Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн музей байсан газарт 22 давхар барилга баригдана

БНМАУ-ын 11 дэх Ерөнхий сайд П.Гэндэн 1930-1936 оны хооронд амьдарч байсан байшинд эдүгээ “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей” үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ерөнхий сайд П.Гэндэнгийн гэх тодотголтой Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших хоёр давхар дүнзэн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр Германы “Востванк” тоосгон заводын Герман, Швейцарь, Унгар ажилчид барьсан тэр үеэс энэ байшингийн түүх эхэлдэг.

П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат “Богд хааныг нас барсны дараа манай өвөө П.Гэндэнг бага хурлын даргаар сонгосон байдаг. Түүнд барьж өгсөн уг байшинд манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан. 1930-аад онд баригдсан модон байшин учраас 1980-аад онд буулгах шийдвэр гарч байсан юм билээ. Одоо ингээд 90 жил болчихож байна. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн. Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан. Хүмүүс нураачихлаа гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Буулгасан гэж хэлнэ. Би энэ шийдвэрийг бие дааж гаргаагүй. Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж ярьдаг байсан. Мөн мэргэжлийн, мэдлэг боловсролтой хүмүүстэй нэлээд зөвлөлдөж энэ шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд хэрхэн сэргээн засварлаж болох талаар олон хувилбарыг судалж байлаа. Ингээд байшин дотор барих шийдэлд хүрсэн” хэмээн ярилаа.

Тэгвэл ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж буй бөгөөд уг байшинг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулж дараах мэдэгдлийг гаргаж байна:

Уг дүнзэн модон хоёр давхар барилгыг П.Гэндэнгийн гэрт зориулж 1928 үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан. 1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн буудан алж байшинг нь хураасан байдаг. 1993 онд П.Гэндэнгийн ганц охин Г.Цэрэндуламын санаачилгаар П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг байгуулсан. 1960-аад оноос 1993 он хүртэл гадна талын шавардсан байсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөлөөлсөн байсан. Музей байгуулах зорилгоор анх 1993 онд засвар хийж 1996 оны 9-р сарын 10-нд нээсэн. 2003 онд дахин засвар хийсэн боловч 2007 онд “галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй, музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах” гэсэн Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Мөн 2017 оны байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй гэж дүгнэлт гарсан байдаг. Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, дотор талын төлөвлөлт нь анхныхаа байдлаар хадгалагдаж үлдээгүй, өөрчлөгдсөн тул шинээр музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж мэргэжлийн архитектор дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтийн дагуу уг барилгыг сэргээн засварлах зураг төслийг дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төсөл боловсруулах мэргэшсэн архитектор хийсэн. Мөн түүнчлэн мэргэжлийн, сэргээн засварлахаар мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа.

Энэхүү сэргээн засварлах төсөл хэрэгжсэнээр:

1. П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг буулгаж, муудсан хэсгийг нь орлуулан дахин сэргээн босгоно.

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей уг байшинд хэвээр үйл ажиллагаагаа явуулна. Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой болно.

3. Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, өөрийн боломжоор хөрөнгө оруулалтыг хийэ байна.

Иймд, сэргээн засах ажлыг улс төржүүлэхгүй, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй, сэргээн засварын ажилд саад учруулахгүй байхыг хүсье. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхөд хүндэтгэх,хойч үедээ уламжлуулан үлдээхийн төлөө энэхүү сэргээн засварлах төслийг эхлүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэе гэлээ.

Үүнтэй холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлэл хийлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Золжаргал: Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 3,895 орчим орон сууцны барилга байдаг. Тэдгээрээс насжилт өндөртэй 629 орон сууц ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад 234 нь ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан тохиолдолд оршин суугчдаас буулгах талаар санал авч, 80 хувь нь дэмжсэн тохиолдолд буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 162 барилгыг дахин барих шийдвэр гараад байна” хэмээх мэдээллийг өглөө.

Мөн шинэ барилгын дотор нэг давхарт нь музейг сэргээн засварлаад барих бөгөөд 1-4 давхар музейн эзэмшилд байна. Газар Гэндэн сангийн эзэмшилд байдаг. Тус барилгын архетиктур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан” хэмээн хэллээ.

М.Болор-Оюун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *