Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Хэрэв чи мэргэжилдээ үнэнч бол чиний мэргэжил чамайг хэзээ ч гомдоохгүй шүү

Монгол Улсын атар газар эзэмших их үйлсийг оройлон манлайлж, уг салбарын 60 жилийн түүхийг бичилцсэн эрхэм хүн бол Ш.Гунгаадорж гуай юм. Тэрбээр Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, мөн газар тариалангийн салбарын бүхий л шатанд ажиллаж, салбарын яамыг толгойлж явсан эрдэмтэн, манлайлагч билээ.


-Та газар тариалангийн салбарт хэрхэн орж, ажил амьдралаа холбож байсан бэ?

-Газар тариалангийн салбар бие дааж хөгжөөд 60 жил болж байна. 1959 он хүртэл Монгол Улсын хөдөө аж ахуй зөвхөн мал аж ахуй л байсан. Ингээд ЗХУ-д тэр үеийн төр засгийн удирдлага Ю.Цэдэнбал дарга Москвад очиж хэлэлцээр хийж, ер нь 1944 онд их зуд боллоо. Малаа зуданд дуусгах юм байна. Тиймээс тэжээлийн бааз хэрэгтэй боллоо, хоёрдугаарт бид 100 хувь гурилаа гаднаас авч байна. Энэ болгоныг шийдэж, онгон зэлүүд байгаа газраа ашиглаж, шимийг нь хүртмээр байна гэсэн санал тавьсан. Тухайн үед би оюутан байлаа. Ингээд ЗХУ-ын тухайн үеийн удирдлагууд саналыг хүлээн авч 1959 оны арваннэгдүгээр сарын бүгд хурлаар Монгол Улсад атар газар эзэмшиж үр тариа, гурилаар хангах үйлдвэрүүдийг байгуулах зорилт дэвшүүлээд эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. Би энэ цаг үед агрономич мэргэжлээр төгсөж ирээд Амгалангийн сангийн аж ахуйд ажиллаж эхэлсэн. Тэнд найман сар ажиллаад дөнгөж эв зүйгээ олж, нөхөдтэйгөө ойртон танилцаж байтал Сангийн аж ахуйн удирдах газар гэж байгуулагдсан. Энэ нь атар газар эзэмших чиглэлээр сайд нарын зөвлөлийн харьяа байгууллага байв. Ингээд Говь-Алтайн намын хорооны дарга байсан Ц.Лоохууз гэж хүнийг даргаар нь тавьсан юм байна. Намайг боловсон хүчин хариуцсан хүн дуудаад ажилла гэлээ. Тэгэхээр нь би очиж уулзаад “Аж ахуйд ажиллаж, үйлдвэрлэл дээр нь юм сурмаар байна” гэж хэлээд яваад өглөө. Нөгөө боловсон хүчин хариуцсан хүн ч надад юм хэлээгүй. Ингээд 20 гаруй хонож байтал дахиад дуудлаа. Яваад очсон чинь “Чи дарга дээр ор” гэж байна. Ц.Лоохууз гуай намайг хүлээж аваад нэлээн ширүүн уулзсан даа. Би үүдээр нь ороод 10 гаруй минут зогссон юм. Чи юу юм гээд загнаж байна. Яв гэхээр явахгүй гэдэг, ир гэхээр намын том бодлого хэрэгжих гэж байхад ирсэнгүй гээд донгодлоодоо. Ингэж атарын аянг хэрэгжүүлэх ажилд анх орж байсан. Атарын залуучуудтай газар хагалах, тариа тарих зэргээр эхний 3-4 жилийн 230-240 хоногт хөдөө нутгаар тасралтгүй бужигнасан даа. ЗХУ-ын мэргэжилтнүүд аж ахуй бүрт ирсэн. Трактор, комбайнчаар манай хүмүүсийг сургадаг. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд манай Монголын залуус үнэхээр авьяастай л даа. Малчин залуус сар хүрэхгүй, заримдаа 45 хоногийн курст сураад л трактор бариад явна. Зөвлөлтийн хүмүүс Монголын залуус яасан авьяастай юм, манай 30-40 жил ажилласан тракторчин, комбайнчаас дутахгүй явж байна гэж толгой сэгсэрнэ. Өдий болтол намайг ийм зэрэгтэй хүн болгоход атарын анхдугаар аян их зүйлийг сургасан. Замд нь саад бэрхшээл тохиолдсон ч уг салбар Монголыг тэр чигт нь авч яваа гэж боддог.Энэ 60 жилийн хугацаанд би мэргэжилтэн, агрономич, орлогч сайд, сайд, аймгийн намын хорооны дарга гэх зэргээр ажиллаж ирлээ. Тариа будаанаасаа ер салсангүй. Тариаланч, ногоочидоосоо салсангүй. Одоо ч гэсэн энэ салбарт сэтгэл зүрх минь үргэлж хамт байж л байна.

-Атар газар эзэмшсэн 60 жилийн хугацаанд түүхэн үүрэг гүйцэтгэсэн олон хүн байгаа нь дамжиггүй. Бүгдийг нь дурдвал та бид хоёрын цаг зав хүрэхгүй байх. Та онцолж хэдэн хүнийг нэрлэхгүй юү?

-Тэгэлгүй яахав. Сайд нарын зөвлөлийн харьяанд байсан Сангийн аж ахуйн удирдах газрыг удирдаж байсан Ц.Лоохууз гуайг хэлэх байна. Монгол Улсад атар газар эзэмшиж, тариа ногоотой болох ажилд тэр хүний гүйцэтгэсэн үүрэг агуу. Яахав анхны тракторч, комбайнч, сангийн аж ахуйн дарга нар гээд олон хүн бий. Тэр болгоныг дурдвал барагдахгүй. Тиймээс энэ бүх ажлыг дээрээс нь зохион байгуулж, нэг шугамаар явуулахад чухал үүрэгтэй байсан штабыг гол болгон хэлж байна. Үүнийг Лоохууз гуай удирдаж байсан. Мөн Х.Банзрагч байна. Сангийн аж ахуйн удирдах газрын орлогч байж байгаад сүүлд даргаар томилогдсон. Санжаажамц гэж байлаа. Жамбал гэж сангийн аж ахуйн дарга байж байгаад Сангийн аж ахуйн удирдах газрын дарга болсон. Шинээр атар хагалсан дөрвөн аж ахуй байгаа. Зэлтэр, Дархан, Хэрлэн, Ерөөгийн сангийн аж ахуй юм. Дархан хот байгаа газар онгон зэлүүд атар газар байв. Түүн дээр анхны шанг татаж, Дарханы сангийн аж ахуй байгуулсан. Даргаар нь Төв аймгийн эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Бадарчин гэх залууг тавьж байсан. Тухайн үед 20-иодхон настай байсан даа. Атрын 60 жилийн ойгоо үзэж чадалгүй таалал төгслөө. Олон жил атрын аж ахуйг удирдсан анхны эвлэлийн ажилтан юм. Ер нь эвлэлийн ажилтнууд болох залуучууд л атрыг эзэмших ажилд манлайлж оролцож байсан юм. Үүнээс гадна аж ахуйн дарга нар олон байна. О.Нямаа гэж сайд байлаа. Б.Бадамжав гэж Дорнод аймгийн Хэрлэнгийн сангийн аж ахуйд бид нэг баг болж ажилласан. Т.Даваасүрэн гэж байна. Бид гурав яамны 410 номерын өрөөнд сууж удирдаж байлаа. Бид эхний таван жил энэ штабыг удирдаж зохион байгуулж ажиллаж байсан. Би хойч үедээ хэрэгтэй юм гээд Атрын нэг, хоёр, гуравдугаар аяны талаар дэлгэрэнгүй бичиж, хүмүүсийг дурдаж өгсөн. Ном болж гарах байх. Энэ ажил яаж өрнөж, ямар хүмүүс хэрхэн зохион байгуулж явсан юм гэдэг бүхнийг бичээд үлдээсэн. Би өнөөдөр 84 насыг насалж байна. 60 жилийн ойгоо харж байгаадаа их л баяртай байна.

-Атрын гуравдугаар аяны тухай монголчууд сайн мэднэ. Харин 1, 2 дугаар аян хэрхэн явагдсаныг мэдэхгүй залуус олон байна. Энэ тухайд та дэлгэрүүлэхгүй юү?

-Атрын нэгдүгээр аян 1959, 1960 оноос эхлээд хоёр үе шаттай хэрэгжсэн. Нэгдүгээр үе шат нь 1960-1969 он, 1969-1975 он юм. Үндсэндээ 15 жилийн хугацаанд атрын нэгдүгээр аян өрнөсөн юм. Анхны аянд ерөөсөө л газар хагалаад байсан. Шинжлэх ухааны үндэстэйгээр хөрсийг боловсруулах, бордох, үрийн аж ахуй гэж байсангүй. Эхний 10 жил ерөөсөө л газар хагалаад шимтэй хөрснөөс үр тариагаа хураан авч байсан. Ингээд 1969 оноос нөгөө хагалсан газар маань аажимдаа салхинд идэгдээд, үржил шим нь муудаад эхэлсэн. Тэгэхээр нь 1969 онд улсын агрономчидын анхдугаар зөвлөгөөн хийгээд ер нь өнгөрсөн 10 жилд юу болов, цаашид яах вэ гэж ярьсан. Ингээд уг зөвлөгөөнөөс газар тариалангийн систем гэдгийг боловсруулаад Монголын баруун, зүүн, төвийн бүс нутгаар ямар систем байх уу гэдгийг боловсруулаад баталж гаргасан. Хоёрдугаарт газар тариаланг материаллаг техник баазаар хангахгүй бол болохгүй нь гэж үзсэн. Орчин үеийн техникээр хангах хэрэгтэй байна, засварын газар, үрээ хадгалах агуулах зэргийг 1970 оноос бодлого болгож суулгаж чадсан. Хөдөө аж ахуйн яам эрчимтэй ажилласан. Би тухайн үед яамны газар тариалан хариуцсан орлогч сайдаар томилогдсон юм. Тухайн үед үнэхээр нойр хоолгүй ажиллаж байлаа. Ингээд 1973 он гэхэд үндсэндээ бүх сангийн аж ахуй засварын газартай, үрийн агуулахтай, нэг үгээр хэлбэл, материаллаг баазаар бүрэн хангагдсан. Мөн мэргэжилтэй боловсон хүчинтэй болсон байлаа. Ингэж ургац тогтворжиж 1973 онд 512 мянган тонн ургац авч түүхэн дээд ажмилт тогтоож байсан. Гадаадад будаа тариа гаргаж байсан даа. Ингээд 1975 оноос атрын хоёрдугаар аян залгасан юм.

-Таныг энэ үед сайдын албаас чөлөөлөгдөж тушаал буурч байсан гэж сонссон. Ямар учраас тэгсэн юм бол?

-Би Тэсийн тэжээлийн аж ахуйд гурван жил шахам ажилласан юм. Сайд байж байгаад буусан. Гэр бүлийн хэрэг юм даа. Авгай сольсон “хэрэг”. Тэр үед чанга хатуу, нам хайрладаггүй байлаа шүү дээ. Ингээд намаас арга хэмжээ авахуулаад Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуй гэж ЗХУ-ын хүч хөрөнгөөр байгуулагдсан газар руу илгээлээ. Тус аж ахуй 1968-1975 он хүртэл нэг ч удаа ургац аваагүй. Ерөөсөө ургац авдаггүй байсан. Баруун аймгуудыг тэжээлээр хангах чухал газар байтал ингэж болохгүй шүү дээ. Ингээд би очсон. Би тэнд нэг зүйлийг маш сайн ойлгосон. Хэрэв чи мэргэжилдээ үнэнч бол чиний мэргэжил чамайг хэзээ ч гомдоохгүй шүү гэж нэг хүн хэлж байсан. Тэр үг надад орж ирж байлаа. Би том сургууль төгсөөд, Казахстан зэрэг улсад нь очиж туршлага судлаад ирсэн мэргэжилдээ эзэн болсон хүн. Тийм учраас дээрх асуудлыг яаж шийдэх үү гэж өөрөө өөртэйгөө ярьсан. Үнэхээр буруу технологи хэрэглээд хөрсөө эргүүлсээр байгаад салхинд хийсчихсэн байсан. Нөгөө хөрсийг эргүүлдэггүй Канад, Казахстаны технологийг очсон намар 80 хувьд хэрэглээд, дараагийн жил хагаст 100 хувь нэвтрүүллээ. Ингээд очсон жилээ 80 хувийн ургац авсан. Дараагийн жилүүдэд мөн өндөр ургац авлаа. Ингэж Тэсийн тэжээлийн аж ахуй улсад өндөр ургац авдаг аж ахуй болоод би буцаж яамандаа ирсэн. Тэр бол миний биеэр хийсэн гавьяа гэж боддог. Хүн ер нь ном эрдэм үзээд, зохион байгуулаад ард түмний хүчээр ажил явуулаад байх нэг хэрэг. Эзэмшсэн мэргэжлээрээ гардан гүйцэтгэж шим шүүсийг нь өөрийнхөө гараар хүртэнэ гэдэг бас нэг хэрэг. Би хоёр зүйлийг л яг тэгж өөрийн гараар хөлсөө дуслуулж хийсэн гэж боддог юм.

-Нөгөөх нь юу вэ?

-Яам руу ирсэний дараа намайг Сэлэнгэ аймаг руу нэг явуулсан. Тус аймаг тарианы гол район. Ургац алдаад байсан гэсэн. Ю.Цэдэнбал дарга “Чи агрономич, залуу хүн. Мэргэжлээ мэдэж байгаа, чи тэр Тэст сайн ажилласан. Харин одоо Сэлэнгэ явж сахилгагүй, хариуцлагагүй байдалтай тэмцээрэй. Мэргэжлийнхээ ажлыг чамбай хийхийг чинь мэдэж байна” гэсэн. Ингээд би Сэлэнгэд зургаан жил ажиллаад үндсэндээ тус аймаг өндийсөн. Хөдөлмөрийн баатар Гончигбал Сэлэнгэд гурван хамуу бий. Нэг нь тарианы хамуу, нөгөөх нь малын хамуу, гурав дахь хариуцлагагүйн хамуу гэж хэлж байлаа. Мөн эхний хоёр хамуу яахав ээ, мэргэжлийн хүн эдгээчихнэ. Харин хариуцлагагүйн хамууг анхаарч үзээрэй гэсэн дээ. Үнэхээр ч хариуцлага алдсан газар байсан. Гэхдээ олон түмний хүчээр намын байгууллагыг толгойлож ажиллаж байсан учир гарт амархан орж ирсэн. Тухайн үед нам бүхнийг шийддэг, захиргааддаг байлаа шүү дээ. Намайг явахад ганц Сэлэнгэ аймаг 323 мянган тонн ургац авч байлаа. Одоо улсын хэмжээнд авч байгаа ургац юм уу даа. Тэгээд тэндээс намайг хөдөө аж ахуйн яамны сайдаар томилоод ажилласан.

-Та 60 жилийн өндөрлөгөөс салбарынхандаа юуг захиж явдаг вэ?

-Ер нь аль ч албанд ажилласан, тариа байна уу, мал дээр ч байна уу адилхан. Юм хариуцаж л байгаа бол хариуцсан ажилдаа эзэн болж, уусан шингэх ёстой. Энэ салбарын онцлог юу байна, юу дутав, удирдлага технологийн хувьд хэрхэн анхаарахаар байна гэх зэргээр анхаарна. Тэр дундаа хүнтэй зөв ажиллана гэдэг ямар ч салбарт чухал. Хүний эвийг олох, удирдан зохион байгуулах нь тун чухал юм шүү. Муу хүн гэж байдаггүй. Харин муу удирдагч гэж байдаг. Удирдагч хүний урлаг бол зэмлэх цагт нь зэмлэж, урамшуулах цагт нь урамшуулж чаддаг байх хэрэгтэй. Зөв хослуулж чадвал тухайн салбарт аяндаа хүмүүс хүрээлээд ороод ирдэг. Түүнээс биш өөрийгөө бодоод, хувиа хичээгээд байж таарахгүй. Танил талаар асуудал шийддэг байдлаас хол явах хэрэгтэй. Үнэнч шударга байна гэдэг тун эрхэм зүйл. Ингээд салбарынхандаа хандаж мэндчилгээ дэвшүүлье.

-За?

-Монгол Улсад цоо шинэ газар тариалангийн салбар бий болж1959 оноос хойш өнөөг хүртэл зовлон бэрхшээлийг даван туулж хөгжихөд сайн нь саараасаа их байсан. Энэ 60 жилийн босгон дээр манай тариаланчид, анхны атарчид маань бүгд өнөөдөр их баяртай, сэтгэл өндөр ойтойгоо золгож байгаа гэж ойлгож байна. Энэ баярын өдөр нийт тариаланч хамт олондоо, мөн атрыг эзэмших 1,2,3 дугаар аянд оролцсон баатарлаг хүмүүсдээ ойн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх орноо хүнсээр хангах ажилд улам ихийг хийж яваарай гэж хүсч байна. Мөн будаа, ногоо иддэггүй хүн гэж байхгүй. Тиймээс атар газар эзэмшсэн нь нийт ард түмний эрх ашгийн асуудал юм. Мөн нийт түмний үүрэг. Тийм учраас ард түмэн газар тариаланг хөгжүүлэх үйлсэд сэтгэл санаа бүх талаараа дэмжлэг туслалцаа үзүүлж яваарай гэж хүсэх байна. Та бүхэндээ атрын 60 жилийн ойн мэндийг давхар дэвшүүлье.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *