Categories
мэдээ цаг-үе

Б.Авид: Шинжлэх ухааны бүтээлийг дөрвөн шатанд санхүүжүүлж байж үр дүн гарна


Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор Б.Авидтай салбарын өмнө тулгамдаж буй бэрхшээлийн талаар ярилцлаа.


-Хоёр сарын өмнө шинжлэх ухааны салбарын томоохон хурал боллоо. Уг салбар хүч муутай, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг нь хангалтгүй байна гэж шүүмжилдэг. Тийм ч учраас олон нийт анхдугаар хурлын дараа томоохон үр дүнг хүлээж байна?

-Ерөнхий сайдын ивээл дор шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг өнгөрсөн есдүгээр сард хийлээ. Уг хуралд 800 гаруй төлөөлөгч оролцсон. Энэ нь Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт эрдэм шинжилгээний ажилтны бараг 40 хувь нь юм. Тийм учраас салбарынхны саналыг тусгах, нэг хүчээр урагшлах талаасаа ихээхэн ач холбогдолтой болсон. Хурлын үеэр дөрвөн хэсэгт салбар хуралдаан боллоо. Тус тусдаа үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах чиглэлээр ярилцлаа. Манайд байгаа гол бэрхшээл бол ерөөсөө л санхүүжилт шүү дээ. Мөн хүний нөөц, дэд бүтцийн асуудал байна. Үүнээс гадна эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байгаа. Энэ болгоныг дэлгэрэнгүй, тал бүрээс нь ярьсан.

Шинжлэх ухааны үүрэг гэвэл нэгдүгээрт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх ёстой. Хоёрдугаарт, улс ардын аж ахуйд өгөөжөө өгөх учиртай. Ямар үр тарина, тийм л ургац хурааж авна гэсэн зарчим бий. Энэ утгаар 1990 оноос хойш шинжлэх ухааны салбарт дорвитой анхаараагүй тул уг салбар иймэрхүү байхаас өөр аргагүй. Ямар ч хүн байгаад, менежмэнт хийгээд салбарын санхүүжилт ДНБ-ий 0.12 хувь байгаа тохиолдолд өгөөж харах хэцүү. Нөгөө талаас нөөц бололцоогоо ашиглаад бид хичээх ёстой гэдгийг ойлгож байгаа. Өөрсдийн хүч бололцоог дайчилж байна. Гэхдээ аливаа үр дүн гартал маш олон шат дамждаг. Суурь судалгаа хийнэ, дараа нь төсөл хэрэгжээд инноваци болоод үр ашгийн асуудал яригдана. Энэ дөрвөн үе шат, циклийг бүрэн санхүүжүүлж байж үр дүнд хүрэхээс биш энэ жил нэг багаж авлаа, дараа жил үр дүн нэхнэ гэсэн ойлголт байхгүй. Эрдэмтдийн бүтээл зах зээлд хүрэхгүй байгаа шалтгаан нь ийм учиртай. Нөгөө талаас бидний бүтээлийг аваад бүтээгдэхүүн хийх аж ахуй нэгж байна уу гэвэл мөн асуудалтай. Манай улсад 70 мянган аж ахуй нэгж бий ч инновацийн буюу мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь бараг байхгүй. Гаднаас бараа авчираад үнэ нэмж зараад ашиг олдог л компаниуд дүүрэн байна. “Монос”, “Мон хими” зэрэг цөөхөн аж ахуй нэгж бий. Мэдээж тэдгээр аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагаатай.

-Хамгийн гол бэрхшээл болсон санхүүжилтийг шийдвэрлэхэд ямар хүлээлттэй байна вэ?

-Дээр шинжлэх ухааны салбарт санхүүжилт шаардлагатай байгааг хэлсэн. Үүнд хүний нөөцийн асуудлыг мөн дурдмаар байна. Хуучин цагт судалгаа хийдэг хүрээлэн, төвүүдийн ажилтнуудад өндөр цалин өгдөг байсан. Тэр утгаараа чадварлаг, сайн сурлагатай залуус шинжлэх ухааны салбарт цугладаг байлаа. Одоо бол хамгийн сайн сурлагатай, чадварлаг нь уул уурхай руу явчихаж байна. Дараагийн хүмүүс нь их, дээд сургуульд багшлахыг илүүд үзэж байгаа юм. Яагаад гэвэл хүрээлэнгийнхнээс өндөр цалинтай байна. Ингээд гурав дахь нь шинжлэх ухааны хүрээлэнгүүд болдог. Тийм учраас бид цалингаа нэмэх хэрэгтэй гэж ярьдаг. Санхүүжилттэй холбоотой асуудлыг өнгөрсөн хуралдаанаар маш сайн ярьсан. Зэрэг дэвийн асуудлыг эргэж харъя, үүнд нь нийцсэн боломжийн цалин өгье. Нөгөө талдаа олон жил ажилласан хүнд төрийн албаны нэмэгдэл өгье гэж байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга бүгд салбарын санхүүжилт маш муу байна, бид анхаарахгүй бол болохгүй нь ээ гэж хэлсэн. Тиймээс энэ асуудал дээрдэх болов уу гэсэн горьдлого байна. Гэхдээ л 2020 оны төсөв дээр эерэг өөрчлөлт харагдахгүй байгаа.

-Та химийн салбарын хүн. Манай улс нефть боловсруулах үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулснаар химийн салбар өргөн далайцтай хөгжих болов уу гэсэн хандлага байна. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?

-Нефть боловсруулах үйлдвэр барьж байгааг бүрэн дэмждэг. Ерөнхийд нь ажиглахад манайхны эхэлсэн ажил замдаа зогсох асуудал гардаг. Иймээс замдаа зогсолгүй ашиглалтад орчихоосой гэж хүсч байна. Ингэвэл нефть боловсруулаад түлш шатахуунаа гаргаад авчихна. Улмаар химийн үйлдвэр дагасан маш олон жижиг үйлдвэрлэл явагдана. Нөгөө талаас нүүрс их бий. Үүнийгээ боловсруулаад химийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Тэгэхээр энэ бүхний суурь нь 2023 онд ашиглалтад орох нефть боловсруулах үйлдвэр байна гэж хардаг. Нефть боловсруулах үйлдвэрийн технологийг сайжруулах чиглэлээр манай хүрээлэнд судалгаа хийж байгаа. Бензиний гарцыг сайжруулах шаардлага бий. Үүнтэй холбоотойгоор катлизаторын төслүүдийг түлхүү явуулна. Нефтийн ихэнх нь бензин болж байвал ашигтай шүү дээ. Гарц багатай бол муу. Харин гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийгдэж байна. Энэ бол шинэлэг ажил. ШУТИС, ШУА, зэрэг хэд хэдэн газар зэрэг судалгаа хийж байгаа нь том дэвшил. Өгөөжөө ч өгнө.

Нөгөөтэйгүүр, манай урд хэсэг сайн чанарын нүүрстэй. Үүнийг экспортлох нь зөв. Харин тэндээс олсон орлогыг бусад үйлдвэрлэлийн санхүүжилтэд зориулах ёстой. Мөн төвийн болон зүүн бүс маш их хүрэн нүүрстэй. Үүнийг экспорлох боломжгүй. Тиймээс химийн түүхий эд болгох ёстой. Тиймээс 2023 онд ашиглалтад орох үйлдвэрийг тэвчээртэй, өндөр ач холбогдол өгч хүлээж байгаа.

-Манай эрдэмтдийн онцлох бүтээлүүдээс дурдахгүй юу?

-Салбар бүрт янз бүр байгаа. Тухайлбал, манай химийн хүрээлэнд ургамлын лаборатори гэж бий. Тэд Монголын ховор, эмийн зориулалттай ургамлуудыг боловсруулаад эм гаргадаг. Монгол ургамал маш өвөрмөц. Хүйтэн болон халуунд маш тэсвэртэй. Ийм шинж чанартай ургамлууд монгол хүнийг эмчлэх ёстой гэж боддог. Энэ үүднээс судалгаа хийгээд Америк, Солонгос зэрэг олон оронтой хамтраад олон улсын патент авсан бүтээлүүд бий. Гэвч үүнийгээ эм болгож чадахгүй зогсоод байна. Уг нь, судалгаа хийгээд патентаа авчихлаа. Одоо эм болгоход нь улс анхаарах ёстой шүү дээ. Клиник туршилт хийж чадахгүй байна. Мөнгө байхгүй. Дээр хэлсэнчлэн бүтэн циклээр санхүүжүүлэхгүй болохоор үр дүн гарахгүй байна. Жишээ нь академич Д.Батсүрэн гуай дауринол гээд ургамлаас ялгасан, хорт хавдрыг эмчлэх эм болох юм байна гэдэг патентаа авчихсан. Патентыг эм болгохын тулд клиник туршилт хэрэгтэй. Магадгүй үүнд 400, 500 сая төгрөг шаардлагатай. Гэтэл энэ санхүүжилт олдохгүй байна. Ингээд сайхан санаа, бүтээл өгөөжгүй байж байгаад магадгүй өөр хэн нэгэн хэрэглээнд оруулаад ашиг олоод явчих гээд байна. Энэ мэтээр эхлүүлсэн олон ажил байдаг. Гэвч олигтой явж өгөхгүй байна.

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг зургаа дахь жилдээ зохион байгууллаа. МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачилгаар 2014 оноос зохион байгуулж буй энэ чуулган энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизм сайжруулах, энтрепренершипийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэжээ. Энэ онд “Инновацийн соёл-оюуны өмч” сэдвийн дор чуулав. Үүгээр энтрепренершипийн экосистемд оролцогч талуудын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх асуудлыг онцлосон юм. Оюуны өмчийг дээдэлсэн энтрепренерүүд манай улсын эдийн засгийг хөгжүүлэх, хурдасгах гол хүч хэмээн хуралдаанд оролцогчид хэлсэн. Манай улсад оюуны өмчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдсэн нь сайн ч аливаа оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бодит өгөөж хүртэх шаардлагатай байгаа аж. Үүний тулд санхүүжилт ихээхэн чухал хэмээсэн юм. Тухайлбал, шинжлэх ухааны бүтээлийн өгөөж өргөн цар хүрээг хамардаг. Тиймээс эхний санхүүжилт өндөр ч урт хугацаанд үр ашгаа өгөх боломжтой гэв.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *