Categories
мэдээ улс-төр

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.29/ хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох гэсэн зорилтын хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан билээ.

Уг гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаас гадна улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, түүх соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон. Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хороотой зөвшилцөхөөр өргөн мэдүүлээд байна гэж салбарын сайд Д.Цогтбаатар танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар нар асуулт асууж хариулт авав. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Гэрээнд 2019.09.03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ.

Уг гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана гэж заажээ.

Хууль батлагдсанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хоёр улс бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, хоёр талын худалдааг хурдацтай хөгжүүлж, бизнесийн болон бусад аж ахуйн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдэх ажээ.

Хууль батлагдсаны дараа хоёр тал соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцсон өдрөөс уг гэрээ хүчин төгөлдөр болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *