Categories
мэдээ нийгэм

С.Баярцогт: Оюу толгойн гэрээний төлөө би авилгал хээл хахууль аваагүй

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” нэртэй товхимлыг хэвлүүлсэн талаараа хэвлэлийн хурал хийлээ.

Тус товхимолд тухайн үеийн гэрээ бүрэн эхээрээ байгаа төдийгүй, шийдвэр гаргах явцад болсон хуралдааны тэмдэглэлүүд, УИХ-ын чуулганд хэн хэн оролцсон, дэмжиж, дэмжихгүй ямар үг хэлсэн зэрэг хуралдааны бүрэн тэмдэглэл багтсан байна.

Тэрбээр “Одоогоос арав гаруй хоногийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэсний арван жилийн ой тохиосон. 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улс тусгаар тогтносноос хойш хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Энэ гэрээ бол хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гэрээ байсан. Зургаан сарын хугацаанд хоёр талаас биелүүлэх заалтуудаа биелүүлсний дараа буюу 2010 оны 3 сарын 31-нд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Арван жилийн ойг тохиолдуулаад ажлын хэсэгт ажилласан, 2012-2016 оны УИХ-ын бүрэлдэхүүн, С.Баярын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Би 500 гаруй хуудастай товхимлыг гаргасан. Та бүхэн гайхаж байгаа байх. Яагаад ийм товхимол гаргах болсон таван шалтгаан бий.

2018 онд АТГ-аас Оюу толгойн гэрээтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, тэр дороо хорьж 73 хоног хорьсон. Гэрээг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид гэрээний талаар мэдлэггүй байна гэж бодсон. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч мөн л адил буруу мэдээллээр мэдээлэл хийж байгаа нь шийдвэр гаргадаг гишүүд хүртэл худал мэдээллээр шийдвэр гаргаж болзошгүй юм байна гэж бодсон.

Төсөлтэй холбоотой гэрээ арван жилийн турш нууцын байдалд байсан гэх хуурамч мэдээлэл гаргаад түүгээрээ ном зохиол бичиж байна. Бид гэрээгээ уншиж, судлахгүй байж, гэрээ хэлэлцэх явцад гарч буй зөрчил, үйл ойлголцлыг гэрээ рүү чирч авчирч байна. Гэрээний зохицуулалт, хэрэгжүүлэх хоёр тусдаа гэдгийг ойлгох ёстой. Үүнийг товхимлоос харж болно.

Би УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд талархаж байгаа. Шинжээчийн дүгнэлт гэдэг бол ярьж болохгүй зүйл. Гэтэл Т.Аюурсайхан бүгдийг нь задлаад гишүүдэд тараагаад, ном зохиол хүртэл бичсэн байна” гэсэн юм.

Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд “Оюу толгойн гэрээ С.Баярцогт, С.Баярын гэрээ биш, Монгол Улсын гэрээ. Сайныгаа олуулаа хувааж, саар юм аа хэн нэгэн рүү чихдэг. Энэ гэрээг Засгийн газар, Оюу толгой гээд олон газар сурталчилж таниулах ёстой байсан. Асуудал шийдэгдэх болов уу гэж хүлээсээр ирсэн. Гэвч маш олон хүн дуугүй хүлээгээд байвал буруудахын шинж гэдгийг хэлсэн учраас нээлттэй байхаар шийдсэн. Бид соён гэгээрүүлэх иргэнийхээ үүргийг биелүүлж энэхүү товхимлыг гаргасан. Намайг ганц Монгол Улсад шалгаж байгаа биш. Швейцарт ч яг адил хэрэг үүсгээд шалгаж байгаа. Энэ гэрээний төлөө би авилгал хээл хахууль аваагүй. Би зөв зүйтэй гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байна. Он цагийн шалгуурт үнэн нь тогтоогдоно байх” гэлээ.

Энэхүү товхимол нь хэвлэл мэдээллийн редакциуд болон Төв номын сан, их сургуулиудын номын сангуудад тараагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *