Categories
мэдээ улс-төр

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Урт нэртэй хууль дээр хамгаалалтын бүсийг тусгайлан зааж өгсөн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн М.Билэгтийн отроор өвөлжиж байгаа малчдад анхаарал хандуулж, Засгийн газар шийдвэртэй арга хэмжээг авах тухай асуултад Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Баруун аймагт өвөлжилт нэлээн хүнд байгаа. Улсын нөөцөөс хөрөнгө гаргаж, отор нүүдэл хийж байгаа аймагт. Малчдаа оторлож байгаа аймаг, сумын удирдлагуудад байнгын штаб байгуулж ажиллах үүрэг чиглэл гаргасан. Өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувь хямдруулж олгож байгаа. Малын хөлийн татвар авахгүйгээр зохицоод өвөлжихийг бүх аймагт үүрэг болгосон. Махны экспортыг авах газарт нь өгөх хэрэгтэй хэмээлээ.

Үүнд УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Өвсийг үнэгүй болгоно гэнэ, тэжээлийг хямдруулж өгнө гэнэ. Энэ чинь яамтай холбоотой олгархиудын хийж байгаа ажил. Экспортод гаргах боломж бий байхад гарцыг нь гаргаж өгөөч гээд байгаа. Малчид өвс, тэжээлийг хямдруулж авахыг хүсээгүй. Эрээнд байгаа хятадууд Монголоос гурил, мах, махан бүтээгдэхүүнээ хэрэглэж байна хэмээн байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Байгаль хамгаалах асуудал орон нутгийн иргэдийн үндсэн асуудал. Тусгай хамгаалалттай газар гээд нутгийн иргэдээс салгаад байдаг. Нутгийн иргэд байгаль хамгаалах, түүний дагалдах баялгийг зохистой ашиглах тал дээр оролцож чаддаггүй. Орон нутгийн байгаль орчны захиргаатай хамтарч ажиллах тал дээр муу байдаг. Энэ асуудал орж байна уу. Орон нутагт орлого төвлөрүүлэх чиглэлээр өөрчлөлт хийгдэж байна уу?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Шат шатанд хүндрэл байгаа. Орон нутгийн удирдлагууд асуудал үүсгэдэг. Тухайн байгууллагатай хариуцлага тооцож чаддаггүй. Урт нэртэй хууль дээр хамгаалалтын бүсийг тусгайлан зааж өгсөн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого орон нутагт хангалттай байгаа. Гэхдээ тухайн орон нутаг зарцуулах тал дээрээ муу байгаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *