ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн аравдугаар сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ.
Тэмцээнд Их мастер цолтон, Европын цомын аварга, ОХУ-ын багийн болон клубийн тэмцээний аварга зэрэг өндөр зэрэглэлийн шатарчид оролцжээ.
Парламентын гишүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон гишүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар уулзаж, баяр хүргэсэн байна. Тэрбээр “Дэлхийн улс орнуудын хууль тогтоогчидтой оюуны спортын төрлөөр өрсөлдөж өндөр амжилт гаргасан Та бүхэнд талархал илэрхийлье. Монголын парламентад шатрын спортоор хичээллэгч гишүүд цөөнгүй бий. Цаашид тус тэмцээнд бэлтгэж, тогтмол оролцож байх нь чухал юм” гэлээ.