Categories
мэдээ цаг-үе

Угтаалын САА-н Намхай

-ЭГЭЛ ХҮНИЙ ХӨРӨГ-

Атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ өдрүүдэд үргэлжилж байна. Уг ойг тохиолдуулан Угтаалын САА (Төв аймгийн Угтаалцайдам)гаас ажил амьдралын гараагаа эхэлж Монголын газар тариалангийн салбарт өөрийн гэх хувь нэмрийг оруулж ирсэн эгэл жирийн эрхмийн тухай өгүүлье. Түүнийг Халзангийн Намхай гэнэ. Гэвчиг овгоороо дуудуулахаасаа Угтаалын САА-гаар овоглон атар газар, тариан талбайгаас ажлын амт, амьдралын сайн сайхныг мэдэрсэн нэгэн. Өдгөө 70 насны даваан дээр зогсож буй дөмөгхөн эр өнөө л трактораасаа, атар газар, ургацын далай, эх орныхоо шимт хөрснөөс сэтгэлээ салгаагүй явна. “Ажиллах, ажиллах” энэхүү ид шидийн үгэнд л хүмүүний амьдралын мөн чанар оршино. Би бол 70 нас хүртлээ нэгээхэн хором ч зүгээр сууж чадаагүй. Хөл гар минь хөдөлж байгаа цагт ажилласаар, амьд явахын сайхныг мэдэрсээр байх болно гэж тэрээр уулзсан даруйд жигтэйхэн сургаал айлдсан. “Ажиллах” гэдэг энэ үг Намхай ахын амьдралын философи үнэндээ мөн юм билээ. Түүний төрсөн нутаг Завхан аймгийн Отгон сум. Цаст цагаан Отгонтэнгэр хайрхан, Очирваанийн авшиг ерөөл оршсон газар.

Тэртээ жаран дөрвөн онд суманд нь өөртэй нь нэр ижил Балжиннямын Намхай гэдэг дарга социалист хөдөлмөрийн төлөө бригад гээчийг байгуулжээ. Арван таван настай хүү тус бригадад гишүүнээр орж үүрэг амлалтууд авсан байна. Малын хороо барих, ус түлээ бэлтгэх хөдөлмөрөөс гадна төчнөөн ном зохиол уншиж өөрийгөө боловсруулах гавшгайч амлалтууд өгсөн аж. Түүнийгээ жил бүр давуулан биелүүлж тус бригадын гавшгайчийн энгэрийн тэмдгийг гурван жил дараалан зүүжээ. Ингэж арав гаруйхан наснаасаа ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож, аливаад үүрэг амлалт, хариуцлага гэж чухам юу болохыг сайтар ухамсарласан нь амьдралын туршид мөрдлөг болгосон нь тэр. 19691972 оны хооронд Улаанбаатар хотын 016 дугаар нэгтгэлд гурван жил цэргийн алба хааж, ахлах түрүүч цолтой гялалзсан залуу нутагтаа очиход нэгдлийн даргын алба хашиж байсан хөдөлмөрийн баатар Адъшаажав гуай “хоршооны нярав” болгоно гэж л дээ. Харин ойр орчмын хүмүүс “Худалдаа бэлтгэлийн анги руу орж болохгүй, няравын ажил хэцүү” гээд хавьтуулаагүй гэнэ. Өмнө нь нярав байсан хүмүүс идэж уусан, эсэн бусын асуудлаар орон шоронгийн хаалга ч татаж байсан гэх. Хөдөлмөрийн баатрын саналыг авалгүй, ерөөсөө л хот хүрээ бараадъя, мэргэжилтэй болъё, тэгэхэд учир нь олдоно гэж бодоод нутгаасаа явах гэтэл явуулсангүй гэнэ. Хууль журам тийм байсан хойно. Ингээд мань аварга тууврын мал аваад авга ахтайгаа, хүүгийнх нь хамт гурвуул хот руу гарчээ. Нутгаасаа ийн гараад буцаж очоогүй юм билээ. Улаанбаатараас Угтаалын СААд очсон түүх нь хөвөрдөг. Гэхдээ бас сонин сайхан хувь заяа түүнийг хөтөлсөн байдаг юм. Малаа тушаачихаад аавынхаа хүргэн дүү Агваанжамба гэж хүндэт төмөр замчныд очжээ. Ажил албатай болох тухайгаа ярьсан нь мэдээж. Агваанжамба ах нь “Чи цэргийн албыг нэр төртэй сайхан хаасан. Танайд улс төрийн орлогч байсан Өлзийбатыг чи сайн мэднэ. Түүн дээрээ яваад очиход нэг юмны үзүүрээс атгаж мэдэх юм” гэж хэлжээ. Ингээд ганц хонины мах ганзагалаад Өлзийбат дарга дээр очсон байна. Цэргийн улс төрийн орлогч тэр хүн Угтаалын СААн намын хорооны даргаар ажиллаж буй өөрийн төрсөн дүү Жанцангийн Мөнхтогоод захиа бичиж явуулав. Ингэж Намхай далан гурван оны намар тууврын мал тууж Завханаас ирсэн морьтойгоо Угтаалын СААг замын хүнээр заалгаад, өвөртөө захиатай очсон. Эл түүхээ яриад өөрийн эрхгүй уйлж байна лээ. Шар хадны цаахна Улиастай дахь гэрт нь очиход “Би сая Мөнхтогоо даргадаа ургацын далайнхаа дээжээс хүргэж өгөөд ирлээ” гээд баяртай нь аргагүй угтсан. Өөрийг нь ажил амьдралтай золгуулсан хүний ачийг огтоос мартдаггүй юм байна гэх бодол тэр даруйд төрсөн сөн. Намхай ахын Угтаалын атрын талбайд өнгөрүүлсэн он жилүүдийнх нь дурдатгал ийнхүү эхэлж байна.

Тэр тухай бид хоёр үнэндээ өдрийн туршид ярьсан. “Мөнхтогоо өмнө нь Төв аймгийн шүүхийн дарга байсан хүн. Намайг СААд очиход эхлээд трактор комбайны курст суулгаж өглөө. Увсын Равдангийн Гомбо гэж механикжуулагч хүн курсийн багш. 16 хүүхэд курст сурч байсан. Хорь гаруй настай, цэргийн алба хаасан би хамгийн том нь. Ямар сайндаа Гомбо багш намайг ахлагч нь болгож байхав. САА-н дарга нь хөдөлмөрийн баатар Батчулуун гэж Баянхонгорын Хүрээмаралын хүн. Тэгсэн намайг бригадын дарга бол гэдэг юм. Тариа будаа гэдгийг мэдэхгүй, трактор комбайн гэж мэдэхгүй, ерөөсөө малнаас өөр юм мэдэхгүй би гэдэг хүн балмагдалгүй хаачихав. Шуудхан чадахгүй гэдгээ хэллээ. Өөдөөс “Мэргэжил олох, үнэмлэхтэй байх гэдэг яах вэ. Түүндээ мэргэшинэ гэж юм байдаг. Надад сайн тракторын жолооч олон байна. Харин сайн бригадын дарга хэрэгтэй байна. Чи л чадна” гэж зүтгүүлээд дарга болгоод авсан” хэмээн мань аварга өгүүллээ. Үр тарианы хоёрдугаар тасгийн тавдугаар бригадын дарга болжээ. Хөдөлмөрийн баатар Алтанхүүгийн бригад. Өмнө нь гурван ч удаа улсын аварга болчихсон, ажил үйлсээрээ мандаж байсан хамт олон. Тухайн бригад 18 трактор, комбайны жолоочтой. Түүнээс 11 нь улсын аварга гэж байгаа. Ийм л нэр төртэй олныг хариуцаж алдар замналыг нь үргэлжлүүлсэн түүхтэй. Далан дөрвөн онд бригад нь улсын дөрөв дэх удаагийн аварга болж Сайд нарын зөвлөл, намын төв хороо, үйлдвэрчний зөвлөл, эвлэлийн төв хороо гэсэн дөрвөн байгууллагын алтан пайлууртай шагналын мотоциклийг даргын хувьд унаж явснаа дуулгасан. “Би бол дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн. Гэхдээ миний эзэмшсэн энэ боловсрол миний амьдралд хүрэлцээтэй байсан. Надад амьдралаа аваад явах тийм хэмжээний боловсролыг эзэмшүүлсэн Нарангийн Сосор гэж гавьяат багшдаа баярладаг”аа илэрхийлсэн юм.

“Тэр үед дан гинжтэй трактортой, дугуйтай трактор гэж байсангүй. Хаврын салхи шуургыг ч хэлэх үү, шороо гэдэг чинь харанхуй манан. Тэртээх уулын бараа харагдахгүй. Энэ л шороон манан дунд би амьдралаа босгосон. Тракторын жолооч гэж ямар хүн байдаг, яаж ажилладаг, ямар хүн нь баатар болдог тэр бүгдийг ойлголгүй яахав. Далан таван онд өндөр ургац авлаа. Намар нь Батчулуун дарга САА-г хоёр хуваана гэв. Хойд талын Залуучуудыг өөрөө авч, урд талын СААд өөр дарга тавина гэлээ. 40 шинэ комбайн Оросоос ирж, орос жолоочтой тариа хураалтанд оролцлоо. Яг энэ үед Бачулуун даргад “тракторын жолооч болъё” гэдгээ хэлсэн” гэв. Далан таван оноос өөрийнх нь хэлснээр “гүйдэг нярав” буюу даргын ажлаа больж Угтаалын СААг тартал трактор комбайны жолоочоор ажилласан. Энэ хугацаанд найман удаа улсын аваргын болзлыг хангасан гэнэ. Тэгэхдээ 1974 оноос хойш улсын аваргыг өгөөгүй юм билээ. Ургац хураалтын эхний 15 хоногт жилийнхээ нормыг хийчихсэн хүнд улсын аварга өгдөг тийм жишигтэй байж. Намхайг очиход 18 жолоочоос 11 нь аварга байсан гэдэг нь тийм учиртай. 19741989 он хүртэлх 15 жилийн найман жилд нь улсын аваргын болзлыг хангасан гэж хэлсэн бас л ийм учиртай. Эл эрхэмд найман гавшгайчийн тэмдэг хадгалагдаж байна. Таван жилээр, гурван жилээр өгдөг эдгээр гавшгайчийн тэмдгээс Угтаалын СААн шорооны үнэр, залуу идэр Намхайн хөлсний үнэр амтагдах шиг болсон. “Гурван жилийн гавшгайч болчихоод дараа нь 10 жилийн гавшгайч болно” гэж аархсан удаатай. “Би бол Угтаалын СААд хийдгээ хийж авдгаа авсан” гэж сэтгэл хангалуун хэлсэн юм. Гэлээ чиг түүний энгэрт төрийн одон медалийн бараа харагдахгүй байгаа нь хачирхмаар. Тэр жил атарчдын баяраар Төв хорооны нарийн бичгийн дарга Бугын Дэжид гуай ирж мань хүнд ойн медаль гардуулж байсан түүх бий.

Намхай ах өөрийнхөө алдар замналыг дурсахаас гадна дүүгийнхээ Монголын газар тариаланд оруулсан бахдам гавьяаг нь хэлэх дуртай. Түүний төрсөн дүү Халзангийн Жамъяндорж Угтаалын СААн нэрийн хуудас нь болсон гавьяатай нэгэн. Сангийн аж ахуйн ажил ид гаарч, атрын аян улс орон даяар ид өрнөж байх цагт ах дүү хоёр халуун залуу насаа Угтаалын тариан талбайн хавар, намарт зориулж ирсэн нь үнэн. Ажил хөдөлмөр, амжилтаараа бусдыгаа манлайлан, хойно урдаа орж ёстой л нэг дийлж, мандаж явсан гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ, гэрчилнэ. Жамъяндорж нь мөн л улсын аваргын болзлыг хэдэнтээ хангасан аймгийн хошой аварга. Омскт хөдөө аж ахуйн чиглэлээр төгсөж ирсэн жинхэнэ мэргэжилтэн. 1999 онд одоогоос яг хорин жилийн өмнө Атар газар эзэмшсэний 40 жилийн ойгоор гавьяат механикжуулагчид нэр дэвшин намар ургацын баяраар гавьяатаа авна гэж байхад зун нь 45хан насандаа бурхны оронд оджээ. Ийм харуусалт явдлыг ах нь уйлан хайлан хэлсэн.

Ажил хөдөлмөрийнхөө шимээр Чехийн алтан Прагад хүртэл хөл тавьж явсан Намхай ах 1993-1999 он хүртэл Угтаалын ШТС-д түгээгчээр ажилласан удаатай. Үргэлжид шатахууны алдагдалтай гардаг колонкийн алдагдлыг арилгахын төлөө махран зүтгэснийг нь Нефть баазын дарга Батболд үнэлж аймгийн байгууллагын аварга болгож байсан гэнэ. Батболд сүүлд Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Угтаалын СААд ийн манаргаж явсан эр ерэн есөн онд Бааст даргаасаа цохолтоор авсан шар алаг трактортоо хоёр чиргүүл залгаж зүүгээд Улаанбаатарт нүүгээд иржээ. САА-н өндөр цалинтай, хамт олонтой, найз нөхөдтэй даргиж явсан хүн их хотод хөлөө олох гэж, байр сууцаа олох гэж хэрдээ л зүдэрсэн байна. “Манайх гэдэг айл усны хорин төгрөггүй хүртэл болж үзсэн” гэж үнэнээ хэлнэ билээ. Гэхдээ мань хүн өвдөг сөхрөөгүй, хөдөлмөрлөхийн их хүч цээжинд нь оволзсон хэвээр. “Трактор минь асаалттай байхад хоосон хонох учиргүй” гэж сэтгэл дүүрнэ. Сандлын тавцангаар хүрз маягийн юм хийлгээд модны захаас хоёр хүүгээрээ үртэс ачуулж айлуудад тараах, Налайх давхин нүүрс авчирч хүүхдүүдээрээ шуудайлуулж зарах гээд огтоос зүгээр суусангүй. 200 тарваганы арьс тушаах гэрээ хүртэл хийгээд трактортойгоо Эмээлтийг давж байсан. Ингэж зүтгэж яваад хүүхдүүдээ бүгдийг нь их, дээд сургууль төгсгөж боловсрол, мэргэжилтэй болгожээ. Тухайлбал, том хүү Бямбацэрэн нь СУИС-ийг, дараагийн хүү Баттөмөр барилгын сургууль, Очирбат ШУТИС, охин Нямгэрэл мөн л Техникийн их сургуул төгссөн байна. Бага охин Тогтохням нь одоо “Голомт” банкинд ажиллаж байна. Хүүхдүүдээ сургууль соёлтой болгож, гэр бараатай болгож, Шар хаданд газар аваад байшин барьж зүтгэж явахдаа ажлын ачаалал хэтэрснээс даралт харважээ.

“Хөл доголсноос сэтгэл доголсон биш” гэдэг шиг хүний гарт орлоо хэмээн бодсонгүй. Суга таягтай, нэг тал нь бараг мэдээгүй болчихсон хүн өнөө муу трактортойгоо ноцолдсон байна. Хичнээн өдөр хоногийн оролдлого байсан юм бүү мэд, нэг л өдөр трактороо асаахтайгаа болсон аж. Цэл залуу хориодхон насандаа ирж цэргийн албыг хаасан нийслэл хотын баруун хязгаар Улиастайн голд цэргүүдийн нэрлэснээр “Зовлонт хайрхан”ыхаа хаяанд бууриа тамгалах хувьтай байж шүү. Шар хадны хашаа байшингаа хүүдээ өгчихөөд Улиастайн голоо бараадсан нь тэр. “Манайх энд ирээд 20 жил болчихжээ” гэж Намхай ахын хөгшин Сосорбурам эгч хэлсэн. Хоёр хөгшин Улиастайн голын хаяа, уулын аманд сайхан гэгч байшин бариад, шимт хөрстэй газарт нь төрөл бүрийн хүнсний ногоо тариалж, хүлэмжийн аж ахуй эрхлээд ёстой нэг жаргалаа эдэлж сууна. Зовсны эцэст жаргадаг гэдэг үнэн. Ажлыг шүтсэн хүнийг хувь заяа нь хөтөлдөг гэж бас л үнэн. “Намрын намарт ургацаа хурааж хүүхдүүддээ тарааж өгнө, ач буян санаж явдаг хүмүүстээ өгнө. Илүү гарсныг нь зах зээлд гаргана. Хөгшин бид хоёр насаараа л газрынхаа шимээр амьдарч явна” гэж гэрийн эзэгтэй хэлсэн нь чухам чин сэтгэлийн үг мөн байлаа. Ийм л эгэл даруу, ажил хөдөлмөрийг гол шугамаа болгосон хүний тухай хөрөглөн бичлээ. Атрын 20, 30, 40 жилийн ойг өөрийн биеэр үзэж үүх түүхийг хөрс шороотой нь, алтран шаргалтах тариан түрүүтэй нь мэдэрч ирсэн эрхэм бол Угтаалын САА-гаараа овоглосон Халзангийн Намхай мөн билээ. Тэртээ наян долоон онд төрийн шагналт найрагч Зундуйн Дорж түүнд “Утга зохиол” сонины “Хүндэт жуух”ыг гардуулсан байдаг. Учир юу вэ гэвэл олончиг зохиолч, сэтгүүлчдийн атар газрын тухай бичихэд эх дүр нь болж мөнхөрсөн баатруудын нэг бол Намхай юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *