УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бүлгийн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн тухай хуулийн төсвийг хэлэлцлээ. 2020 оны улсын төсөв өргөн барихдаа улсын төсвийн орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд, төсвийн алдагдлыг хоёр их наяд байхаар өргөн барьсан.
Энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд хэд хэдэн ололттой тал байна гэж үзсэн. Нэгдүгээрт, МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангах чиглэлд чухал зүйлүүдийг тусгасан байна гэж жүзэж байгаа. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлийн амлалтууд энэ төсөв батлагдсанаар хэрэгжинэ гэж үзсэн. Хоёрдугаарт, 2018-2019 онд хийгдсэн хөрөнгө оруулалтуудыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцээд бүлгийн хурлаас ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.