Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд 800 хятад иргэн орогнож байсны цаад учир юу вэ?

-“ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД АЛБАДАН ГАРГАСАН ХҮМҮҮСИЙН ДУНД БАЙСАН” ГЭВЭЛ ЯАХ ВЭ-


Харь улсын 800 орчим иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бүгэж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан дуулиант хэрэг мандлаа. Хэрэг мандаад дөрөв хонов уу, үгүй юу тэднийг манай хууль, хяналтынхан нутаг буцаачихлаа. Ард нь гурван сая монголчууд ийм олон хятад иргэн Монголд юу хийж байв гэдэг асуултын тэмдэгтэй л үлдлээ. Учир нь өнөө хэр энэ талаарх мэдээлэл бүрхэг хэвээр байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл “БНХАУ-ын иргэдтэй холбоотой үүссэн энэ асуудал мөнгө угаах хэмжээнд яригдаж байна. Мөнгө угаах гэдэгт тоглоом ч байж болно, бусад хэлбэрээр ч байж болно” гэсэн өөх ч биш, булчирхай ч биш энэ тайлбар олон нийтийг төөрөгдөлд оруулж буй. Тийм ч учраас хятадууд хэдэн зуугаараа Монголд орогносон шалтгааныг олон нийт янз бүрээр тайлбарлаж байгаа юм.

Хамгийн эхнийх нь Монгол Улс руу чиглэсэн цахим халдлага. Цахим халдлагын тухайд манай улс руу чиглэж гаднаас хэдэн мянган халдлага ирдэг гэлцдэг. Халдлагад өртөөд сүр дуулиан болдоггүйг бодоход манай улсын олон улсад эзлэх байр суурь жинтэй биш учраас тэгсхийгээд зогсдог гэх юм билээ. Түүнээс биш манайхан өөрсдөө тэр олон халдлагаас хамгаалдаг мундаг чадвартайдаа биш. Цахим халдлага, цахим гэмт хэрэг гээч нь дэлхийн аль ч өнцгөөс хандаж болдгоороо онцлог. Тиймээс манай улсад олон зуугаараа суурьшиж байгаад дотроосоо халдана гэдэг ойлголт өнөө үед өрөөсгөл. Тэр олон хакеруудыг унаа, хоол, байр, буудал гээд зардал өндөр гарна. Цахим халдлага хийхдээ тулбал 800 хятад биш, 10 чадвартай хакер байхад л хангалттай хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна.

Өөрөөр бидэнд бас нэг танил үндэслэл бол цахим орчинд худлаа мэдээлэл тараах тухай юм. Сошиал сүлжээ хөгжсөн сүүлийн дөрөв, таван жил манай улсад худлаа мэдээллийг яаж үнэн болтол нь хувиргаж чаддаг технологийг монголчууд бүрэн эзэмшээд төгсөж байна гэж хэлж болохоор байгаа. Гэтэл саяын 800 хятадыг энэ, тэр намын хөлсний бичээчид гэж ирээд цуурлаа. Монгол хэлээр хуурамч мэдээлэл түгээдэг хятад ч гэж юу байх вэ. Монголчууд өөрсдөө үүнийг өлхөн хийчих хүмүүс. Тиймээс өөр л асуудал байж таараа.

Сүүлийн үед эх газрын Хятад руу чиглэсэн цахим луйврын үйл ажиллагаа хүчээ авсан гэгддэг. 2016 онд Фижи улсын цагдаагийн байгууллага онлайн луйвар хийсэн хэргээр нэг дор 77 хятад иргэнийг баривчилж байжээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Филиппиний цагдаа нар бас л томоохон баривчилгааг хийжээ. Тус улсын Манила хотын дүүргүүдэд бүгээд байсан 542 хятад иргэнийг баривчилсны дотор нь 400 гаруй нь БНХАУ-ын иргэд байжээ.

Тэдний баригдсан газраас өндөр хүчин чадалтай компьютер, гар утас олноор гарсан гэдэг. Тэднийг интернэт орчинд луйвар хийдэг гэж буруутгасан юм. Үүнээс гурван сарын дараа Камбожид дээрхтэй ижил үндэслэлээр 235 хятад иргэнийг саатуулсан тохиолдол гарсан байна.

Хятадад сүүлийн жилүүдэд онлайн худалдааны платформуудад review, comment бичдэг үйлчилгээ дэлгэрч, энэ төрлийн бизнес хүчээ авсан гэнэ. Тиймээс Хятадын дотоод хяналтаас зугтаж хилийн чанадаас хийдэг бүлэглэл бий болсон гэж үздэг аж. Нөгөө талаар лайк дарж мөнгө олдог Click Farm, Pay-per-like гэх шинэ төрлийн бизнес ч байдаг юм байна. Үүнийг Монголоос хийлээ гэхэд бас л зардал мөнгөний асуудал яригдана. Зүүн Өмнөд Азийн орнуудад үүнийг хийх боломжийн нөхцөлтэй газрууд байдаг гэлцэх.

Баригдсан иргэдийг харахад Бээжингээс өмнөд хэсгийн хятадууд гэдэг нь шууд харагдана лээ. Хамгийн сүүлчийн хувилбар нь Хонконгийг дэмжигчид Монголд үүрлэсэн гэх үндэслэл. Энэ цаг үед БНХАУ, Хонконг хоёрын хооронд үүссэн асуудал дэлхийн анхаарлын төвд буй. Үүнтэй холбон тайлбарлах үндэслэл ч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хонконгийн үймээн самууныг Хятадын хилийн гаднаас дэмжих зорилгоор нийгмийн сүлжээнд дэмжлэг олох гэсэн оролдлого байж болох талтай. Улаанбаатарын томоохон зочид буудлуудаас баригдсан 800 орчим иргэний 300 нь хонконг иргэд байсан гэх мэдээлэл дуулдаад байгаа. Хонконгийг дэмжигчид Монголд үүрлэснийг Хятадын аюулаас хамгаалах байгууллага мэдээлж, манай талд дуулгасан гэх албан бус мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Хятадаас ирүүлсэн мэдээллээр хонконгчуудыг баривчилсан гэгдэж байна. Баривчилгаа хийгдэж эхэлсэн даруйд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гарган “Монголын хууль хүчний байгууллагыг дэмжин, бат нягт хамтран ажиллана” гэж мэдэгдсэн шүү дээ. Түүнээс биш манай хууль хяналтынхан өөрсдийнхөө ур чадвараар илрүүлсэн гэхэд үнэмшил багатай л сонсогдоод байгаа юм. Хэдэн жилийн өмнө онгоцны сэлбэг хил давуулах гэж байсан үйлдлийг манай хууль хяналтынхан бус хил дамнан олон улсын байгууллагаас мэдэгдэж зогсоож байсан жишээ бий. Тиймээс энэ бол хамгийн бодит тайлбар ч байж мэдэх.

Цахим халдлага, цахим луйвар, худлаа мэдээлэл тараах ажиллагаа, Хонконгийн жагсагчдыг дэмжих ажиллагаа аль нь ч бай 800 хятад иргэн нэг зорилгоор нэг дор ажиллаж байсан нь Монгол Улсын хувьд аварга том тоо. Тагнуул, цагдаа, хил, гааль, иргэн харьяат гээд холбогдож болох бүхий л байгууллагын хувьд онцгой нөхцөл байдал мөнөөсөө мөн. 800 хятад иргэн Монгол Улсад баригдаж байна гэдэг Филиппин, Камбож, Фижи зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудад баригдаж байсан хятадуудаас хавь илүү тоотой байгаа нь анхаарал татна. Тийм ч учраас Монгол Улсын хууль хүчний байгууллагад том дохио боллоо. Бас тэд ямар сул, арчаагүй гэдгээ харууллаа. Улс орны аюулгүй байдал тэг заасныг мэдэгдлээ. Монгол Улс эзэнгүй орон болсныг баталж орхив.

Хууль хүчнийхэн эдгээр хятадуудыг өнгөрсөн наймдугаар сараас хойш ажигласан, хяналтдаа авсан гэж мэдэгдээд байгаа. Үнэндээ энэ бол тийм ч үнэмшихээр тайлбар биш. 80 хятадаас 800 болтлоо нэмэгдээд юу хийж байсныг хоёр сарын дараа ч бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй байгааг харахад л ойлгогдоно. Хятадуудыг баривчилсны дараа л Засгийн газар хаалттай хурал зарлаад хууль хүчнийхнээс тайлбар сонсч буй нь Монголын төр ч, хууль хүчнийхэн ч бэлтгэлгүй, мэдээгүй байсны тайлал бус уу.

Дээр нь энэ улсын тусгаар тогтнолын манаачид болох тагнуул, цагдаа, хил, гааль, иргэний харьяатын үйл ажиллагаа ямархан явагддагийг ёстой нэг ард түмэнд илчилж өглөө. Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн бага хурал зарлан “Манайд 130 гаруй улсын 28 мянган орчим иргэд оршин сууж байгаа. Тэдний 13 мянга орчим нь БНХАУ-ын иргэд байна. Эдгээр бүх иргэд Монгол Улсын хууль хяналтын байгууллагын бүртгэлгүйгээр, хяналтгүйгээр оршин суух боломжгүй” гээд ам бардам ярьж суусан сан. Гэтэл нэг дороос хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 800 хятад иргэний баривчилгаа юу болж таарав. Нэг удаагийн баривчилгаагаар ингэж хэдэн зуугаараа гарч ирж байгаа юм чинь дахиад ухвал хэчнээн бүртгэлгүй, хууль бус хятад иргэд байгаа бол. Ялангуяа холын аймгуудад бүр ноцтой тоо гарч мэдэхээр нөхцөл байдал бий болсныг орон нутгийнхан байсхийгээд л гомдоллодог.

“Визний наймаа ви-чатаар л явагддаг ш дээ” гэх дипломат асны яриа хуучраагүй байх энэ үед хийгдсэн 800 хятадын баривчилгаа үнэхээр л манай улс руу нэвтрэх виз олголт хяналтгүй, авлигаар явагддаг нь тодорхой болж орхилоо. Ялангуяа Эрээн, Хөх хотын Консулын газарт энэ асуудал хамгийн их хамаатай.

Аль ч улсад зочид буудлууд хууль, хяналтынхны байнгын хараанд байдаг. Болж бүтэхгүй болгон зочид буудалд өрнөдөг болохоор тэр. Энэ удаа ч тэглээ. Улаанбаатар хотын томоохонд тооцогддог таван буудлаас хятадуудыг саатуулсан билээ. Тэгвэл тэдгээр буудлын зарим нь хятад эзэдтэй гэх мэдээлэл гарсан юм. Зарим нь сар гаруйн өмнөөс буудлынхаа гадна хашаагаа өндөрсгөж, хаалттай болгон, хөл хорио тогтоосон гэх юм билээ. Үнэхээр ч тийм болж таарлаа. Түүнээс биш олон зуун хятад иргэн төвхнөөд, учир битүүлэг үйл ажиллагаа хийж байгааг харсан монгол нөхөр эрх биш дуугүй явмааргүй юм. Үүрэн холбооныхон ч тэр. 10,000 сим худалдаж аваад л, интернэт сүлжээгээ өргөтгөөд байгааг үндэсний гэгддэг утасны компаниуд ажиглаа болов уу. Эсвэл тэдэнд ашиг л чухал байв уу. Дээр нь тэр олон гар утас, 1000 орчим компьютерийг хил гаалиар оруулж ирээд, утасны төвүүдээс цуглуулж байхад монгол хүний гар оролцсон л байж таараа. Тэд бүгд эх орноосоо урважээ.

Ингээд эцэст нь тэдгээр хятад иргэдийг хүчний байгууллагаас саатууллаа. Саатуулсан ч гэж дээ, байрлаж байсан зочид буудалд нь хамгаалж байсан гэвэл илүү тохирно. Үүнийгээ манай хууль, хяналтынхан “Баривчилж хорих байр савны хүрэлцээ муу” гэж тайлбарласан юм. Гэтэл 2008 оны долдугаар сарын 1-нд монгол залуусаа мянгаар нь “Дэнжийн 1000”-д хорьж байсан удаатай юмсан, уг нь. Монголчуудыг барьж хорих нүх сав хаана ч олддог, хятадуудад олддоггүй, тансаг зочид буудалд тааваар нь хэвтүүлж байгаад явуулсан сонин л явдал боллоо доо.

Гэхдээ юмыг хэтэрхий харлуулсан гэж ойлгох вий. Хоёр талтай авч үзэх зарчмынхаа хүрээнд эдгээр 800 орчим иргэн Монгол Улсад ямар үр өгөөж өгөв гэдгийг тооцох гээд үзье. Тодорхой зүйл нь буудлын хөлс, хоол ундны зардал, үүрэн холбооны компаниас 10,000 сим худалдаж авсан орлого, интернэт ашигласан төлбөр мэтхэн л байх болов уу даа.

Ийнхүү монголчууд 800 хятад иргэн баригдлаа гэсэн сүр дуулиантай өгүүлбэрээс цааш гараагүй байтал дуулианы эзэд нутаг буцчихлаа. Тэднийг ямар ч хэрэгт буруутгасангүй, шүүхээр ч оруулсангүй. Дэлгүүрээс талх хулгайлсан, машин мөргөсөн хэнбугайг ч манай цагдаа нар шалгаж байна гээд уяж чаддаг. Шүүхээр оруулдаг, ял оноодог улс. Гэтэл цахим гэмт хэрэг өдүүлж олон улсын онц ноцтой гэмт хэрэг үйлдэж байсан хятад иргэд ямар ч шийтгэлгүй гэртээ харьчихдаг нь шударга явдал мөн үү. Тэднээс 14 хятадыг хоёр монголтой нь барьж үлдсэн гэж байгаа. “Гол зохион байгуулагч албадан гаргасан хүмүүсийн дунд байсан” гэвэл яах вэ. Энэ мэтчилэн ээдрээтэй, бүрхэг, бүр гайхмаар үйл явдал өнгөрсөн хэдхэн хоногт болж өнгөрлөө.

Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн хууль зөрчин олон улсад хориотой гэмт хэрэг үйлдэж байсанд холбогдох байгууллагын албан тушаалтнууд одоо хариуцлага хүлээх ёстой. Гэтэл эсрэгээр нь гавьяа байгуулсан юм шиг таахалзах боллоо. Хууль бус үйл ажиллагаа явуулах зорилго агуулан нэг биш, хоёр биш, бүхэл бүтэн 800 хүн хилээр орж ирээд тусгаар тогтносон улсын нийслэлд төвхнөөд хоёр сар орчим болохдоо юу хийсэн нь өнөөдөр хүртэл тодорхойгүй байна. Маш эрсдэлтэй хоёр сарын хугацаа өнгөрснийг монголчууд ухаарах ёстой. Бидний дэргэд, хууль хяналтынхны хамар дор технологийн өндөр мэдлэгтэй залуус гэмт хэрэг үйлдэж байж. Ийм нөхцөлийг бүрдүүлсэн хил, гааль, гадаадын иргэн харьяат, цагдаа, тагнуулаас хариуцлага хүлээх ёстой бус уу, сайд, дарга нар аа.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *