нөхцөл байдлаас Байгалийн түүхийн музейг аврах гэхээс илүү тус музейн газар хамгийн үнэ цэнэтэй болж харагдаад байна. Музейн газар дээр Чингис хааны музей байгуулах шийдвэр гарч, бүр зураг төсөл нь ч гэрлийн хурдаар бэлэн болж, гүйцэтгэгчийн тендерийг зарлачихсан гэж байгаа. Тиймээс Чингис хааны музей барихыг санаачилсан, шийдвэрлэсэн хүмүүсийн ашиг сонирхол 95 жилийн түүхтэй, Монгол орны байгалийн хосгүй үнэт бүтээлүүдтэй, Монгол Улсын түүх соёлын цөөхөн дурсгалын нэг болсон түүхэн музейг нураахад хүргэлээ.
Энгийн хүн харахад л ойлгомжтой, нэг музейгээ нурааж нүүлгээд, оронд нь өөр музей барих ямар шаардлага байна вэ. Энэ цаг үед Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей энэ тэнцүү л үнэ цэнэтэй. Магадгүй Байгалийн түүхийн музей 95 жилийн түүхтэй, түүх соёлын дурсгал болсон үзэмжит барилгатай, зөөж тээвэрлэх боломжгүй дурсгалуудтайгаараа өөрийн газар дээрээ байх нь илүү үнэ цэнэтэй байж мэдэх байсан. Харин тэр Их тэнгэрийн амандаа Байгалийн түүхийн музейг биш Чингис хааны музейг байгуулах нь байрлалын хувьд илүү зохимжтой, төсөв мөнгө ч хэмнэсэн ажил болох байлаа. Гэвч үүнийг үл тоон хотын төвийн байрлалд шунасан, хувийн бизнес болгох гэсэн санаархал л үүний цаана харагдаад байна. Харин эзэд нь хэн бэ?
Б.ЭНХЗАЯА