Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бүсийн түүхэн хөгжил, нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг

Чөлөөт бүс нь хөнгөлөлттэй
болон урамшууллын онцгой
системийг багтаасан, тухайн
улсын бусад хэсэгт үл хэрэглэгдэх,
үндэсний эдийн засгийн орон
зайн хэсэг бөгөөд эдийн засгийн
эргэлтийг дэмжих бодлогын
хэрэгсэл юм.

1973 онд Япон улсын Киото
хотноо батлагдсан “Гаалийн
бүрдүүлэлтийг нэг мөр болгох
тухай” олон улсын конвенцид:
“Чөлөөт бүс нь нэг улсын нутаг
дэвсгэрийн тодорхой хэсэг бөгөөд
тэнд оруулсан бараа бүтээгдэхүүн
нь тухайн улсын нутаг дэвсгэрийн
гадна байгаа гэж тооцогдож
импортын татвар, гаалийн энгийн
шалгалтаас чөлөөлөгдөнө” хэмээн
тодорхойлжээ.

Чөлөөт бүсийн түүхэн хөгжил

Чөлөөт бүсийн тухай ойлголт 2000
гаруй жилийн өмнөөс бий болжээ.
Өнөөгийн Бүгд Найрамдах Турк
улсын нутаг дэвсгэрт оршиж байсан
“Эфесус” боомтод худалдаачдыг
найрсгаар хүлээж авдаг байсан нь
тус бүс нутгийн хөгжилд ихээхэн
тус нэмэр оруулсан гэдэг. Үүний
дараа түүхэнд мэдэгдэж байгаагаар
1228 онд өмнөд Францын Марсель
хотод “Чөлөөт худалдааны боомт”
байгуулагдаж байжээ. XIII зууны
сүүл үеэр Умард болон Балтын
тэнгисийн хотуудад “Hanseatic
league” хэмээх чөлөөт худалдааны
эвлэл байгуулагдаж байв.

Чөлөөт бүсийг бий болгох
зорилго нь улс орон бүрт адилгүй
байх агаад тухайн улсын эдийн
засгийн хөгжлийн түвшин, цар
хүрээнээс хамаардаг. Тухайлбал,
өндөр хөгжилтэй орнууд гадаад
эдийн засгийн харилцааг
идэвхжүүлэх, улс хоорондын
хөгжлийн ялгааг арилгах бодлого
хэрэгжүүлэхийн зэрэгцээ жижиг
дунд бизнесийн үйл ажиллагааг
сэргээх зорилгоор чөлөөт бүс
байгуулдаг. Тэгвэл хөгжиж буй
орнуудын хувьд улс орныг хамарсан
хангалттай сайн дэд бүтцийг бий
болгох, бизнесийн таатай орчинг
бүрдүүлэхэд хүндрэлтэй учраас
тодорхой багахан газар нутгийн дэд
бүтцийг сайтар хөгжүүлж “Чөлөөт
бүс” болгон зарладаг байна.

Чөлөөт бүсийн төрөл, хэлбэрүүд

Чөлөөт бүс нь улс орны хөгжил,
эдийн засгийн нөхцөл байдал
зэргээс хамааран олон хэлбэр,
төрөлд хамаардаг. Улс үндэстний
доторх чөлөөт бүсүүд нь үүрэг,
зорилгоосоо хамааран Худалдааны,
Экспортын, Үйлдвэрийн, Эдийн засгийн
чөлөөт бүс зэргээр ангилагддаг.
Мөн бүсийн байршил ба цар
хүрээнээс хамааран Улс үндэстэн
доторх, Хил дамнасан, Үндэстэн
дамнасан бүс нутгийн гэсэн ерөнхий
ангилалд авч үздэг.

Монгол Улс зах зээлийн эдийн
засгийн харилцаанд шилжсэн
цагаас эдийн засгийнхаа салбарт
олон улсын жишиг болон үндэсний
онцлог, чадамжийг харгалзсан
төрийн бодлогыг шинээр томьёолж,
үр ашиг өндөртэй шинэ хэлбэрүүдийг
эрэлхийлэх болж, 1995 онд “Чөлөөт
бүс байгуулах үзэл баримтлал”,
түүний дараа 2002 онд “Чөлөөт
бүсийн тухай хууль”-ийг батлан
холбогдох ажлуудыг эхлүүлсэн
билээ. Эдүгээ арав гаран жил
өнгөрсөн ч тухайн салбарт тодорхой
үр дүнд хараахан хүрч чадаагүй
байна.

Чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлага

Чөлөөт бүсийн сүүлийн үеийн
хандлага нь улс орнууд хилийн
бүсэд чөлөөт бүсийг байгуулах
болжээ. Энэ хэлбэрийн чөлөөт бүс
байгуулах нь үндэсний аюулгүй
байдал, гадаад бодлогын чухал
хэсэг байх бөгөөд өргөн уудам
газар нутагтай, хүн амын төвлөрөл
багатай улс орны хувьд ихээхэн
ач холбогдолтой байдаг. Ази тив
дэх чөлөөт бүсүүд логистикийн
чиглэлийн үйл ажиллагаанд ихээр
анхаарал хандуулах болсон. Энэ нь
дотоодын үйлдвэрүүдийн туршлага,
чадамжийг сайжруулснаар өөрийн
орны экспортын өрсөлдөх чадварыг
нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө
оруулагч компаниудыг татах,
хөрш улс орнуудад чиглэсэн үйл
ажиллагаа явуулах замаар бүсийн
хэмжээний логистикийн уулзвар цэг
болох зорилготой нь холбоотой аж.
Иймээс Монгол Улс шиг эх газрын
далайд гарцгүй бөгөөд хөгжиж буй
улсын хувьд хил орчмын худалдааг
хөгжүүлэх чөлөөт бүсийг байгуулах
нь бүс нутгийн хөгжлийг дэмжих,
тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх нэг
гол шийдэл байх боломжтой хэмээн
судлаачид үзэж байна.

Монгол Улсын худалдаанд
тулгардаг сөрөг нөлөөллийг
багасгах, дотоодын бүтээгдэхүүнийг
олон улсад интеграцичилах,
олон улсын зах зээлд Монгол
Улсын эдийн засгийн оролцоог
идэвхжүүлэхийн тулд Монгол
Улсын хувьд харьцангуй давуу тал
бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
салбарт хөрөнгө оруулалт
татаж, нэмүү өртөг шингээсэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй.
Чөлөөт бүcүүдэд худалдаа,
экспорт болон транзит тээврийн
хэрэгцээг хангасан, үр ашигтай
тээвэр-логистик, аж үйлдвэрийн
төв байгуулах, мөн дагалдах
үйлчилгээний салбарыг бүтээн
байгуулалтын үйл ажиллагаатай
уялдуулан хөгжүүлэх шаардлагатай.
Үүний тулд чөлөөт бүсийн бизнесийн
орчин, зайлшгүй хэрэгцээт олон
нийтийн үйлчилгээ, дэд бүтэц зэрэг
нь бизнес эрхлэх бүрэн боломжийг
хангахуйц чанартай хийгдсэн байх
шаардлагатай.

2008 онд “Дэлхийн банк групп”-
ээс хийсэн “SEZ: Performance,
lessons learned, and implications for
zone development” судалгааны ажил
нь эдийн засгийн чөлөөт бүсийн 30
жилийн туршлагыг судалж онолын
тогтолцоо, хөгжлийн чиг хандлага,
өсөлт хөгжилт ба түүнд нөлөөлөх
хүчин зүйлс, улс орнуудын эдийн
засагт үзүүлэх нөлөөллийг өргөн
хүрээнд тодорхойлж, тэдгээрээс
авах сургамж, дүгнэлтийг
боловсруулжээ. Судалгааны үр
дүнд чөлөөт бүсүүд нь эдийн
засгийн өсөлт, хөгжилтөд эерэг
нөлөө үзүүлж байгааг онцлохын
хамт жендер ба хөдөлмөрлөх
эрх, ажиллах орчин нөхцөл зэрэг
нийгмийн хүчин зүйлсийн асуудал
ч мөн үүсэх болсныг анхааруулжээ.
Түүнчлэн “Чөлөөт бүсүүдийг улс
орны эдийн засгийг хөгжүүлэгч”
мэтээр ойлгох хэрэггүй бөгөөд
харин хөгжлийн багц дахь худалдаа,
хөрөнгө оруулалтын боломжийг
нэмэгдүүлэх бодлогын хэрэгсэл гэж
үзэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

Чөлөөт бүсийн хөтөлбөрийг
амжилттай хэрэгжүүлэхийн тулд
тодорхой нөхцөлүүдийг бүрдүүлсэн
байх шаардлагатай.

Үүнд:

1. Дэд бүтцийн хүрэлцээ,
хангамж: Чөлөөт бүсийн
үндсэн дэд бүтцийн
байгууламжууд болох авто
зам, цахилгаан эрчим
хүч, дулааны сүлжээг
байгуулах асуудлыг шат
дараалсан хэлбэрээр
авч үзэж, хэрэгжүүлэх нь
хөрөнгө оруулагчдын үйл
ажиллагаагаа явуулах
итгэл үнэмшлийг бататгаж,
ажиллах таатай нөхцөлийг
бүрдүүлэх юм.

2. Бизнесийн уян хатан
зохицуулалт, эрх зүйн орчин:
Чөлөөт бүсэд бизнесийн
харилцааг зохицуулах
хууль, дүрэм, журам,
зохицуулалтууд нь бүсийн
гадна хэрэгжиж буй хууль
журмуудтай харьцуулахад
илүү уян хатан байх, бусад
хуулиудтай нягт уялдсан
байх шаардлагатай.

3. Оновчтой байрлал: Чөлөөт
бүсийг аль болох хамгийн
бага зардалтайгаар бизнес
эрхлэх боломж бүхий газар
зүйн байрлал, тээврийн
сүлжээ бүхий газар
байгуулах нь чухал ач
холбогдолтой.

4. Харьцангуй давуу талд
суурилсан байх: Чөлөөт бүс
хөтөлбөр нь тухайн орны
онцлог байдалд нийцсэн
байх хэрэгтэй.

Ц.Дарь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *