Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Золбоо: Хонконгийн хэрэг явдал Хятадын энгийн ч нэг “шүдний өвчин” биш боллоо

– ХУДАЛДААНЫ МАРГААН
МӨДДӨӨ ШИЙДЭГДЭХГҮЙ НЬ –

Хонконгд өрнөөд байгаа асуудлаар Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.


-Хонконгд өрнөж буй үйл явдалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж хэрэг энэ бол урд хөршийн маань дотоод асуудал гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ерөнхий утгаар нь аваад үзвэл өнөөгийн даяарчлагдаж буй дэлхийн улс орнуудад байж л байдаг эрх баригч болон олон нийтийн хоорондын үл ойлголцол гэж болмоор санагддаг юм. Түүх болон учир шалтгаан талаасаа тайлбарлавал харин онцлог талуудыг нь нэрлэж болох байх. Бидний хөрш БНХАУ-ын хувьд газар нутаг болон бусад бүхий л талаараа “их гүрэн” учраас улс орны өнцөг булан бүр нь өөр өөрийн онцлогтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдралын хэв маяг, үзэл суртлын хувьд Хятад дотроос хамгийн төсөөтэй гэж хэлж болох Тайванийн асуудлаас гэхэд л шал өөр шүү дээ. Ерөнхий зургаар нь Хонконгийн хэрэг явдлыг шинжээчид эхэн үед нь Хятадын “шүдний өвчин” гэж нэрлэж байсан. Харин одоо энгийн ч “шүдний өвчин” бус, эмзэг сэдэв талаасаа “хүндэрсэн өвчин” гэж нэрлэж болохоор болчихлоо. Хагас жил гэдэг богино хугацаа биш, асуудал нь л жижиг биш байсныг харуулж байна. Хятадын засаг захиргаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээний уян хатан буулт хийсээр ирлээ. Хонконгийн иргэд, сонгогчид ч асуудлыг шийдвэрлэхийн төлөө нягтарч чадаж байгааг өнгөрсөн долоо хоногийн орон нутгийн сонгуулийн ирц, үр дүн харууллаа. Хэдийгээр өмнөхөөсөө эрс тэс үр дүн үзүүлсэн ч гэлээ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх боломж нээлттэй хэвээр байна.

-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай”, мөн цагдаагийн тодорхой хэрэглэлийг Хонконгт нийлүүлэхийг хориглосон хуульд гарын үсэг зуржээ. Үүний үр дүн хэрхэн гарах бол, та юу гэж харж байна вэ?

-Шууд үр дүн үзүүлээд эхэлнэ гэж хэлэхэд эрт байна. Өмнө хэлсэн нэг нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэдэг талаасаа шууд зөвтгөхөд учир дутагдалтай санагддаг. Гэхдээ дэлхийн бүс нутаг, улс орнууд дахь ардчиллын үзэл санаа, хүний эрхийг хамгаалагч, өмгөөлөгчийн байр сууринаас нь харвал АНУ-ын хувьд шинэ зүйл биш л дээ. Зөвхөн Хонконгтой хийдэг худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ багагүй байдаг учраас АНУ-ын хувьд шууд гэж болохоор эрх ашигт нь хохиролтой л байгаа. Тэр хориглосон гээд байгаа тоног хэрэгслийг чинь Хятад улс өөрсдөө ч хийдэг гэх юм билээ. Хамгийн гол нь сүүлийн хоёр жилийн турш шийдэгдэлгүй сунжраад байгаа “Худалдааны маргаан”-ы тодорхойгүй байдал л эмзэг сэдэв байх. Буруу шийдвэр гаргах нь шийдвэр гаргалгүй тодорхойгүй байдалд байхаас дээр гэдэг. Үүн шиг маргааны сэдэв болсон тариф хэд байхдаа биш шийдвэр гаргахдаа л гол ач холбогдол нь байгаа.

-БНХАУ-ын Гадаад хэргийн яам өмнө нь уг хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан АНУ-д эсэргүүцлээ илэрхийлж байсан. Одоо энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авах бол?

-Бүрэн эрхт улсын хувьд өөрсдийнхөө хууль, дүрмийн хүрээндээ шийдвэрлээд явах биз дээ. Мэдээж хүний эрхийн үндсэн суурь зарчим зөрчигдсөн тохиолдолд зөвхөн нэг орон гэлгүй хамтын нийгэмлэгийн дуу хоолой харин хэрэгтэй байж болно. Хятад улсын албан ёсны байр суурь өмнөхөөсөө огцом өөрчлөгдөөд байхгүй л дээ.

-Хятадыг хүчирхэг гүрэн боллоо гэлцдэг. Энэ үйл явдлаас харахад АНУ-ын нөлөөлөл илүү том байгаа юм биш үү?

-Таны асуултын аль аль нь л үнэн. Өнөөгийн дэлхийн эдийн засагт эзэлж байгаа байр суурь, цар хүрээнээс нь авч үзвэл Хятад бол жирийн нэгэн хөгжиж буй орон биш. Засгийн газраас нь албан ёсоор хэрэгжүүлж байгаа “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд л гэхэд бүс нутагтаа төдийгүй цаашлаад бусад эх газруудад хийж байгаа худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг аваад үзсэн ч их гүрнүүд л энэ хэмжээнд хөдөлдөг. Ярилцлагынхаа далимд нэг жижигхэн зүйлийг сонирхуулъя. Хятад хэл дээрх энэхүү санаачилгын англи орчуулгыг “Бүс ба зам” гэж орчуулж, бид тэр хэллэгийг нь дам аваад байгаа нь учир дутагдалтай санагддаг юм. Хятадаар нэг гэж тухайлан зааж хэлээд байгааг англи хэлний ганц тоо заасан “a” угтвартай хольж “Бүс ба зам” гэж орчуулах нь цаад утга агуулгыг алдагдуулсан гэж боддог юм. Тиймээс үндсэн санааг нь хүндэтгэх үүднээс бид монгол хэлээр “Нэг бүс нэг зам” гэж хэвшүүлэх нь зүйтэй мэт.

Таны асуултын хувьд АНУ-ын өнгөрсөн зуунаас хойш олон улсын тавцанд эзэлсээр байгаа хүчирхэг гүрний байр суурь цаашдаа ч хадгалагдах нь ойлгомжтой. Нэг л жишээ татъя. Зөвхөн цэрэг, аюулгүй байдалдаа зарцуулж буй зардал нь дараагийнхаа есөн улсын гаргадаг зардлын нийлбэрээс илүү байдаг их гүрэн шүү дээ. Гэхдээ асуудлыг хүчээр шийдвэрлэх гэх нь дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байр суурьтай зөрөлдөнө байх. Тиймээс шууд хөндлөнгөөс оролцож байна гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн болон бусад замаар дарамт, шахалт үзүүлж зөрчилдөөнийг хүчирхийлэлгүй шийдвэрлэхэд нэмэр болно.

-Хятадын зүгээс одоо ямар арга хэмжээ авах бол. Та юу гэж таамаглаж байна вэ?

-Ямартаа ч хүчирхийллээр асуудлыг шийдвэрлэхгүй байх л гэж найдаж байна. Олон мянганы төрт ёсны түүхтэй улс энэ зэргийн асуудлаа шийдвэрлээд цааш явах нь ч ойлгомжтой. Хамгийн тодорхой зүйл гэвэл дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байсаар байгаа худалдааны маргаан мөддөө шийдэгдэхгүй нь дээ. Өнөөдрийн Хонконгийн зөрчилдөөнийг бидний ярьдагчлан “эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй” шийдэх гарц байж л таараа.

Хятадын засаг захиргаанд Хонконгийн хэрэг явдлаас илүүтэйгээр анхаарал хандуулах асуудал чамгүй олон бий. Тиймээс асуудлыг хурцатгаж дэврээлгүй шийдвэрлэх дорнын ард түмний уран арга байж л байгаа. Миний ойлгож байгаагаар Хонконг иргэдийн тэмцлийн цаад утга учир тусгаар тогтнол ч юм уу, салан тусгаарлах хүсэл эрмэлзэл биш байх. Тиймээс албан ёсоор дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрдөг “Нэг Хятад” бодлого цаашид ч гуйвалтгүй үргэлжлэх нь эргэлзээгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *