Categories
гадаад мэдээ

Иргэнээ аврахаар Оросын төрийн тэргүүнд захидал илгээв

Израилийн иргэн, 26 настай Наама Иссахар өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-д байхдаа саатуулагджээ. Тухайн үед тэрээр Энэтхэгийн нийслэлээс Тель-Авив нисэх замдаа Москва хотоор дамжин өнгөрсөн юм байна. Энэ үеэр түүний ачаанаас 9.6 грамм хар тамхи илэрсэн тул саатуулагджээ. Харин өнгөрсөн баасан гаригт түүнийг шүүх хурал Москва хотноо болжээ. Тус улсын шүүхээс бүсгүйд 7.5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй шоронд эдлүүлэх шийдвэр гаргасан юм байна.

Хар тамхины хэргээр хорих ял сонссон иргэнээ аврахаар Израилийн ерөнхийлөгч Р.Ривлин Оросын төрийн тэргүүнд ням гаригт захидал илгээжээ. Захидалд дурдсанаар “Өнөөдөр би ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хандаж, жүүд хүмүүсийн болон Израиль улсын сайн анд нөхрийнх нь хувьд Наама Иссахарыг өршөөхийг гуйлаа. Тэрээр алдаа гаргаж, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Урьд нь ял шийтгэгдэж байгаагүй залуу бүсгүйн хувьд долоон жил шоронд хорих ял амьдралыг нь сүйрүүлэх аюултай” гэж бичжээ.

2015 онд Оросын тал кредит картын залилан, цахим гэмт хэргээр баривчлагдан Израильд хоригдож байсан Алексей Бурковыг хоригдол солилцоогоор эргүүлэн авах хүсэлт тавьж байсан удаатай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *