Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Шахмал түлшинд угаартаж гэр бүлийн гишүүдээ алдсан айлуудыг сурвалжиллаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Шахмал түлш хэрэглэж байгаад угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн тоо өссөөр байна. Өмнө нь дөрвөн хүн угаартаж хордсоны улмаас нас барсан тухай мэдээлсэн. Тэгвэл өчигдөр 28 настай эмэгтэй дээрх шалтгааны улмаас нас барсан байж болзошгүй байна. Бид Баянзүрх дүүргийн 23 хорооны Баатархайрханы… тоотод оршин суух ам бүлийг зорьсон юм. Тус гэр бүлийн нэг том хүн, гурван хүүхэд шахмал түлш хэрэглэж байгаад угаартаж, ухаан алдаж унасан байна. Улмаар цаг алдалгүй түргэн тусламж дуудаж эмнэлэгт хандсанаар аюулыг зайлуулж чаджээ. Ер нь тус хорооны оршин суугчдын хэлж байгаагаар шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш толгой өвдөх, бие сулрах, нозоорох зэрэг шинж тэмдгүүд илрэх болсон тухай ярьж байна. Мөн өрхийн эмнэлгээр угаартсан гэх иргэд үзүүлж, эмчилгээ, зөвлөгөө авч байгааг холбогдох хүмүүс хэлэв.

Бид тус айлын эздийн нэрийг нууцалж, А хэмээн төлөөлүүллээ. Тэднийх 4*5 орчим болов уу гэмээр харьцаатай байшинд суудаг юм байна. Ханан пийшин байхгүй. Хуучны уламжлалт (дөрвөлжин) зуухтай юм байна. Уг зуухыг олон жил хэрэглэж байгаа. Түүхий нүүрс түлээд угаартаж, утаа май тавилгүй болоод ирсэн хэмээж байв. Ам бүл тав. Гэрийн эзэн өдөрт ажилдаа гарч, эхнэр нь хүүхдүүдээ харж гэртээ үлддэг юм байна. Бага нь ой хүрээгүй нялх юм.

Шахмал түлш түлсэн зуух

Харин хоёр том нь гурав, зургаа насны хүүхдүүд байв. Угаартсан өдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 12:00 цагийн орчим гал түлсэн байна. Ингэхдээ цагаан судалтай цэнхэр гялгар уутанд шахмал түлш хийж дээрээс нь мод өрдөж зохих зааврынх нь дагуу галлажээ. Хүүхдүүд ч унтаад эхэлсэн байна. Харин гэрийн эзэгтэйн толгой өвдөөд байсан тул фэйсбүүк үзээд хэвтэж байтал бага нь час час хийн уйлж эхэлжээ. Энэ талаар гэрийн эзэгтэй “Пийшингээ галлачихаад хүүхдүүддээ хоол унд өгсний дараа тэд унтаад өгсөн. Харин миний толгой жаахан өвдөөд байсан. Тэгээд утсаа үзээд хэвтэж байтал бага маань уйлсан. Чихээр нь хатгасан юм болов уу гэж гайхаад шалгатал үгүй байсан. Тэгтэл унтаж байсан хүү уйлагнаад, сүүлдээ уйлаад эхэлсэн. Юу чинь өвдөөд байна гэж асуусан. Эхэндээ угаартсан гэж анзааралгүй яагаад уйлаад байгаа юм гэж жаахан зэмлэсэн. Гэтэл сүүлдээ өөдөөс гөлийгөөд сонин болоод ирсэн. Тэгээд газар унаад өгсөн. Нойрмоглоод унтаад өглөө гэж ойлгосон. Гэтэл миний толгой улам хүчтэй өвдөж, хүчтэй лугшиж хатгах болсон. Өвдөлт нь маш хүчтэй болж эхэлсэн. Тэгэхээр нь болохоо байлаа гээд өндийгөөд бүх цонхоо онгойлгосон чинь агаар олигтой солилцохгүй байсан. Гэрээс яаж гарснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан гэрийн үүдээр дөнгөж шагайгаад унасан. Манай хажуу айлын залуус гадаа машинаа янзалж байсан. Би болохоо байлаа шүү, хүүхдүүд хэцүүдлээ, хурдан ороод аваарай гэж орилсон. Ингээд 2-3 залуу орж ирээд хүүхдүүдийг нэг нэгээр нь хувцас, даавуунд ороож аваад гарч байгаа нь харагдсан. Би бүх юмыг мэдэрч байгаа атал толгойгоо өндийлгөж, гар, хөлөө хөдөлгөх чадваргүй байсан. Түргэн дуудаад эхний ээлжинд хүүхдүүдэд сүү уулгасан” хэмээв.

Гэрийн эзэн яарч сандран ирэхэд гэрээс нь газ юм шиг эхүүн, сонин үнэр ханхалж байсан аж. Тэр үнэр одоо ч зарим хувцас хэрэглэлээс үнэртэж байгааг хэлсэн. Үнэхээр ч ахуйн газтай төстэй үнэр байв. Гэрийн эзний тайлбарлаж байгаагаар хэд хоногийн өмнө “Цайз” зах орчмоос нэг шуудай шахмал түлш худалдан авсан байна. Дулаан байсан тул ихэвчлэн мод түлж, шахмал түлшийг бага хэмжээгээр хэрэглэж, тал уут орчим үлдсэн байжээ. Өмнө нь хэрэглэж байхад толгой өвдөх шинж тэмдэг илэрч байсан гэдгийг хэлсэн. Мөн хуйх бамбалзаж, хавагнасан юм шиг зөөлөн болдог байсан аж. Угаартсан өдрийн өмнөх шөнө гэрийн эзэн босч багадаа сүү халааж өгөөд үлдсэн багахан түлшийг түлэх гэж байгаад больж, мод өрдөөд унтсан байна. Хэрэв тэр шөнө шахмал түлш хийгээд унтсан бол юу болох байсныг мэдэхгүй хэмээн толгой сэгсэрч байв. Мөн өдөр ээж нь хүүхдүүдээ унтуулчихаад фэйсбүүк оролгүй, унтаад өгсөн бол ямар гамшиг тарих байсныг тааварлах аргагүй хэмээн санаа зовниж байгаагаа хэлсэн. Одоо бол зөвхөн мод түлж гэрээ дулаацуулж байгаа аж.

Түргэн тусламж ирж хүчилтөрөгч залгаж, тариа хийсэн байна. Улмаар эмнэлэг рүү шилжүүлж, рентген зураг авах зэргээр шаардлагатай шинжилгээ, эмчилгээнүүдийг хийжээ. Осол 15:00 цагийн орчим болсноос хойш дөрөв орчим цагийн дараа мэргэжлийн хяналтын холбогдох хүмүүс ирсэн байна. Энэ үед байшинг салхилуулж агаар сэлгэсэн байсан тул ямар угаарын хий ялгарсныг мэдэх боломжгүй байсан хэмээн гэрийн эзэн ярьсан юм. Тиймээс үлдэгдэл шахмал түлшийг шинжилгээнд хамруулна хэмээн авчээ. Мөн газ алдсан эсэхийг лавласан байна. Энэ үед “Цайз-16” орчим дахин хоёр айлын хүмүүс угаартлаа гэх дуудлага ирснээр гарч одсон байна. Байшиндаа 72 цаг орж болохгүй хэмээн анхааруулсан ч бага насны хүүхдүүдээ дагуулаад айл хэсээд явах боломжгүй, дээрээс нь гэрээ нэвт салхилуулсан тул буцаад оржээ.

Шахмал түлшний нэг аюул нь гэрт угаар дэгдсэн тохиолдолд шууд анзаарагдах боломжгүйг хэлсэн. Түүхий нүүрсний хувьд утаа униар болж, гашуун эхүүн үнэр ханхлах зэргээр нь мэдэж, арга хэмжээ авч болдог аж. Тиймээс угаарын хийг хэмжих бичил, хямд төсөр төхөөрөмж байвал гэртээ өлгөж, аюулыг хянах боломжтой бололтой.

ЭЭЖИЙГЭЭ АЛДСАН ХҮҮГИЙН БИЕ МУУ БАЙНА

Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байсан ээж, хүү хоёр энэ сарын 4-ний өдөр угаартаж, эмнэлгийн яаралтай тусламж авсан ч ээж нь харамсалтайгаар амиа алджээ. Хүү 15 настай. Одоо биеийн байдал нь хүнд, шоконд орсон байдалтай байна. Тиймээс хэрэг явдлын талаар тайлбар өгөх боломжгүй байв. Түүнийг ах нь сахиж байсан. Тэрээр ээжийгээ алдсан тул сэтгэл санааны хувьд хүнд, мөн угаартах үед хажууд нь байгаагүй учир болсон явдлыг сайн мэдэхгүй байгаа аж. Ямартаа ч хэрэг явдал өдөр болжээ. Улмаар угаартсан байдалтайгаар 17:00 цагийн орчим харьяа эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Энд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлжээ. Бид тус төвийн дэд захирал Ц.Алтантуяагаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Хүүгийн биеийн байдал хүнд байна. Гэхдээ анх ирсэнээ бодвол амин үзүүлэлтүүд нь тогтворжсон. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэв. Түүнчлэн, өнгөрсөн ням гаригт нийслэлээс нийт 30 гаруй хүн угаарын хийнд хордсон гэх шалтгаанаар эмнэлэгт хандсан тухай мэдээлсэн. Тэгвэл Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд энэ сарын 4-5-нд шилжих шөнө зургаа, 5-нд 13, ням гаригт 26, нийт 45 хүүхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй шалтгаанаар хандсан байна. Үүнд 11 сартайгаас эхлээд 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж. Хүүхдүүд толгой эргэсэн, бөөлжсөн, дотор муухайрсан зэрэг нийтлэг зовиуруудыг хэлжээ. Ц.Алтантуяа захирал “Манайхаар үйлчлүүлж байгаа хүүхдээс ямар ч төлбөр авахгүй. Бүгд улсын төсөв, эрүүл мэндийн даатгалаас санхүүжиж байна” гэсэн.

ГЭР БҮЛЭЭРЭЭ УГААРТАЖ, ХОЁР ХҮҮГЭЭ АЛДЖЭЭ

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суух гэр бүл угаартсаны улмаас хоёр хүүхэд нь амиа алдсан байна. Үр хүүхдээ алдсан гэр бүлийнхний нөхцөл тун хүнд. Хэвлэлд мэдээлэл өгөхөөс цааргалж байлаа. Эх сурвалжаас авсан мэдээллээр ах нь дүүгээ уйлаад байна хэмээн аав руугаа залгаж хэлсэн бололтой. Тухайн үед эмээ нь хоёр хүүгээ хараад үлдсэн байсан гэнэ. Аав, ээж хоёр нь яаран очиход орон дээрээ ухаангүй хэвтэж байсан гэнэ. Эхнэр нь бага хүүхдээ хараад, нөхөр нь түргэн дуудахаар явжээ. Ингээд 20-30 орчим минутын дараа ирэхэд гурвуулаа ухаан алдчихсан байсан. Нэмээд хүүхдүүдээ хараад үлдсэн ээж нь ухаан алдсан байжээ. Түргэний эмч ирээд эмээ, ээж хоёрыг нь ухаан алдсан байна хэмээн эмнэлэг рүү авч явсан аж. Харин хоёр хүүхдийг амьсгал хураасан байна хэмээн хэлжээ.

Тухайн айл гэр хороололд олон жилийн өмнө суурьшиж, гал түлж ирсэн. Өмнө нь угаартах ямар нэг эрсдэл үүсч байгаагүй аж. Тухайн үед гэрт ороход бага зэрэг эхүүн сонин үнэр ханхалж байжээ. Хамгийн гол нь гэрт ороод 20-30 орчим минут болоод ээж нь ухаан алдсан байдлаас харахад нэлээд хүчтэй угаар үүссэн байсан байх магадлалтай хэмээн ар гэрийнхэн нь хардаж байгаа юм. Тус айл энгийн зуухтай байв.

“АЛЬ НАМЫН ГИШҮҮН БЭ” ХЭМЭЭН АСУУЖЭЭ

Бид сурвалжлага бэлтгэж явах үедээ дүүргийн цагдаагийн хэлтсээр орсон. Энд угаартсан гэх зарим иргэнээс цагдаагийн алба хаагч мэдүүлэг авч байхтай таарсан юм. Мэдүүлэг өгөөд гарч ирсэн зарим иргэнээс тодруулахад анх шуудайтай түлш авахад уутны ам нь задгай байсан эсэх, тухайн үед гэрт байсан хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх, мөн гэртээ газ хэрэглэсэн эсэх зэрэг олон зүйлийг тодруулсан байна. Хамгийн сонирхолтой нь аль намын хүн болохыг лавласан гэнэ. Энэ талаар иргэд “Одоогийн төрийн хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нураах зорилгоор элдэв хуурмаг мэдээлэл тарааж байна гэж хардсаны үндсэн дээр аль нам болохыг асуусан байх магадлалтай” хэмээн хэлж байв. Үүнд бухимдсан зарим иргэн цагдаагийн алба хаагчид “Аль нам байх нь ямар хамаа байна. Би аль ч намын гишүүн биш. Хүний эрүүл мэнд, амь насны асуудал яригдаж байхад энэ мэтээр хий хардаж болно гэж үү” хэмээн бухимдсан гэнэ.


ДАРГА НАР ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ХЭВИЙН ГАРСАН ГЭВ

Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан түлшинд шинжилгээ хийсэн талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Нийслэлийн орлогч дарга Ж.Батбаясгалан “Энэ сарын 5-6-нд шилжих шөнө нийслэлийн Онцгой комисс байгуулагдаж, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 23 цэгээс дээж авч, гурван лабораторид шинжилгээнд хамруулсан. Мөн барьцалдуулагч буюу холбогч бодисыг Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн. Ажлын хэсэгт 98 албан хаагч дээж авч, гурван газар шинжлүүлсэн. Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаж, Нийслэлийн онцгой комиссын шийдвэр, иргэдэд чиглэсэн сэрэмжлүүлгийг хүргэх, зөв мэдээллийг хүргэх, түлш хэрэглэх заавар зэргийг зөвлөх ажил өрнөж байна гэсэн юм. Мөн МХЕГ-ын дэд дарга Н.Даваасүрэн “МХЕГ-аас хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлшинд шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнг үндэслэж, улсын байцаагч нар дүнгээ гаргахаар ажиллаж байна. Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт нас барсан болон угаартсан таван иргэн, Баянзүрх дүүргийн нэг, Хан-Уул дүүргээс нэг, Сонгинохайрхан дүүргээс хоёр дээж авч, шинжлүүлсэн. Одоо мөрдөж байгаа стандарттай харьцуулсан. Нэр бүхий есөн айлаас авсан дээжийн чийглэг нь стандартын хэмжээ хангасан. 10 буюу түүнээс доош байх ёстой бөгөөд шинжилгээний хариугаар 3,2-9 байсан. Үнслэг нь есөн дээжээс 29 буюу түүнээс бага байх ёстой бөгөөд 23-24 гэсэн үзүүлэлт байсан бол дэгдэмхий чанар нь стандарт нь 22 буюу түүнээс бага байх ёстой бөгөөд 18,9-20,3 үзүүлэлттэй байсан. Мөн хүхэр нь нэг буюу түүнээс бага ёстой бөгөөд 0,95-1,04 үзүүлэлтэй байсан бөгөөд илчлэг нь 6000 буюу түүнээс дээш гарсан.

Мөн Таван толгой түлшний угаасан нүүрс болон бэлдцэд шинжилгээ хийсэн нь стандартын шаардлага хангасан гэсэн шинжилгээний хариу гарсан. Угаартаж амиа алдсан болон угаартсан айл өрхүүдийн хэрэглэж байсан түлшинд шинжилгээ хийсэн бөгөөд өмнө нь бидний хийж байсан шинжилгээтэй таарч байгаа юм. Түүнээс гадна Гаалийн төв лабораторид хийсэн шинжилгээгээр цардуул болон шаварлаг элс агуулагдаж байна гэсэн дүнг ирүүлсэн. Химийн бодис бус органик цардуул, шаварлаг элс. Энэ гурван хариуг үндэслэж улсын байцаагчийн дүгнэлт гарч, нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ” гэсэн байна. Мөн өчигдөр угаартсан гэсэн дуудлага нэмэгдэж ирсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн X дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг өрхийн хоёр хүүхэд угаартсан гэсэн дуудлага ирсний дагуу, хүүхдүүдэд хордлого тайлах эмчилгээ хийгээд гаргасан. Нэг хашаанд нэг цэгээс, нэг ижил түлш авсан хоёр айлын нэг айлынх нь хоёр хүүхэд хордсон байхад нөгөө айлынх нь зүгээр байсан. Харин хүүхэд угаартсан айлаас тодруулга авахад орой унтахдаа түлшээ хийгээд, байшингийн яндангаа хаагаад унтсан гэдэг тайлбар өгсөн. Тэгэхээр түлшнээс бус хэрэглээгээ анхаарахгүй бол ийм байдал цаашид үргэлжилж магадгүй байна” гэсэн байна. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас сайжруулсан түлштэй холбогдуулж хариуцлагын асуудлыг хөндөхөд “Шаардлагатай гэвэл буруутай хүмүүст хариуцлагын асуудал яригдаж л таараа. Одоо бол нөхцөл байдал юунаас болов гэдгийг л тодруулах нь нэн түрүүний ажил” хэмээсэн байна.

Г.БАТЗОРИГ

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *