Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ухаант мэргэн дарга нарынхаа утааг “шийдсэн” аргыг гайхаад барахгүй юм

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Утааны улирал эхлэх сургаар “агаарын бохирдол” гэсэн үг сошиал орчинд сэдэв болдог. Ер нь жил бүр л иймэрхүү яриа хөөрөө цахим ертөнцөд өрнөж, агаарын бохирдлын эсрэг хийж буй төрийн бодлого олны хараанд ордог. Шуудхан хэлэхэд агаарын бохирдолтой тэмцсэн Засгийн газрын тэр арга л үнэхээр мэргэн байсан, үр дүнгээ өгсөн гэж дүгнэж хэлэхээр гялайж гялтайх ажил харагддаггүй. Хямд нүүрс тараасан, шүүгчтэй маск зарсан, утаа бага ялгаруулдаг зуух зарсан гэсхийгээд төр засгийн утааны эсрэг сэдсэн ажил барагладаг.

Энэ жилийн хувьд түүхий нүүрсний хэрэглээг хорьчихоод байгаа. Түүхий нүүрс түлүүлэхгүй гэдэг зөв шийдэл мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ өвлөөс хэрэглээнд гаргах шахмал түлш чанартай, сайн байж гэмээ нь засгаас гаргасан энэ шийдвэр жинхэнэ үр дүнгээ өгнө. Шахмал түлштэй холбоотой сайн, муу мэдээ эхнээсээ дуулдаж л байна. Хүйтэн тачигнасан өдрүүд хараахан ойртоогүй намар цагаар шахмал түлш ийм тийм байна гэж хэлэхэд эрт л дээ. Жавар тачигнах цагаар шахмал түлшний чанар, илч нь сайн гэж батлагдвал утааны эсрэг бодитой, хэрэгтэй шийдэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой тодорхой асуудал.

За энэ ч яахав, засгийн утааны эсрэг барьж байгаа бодлого үр дүнгээ өгөх эсэхийг өвлийн өдрүүд аяндаа шалгаад өгнө. Товчхондоо утааны талаар сүүлд гаргасан нэг шийдэл гайхаш бараад байна. Бүр тодруулж хэлбэл, хотын дарга С.Амарсайхан сайжруулсан шахмал түлштэй холбоотой ташаа мэдээлэл тараасан иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг ЦЕГ, ТЕГ-т даалгачих юм. Ухаандаа утааг шүүмжилбэл цагдаа, тагнуулаар шалгуулах нь л дээ. Шахмал түлшний талаар үндэслэлгүй гүтгэлэг хийсэн хэн ч цагдаа, тагнуулын газрын хараанд орох нь.

Илүү цаашлуулж ухъя. Төрийн тараасан шахмал түлш үнэхээр чанар муутай бол яах вэ? “Чанаргүй байна” гэж хэлэхээс айж бэргэж гэртээ чичирч суух ганц гарцыг л иргэддээ үлдээж байгаа хэрэг биш үү. Шахмал түлш үнэхээр чанар муутай бол гэр хорооллынхон нүүрсээ түлж таарна. Айлууд нууцаар, “хулгай”-гаар нүүрс түлээд эхлэхээр утаа урьд жилүүдийнх шиг гамшиг болох нь гарцаагүй. Ийм үед шахмал түлшний чанарын асуудлыг сөхөх эрх лав иргэдэд үлдэхгүй нь, хотын даргын лүндэн зарлигаар бол. Хэн л утаа, түлш шүүмжилж цагдаа, тагнуулын хараанд орохыг хүсэхэв. Хотын даргын шийдвэр, шийдлийг харвал Монгол Улсын мэргэн цэцэн удирдлагууд шүүмжлэл өрнөхгүй л бол утаа арилна гэж сэтгэж суугаа юм байна.

Хойд хөршийн нийгмийн сүлжээгээр Путиныг муулбал шийтгэдэг, хорьдог хуулиас жишээ авсан уу яасан, утааг шүүмжилбэл торгодог, хариуцлага хүлээлгэдэг хуультай болж байх шиг байна. Утааг шийдэх ийм амархан байсан юм бол аль эрт л ингэж шийдэх байж л дээ. Ухаант мэргэн удирдагчдын сэтгэж суугаагаар бол одоо Улаанбаатар утаагүй болчихсон. Утаа ярьж, бичсэн жиргээчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй л цагдаа, тагнуулынхан хөөцөлдөх ажил үлдлээ. Сүүлд гаргасан хотын удирдлагын шийдвэр ийм л дүгнэлтэд хүргэж байна.

Хэн ч харсан тов тодорхой дүгнэлт гэвэл утаа урьдынх шигээ байж л байгаа. Ирэх өвлийн утаа түрүү өвлийнхөөс багасаад, улаанбаатарчууд өвлийн дүн хүйтнээр утаагүй тунгалаг агаарт баясгалантай, баяртай аж төрнө гэж байхгүй. Үүн шиг үлгэр үгүй. Түрүү жилүүдийнх шигээ утаан дундаа өвөлжих нь хэтэрхий тодорхой асуудал. Гэхдээ Монголын мэргэн цэцэн удирдлагуудын хүсэл зоригоор бол утаа аль хэдийнэ байхгүй болчихлоо. Учир нь утаа ярьсан хүмүүсийг цагдаа, тагнуул шалгана. Тийм болохоор ирэх өвөл утаа гэж байхгүй. Хэн ч утаа ярьж, утааны эсрэг шүүмжлэл өрнүүлж, сэдэв болгохгүй.

Эцэст нь онцлоход энэ засгийн ажил нэг иймэрхүү өнгөтэй л өрнөж байна. Ухаант сэцэн удирдагчид маань ажлаа нэг ийм гэнэн, явуургүй аргаар явуулж, сонссон хэн ч ёжилж мушиймаар, илтэд муйхарласан шийдвэр гаргасан шигээ зөөлөн суудалд тухалж байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *