Categories
мэдээ улс-төр

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 55 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.

Эхлээд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын дээрх төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар үг хэлэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй учир тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ дагуу, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь уг саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхи бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх юм байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Содбилэг нар асуулт асууж, хариулт авсан юм. Өр, зээлийн талаарх тодруулсан гишүүдийн асуултад Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариулт өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Засгийн газрын нийт өр 22.7 их наяд бөгөөд үүний 11.6 их наяд орчим нь олон төрлийн эх үүсвэрээс орж ирсэн хөнгөлөлттэй зээлүүд байгаа аж. Өрийн хязгаар хуулиараа 75 хувь байх зохицуулалттай бөгөөд Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлвэл 53.6 хувь буюу хуулийн хүрээнд байгаа. Засгийн газрын зүгээс өр, зээлийг нэмэгдүүлэхгүй байх бодлогын хүрээнд ажиллаж байгаа гэлээ. Нийгмийн салбарын бүтээн байгуулалтуудын санхүүгийн зарим эх үүсвэрийг олон улсын хөгжлийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр 2-оос бага хувийн хүүтэй, 20-25 жил буюу урт хугацаатай, 3-5 жил нь хүүгийн төлбөрөөс чөлөөлөгддөг хөнгөлөлттэй зээлүүдээр бүрдүүлдэг. Энэ төрлийн зээлүүдийг арилжааны чиглэлээр ашиглах боломжгүй, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт болгох нь зохистой байдаг. Монгол Улсын хувьд эрүүл мэнд, боловсролын салбарт шаардлагатай хэмээн үзэж дээрх хөтөлбөрийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг дэд сайд тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд зээлийг зориулалтынх нь дагуу ашиглаж, зорилтот бүлгийн иргэдэд үр ашгийг хүргэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив. Иймд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Хуралдааны үеэр Байнгын хорооны даргын зүгээс Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Сангийн яамнаас буцаан татаж, богино хугацаанд бүрдлийг ханган дахин өргөн мэдүүлэхийг үүрэг болгов. Энэ тохиолдолд Байнгын хороо яаралтай горимоор хэлэлцэн, шийдвэрлэх болно гэдгийг хэлсэн юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолтын төслийг хэлэлцэхээр товлосон бөгөөд хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.01.22) хуралдаан 14 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын 2009 оны 37, 2013 оны 52, 2015 оны 90 дүгээр тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ноот бичгээр Ерөнхий консулын газар нээх хүсэлт тавьсныг Гадаад харилцааны яам зохих журмын дагуу Монгол Улсын Засгийн газарт танилцуулан Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын “Консулын гэрээ”-г тус тус үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ноот бичгээр зөвшөөрсөн хариу өгснөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанд Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамны барилга, газрын асуудлыг нааштайгаар шуурхай шийдвэрлэхэд анхаарах, түүнчлэн батлан хамгаалахын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын асуудлыг намрын чуулганы хугацаанд багтаан өргөн барьж шийдвэрлүүлэхийг холбогдох яамдын удирдлагуудаас хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан манай улсад суугаа болон манай улсаас гадаад улсад суугаа зарим дипломат төлөөлөгчийн байгууллагын газар болон байшин барилгатай холбоотой маргаантай асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд манай холбогдох яамд онцгой анхаарч ажиллах, ингэхдээ харилцан адил тэгш байх зарчим баримтлах шаардлагатайг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар Байнгын хороо анхаарч, ойрын үед холбогдох яаманд очиж танилцах, түүнчлэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хуулийн хэрэгжилт хэр байгааг намрын чуулганы завсарлагааны хугацаанд шалгаж танилцах санал гаргасан юм.

Дараа нь тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан зарчмын зөрүүтэй дөрвөн санал гаргасныг томьёолол тус бүрээр нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын тоьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хуралдааны дараа тус Байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт тусгагдсаны дагуу Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.04) “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өргөн мэдүүлэв.

Монгол Улсын нэгдэн орсон Консулын харилцааны тухай Венийн конвенц, Монгол Улс, Бүгд найрамдах Хятад Ард Улс хоорондын 1986 оны консулын конвенцийг тус тус үндэслэн хоёр улсын Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газрыг нээх асуудлыг дипломат шугамаар 2012 онд харилцан тохиролцож нээсэн байна.

Дээрх конвенциудын дагуу талууд нөгөө талынхаа дипломат төлөөлөгчийн газруудын албан хэрэгцээнд зориулж газар олгох, барилга байгууламжаа барьж байгуулахад нь бүх талын дэмжлэг харилцан үзүүлэх үүрэгтэй байдаг. Энэ дагуу хятадын талаас Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт тавьсныг Дорноговь аймаг, Замын-Үүд сумын эрх бүхий байгууллагуудад уламжлан 2 га газрыг олгуулах шийдвэрийг орон нутгийн түвшинд гаргуулсан байна.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтад заасны дагуу гадаад улсын дипломат болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаардаг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.3 дахь заалтад заасны дагуу Улсын Их Хурал гадаад улсын дипломат болон консулын газарт олгох газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоодог зохицуулалттай. Дээрх хууль, эрх зүйн үндэслэл, практик шаардлагын дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *