Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас дипломатч агсан Д.Ганбаатарт Нобелийн энх тайвны шагналын сертификатыг нөхөн олголоо.
Манай улсын туршлагатай, шилдэг дипломатчдын нэг Д.Ганбаатар 2007 онд зуурдаар нас барсан тул Химийн зэвсгийг хориглох олон улсын тусгай байгууллагын удирдлагууд түүний гэр бүлийнхэнд шагналыг нь гардуулах болжээ. Шагнал гардуулах ёслол өнөөдөр Нидерландын Гааг хотод боллоо.
Д.Ганбаатар Монгол Улсаас суух элчин сайдаар 1993-1996 оны хооронд Швейцар улсад ажиллаж байхад тус улсын Женев хотод Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын суурийг анхлан тавьсан түүхтэй. Англиар OPCW гэж нэрлэдэг энэ байгууллагад тухайн үед 62 орон нэгджээ. Дипломатч Д.Ганбаатар Монгол Улсаа төлөөлөн тухайн байгууллагыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж, дэлхий дахиныг химийн зэвсгийн аюулаас хамгаалах санаачилгыг идэвхтэй дэмжин, тус байгууллагын удирдлагын багт 1996-2007 оны хооронд тасралтгүй ажиллаж байв.
2016 оны арванхоёрдугаар сард Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагыг Нобелийн энх тайвны шагналаар шагнасан. Иймд тус байгууллагыг байгуулалцсан, олон жил үр бүтээлтэй ажилласан гэж үзэн Д.Ганбаатарт Нобелийн энх тайвны шагналын сертификатыг нөхөн олгохоор болжээ.
Химийн зэвсгийн үйлдвэрүүдийг устгах, цаашлаад бүр мөсөн хориглох зорилготой тус байгууллага одоо ч Гааг хотод үйл ажиллагаагаа явуулсаар байна.