Categories
мэдээ нийгэм

Хуучирсан автомашиныг дахин боловсруулах эрхзүйг бүрдүүлнэ

Хуучирч, хэрэглэхгүй байгаа автомашины эд ангийг дахин боловсруулах талаар ЗТХЯ-наас зохион байгуулсан уулзалтаар хөндлөө.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн 7-р сард манай улсад айлчилсан Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Ясухиро Шинохаратай уулзах үеэр Монголд гибрид хөдөлгүүртэй автомашины тоо ихээр нэмэгдсэн тул ашиглалтаас хасагдсан батерейг дахин боловсруулах, устгах шаардлага байгаа талаар санал тавьж уулзаж байсан юм. Уулзалтын хүрээнд манай талаас ашиглалтаас хасагдсан автомашин, түүний хар тугалга, никел метал, никел устөрөгчийн, литийн ионы зэрэг аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийг Японы техникийн туслалцааны хүрээнд Монголд байгуулах саналыг тавьсан билээ.

Дээрх саналын хариуд Ясухиро Шинохара сайд холбогдох байгууллага, албан тушаалтанд саналыг хүргүүлж, анхааран ажиллахаа мэдэгдээд “Приус” автомашинаас гардаг хаягдал батерейг Монголд дахин боловсруулах үйлдвэр барих бус харин “Тоёота” компани Монгол Улсад хор хохирол учруулахгүй байх үүднээс хаягдал батерейг Япон улс руу буцаан татах саналтай байгааг дуулгасан.

ЗТХЯ-нд өчигдөр болсон “Ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх нь” олон улсын уулзалт чухам дээрх сэдвийг хөндлөө. Уулзалтаар Монгол Улсад ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, үйл ажиллагаа явуулах, эрх зүйн орчныг бий болгох талаар хэлэлцлээ.

ЗТХЯ энэ талаар бодлогын хэмжээнд анхаарч, эрхзүйн орчныг бүрдүүлэхээр энэ 11-р сарын 17-ныг хүртэл “Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-д санал авч байна.

Уулзалтад ЗТХЯ, БОАЖЯ, АТҮТ, ТЦА, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, БНСУ-ын “Койка” олон улсын байгууллага, “Монгол авто ресаикл парк” ХХК зэрэг төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *