Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дэлгэрсайхан: Улстөрчид төсвийг эдийн засгийн талаас нь харахыг хүсэхгүй байна

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Энэ оны төсөв нэлээд алдагдалтай батлагдлаа. Үр ашиггүй зардал хэр туссан гэж та харж байна вэ?

-Юуны өмнө бид төсөв гэж чухам юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Төсвийн хувьд товчхондоо эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд хатуу, зөөлөн дэд бүтцийг бий болгох шаардлагатай.

Цаашлаад яривал эдийн засаг, нийгмийн зорилтуудыг шийдвэрлэх үүрэгтэй зүйл бол төсөв. Ингэж байж эдийн засаг хөгжиж ажилгүйдэл, ядуурал буурч, төрийн бодлого, үйлчилгээ сайжирна. Ингэж шат дараатай харахгүй бол жилийн жилд л үрэлгэн төсөв боллоо гэсэн шүүмжлэл дэгдээд өнгөрөөд байна л даа.

Сая миний онцолсон ойлголт улс төрийн хүрээнд төлөвшөөгүйгээс төсөв буруу явсаар ирсэн. Улстөрчид төсвийг зөвхөн улс төрийн эрх ашгаа хангах, хамгаалах хэрэгсэл гэж ойлгоод сурчихсан. Үүнээс өөрөөр бодохыг хүсдэггүй.

Манай улстөрчид төсвийг улс төр талаасаа харж ашиглахдаа сайн ч эдийн засагт талаас нь харахыг хүсэхгүй байна. Аль ч намын үед ялгаагүй эдийн засаг талаас нь харахыг хүсдэггүй. Эрх барихаараа төсвийн үр ашиггүй бодлого явуулж, сөрөг хүчин болохоороо шүүмжлэх маягаар өнөөг хүрсэн.

Төсвийн хувьд сүүлийн жилүүдэд сайжирсан зүйл бас бий. 2017-2018 оны төсвийн тухайд эдийн засаг сэргэж байсан, ОУВСангийн хөтөлбөрт орсон үе таарсан. Ийм шалтгаанаар тэлэлт, алдагдал бага, төсвийн үрэлгэн байдал буурсан зэрэг сайн зүйлс гарсан. Харий 2019-2020 оны төсвийн хувьд энэ байдал алдагдлаа. Төсвийн алдагдлыг өндөр баталчихлаа.

-Алдагдал багатай төсөв батлах боломж байсан уу?

-Алдагдал бага төсөв батлах боломж байсан. Зардал, төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын хувьд шаардлага бага гэж хэлж болох зүйлс олон байна. Ялангуяа хөрөнгө оруулалт талд.

-Сумын улаан буланд 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөчихлөө. Ирэх жилдээ амжиж баригдана гэж байхгүй. Сонгуулийн дараа үргэлжлүүлж барина гэхэд эргэлзээтэй. Хий дэмий хөрөнгө мөнгө царцаасан ажил болчихож байгаа юм биш үү?

-Уг нь Монгол Улсын төсвийн эрх зүйн орчин сайн, хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай зохицуулалтууд хангалттай бий. Гэтэл жил жилийн төсөвт учир нь үл ойлгогдох хөрөнгө оруулалтууд ихээр орж ирдэг.

Өмнөх дөрвөн жилд үр ашиг муутай зам барьж өнгөрөөсөн. Одоо бид маш олноор нь байшин барьж байна. Гэтэл эдгээр нь Монгол Улсын эдийн засагт нэн тэргүүнд шаардлагатай зүйлс мөн үү гэвэл үгүй.

Аймаг, сум руу зам тавих, сумын төвд соёлын төв барих асуудал хэзээ нэгэн цагт хэрэгтэй болохоос өнөөдөр амин хэрэгтэй зүйл биш. Ингэхийн оронд босоо тэнхлэгийн авто замыг хурдны зам болгох, төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийх учиртай.

Харамсалтай нь хийхгүй байна л даа. Сумын төвд хэрэггүй байшин барьснаас сумын төвийн иргэдийг ажилтай болгох асуудал дээр анхаарах ёстой. Ийм бодлого огт алга. Үүнээс гадна 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт маш сул байгааг ярихгүй орхиж болохгүй. Төсвийн баримтад дурдсанаар хөрөнгө оруулалтын хэрэгжилт дөнгөж 36.9 хувьтай байна. Бодит байдал ийм байхад хөрөнгө оруулалтыг яагаад ингэж ихээр тэлж байна вэ, ямар зорилгоор тэлэв гэсэн асуулт гарч ирнэ.

Эргэлзэхээс аргагүй өнцөг. Эдийн засгийг ирээдүйд тэлэх дэд бүтэц, иргэдийн амьжиргааг сайжруулах үйлдвэржилтийг дэмжих чиглэлд л анхаарах цаг гэж би хувьдаа бодож байна. Үүний дараа бусад нь шийдэгдэх боломж бүрдэнэ.

-Улсын төсвийн шууд хөрөнгө оруулалтын бараг дөрөвний нэг нь Ерөнхий сайдын аймагт хуваарилагдсан гэж ирээд шуугьсан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй л дээ. Нэр бүхий эрх мэдэлтнүүдийн тойрогт төсвийн чамгүй хөрөнгө зарцуулагдах нь тодорхой болчихлоо. Хамгийн их хөрөнгө оруулалт хуваарилагдсан тойргууд дээр задаргаа хийж үзэв үү?

-Таны сөхөж буй асуудал манай төсөвт бараг хэвшил болсон зүйл. Дээр дурдсанчлан улстөрчид төсвийг улс төрийн эрх мэдлээ хадгалах, ашиг сонирхлоо хангах арга хэрэгсэл гэж бодож байгаагийн л илрэл шүү дээ. Улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөөгүй цагт энэ байдал өөрчлөгдөхгүй байх.

Олны анзаарахгүй нэг өнцөг энд бий. Улстөрчид нийтийн мөнгөөр нийтийн саналыг авах оролдлого хийсээр ирсэн. Иргэд үүнийг нь ойлгож ухаж хармаар л байгаа юм.

-Төсөв дээр нүүрс, зэсийн экспорт болон ханшийг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Гэтэл өнөөгийн байдлаас харахаар Дубайн гэрээ тойрсон улстөржилт хүчээ авч байна. Нүүрс яах нь тодорхой бус байгаа. Төсвийн орлогыг хэт өөдрөг төлөвлөсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Орлого өөдрөг төсөөлсөн гэдэгтэй санал нэг байна. Энэ онд 42 сая тонн нүүрс гаргахгүй нь бараг тодорхой болчихоод байхад мөн л тэр хэмжээнд төлөвлөж байна. 2020 оны дэлхийн эдийн засгийн болзошгүй эрсдэлийн талаар төсвийн баримтад дурдсан байсан. Тэгэхээр орлогыг өөдрөг төлөвлөх өөр шалтгаан байна. Би хувьдаа орлогыг өөдрөг төлөвлөх сэдэл нь зардлыг санхүүжүүлэх явдал гэж хардаж байгаа.

Өнөөдөр эдийн засаг харьцангуй сайн үед ингэж болдог юм аа гэж бодъё. Гэтэл 2016 оны төсвийн төлөвлөлтөөс ч мөн ийм өөдрөг тооцоог харж болж байгаа нь гайхалтай.

-Хямралтай, төсвийн орлого буурна гэдэг нь хэнд ч ойлгомжтой үед нээрээ тэгсэн шүү…?

-Харин тийм. Таны хэлсэнчлэн 2016 оны төсвийн орлого буурна гэдэг нь хэнд ч тодорхой байсан. Гэтэл орлогыг мөн л өөдрөг төлөвлөсөн. Ингэснээр үүсэх хамгийн гол сөрөг үр дагавар нь төсвийн алдагдал. Тодруулбал, төсвийн алдагдал нэмэгдэж өр нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь эдийн засгийг хойш нь чангаах хүчин зүйлсийн нэг болж байна.

-ОУВС-гийн зүгээс энэ жилийн алдагдалтай төсөвт хэрхэн хандаж байгаа бол?

-ОУВС-гийн хөтөлбөрт ороход сайжруулах шаардлагатай гэж тохирсон олон зүйлийн нэг нь төсвийн сахилга бат, эдийн засаг дахь бүтцийн шинэчлэлийн асуудал. Иймээс тэдний зүгээс ийм өндөр тэлэлттэй, үр ашиггүй хөрөнгө оруулалтын жагсаалттай, нийгмийн халамж, татаасыг ихээр нэмэгдүүлсэн, өндөр алдагдалтай гээд төсөвт байж болох олон сул талыг агуулсан төсвийг сайнаар харахгүй нь ойлгомжтой.

Энэ нь дараагийн бидэнд өгөх үнэлгээнд сөргөөр нөлөөлөх, санхүүжилтийн асуудал, хөтөлбөрийн хэрэгжилтийн амжилтад нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

-Алдагдалтай төсөв, Дубай тойрсон улстөржилт гээд жагсаавал ОУВС-гийн санхүүжилт ирэх жил ч гацсан хэвээр байх магадлал өндөр харагдаад байна л даа. Засгийн газар валютын сангийн санхүүжилтэд найдаж суугаа нь ирэх оны төсвөөс тод анзаарагдаж байгаа. Валютын сангийн санхүүжилт амжилттай үргэлжлэх болов уу?

-Сангийн яамны зүгээс хийж байгаа мэдэгдлүүдийг харахад таны таамаг зөв. Дотооддоо бонд гаргахгүй, өндөр хүүтэй гадаад эх үүсвэр ашиглахгүй тохиолдолд өөр боломж харагдахгүй байна. Харамсалтай нь одоо ч хөтөлбөрийн санхүүжилт тодорхой хэмжээнд саатсан байдалтай байна. Хөтөлбөрийн зарим хамтрагчид санхүүжилтийн асуудалд эргэлзээтэй хандсан байдалтай суугаа. Ийм эрсдэл бий. Гэхдээ шийдвэрлэгдэх болов уу гэж харж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг асуултын тэмдэг хэвээр байгаа. Оюу толгойгоос гадна сонгуулийн өмнөх жил хөрөнгө оруулагчид азнасан байдалд шилждэг. Валютын сангаас өөр гаднаас доллар орж ирэх өөр гарц, шийдэл юу байна?

-Валютын урсгалыг нэмэгдүүлэх сувгууд угаасаа тодорхой. Гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, гадаад зээл, тусламж, алт гэсэн хэдхэн суваг бий. Үүн дээр дотоодын хэрэгцээг хангах бодлого баримталж импортыг бууруулах гарц байж болно. Гэхдээ энэ нь богино хугацаанд буюу 2020 онд шууд хэрэгжих боломжгүй.

-Таны онцолсон сувгууд дээр тэгвэл нааштай хандлага, аяс анзаарагдаж байна уу?

-Үнэнийг хэлэхэд нааштай хандлага ажиглагдахгүй байна. Харин УУХҮЯ-ны зүгээс гадаадын хөрөнгө оруулалт дээр хатуу байр суурь баримталж байгаа. Таван толгой төслийг олон улсын зах зээлд гаргаж санхүүжилт босгох асуудлын хүрээнд тодорхой хэмжээнд найдлага бий.

Гэхдээ сонгууль дөхсөн энэ үед улстөрчдөөс эх орон, ард түмэндээ хайртайгаа харуулах ямар санаа гарахыг таашгүй. Энэ их улстөржилт нь эргээд бидний нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй. Товчхондоо Оюу толгойг гацаанаас гаргах, томоохон төслүүдийг хөдөлгөх нь бидний хувьд сайнаар нөлөөлөх гол гарц гэж үзэж байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхгүйгээр төсвийнхөө алдагдлыг багасгаад асуудлыг шийдчих боломж байсан гэсэн байр суурь дуулдаж байна. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Нийгмийн даатгалыг нэмэх нь буруу гэдгийн хувьд нийтийн байр суурьтай санал нэг байна. Шийдлийн хувьд олон хувилбар байх боломжтой. Яагаад бид ийм байдалд хүрэв гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ. Үүний шалтгаан нь 2000 оноос хойш шийдвэр зохих нийгмийн, тэтгэврийн даатгалын шинэчлэлээ хийж чадаагүй явдал гэж би хувьдаа үздэг. 2000 оноос хэрэгжих ёстой байсан бодлогоо хэрэгжүүлж чадалгүй 2030 болгож дахин 2015 онд баталсан байдаг.

Шуудхан хэлэхэд энэ удаагийн нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг миний хувьд төр бодлогын алдаагаа иргэд, аж ахуйн нэгжийн ачааллыг нэмэгдүүлэх замаар засах гэж байгаа хувилбар гэж харж байгаа. Бүр тодруулж хэлбэл, үе үеийн Засгийн газар, салбарын яамны хариуцлагатай холбоотой асуудал.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжрахгүй, валютын сангийн санхүүжилт гацсан хэвээр бол долларын ханш өсөж, аж ахуйн нэгжүүдэд ачааны хүнд нь ирнэ. Нэг талд компаниудынхаа ашиг хийх нөхцөлийг хангаж өгөөгүй хэр нь нөгөө талд татварыг нь төсөв дээр өсгөөд оруулаад ирсэн нь хэр зөв шийдэл вэ?

-Наадах чинь татвар, шимтгэлийг өсгөхийн эсрэг байгаа миний байр суурийн гол шалтгаан. Төрийн зүгээс бидэнд бизнесийн эрүүл орчин, иргэдийн орлого амьжиргаа сайжрах нөхцөлийг бий болгож өгсөн үү, тийм тууштай бодлогыг энэ гучаад жилд хэрэгжүүлсэн үү гэдэг асуудал энд яригдана.

Хэрвээ тэгж чадсан, бизнес эрүүл, тогтвортой хөгжих нөхцөл бүрдэж, иргэд хангалттай орлоготой болсон бол татвар, шимтгэлийг нэмэх асуудлыг дэмжиж ч болох юм. Сүүлийн үед харьцангуй сайжирч яваа байдал анзаарагдаж байгаа боловч үнэхээр хангалттай нөхцөл бүрдээгүй.

Манай улстөрчид татвар шимтгэл нэмэхдээ гадаадын өндөр хөгжилтэй орныг ярьдаг. Тэр шимтгэлийн ард ямар улс төрийн төлөвшил, төрийн бодлого, бизнесийн орчин, иргэдийн амьжиргаа байгааг харах хэрэгтэй.

-Ипотек дээр амсуулах төдий мөнгө төсөвлөсөн. Зүй нь ипотек дээр дажгүй мөнгө тавивал барилгын салбар өндийнө, ажлын байр нэмэгдэнэ гээд компани, иргэд рүү хандсан эерэг нөлөө их. Ер нь ирэх жилийн төсөвт компани, иргэдэд анхаарсан ямар шийдэл байна вэ?

-Мэдээж ипотекийн зээлийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. Энэ зээлийн эдийн засаг нийгмийн үр дагавар өндөр л дөө. Гэхдээ энэ нь манай зах зээлийн бүтээгдэхүүн биш зохиомол зүйл.

Хүчээр эхлүүлсэн тул тодорхой хэмжээний асуудал гарч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийн эрүүл тогтолцоо үүсэж чадахгүй байгаа юм. Үүнийг засах гаргалгааг олох хэрэгтэй. Нөгөө талаас дараа жилийн төсвийн тухайд аж ахуйн нэгжүүдэд сайнаар нөлөөлөх гол зүйл нь татварын шинэ орчин. Энэ засгийн үед хийсэн эдийн засагт урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх томоохон ажил гэж би хувьдаа үзэж байгаа.

Бид зөвхөн муулах, шүүмжлэх биш сайн зүйлийг нь эергээр хүлээн авч дэмжиж чаддаг байх хэрэгтэй. Тухайн татварын орчин нь ЖДҮ-ийг хөгжихөд томоохон нөлөө үзүүлнэ гэж хүлээж байна. Татварын харилцааг шинэ түвшинд гаргаж чадсан нь бизнесийн орчин соёлд эерэг нөлөөлөх боломжтой. Гагцхүү Засгийн газрын зүгээс хэрэгжилтэд, татварын албаны технологийн болон мэргэжилтний чадавхад онцгой анхаарах шаардлагатай.

-Төсөвтэй холбоод асуухад ирэх онд эдийн засаг гадаад дотоод талдаа ямар байх таамаг ажиглагдаж байна вэ. Эрсдэл болон боломжийн хувьд?

-Бидэнд эрсдэл их байна. Монгол Улсын эдийн засаг гадаад зах зээл, уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай. Гадаад зах зээл дээр дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулж, томоохон эдийн засгууд үүнээс болгоомжлох арга хэмжээ авч байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч тэд үүний эсрэг ямар бодлого хэрэгжүүлэх нь бүрэн тодорхойгүй байна. Хаврын хурлаар томоохон шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Энэ бүгд нь бидний гол тулгуур болох эрдсийн салбарт сөрөг нөлөөлөх магадлалтай. Уул уурхайн салбартаа тогтсон бодлогогүй хэт улстөржиж байгаа нь бүр том асуудал.

-Төсөв, мөнгөний бодлогын уялдаа ер нь хэр байна. Анхаарах асуудал, олзуурхах тал гэвэл та юуг онцлох вэ?

-Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах гэдэг асуудлыг харьцангуй ойлгох хэрэгтэй гэж боддог. Энэ нь урд урдаасаа харж сууж байгаад чи ингэ, би ингэе гээд байдаг зүйл хараахан биш. Гэхдээ макро эдийн засгийн гол бодлогууд болохын хувьд зорилго чиглэл давхцах, хэрэгжилт нөлөөллийн хүрээнд уялдаатай харагдах нь гарцаагүй. Би хувьдаа эдгээр нь тус тусдаа өөр өөрийн зорилгод чиглэсэн хослол байгаасай гэж хүсдэг.

Гэхдээ бодит байдал дээр манай төсвийн бодлого хэт замбараагүй, тэлэлтэй байгаагаас мөнгөний бодлого арга буюу түүнд хөтлөгдөж ирсэн гэж боддог. Тодруулбал мөнгөний бодлогод төсөв эдийн засгийн чиг үүргээ хэрэгжүүлэх орон зай олгохгүй байгаагаас илүү эрсдэлийг бууруулах чиглэлд ажиллаж байна. Төсөв бага тэлсэн үед мөнгийг тэлэх боломж бий болж байна.

-Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд яах ёстой вэ, ирэх жилийн хувьд ханшид нөлөөлөх эрсдэл болон боломж гэвэл…?

-Ерөнхийдөө төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үндсэн арга нь урт хугацаандаа эдийн засгийн нөхцөл байдлыг л сайжруулах юм. Эдийн засгийг тэлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах.

Харин богино хугацаанд бидний хийж чадах байсан зүйл нь төсвийн хумих бодлого, мөнгөний тэлэх бодлогоор эдийн засгийн дэмжихийг хичээх явдал байсан. Энэ нь хэрэгжих боломжгүй болсон. Нөгөө хувилбар нь гадаадын хөрөнгө оруулалт, томоохон төслүүдийг хөдөлгөх асуудал. Энэ ямар байгааг та мэдэж байгаа.

-Жил жилийн төсөв дээр парламент ажиллаж чаддаггүй, усыг нь шүүдэггүй гэх шүүмжлэл бий. Энэ жил ч парламент хэт сул ажилласан гэдэгтэй та санал нийлэх үү. Төсвийн хэлэлцүүлэг дээр парламентын чадавхыг сайжруулахын тулд яах ёстой гэж та бодож байна вэ?

-Ер нь төсөвт нөлөөлөх УИХ-ын, цаашилбал улс төрийн тодорхой нөлөөллийг бууруулах хэрэгтэй. Парламент төсөв дээр ажиллаж өөрчлөх ганцхан л зүйл бий. Энэ нь тухайн төсвийн Монгол Улсын язгуур эрх ашиг, хөгжлийн бодлогод нийцсэн эдийн засаг, нийгмийн эерэг нөлөөлөл авчирч чадах эсэх асуудал. Гэтэл УИХ дээр ийм маргаан мэтгэлцээн явагдаж байна уу гэвэл үгүй. Тэр их авсан, би бага авсан гэсэн л булаацалдаан явагддаг.

Одоо бүр УИХ-ын гишүүд төсөвт санал өгдөг, нөлөөлдөг албан бус тогтолцоо бий болсон. Тэрийгээ өөрсдөө албан мэтээр ярьж суудаг болсон. Парламентын чадавхыг сайжруулахын тулд парламентын гишүүн байх хэмжээний хүмүүсийг парламентад оруулах хэрэгтэй л дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *