Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цаасан уутаар гайхамшиг бүтээж буй “Бодь шим”-ийнхэн

Гэр хорооллын өндөр дэнж дээр худалдаж авсан хашаандаа анх ганц чингэлэг тавьж үйл ажиллагаагаа эхэлж байсан “Бодь шим” компани өнөөдөр цэлгэр хашааг үйлдвэрийн байраар дүүргэж, олон хүн шуугьсан их ажлын талбар болгожээ. Өөрийн хичээл зүтгэл, шударга хөдөлмөрөөр цаасан торны үйлдвэр байгуулж, өдий болтол олон зуун үйлчлүүлэгчидтэй болж, найман хүнийг ажлын байраар хангаж байгаа үйлдвэрийн захирал М.Энхтуяа биднийг угтан авсан юм. Өндөрлөг газар тул утаа алга. Мөн нийслэлийг дээрээс тольдон харахад таатай сайхан аж. Хашаанд ороход хоточ банхаруудын дуу цуурайтаж, торонд олон тооны цагаан тагтаа байх нь сонирхолтой санагдана.

Биднийг ороход ажил ид өрнөж байв. Буйдан дээр тухалсан ажилчдын зарим нь торны ирмэг нямбайлан нааж байхад нөгөө хэсэг нь нугалж байв. Өөр хоорондоо хөөрөлдөх ч гар нь үл зогсоно. Ажилдаа гаршсан гэдэг нь шалмаг хөдөлгөөнөөс тод харагдана. Энэ өдөр 5-6 компанийн захиалгыг гүйцэтгэж байлаа. Хурал семинарт оролцож байгаа хүмүүст бэлэг хийх чамин цагаан тор, мөн хүнсний бүтээгдэхүүн савлах эко бор цаасан уут зэргээр бүх л төрлийн цаасан уутыг үйлдвэрлэдэг байна. Урьд шөнө 22:00 цагийн үед захиалагч залгаж өглөө 09:00 цагт авахаар торны захиалга өгсөн байна. Иймд ажилчид 06.00 цагт цуглаж ажилласаар дуусгаж 08:50 цагт захиалагчийн гарт хүлээлгэн өгчээ. Дараагийн захиалгыг 17:00 цагт бэлэн болгох ёстой аж.

Ер нь тус хамт олон өглөө эрт ажилдаа ордог байна. 07:00 цаг өнгөрөөд ажилчид цуглаж, бөөнөөрөө кофе ууж сууна. Ингээд 08:00 цагт ажилдаа ордог байна. Өглөө ажлын бүтээмж маш сайн байдаг гэдгийг М.Энхтуяа захирал ярьсан юм. Ингээд 17:00 цагт тардаг аж. Ихэвчлэн ээж нар ажилладаг тул орой сургууль, цэцэрлэгээсээ хүүхдээ авна. Мөн хоол ундаа хийх зэргээр ажил ихтэй. Тиймээс эртхэн ажиллуулаад орой эрт хариулж, гэр бүлийнхэнтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх бодлогоор ийм зохицуулалт хийжээ. Мэдээж гэнэтийн захиалгууд орж ирнэ. Мөн шинэ жил дөхөхөөр цаасан торны захиалга нэмэгдэнэ.

Энэ үед өглөө 06:00 цагаас ажлаа эхэлж, илүү цагаар ажиллах, оюутан залуус, хорооныхоо хүмүүсээр хүн хүч нэмэх болдог байна. Үүдэндээ Японы ажлын цаг тэмдэглэх бяцхан хар төхөөрөмжтэй. Картаа шургуулахад ирсэн, тарсан цагаас гадна илүү цагаар ажилласан бол цаг минуттайгаа гарч ирдэг байна. Үүнд нь тааруулж цалин яс бодогдоно. Тиймээс хүний хөдөлмөрийг хамгийн бодитой үнэлж чаддагт ажилчид нь баяртай байдаг юм билээ.

Ер нь М.Энхтуяа захирал болон тус үйлдвэрийн ажилчид “Япон школ”-той гэж хэлж болох аж.

М.Энхтуяа нөхөр И.Бумхүүгийн хамт Япон улсад 5-6 жил ажиллаж амьдарчээ. Тэнд үйлдвэрт ажилладаг байж. Анх үйлдвэрт ажилд ороход өглөө нь нэг хүн ирээд үйлдвэрийнхээ хашааг шүүрдээд эхэлсэн байна. Цэвэрлэгч нь юм байлгүй хэмээн бодсон ч захирал гэдгийг сонсоод гайхсан аж. Энэ талаар тэрбээр “Манайд захирал гэхээр гоё машинтай, ширээний ард сууж байдаг шүү дээ. Гэтэл Японд өөр. Захирал нь хашаагаа шүүрдэнэ. Ажилчдынхаа дунд орно. Ингэж байж ажилтнуудынхаа зовлон жаргал, ажлын нөхцөл байдлыг бодитой мэдэрч чаддаг. Мөн захирал, ажилтнууд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, нэг зорилгын төлөө цул болж зүтгэдэг” хэмээн ярьсан юм. Тийм учраас М.Энхтуяа захирал ажилтнуудаасаа ялгарч гоёж гоодсон зүйл үгүй. Тэдний дунд л бужигнана.

Япон улсад нөхөртэйгөө ажиллаж бий болгосон хөрөнгөөр анх компанийнхаа эхний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлжээ. Монголд ирээд зүгээр сууж чадахгүй хэцүү байсан аж. Цэнгээний газар түрээслэх, эсвэл дэлгүүр ажиллуулах зэрэг мөнгө амархан эргэлдэх бизнесүүдийн орон зай байсан ч олон жил хилийн чанадад цаасны үйлдвэрт ажилласан тул энэ чиглэлийн бизнес хийхийг зорьсон байна. Тэгээд ч бүтээн босгох үйлдвэрлэл явуулж байж л санаа нь амрах юм шиг санагджээ. Ингээд 2011 онд компаниа байгуулж одоогийн хашааг худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Манай улсад хэрэглэж буй бүхий л цаасан уут, баглаа боодлыг урд хөршөөс оруулж ирдэг. Олон тоогоор авахад хямд үнэтэй тул ийн хятад торыг сонгодог байна. Тэгвэл цөөн ширхэгээр, богино хугацаанд цаасан тор авах хүмүүст урагш явах цаг хугацаа байхгүй, мөн өртөг өндөртэй тусч байсан тул уг орон зайг нөхөх зорилгоор үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Гэвч санаснаар нь амжилттай болоогүй гэнэ. Эхний 3-4 жил онц хийсэн зүйлгүй өнгөрчээ. Анх үйлдвэрийн байраа барьж, нэг тоног төхөөрөмж суурилуулаад шинэ жилийн бэлэгний уут хийж дэлгүүрүүдээр явжээ. Харамсалтай нь томоохон сүлжээ дэлгүүрүүдэд борлуулагдаж байгаа цаасан уут хэн нэг захирлын бизнес байдгийг тэр үед мэджээ. Тэд олон мянган ширхэгээр нь урдаас бөөндөж авчираад борлуулдаг аж. Тиймээс дотооддоо үйлдвэрлэсэн цаасан уутыг худалдаанд гаргах орон зай байсангүй. Харин найман нэрийн жижиг дэлгүүрүүд цөөн тоогоор хулдалдаж авч байжээ. Гэхдээ л хямд үнэтэй тул долоо хоногийн дараа 20-30 хан мянган төгрөг цуглуулдаг байжээ. “Дэмий юм эхлүүлчихэв үү. Больдог юм уу гэж бодож байсан үе бий. Ер нь больчих цаг хугацаа их байсан. Гэхдээ тууштай зүтгэж байж үр дүнд хүрнэ гэсэн бодлоор бие биенээ цэнэглэж яваар өдий зэрэгт хүрсэн” гэж ярив.

Одоо тус үйлдвэр байнгын 300 гаруй захиалагчтай. Үүнд “Оюу толгой”, “Таван богд”, төрийн яам тамгын газрууд, олон улсын байгууллагууд зэрэг томоохон байгууллагуудаас гадна хөдөө орон нутгийн үйлдвэрлэгчид томоохон захиалагчийг бүрдүүлнэ. Сүүлийн үед эко бор цаасан уутыг хэрэглэгчид хамгийн их сонирхох болжээ. Үнэ хямд, үзэмжтэй, эко, дээр нь хэвлэж болно зэрэг олон давуу талтай аж. Тэд эко бор цаасаа ОХУ-аас оруулж ирдэг байна. Мэдээж хурал зөвлөгөөн, бэлэг сэлтийн уут хэвлэлт сайтай, өнгө үзэмтэй байх ёстой. Энэ үүднээс хэрэглэгчийн сонирхолд нийцүүлж цагаан цаасаар тор хийдэг байна. Бусад тохиолдолд ихэвчлэн бор цаасан уутыг сонгодог аж. М.Энхтуяа “Зарим хүн гадаадад үйлдвэрлэсэн тор авчираад яг үүн шиг хийж чадах уу гэж асуудаг. Би “Та дуртай тороо авчираад ижилхэн хийлгэж болно” гэж хариулдаг. Мөн эко бор цаасан тор манай брэнд бүтээгдэхүүн болсон” гэв. Бор цаасан торонд таван литрээр савласан ус хийгээд торны бариулаас бариад савлахад яах ч үгүй гэнэ. Нарийхан цаасан бариултай энэ уут яагаад ч тэсэхгүй гэж бодоод туршиж үзлээ. Цаасан уутанд савтай ус хийж бага зэрэг савлаж, хүчтэй эргүүлсэн ч тор урагдаж, салсангүй. Үүний дараа М.Энхтуяа “Бид чанарыг эрхэмлэдэг. Цаасан торны наалт маш сайн. Үүнийг нарийвчлан шалгадаг. Мөн бариул нь стандартын дагуу маш чанартай хийгддэг. Тиймээс манай цаасан тор хүнд ачааг ч дааж чаддаг юм” хэмээв.

Тус үйлдвэрийн анхны том захиалгыг “Гранд плаза” өгч байж. Мэдээж цаасан уутан дээр захиалагч тал бүтээгдэхүүн, эсвэл компанийнхаа лого, бусад мэдээллийг тавина. Тухайн үед тэд “Гранд плаза”-гийнханд “Уутны ёроол хэсэгт ямар ч мэдээлэл тавихгүй юм чинь тэр хэсгийг бидэнд өгөөч” гэсэн хүсэлт тавьжээ. Компанийнхан ч зөвшөөрч “Бодь шим”-ийнхэн уутны ёроолд үйлдвэрийнхээ лого, утсыг тавьж, Монголд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг олон нийтэд танилцуулахыг зорьжээ. Үүний дараа Гандангийн нэгэн дэлгүүрт явж байтал бумбаны тахилга болно хэмээн олон тооны гялгар уут хэрэглэхээр зэхэж байхтай таарчээ. Энэ үед “Манайх цаасан уут үйлдвэрлэдэг. Танайд яг тохирно. Ирж сонирхооч” гэж хүссэн байна. Тэд ч ирж сонирхоод шууд захиалга өгчээ. Одоо ч дээрх байгууллагуудтай хамтран ажилласаар байгаа аж. Анх ингэж эхний захиалгуудаа олж өргөжсөөр өдий зэрэгт хүрчээ. Орон нутгийн хүнсний үйлдвэрүүд тэдний гол худалдан авагчид. Ааруул ээзгий, арвайн гурил зэрэг орон нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг эко бор цаасан уутанд савлахад үзэмжтэй болдог байна. Нөгөөтэйгүүр, энэ төрлийн үйлдвэрлэл ч эрс өсчээ. 3-4 жилийн өмнө жилдээ 500-1000 ширхэгийн захиалга орж ирдэг байсан бол одоо улиралд 5000-аас дээш цаасан торны захиалга орж ирэх болжээ. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байгаагийн нэг баталгаа аж.

М.Энхтуяа зураач мэргэжилтэй. Тиймээс цаасан торон дээр байрлуулах лого, бүтээгдэхүүний зураг, дизайн зэрэгт мэдрэмжтэй хандаж чаддаг гэсэн. Томоохон байгууллагууд өөрсдийн тогтсон хэв загвар, логотой. Харин орон нутгийн үйлдвэрлэгчид түүнээс ихээхэн зөвлөгөө авдаг аж. Ингэхдээ бүтээгдэхүүнээ хүмүүст сурталчилж, авах хүслийг нь төрүүлэх, мөн үндэсний хэв шинж шингээсэн дизайныг санал болгоход дуртай хүлээж авдаг байна. М.Энхтуяагийн өвөө зураач хүн байжээ. Мөн аав нь зурдаг байна. Үйлдвэрийн үүдээр ороход тэмээн жингийн цувааны жаазтай зураг өлгөсөн нь аавынх нь бэлэг аж. Цааш өөрийнх нь байгалийн зургууд, мөн өвөөгийнх нь зургийн хуулбарууд цэлгэр танхимыг чимж байсан. Саяхан өвөөгийнхөө 100 жилийн ойг тэмдэглэж урчуудын эвлэлийн үзэсглэнгийн танхимд бүтээлүүдээр нь үзэсгэлэн гаргажээ. Ихэнх зургууд нь галерейн сан хөмрөгт байдаг аж. Тиймээс хуулбарлан авч үзэсгэлэнд дэлгэсэн байна. Түүний өвөө Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Ч.Дүгэржав хэмээх хүн байжээ. Дашрамд сонирхуулахад, үйлдвэрийн зааланд Лениний хөрөг, Дамдины Сүхбаатарын цээж баримал байсан юм. М.Энхтуяа сонирхолтой санагдаад цуглуулдаг юм хэмээж байв.

Захирал М.Энхтуяа

Түүнээс цаашдын зорилгыг нь сонирхоход үйлдвэрээ өргөжүүлж хоолны газруудын хүнсний жижиг цаасан уутнуудыг дотоодоосоо хангахыг хүсдэг байна. “Солонгосын сүлжээ дэлгүүрүүд манайд байгуулагдсан. Эдгээр дэлгүүрт бууз, бургер зэрэг хүнсийг жижиг цаасан уутанд хийж өгдөг. Гэтэл энэ бүх уутыг урд хөршөөс оруулж ирдэг. Дотооддоо хямд өртгөөр үйлдвэрлэвэл томоохон зах зээл бий” гэж М.Энхтуяа ярив. Зөвхөн сүлжээ дэлгүүрүүд ч гэлтгүй манай цайны газрууд хоол хүнснийг гялгар уутанд хийж өгдөг. Тэгвэл цаасан уутыг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой хэмээж байв. Мэдээж олон мянган ширхэгээр үйлдвэрлэхэд тоног төхөөрөмж шаардлагатай. Саяхан ЖДҮДС-д төслөө явуулсан байна. Эхний шатуудад дэмжигдэж байсан ч сүүлдээ хасагдсан аж. Ер нь үйлдвэрлэл эрхлэхэд эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх асуудал хамгийн хүнд гэнэ. Анх гадаадад хуримтлуулсан хөрөнгөөр газар авч, үйлдвэрийн барилга барьсан ч тоног төхөөрөмж авах, бусад зардлаа санхүүжүүлэхэд мөнгө шаардлагатай болсон байна. Иймээс хоёр ч удаа “Хаан” банкнаас зээл авч байжээ. Тухайлбал, 50 саяыг аваад 87 сая төгрөг болгож төлсөн аж. “Уг нь 37 сая нь бидний ашиг байх ёстой байсан юм” хэмээн ярив. Хэдийгээр зээлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн ч бүтээгдэхүүний үнийг өсгөж болдоггүй аж. Өөрөөр хэлбэл, нэг кг арвайн гурил авахад савлагаа нь 200-300 төгрөгийн үнэтэй байж болохгүй. Мөн нэг кг төмсийг 300 төгрөгийн уутанд савлаад зарж таарахгүй. Тиймээс цаасан уутны үнэ маш бага байх ёстой гэсэн бодлого барьдаг аж.

Захирлын өрөөний хананд олон талархал, өргөмжлөл өлгөжээ. Мөн Японд байхдаа Хакухо М.Даваажаргал, Асашёорюү Д.Дагвадорж нарын алганы хээг авснаа хоймортоо залжээ. Урам өгсөн, аз ерөөсөн япон ханзнууд ч харагдав. М.Энхтуяагийн хувьд хурал зөвлөгөөнд суух хамгийн дургүй гэнэ. Тэнд сууж байхаар үйлдвэртээ ганц ч гэсэн цаасан тор үйлдвэрлэж байвал надад хэрэгтэй хэмээн ярьсан. Нөхөр И.Бумхүү нь үйлдвэрийн нягтлан. Хамаг санхүүгийн асуудлыг хариуцдаг. Энэ өдөр гадуур ажилтай ирээгүй байсан тул хэвлэлийнхэнтэй хөөрөлдөх боломж олдоогүйд бага зэрэг гонсгор байгаагаа хэлсэн.

Сурвалжлагын эхэнд өгүүлсэн тагтаа, банхар нохойнуудыг уужим төмөр торонд тэжээдэг юм байна. Нохой нөхрийнх нь сонирхол гэнэ. Ноход хашаа манах үүргийг ч гүйцэтгэдэг байна. Тагтааны хувьд төрөл бүрийн үүлдрийнх аж. Анх цөөхөн хэд байсан бол өсөн үржсээр арав давжээ. Харахад гоёмсог тул ажилтнуудын стрессийг тайлдаг гэж М.Энхтуяа сонирхуулав. Тэрээр жигүүртэн сонирхдог болохоор ийм олон төрлийн үүлдрийн тагтаа тэжээжээ. Ажилтнууд цайгаа ажлын байрандаа ууна. Мөн хашаандаа сагс тоглох талбайтай юм байна. Байнга сууж ажилладаг тул биеийн чилээгээ гаргах, нөгөө талаас хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэхэд үдийн амралтын цагаар тоглох сагсан бөмбөг чухал нөлөөтэй гэсэн. Ер нь зөвхөн ажиллуулахаас гадна ажилтнуудын дунд ажилдаа дуртай байж, хамт олонсог, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх нь ихээхэн чухал хэмээж байв. Ингэж байж бүтээмж гардаг. Нөгөөтэйгүүр, ажлаасаа, хамт олноосоо эерэг дулаан уур амьсгал мэдэрснээр амьдрал нь аз жаргалтай, утга учиртай, гэрэл гэгээтэй болох нэг чухал хөшүүрэг болдог гэлээ. Тийм ч учраас чамин загвар бүхий микро автобусыг худалдан авч тохижуулжээ. Дотор талд нь аялалаар явах бүх л боломжийг бүрдүүлсэн тохилог орчинг бүрдүүлсэн байна. Угаалтуур, хоол хийх, аяга таваг хураах, хүнс хадгалах хэсгүүд байв. Тэд найман гэр бүлээрээ уг автобусанд яг багтдаг байна. Ингээд хааяа автобусандаа суугаад ажлын стрессээ тайлахаар хотоос гардаг аж.

Хотын гэр хороололд орших нэгэн үйлдвэрт залуус ийн бужигнаж, ид ажил өрнөж байна. Энд амрах чөлөөгүй ажиллаж байгаа ч хүмүүс нь инээмсэглэж, сэтгэл дүүрэн байгаа нь тод харагдана. Хийж бүтээж байгаа зүйлс нь гэгээн, үйлс нь ариун хамт олны хичээл зүтгэл бэрхшээл бүхнийг даван гарч, ирээдүйн аварга үйлдвэрийн суурь болох нь гарцаагүй. М.Энхтуяагийн “Бид үйлдвэрлэлээ өргөжүүлж хүнсний цаасан сав, торны том зах зээлийг эх орноосоо хангамаар байна” гэсэн мөрөөдөл удахгүй биелэх нь тодорхой юм. Учир нь өнөөдөр боломжгүй мэт харагдавч хичээл зүтгэл, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл боломжийг цогцлоодог билээ. Тэдний хийсэн, монгол хүний бүтээсэн цаасан уутыг та хэрэглэж байгаа бол эх орныхоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, бусдын мөрөөдөлд дэм болж буй гавьяатан юм. “Бодь шим”үйлдвэрт И.Бумхүү, М.Цогтбаяр, Э.Чунаг, Д.Нина, Д.Энхтуяа, Д.Нямжав, Э.Тэмүүлэн, Д.Гэрэлмаа, М.Энхтуяа нар гайхамшгийг бүтээж байна.

Г.БАТЗОРИГ

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *