Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын олимпиадад оролцогчдыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүйн чиглэлээр бүсийн болон олон улсын олимпиадад тогтмол оролцож, амжилт гаргасан багш болон сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Сүүлийн жилүүдэд монгол сурагчид олон улсын шинж чанартай олимпиадад оролцох нь нэмэгдэж, амжилтаа байнга ахиулж байгаад баяр хүргээд, цаашид өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Тухайлбал, олон улсын олимпиадын бэлтгэл, үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах хүсэлтийг нь хүлээн авч, 2021 оны Азийн физикийн 22 дугаар олимпиадыг эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Багш, сурагчдын хувьд олимпиадад оролцох зардал жил бүр хүндрэл учруулж ирсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 200 сая төгрөгийг олон улсын олимпиадад оролцох зардалд зориулан төсөвлөдөг байна. Энэ нь багш, сурагчдын зөвхөн замын зардалд зарцуулагдаж байгаагаас гадна тивийн шинж чанартай олимпиадад хувийн зардлаараа эх орноо төлөөлөн оролцдог талаараа багш, сурагчид хэлсэн юм.

Мөн дэлхийн шилдэг сургуульд тэнцвэл сургалтын зардлыг төр хариуцдаг байсныг сэргээх, олимпиадын үр дүнд дэлхийн шилдэг сургуульд суралцах урилга авсан бол дэмжлэг үзүүлэх зэрэг төрийн бодлого хэрэгтэй хэмээн багш нар хүсэлтээ уламжиллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Др.Томас Бахтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Олон улсын олимпын холбооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.

Ноён Томас Бах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцох цаг заваараа хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Олон улсын олимпын хорооны үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын спортын хөгжил, олимпын хороон дахь үүрэг, оролцооны асуудлаар ярилцлаа.

Тухайлбал, олимпын хорооныхон “Азийн хүүхдийн их наадам-2020” Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох гэж буйтай холбогдуулан залуу тамирчдыг мэргэжлийн арга зүйгээр сургаж, спортын амжилт гаргахад нь түлхэц үзүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм. Мөн “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад тэтгэлэг олгож, тамирчин, дасгалжуулагчдын бэлтгэж байгаа зэрэг Олон улсын олимпын хорооны Монгол Улс дахь үүрэг, оролцооны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Азийн хүүхдийн их наадам-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж буй талаараа танилцуулж, “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад өгч буй тэтгэлэг болоод зарим спортын төрөлд мэргэжлийн арга зүйгээр хангаж буйд нь талархал илэрхийллээ. Түүнчлэн энэ хөтөлбөрийг цаашид спортын олон төрлөөр үргэлжлүүлэх, нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *