Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өнөөдөр Алфред Нобелийн мэндэлсэн өдөр

Алфред Нобель. Төрсөн өдөрт нь зориулав.

Альфред Бернхард Нобель 1833 оны 10 дугаар сарын 21-нд Шведийн Стокхольм хотод төржээ. Тэрбээр Роберт, Людвиг гэж хоёр ах, Эмиль хэмээх дүүтэй байжээ.
Түүний эцэг Эммануэль Нобель архитекторч мэргэжилтэй хүн байсан бөгөөд гүүр барьдаг инженер байв. Гүүр барихын тулд хад чулуу тэслэх хэрэгтэй. Ингээд аав нь тэсэлгээчин болов. Эммэнуэль 1842 онд гэр бүлийн хамт Петербургт ирж суурьшсан байна. Тухайн үед Орос орон хүчирхэг армитай болох бодлогыг түлхүү баримталж байсан учир Эммануэль Нобель Оросын армид зориулж төрөл бүрийн тэсрэх бодис үйлдвэрлэх ажил эрхлэв. Эцэг нь хүүхдүүдийнхээ боловсрол онцгой анхаардаг нэгэн байсан нь ач тусаа өгч Альфред 17 насандаа Швед, Орос, Франц, Англи, Герман 5 хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг болсон байв. Аав нь түүнд мэргэжлээ өвлүүлэхийг хүссэн тул тэрээр химич, инженер болж, профессор Николай Зениний удирдлаган дор ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд хийж эхэлсэн байна. Крымийн дайны дараа Орос оронд тэсрэх бодисын худалдаа буурсан тул компани нь дампуурлын ирмэгт ирэхэд аав нь гэр бүлээрээ нутаг буцах шийдвэр гаргажээ. Харин түүний ах нар энэхүү бизнесээ үргэлжүүлэн ажиллаж үлдэх хүсэлтэй байсан тул Орост үлдэж Альфред аав, ээж, дүүгийн хамт нутаг буцжээ. Ингээд тэд төрсөн нутаг Шведдээ эргэн ирж судалгаагаа үргэлжлүүлэхийн хажуугаар нитроглицерин үйлдвэрлэх тэсрэх бодисын үйлдвэр байгуулжээ. 1864 онд үйлдвэрт дэлбэрэлт гарч дүү Эмиль нь өөр 4 хүний хамт амь үрэгджээ. Энэхүү эмгэнэлт явдлын дараа Засгийн газраас хүн амын төвлөрөл ихтэй учраас Стокгольм хотын нутаг дэвсгэрт тэсрэх бодисын туршилт хийхийг хориглов. Альфред сэтгэл санааны хүнд цохилтонд орсон ч бууж єгөхийг хүссэнгүй. Аав нь үйлдвэрийг удирдах эрхийг Альфредэд шилжүүлсэн ба аюул багатай, үйлдвэрлэхэд хялбар тэсрэх бодис гаргаж авах нь түүний мөрөөдөл болов. Тэрээр туршилтаа хотоос зайдуу гэртээ, нууранд завин дээр, ачааны усан онгоцон дээр хийж байлаа. 2 жилийн дараа 1866 онд нитроглицеринийг кисельгур гэдэг бодистой хольж шинэ төрлийн тэсрэх бодис гарган авчээ. Альред түүнийгээ “Динамит” гэж нэрлэв. Дараа нь салют зохион бүтээв. Тэсрэх бодис нь туннел ухах, хад чулуу тэслэх, гүүр барих зэрэг уул уурхай, зам харилцаа, бүтээн байгуулалтын ажлуудыг ихэд хялбарчилж, зардал хэмнэх болсон тул борлуулалт сайн байлаа. Салют нь баяр ёслолд ихээр ашиглагдана. Бүтээлүүд нь түүнд асар их нэр хүнд, орлого авчирчээ. Бизнес нь ч цэцэглэж дэлхийн 20 гаруй оронд 90 салбар үйлдвэртэй том компани болж. Тэр Парист амьдардаг байсан боловч 20 гаруй оронд байх үйлдвэрүүдээрээ тойрч ажиллан явдаг учраас түүнийг “Европын хамгийн баян тэнүүлч” гэж шоглон нэрлэдэг байв. Нобель зөвхөн тэсрэх бодисоос гадна нийлэг эд, резин, савхи, торго зэргийг туршиж байлаа. Амжилтийн ид үед нь түүний нэр дээр 355 патент байсан гэхээр ай бас мундаг толгой байж. Ингээд Альфред Нобель дээдсийн хүрээнд нөлөө бүхий нэгэн болж улс төрийн зүтгэлтнүүдтэй нөхөрлөдөг болов. Энэ хооронд Оросод үлдсэн ах нарынх нь ч бизнес тун амжилттай байж, Каспийн тэнгисийн сав газарт газрын тос олборлон үлэмж баян бизнесмэнүүд болжээ.
1888 онд түүний ах Людвиг нас баржээ. Сонины редакци чинээлэг бизнесмэн Нобель гэгч нас барсан мэдээг сонсонгуутаа мэддэгээр нь Альфредийг нас барсан гэж ойлгожээ. Альфред Нобель өглөөний сонин гарчиглаж байхдаа “Le marchand de la mort est mort” буюу “Үхлийн наймаачин үхлээ” гэсэн нийтлэлийг уншжээ. Сонин дээр түүнийг тэсрэх бодис зохион бүтээж, түүнийг нь армиуд дайн тулалдаанд хэрэглэснээр олон хүний амийг авч одсон боловч өөрөө ингээд үхэх өдөр нь бас ирдэг л юм байж гэж бичсэн байж. Альфред Нобель маш эгдүүцэж, бас гомджээ. Тэр хүн алдаг зэвсэг хийсэн юм гэж үү? “Үгүй, би хүн төрөлхтний тусын тулд, хамгийн аюулгүй тэсрэх бодис, бүтээн байгуулалтын зэвсэг хийсэн” гэж өөрөө өөртөө хариулаад, энх тайвны үйл хэрэгт хувь нэмрээ оруулах хүсэлтэй, дуу хоолойгоо өргөдөг зүтгэлтэн болов.
Тэрээр үр хүүхэдгүй нэгэн байсан тул хэрэв өөрийг нь нас барвал түүний компани, бүх эд хөрөнгийг бэлэн мөнгө болгон сан байгуулах, уг санг банкинд хадгалуулж, хүүгийн орлогоос нь хүн төрөлхтний өмнө хүндтэй гавъяа байгуулсан эрдэмтдийг шагнаж урамшуулж байхыг хүсч, гэрээслэл бичжээ. Ингээд 1895 оны 11дүгээр сарын 27-ны өдөр ноториатч дуудаж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө физик, хими, аганаах ухаан, утга зохиол, энх тайвны салбарт амжилттай ажилласан хүмүүст олгох Нобелийн шагнал бий болгох тухай гэрээслэлээ баталгаажуулан гарыг үсэг зурах үед гэрчүүд бага зэрэг гайхсан боловч, эзэн нь юмаа мэдэж байгаа байлгүй, бидэнд ямар хамаатай юм бэ гээд дуугүй өнгөрцгөөжээ. Үүнээс нэг жил гаруйн дараа 1896 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Альфред Нобель Италийн Сан Ремо хотод байх гэртээ тархинд нь цус харваж өөд болонгуут ноториатч гэрээслэлийг гаргаж ирж төрөл төрөгсдөд нь танилцуулжээ. Хамаатнууд болон бизнесийн хамтрагч нар нь түүний гэрээслэлд сэтгэл дундуур байсан бөгөөд, хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаан үүсгэж бүтэн 4 жил явсан боловч талийгаачийн өөрийн хүсэл мөрөөдөл энэ байсан гэх гэрээслэлд аргагүй ялагджээ.
Ингээд 1901 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр буюу түүний нас барсан өдөр дурсгалыг нь хүндэтгэн физик, хими, анагаах, утга зохиолын салбарт амжилт гаргасан хүмүүст Нобелийн шагналыг олгодог болжээ.
Нобелийн шагнал нь медаль ба мөнгөн шагналаас бүрдэнэ. Медаль нь 86 мм диаметртэй, 200 г жинтэй, 23 карат алт орсон, нэг талд нь А.Нобелийн дүрийг товойлгон, төрсөн ба нас барсан оныг бичсэн, ар талд шагнал авсан тухайн эрдэмтний нэр байдаг байна. Мөнгөн урамшуулал нь 9 сая Швед крон буюу ойролцоогоор US$986,000 байдаг. Нэг салбарт олон эрдэмтэн шагналыг хамт хүртвэл уг шагналыг хувь тэнцүүлэн хувааж өгдөг.
Шагнал гардуулсны дараагаар шагнагдагсад нь Нобелийн сангийн дүрмийн дагуу Стокгольмд ирж, Нобелийн шагнал хүртсэн бүтээлийнхээ талаар лекц уншдаг заншилтай агаад үүнийг Нобелийн лекц гэнэ.
2018 оны байдлаар 590 Нобелийн шагналыг 935 хүн хүртжээ.

ЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *