Categories
мэдээ цаг-үе

Удам дамжсан эмчийнх

Энэ удаа өнжсөн айлын маань эзэгтэй хүүхдийн чих хамар хоолойн эмч, нөхөр нь хөлбөмбөгийн спортод хориод жил зүтгэсэн эрхэм. Б.Дэлгэрмаа эмчийг чих хамар хоолойн гэдгээр нь эрүүл мэндийн салбарынхан анддаггүй юм билээ. Харин Д.Ганбатыг Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирлын албыг олон жил хашсан гэхээр спортод дурлагчид мэдэх байх. Эдний том охин нь бас олны танил. Дэлхийн мисст Монголоо төлөөлж анх удаа оролцож байсан Хонгорзул. Гэрийн эзэгтэйн утас руу залгатал уриалгахан нь аргагүй “Хүрээд ир ээ” л гэж байна. Товлосон цагтаа Зайсангийн “Оргил” супермаркетийн цаахна байрлах есөн давхар байранд нь яваад очлоо. Эзэгтэй хаалгаа тайлж өгөх зуураа “Цай даргилж байхад орж ирлээ шүү” гэж инээмсэглэн хэлээд ширээнээ урив. Буйдан дээрээ ном уншиж суусан гэрийн эзэн “Манай зээ хүү ирчихсэн бужигнуулж байна. Бид хоёрын амь даа” гээд зээгийнхээ толгойг илэв. Хонгорзулын том хүү юм байна. Зургаан настай Тайшир хүү хөлбөмбөгт жигтэйхэн дуртай гэнэ. Өвөөгийнхөө хөл бөмбөгийг өрөө дамжин хөөж гүйгээд гүйцэгдэх янзгүй жирийлгэнэ. Эзэгтэй “Миний зээ чинь өвөөгийнхөө хөлбөмбөг тоглож явсан он цагийг үргэлжлүүлэх хүү дээ” гэж хэлээд өхөөрдөн харав. Өвөө, эмээгийн амины зээ амралтын өдрөө ирдэг аж. Гал тогооны шүүгээний дээд талын хананд жирийтэл өлгөсөн дэлхийн улс, нийслэлийн нэртэй дурсгалын тавагнууд эднийд ирсэн хэний ч харааг татахаар содон юм. Дэлгэрмаа эмч “Бид хоёр их азтай. Манай нөхөр Монголын хөлбөмбөгийн холбоонд ажиллаж явсан учраас ажлынхаа шугамаар олон улсад очиж байсан. Би ч гэсэн эмнэлгийнхээ шугамаар өчнөөн оронд очсон. Европын бүх улсад очсон байх шүү. Очсон газар бүрээсээ ийм таваг авдаг юм. Би ЭХЭМҮТ-дөө их өртэй хүн. Тэр сайхан газарт хүүхдээ төрүүлсэн, хань минь тэнд намайг анх олж харсан гээд яривал олон сайхан дурсамж бий” гэж байна.

Гэрийн эзэн ярианд оролцож “Манай хүн иймэрхүү зүйл яриад хоёр дахин өндөр цалин амлаад байхад өөр газарт очдоггүй хүн дээ” хэмээн жуумалзав.

Бууз жигнэх зуур эзэгтэйтэй хууч хөөрөлдөв. Эзэгтэйн өвөг дээдэс үе дамжин Баянхонгорт аж төрж байж. Аав, ээж нь хоёулаа эмч гэнэ. Дэлгэрмаа эмч бидэнд цай аягалангаа “Миний аавыг Батаахүү гэдэг юм. Баянхонгорынхон андахгүй. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Ээжийн минь алдар Цэрмаа. Энх тунх үр ачаа тойруулаад жаргаж суугаа сайхан буурал бий” хэмээв. Аавынх нь талд эмч нар олон гэж сонирхуулав. Ээжийнх нь уг удмын түүх тун сонирхолтой юм. Богд хаанаас төрийн дууч цол хүртэж байсан хошуу ноёны туслагч Дандардорж эмээгийнх нь аав гэнэ. Эзэгтэйн эмээ өдгөө 104 настай буурай хажуугийнх нь байранд амьдардаг юм байна. Саявтар аавынхаа хэлмэгдсэний мөнгөн тэтгэмжийг авчээ. Эмээгийнх нь аав Дандардорж Богд хаанаас төрийн дууч цол хүртэж байжээ. Гурван өдөр тасралтгүй дуулахдаа нэг ч дууг давтан дуулаагүй гэсэн хууч яриаг эдний удмынхан өөр зуураа бахархан ярьцгаадаг юм байна. 1939 оны хэлмэгдүүлэлтийн үеэр баривчлагдаж яваад эргэж ирээгүй гэнэ.

Эзэгтэйн өвөө Халх голд байлдаж явжээ. Цусан гавьяаны улаан тугийн одон авч явсан хүн аж. Гэрийн эзэн эхнэрийнхээ эмээгийн удам судрын талаар ном бичиж эхэлжээ. Удам судрын тухай хөөрөлдөх үеэр Д.Ганбат ярианд оролцлоо. Гэрийн эзэн “Миний ханийн удам судар үүх түүх ихтэй. Цагаан сараас өмнө номоо дуусгачих санаатай үзээд л байна. Дандардорж гэж мундаг хүн хэлмэгдүүлэлтийн үеэр баривчлагдахдаа тавь дөхөж байсан юм билээ. Хошуу засаглаж явсан тэр хүний оюунлаг, сэхээлгийг, авьяасыг нь бахдаж барамгүй юм аа. Наад зах нь гэхэд л Богд хаанаас төрийн дууч цол авч байсан талаар манай хүн сая ярилаа. Бичгийн эрдэм соёл нь бүр гайхмаар. Манж, төвд, орос, хятад хэлтэй, оточ маарамбын ухаанд суралцсан хүн байж. Тухайн үеийн эрдэмтэй хүмүүс ямар мундаг боловсорсон байсныг харуулсан тод жишээ шүү. 11 хүүхэдтэй хүн байсан юм билээ. Баригдаад явахад нь 1921 оноос өмнө төрсөн долоон хүүхдийг нь шунахай феодалын хүүхэд гээд сургуульд сургаагүй хяхаж хавчсан эмгэнэлтэй түүх байна. Үр удмаар нь хэлмэгдүүлнэ гэдэг асар эмгэнэлтэй. Гэсэн ч сайн хүний үрс мөн чанараа гээдэггүйн үлгэр манай хүний удмаас харагддаг юм” хэмээн хууч хөөрөв.

Гэрийн эзэн нийслэлд төрсөн ч уг гарлаараа Өвөрхангайн Төгрөг сумынх гэнэ. Аав нь жолооч, ээж нь оёдолчин байж. Эдийн засагч мэргэжилтэй энэ эрхэм амьдралынхаа хорь гаруй жилийг хөлбөмбөгт зориулсан тухай сурвалжлагын эхэнд онцолсон. Багаасаа л хөлбөмбөг хөөж гүйдэг хүү байж. Их сургуулийнхаа шигшээд тоглож, хөл бөмбөгийн спортоор хичээллэж байсан залуу сургуулиа төгсөөд Дарханд ажиллахдаа ч Хөлбөмбөгийн холбооны Дархан дахь салбар зөвлөлийн даргын албыг давхар хашиж явжээ. Нийслэлд ирсэн хойноо ч холбоондоо идэвхтэй явсаар сүүлдээ холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирлынх нь албыг хашсан гэнэ. “Хөлбөмбөгөөр дэлхийд амжилт гаргахын тулд бид яах ёстой вэ. Тийм цаг хэзээ ирэх бол” гэж сонирхоход “Хөлбөмбөг тоглох дургүй хүн гэж үгүй. Хүүхэд байхаас нь спортын дөр суулгах ёстой юм билээ л дээ. Ер нь хөдөлгөөний эвсэл эзэмшүүлчихвэл хүүхдийн бие бялдар ямар ч спорт руу ороход бэлэн болдог. Үүнийг нь биеийн тамирын хичээлийнх нь агуулгад суулгаад өгчих хэрэгтэй. Энэ спортод дуртай хүмүүс нь байхад заах чиглүүлэх арга хэмжээг систем, дэс дараатай зохион байгуулахад хөгжихгүй юм гэж үгүй. Бид ингэж явсаар өнөөдөр дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод орж, дараагийн шат руугаа дэвшээд орох шинэ амжилт гаргаад эхэлчихсэн. Энэ бол олон жилийн хөдөлмөрийн шим. Өмнө нь бид хөлбөмбөгийн спортоо хөгжилтэй орнуудтай харьцуулж дор хаяж 100 жилээр хоцорч яваа гэдэг байсан. Сүүлдээ араас нь хөөгөөд гүйцэхгүйгээ мэдэрч, алгасч хөгжих төлөвлөгөө боловсруулах ёстой гэсэн шийдэлд хүрсэн л дээ. Тэгээд хөгжилтэй орнуудын туршлагыг судалж байгаад стратеги төлөвлөгөө боловсруулсан. Эцэст нь Азийн 48 орон дотроо стратеги төлөвлөгөө боловсруулах ажлаараа ялгарч чадсан шүү. Хоцронгуй хөгжиж байсан улсуудаасаа түрүүлээд хийчихсэн юм. Ийм шалтгаанаар Азийн хөлбөмбөгийн холбоо дээд шагнал болох Алтан од-оо надад өгч байсан түүхтэй” гэж ярилаа. Гэрийн эзэн Катарт очиж хүлээж авсан “Алтан од” шагналаа зочны өрөөндөө хүндэтгэлтэй байрлуулжээ. “Япончууд 2050 онд дэлхийн аварга болно гэсэн төлөвлөгөө гаргасан ч хамаагүй өмнө буюу 2010 он гараад л эмэгтэйчүүд нь дэлхийн аварга болсон” гэж ярих гэрийн эзэн хөлбөмбөгийн спортын ирээдүйд огтхон ч эргэлздэггүй гэнэ.

Гэрийн эзэн одоо зээ хүүтэйгээ гэртээ хөлбөмбөг “тоглож”, ном орчуулаад завгүй суудаг болжээ. Эзэгтэйн зав чөлөөтэй үеэр ууланд алхах, машинаараа хаа нэг тийш цэвэр агаарт гарангаа аялах, волейбол тоглох гээд идэвхтэй амрахыг илүүд үздэг аж. Эдний том охин нь тусдаа гарсан бол хоёр хүү нь Австралид сурдаг юм байна. Харүмофүжигийн “Шинэ Монгол” сургуулийн аравдугаар ангид сурдаг бага охин Индра нь бидэнд төгөлдөр хуур тоглож сонирхуулав.

Ганбат “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлж оролцсон охиныхоо тухай “Эцсийн шалгаруулалт нь Соёлын төв өргөөнд болоход нь л очиж байлаа шүү дээ. Охиноороо гуйлган байж очсон юм. Үзээд сууж байтал эхний гурав руу орох шинжтэй болчихлоо шүү. Дэд байр баараггүй нь дээ гэж бодоод сууж байтал түрүүлчихдэг байгаа. Маш сонин, гайхалтай мэдрэмжид эзлүүлж хэсэг сууснаа мартдаггүй юм” гэж дурссан бол эзэгтэй “Охинтойгоо тэр том арга хэмжээнд очоод Ази тивийнхээ охидоор бахархсан шүү. Ази тивдээ манай улсын охид бие хаагаараа онцгой. Монгол охид дэлхийн мисс болоход ойрхон гэж боддог” хэмээлээ.

Эзэгтэй яриа үүсгэх бүрдээ мэргэжлээрээ бахархсан үг унагах юм. Багаасаа хүссэн мэргэжил учраас эмчийнхээ мэргэжилд хайртай гэнэ. Онц сурдаг сурагч охин хамгийн сайн байсан химийн шалгалтдаа бүдэрч, конкурсдээ азгүйтэн Анагаахын дундын хуваарь авсан, аавынхаа ятгалгаар сувилагчийн мэргэжлээр суралцах болсон, сувилагчаар сурсан жилүүддээ шөнийн 22 цаг хүртэл номын санд сууж Анагаахын дээдэд урилгаар элссэн, төгсөөд гуравхан хоногийн дараа Улсын хоёрдугаар төв эмнэлэгт сэхээний эмчээр ажилласан гэж ирээд өчнөөн яриа хөврөв. Гэрийн эзэгтэй сэхээний эмч хийж байгаад Эх нялхсын төвд Чих хамар хоолойн тасагт эмчээр ажилд орсноосоо хойш өнөөг хүртэл ЭХЭМҮТ-д ажиллаж яваа гэнэ. Дэлгэрмаа эмч насаараа ажилласан төвийнхөө Хүүхдийн чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгчээр ажилладаг аж.

Хүүхдүүд чих хамар хоолойн өвчлөлд илүү өртөмхий байдаг гэнэ. Дэлгэрмаа эмч ногоон салат таваглах зуураа Манай зөвлөх поликлиникийн статистикийг харахад хамгийн их өвчлөлтэй нь чих хамар хоолой, мэдрэл, уушгины тасаг байдаг юм. Сүүлийн үед ээж, аавуудад нэг алдаа анзаарагдаж байна. Хүүхдийнх нь хоолой өвдөнгүүт дур мэдээд антибиотик өгчихдөг. Эдгээд дахиад өвдөхөд нь дахиад антибиотик өгдөг. Саяхан Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн захирал Баясгалан эмч анхаарахаар сэдэв хөндсөн харагдсан. Антибиотикийн эмх замбараагүй хэрэглээний нөлөө хэдэн жилийн дараа антибиотикт дарагдахгүй өвчин болж гарч ирнэ гэсэн утгатай үг хэлсэн байна лээ. Үнэхээр үнэн үг” гэж байна.

Хаана ч явсан чихэвч зүүж яваа хүүхэд залууст хамаатай яриа ч бидний дунд өрнөв. Хүний сонсох босго хэмжээ 20-30 децибел байх ёстой гэнэ. ДЭМБ өндөр децибелтэй хөгжим сонсохыг хориглодог юм байна. 40 децибелийг сонслоо гэхэд хагас цагаас хэтрүүлж болохгүй гэсэн зөвлөмж хүртэл гаргачихаж. Удаан хугацаанд чанга дуу сонсоод байвал чихний мэдрэлийн эсийг сөнөрөлд хүргэдэг аж. Өнөөдөр чихэвчээр чанга дуу сонсч яваа хүүхэд, залуус хэдэн жилийн дараа сонсголын эмгэгтэй болох магадлал маш өндөр гэж Дэлгэрмаа эмч ярилаа. Дэлгэрмаа эмчийг 1990-ээд онд Солонгост очиход нэг доктор гудамжинд чихэвч сонсон яваа өсвөр насны хүүг заагаад “Ирээдүйн өвчтөн маань энд явж байна” гэж хэлж байж. Тэр доктор хожим 2013-2018 онд Дэлхийн чих хамар хоолойн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилласан гэнэ.

“Шүдний өвчлөл хоолойн өвчлөлд нөлөөлдөг гэж сонссон. Энэ хэр бодитой мэдээлэл вэ” гэж сонирхоход Дэлгэрмаа эмч “Гүйлсэн булчирхайн үрэвслийг үүсгэдэг стрептококк гэж бактери бий. Энэ бол шүдийг хорхойтуулдаг бактери. Шүд хорхойтой бол гүйлсэн булчирхайд заавал нөлөөлдөг. Гүйлсэн булчирхайг үрэвсүүлдэг, архаг үрэвсэлд хүргэдэг. Тэгэхээр амны хөндий эрүүл байж гүйлсэн булчирхайн үрэвсэл тусахгүй. Шүд хорхойтой бол чих хамар хоолойн үрэвслээс гадна хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Эрүүл шүд хөтөлбөр хэрэгжээд эхэлчихлээ, хоёр, гуравхан жилийн дараагаас үр дүн нь мэдрэгдээд л эхэлнэ. Манай улс чинь их гоё. Зөв зүйл эхлүүлчихвэл үр дүн нь тэр дороо гардаг” гэв.

Жар, далаад онд эмч нарыг сандаргаж байсан стафилоккокоор үүсгэгддэг буглаа сүүлийн нэг хоёр жилд мэдрэгдэхүйцээр өссөнийг гэрийн эзэгтэйтэй яриа дэлгэж суухдаа сонсов. ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын эмч нар өдөрт энд тэнд гарсан 20-30 буглаа нээж байгаа гэнэ. Дэлгэрмаа эмчийн “Чих хамар хоолойн тасагт ингэж ирэх хүүхдийн тоо сүүлийн нэг жилд ихэссэн. Хоолойг нь дутуу эмчилдэг, хорхойтой шүдтэй, антибиотикийн буруу хэрэглээнээс болж гүйлсэн булчирхайнуудад буглаа үүсдэг. Тэрнээс болж хүүхдүүд амаа ч ангайж чадахгүй, хордлогод ороод хүнд байдалтай ирж байна. Гүйлс орчмын буглаа үүсч эмнэлэгт ирэх хандлага сүүлийн жилд ихэсчихлээ. Долоо хоногт тогтмол таваас зургаан тохиолдол ажиглагдаж байна. Стафилоккок бол маш хоруу чанартай. Идээ буглаа үүсгэдэг. Ерээд оноос хойш бараг ажиглагдахаа байсан буглаа эрс нэмэгдэх болсон нь ерөөсөө л эрүүл мэндийн боловсролтой холбоотой” гэсэн үг аав, ээжүүдэд хүргэмээр өнцөг санагдав.

Хүүхдүүддээ нафазолин хэрэглэж, тэр нь наркоман буюу донтолт болж хувирч байна гэсэн мэдээлэл цацагддаг. Бидний ярианы нэг сэдэв энэ байсан юм. Нярай хүүхдэд физиологийн битүүрэл гэж байдгийг мэдэхгүйгээсээ болж олон ээж хүүхдийнхээ хамрыг ухаж, цэвэрлэж, элдэв дусаалга хэрэглэж үрэвсүүлж гэмтээдэг гэнэ. Дэлгэрмаа эмч ээжүүдэд “Эхийнхээ хэвлийд усанд бойжиж байгаад гарч ирсэн хүүхэд хуурай орчинд гарахаараа маш их хэмжээний салст ялгаруулж эхэлдэг. Аливаа эрхтэн дасан зохицох, хамгаалах чадвартай учраас ийм шинж ажиглагдаж байгаа юм. Тэр үед хамрыг нь цэвэрлэж, дусаалга дусааж цочроож болохгүй. Наад талыг нь арчиж цэвэрлэж, 50-60 хувийн чийгшилтэй орчинд байлгаж, 0.65 хувийн салин гэж уусмал дусаахад л болно” гэж зөвлөв. Нэг зүйл сонирхуулж хэлэхэд Европын чих хамар хоолойн нийгэмлэгийнхэн “Ээжүүдийн хэт анхаарах хам шинж”-үүдийг жагсаачихаж. Эхэнд жагссан хам шинж нь хүүхдийнхээ хамрыг битүү гээд ухсаар байгаад үрэвслүүлдэг ээжүүдтэй холбоотой юм байна. Бас нэг сонин мэдээллийг Дэлгэрмаа эмчээс сонслоо. Шилжилтийн насны хүүхдүүд, жирэмсэн бүсгүйчүүдэд гормоны гаралтай хамрын битүүрэл гэж байдаг гэнэ. Ийм онцлогийг мэдэхгүйгээс болж шилжилтийн насныхан хамрын дусаалга их хэрэглэж, сүүлдээ наркоман буюу донтолтын хэлбэрт ордог болжээ. Бэлгийн хоёрдогч шинж илрэхэд гормон ихэсч, тэр нь хамарт нөлөөлдөг юм байна. Дэлгэрмаа эмч “Хамрын гормонтой дусаалга гэж бий. Гэхдээ мэргэжлийн эмч нарын зөвлөмжөөр л хэрэглэх ёстой. Хамрын судас агшаах дусаалга гэж байгаа. Хамар битүүрэлтийг архаг, хурц, харшлын гаралтай үрэвсэл гэх мэтээр ангилдаг. Сүүлийн үед эмийн гаралтай хамрын битүүрэл ихэссэн. Эмийг долоо хоногоос илүү дусааж болохгүй” гэж яриагаа үргэлжлүүллээ.

Хүүхдийг дөнгөж төрөнгүүт хараа, сонсгол, түнх, бодисын солилцооных нь шинжилгээг хийж ямар нэг эмгэгтэй эсэхийг шууд тодорхойлох боломжтой болсон тухай гэрийн эзэгтэйгээс сонсов. Түнхний мултралыг дөнгөж төрөхөд нь оношилдог болсноос хойш энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд гэмтлийн эмнэлэгт очихоо больж. Хараа, сонсголын хувьд ч гэсэн дөнгөж төрөхөд нь шинжлэхэд гайхмаар үр дүнтэй эмчилж болдог гэнэ. Сонсгол нь асуудалтай нярайг гурав, зургаан сартайд нь давтан үзлэгт оруулаад сонсголгүй нь тогтоогдвол дунгийн суулгацын мэс засал хийгээд сонсголтой болгоод эхэлчихэж. 2009 оноос хувийн эмнэлгүүдэд хийж эхэлсэн энэ хагалгааг улсын эмнэлэгт даатгалын мөнгөөр хийдэг болсон гэнэ. 30-40 саяар үнэлэгддэг дунгийн суулгацын аппаратны үнийн 25 хувийг нь аав, ээж, 75 хувийг төсвөөс гаргадаг юм байна. Дэлгэрмаа эмч “ Бид хоёр нас дөрвөн сартайд хүүхдэд дунгийн суулгацын хагалгаа хийж байсан. Хагалгаа хийснээс нэг сарын дараа аппаратыг нь асаахад хүүхэд цочино, гайхна. Ээжийнхээ дуунд хариу үйлдэл үзүүлнэ. Таг сонсголгүй хүүхдийнхээ сонсож байгааг харсан аав, ээжүүд ямар их баярладаг гэж санана. Уйлна, баярласнаа илэрхийлнэ, бүр баярласандаа хагалгаа хийсэн багийнханд мөргөж байсан ээж бий. Хүн урмын амьтан. Мэргэжилдээ дурлаж өдий хүртэл цаг завгүй ажиллаж яваа эмч нар яг энэ агшинд урам авч, юугаар ч илэрхийлэх аргагүй кайф мэдэрдэг. Гэнэт юм сонсч эхэлсэн тэр жаахан амьтны харц, инээд, ер үйлдэл бүхэн нь ямар их кайф мэдрүүлдэгийг зүйрлэж хэлэх үг олдохгүй байна. Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлж байгаа аав, ээжүүдээс маш том урам авдаг. Юу ч сонсдоггүй байсан хүүхэд сонсдог болж, гадаад орчинтойгоо харилцаж, ээждээ хөтлүүлээд инээгээд ороод ирэх агшныг харах хамгийн сайхан” гэж хэлээд инээмсэглэлээ. Чих нь төрөлхийн битүү төрсөн хүүхдүүдэд ч сонсгол бэлэглэх асуудалгүй болж. Долоон сартай бяцханы духанд чичиргээнд аппарат зүүж өгөнгүүт л сонсч эхэлсэн сэтгэл хөдлөм түүхийг эзэгтэйгээс сонсов. Алга ташихаар ийш тийш харж хариу үйлдэл үзүүлсэн хүүхдээ ээж нь хараад баярласандаа нулимсаа барьж дийлээгүй гэнэ. Энэ мэт олон сайхан түүх сонсч хэсэг суулаа. Битүү чихтэй хүүхдэд багад нь ийм аппарат зүүж, зургаа долоон настайд нь суваг хийж өгч, 15 хүрэхээс нь өмнө хавирганы мөгөөрснөөс нь аваад дэлбэн хийж өгөхөд л эв эрүүл болчих юм байна.

Сав л хийвэл эмнэлгээ, ажлаа ярих гэрийн эзэгтэй ярианыхаа төгсгөлд “Гадаадад эмч нарыг маш их үнэлдэг. Төлөвлөгөөт хагалгаа гээд хагалгаанд орох хугацааг нь хэлэхэд хүн бүр хүндэтгэн хүлээж авдаг. Гэтэл манайхан нэг өдөр ч хүлээх дургүй, элдэв шүүмжлэл хэлдэг. Би социализмын үед эмч хүний хүүхэд байсан. Тэр үед эмч нарыг гойд хүндэлдэг байсныг та ч мэдэх байх. Зориод ирж байгаа хүүхдүүдийн аав, ээж, ойр дотны хүмүүсийн хандлагыг анзаарах нь ээ талархах сэтгэл багасч дээ гэсэн гутранги бодол төрдөг шүү. Уг нь монголчууд найрсаг, налгар ард түмэн. Шилжилтийн үетэй л холбоотой үзэгдэл шиг байна” гэж хэлсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *