Categories
мэдээ улс-төр

​Өмгөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ​

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр эхлэв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-оргил танилцууллаа. Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн байна. Тухайлбал, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төсөл дэх өмгөөлөгчид хориглох зүйл, үйл ажиллагаатай холбоотой 15, 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэж, өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 15 дугаар зүйл болгох, хуулийн дагаж мөрдөх хугацааг тодорхойлох саналыг гаргажээ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан хуулийн төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлгийг хүчингүй болгох хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулсан байна. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” хэмээн заасан байдаг. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт, тайлбар авсан юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргахад Байнгын хорооны гишүүд 83.3 хувь нь дэмжсэн юм. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *