Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Махны нийлүүлэлтийг сайжруулаад ирэхээр үнэ тогтвортой болох боломжтой

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Хөдөө аж ахуйн яамнаас өвлийн бэлтгэл дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Засгийн газрын тогтоол өнгөрөгч наймдугаар сард гарсан. Бүх аймаг, сумд өвөлжилтийн бэлтгэлийн талаарх үүрэг чиглэлээ авлаа. Отор нүүдлээ хаана хийх талаар мөн хадлан тэжээлийн хэмжээг тодорхой зааж өгсөн. Орон нутагт өвөлжилтийн байдал хэрхэн хангагдаж байгаа талаар дэд сайд ахалсан ажлын хэсэг аймаг сумдаар ажиллаж байна. Энэ жил өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нэлээд өргөн хүрээнд хийгдэж байна.

-Энэ жилийн хувьд нэлээд хүйтэн өвөл болно гэсэн мэдээлэл өргөтгөсөн хуралдааны үеэр яригдаж байсан. Энэ талыг бодолцож олон ажил зохион байгуулагдаж байгаа байх?

-Цаг агаарын байдлыг мэргэжлийн байгууллагуудаас бидэнд танилцуулж байна. Олон жилийн дунджаас эрт цасан бүрхүүл тогтох, хур тунадас орох, зарим газраа хүйтэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар урьдчилсан мэдээлэл байна. Цаг агаарын байдлыг өвөлжилтийн бэлтгэл хангах ажилтай уялдуулж байна. Дээрээс нь энэ жилийн хувьд бэлчээрийн даацыг тодорхойлох арга аргачиллаа шинэчилсэн. Орон нутаг шинэ аргачлалын дагуу бэлчээрийн даацаа тодорхойлж, албан ёсны мэдээ, мэдээлэл гаргаж эхэлсэн.

Мэдээллээс харахад манай улсын бэлчээрийн 60 гаруй хувь нь өвөлжилт, хаваржилтыг хэвийн давах нөхцөл бололцоотой гэхээр бэлчээрийн даац ерөнхийдөө боломжийн байна гэсэн үг. 40 орчим хувьд нь даац нэлээд хэтэрсэн байдалтай байгаа. Энэ тухай аймаг, сум бүрээр нэг бүрчлэн гаргасан. Үүнтэй уялдуулж өвөлжүүлэх малынхаа тоо толгойг оновчтой, тодорхой тогтоох асуудал гарч ирж байна. Малчид өөрийн аймаг, сумандаа өвөлжих бодолтой байна. Ингэхээр энэ асуудлыг аймаг дотроо зохицуулах бололцоотой гэж үзэж байгаа. Цөөхөн аймгуудын хувьд асуудал амаргүй байгаа. Өмнө говь, Дундговь, Өвөрхангайн хэдэн сумд Говь-Алтайн цөөхөн сумдад зуншлагын байдал сайнгүй байсан. Энэ газруудаас отор нүүдэл хийхдээ хичнээн тооны мал явахыг нарийвчлан гаргаад отрын бүс нутгуудын хуваарийг нарийвчилж хийж байна. Энэ дагуу хаана оторлож, өвөлжих талаар аймаг орон нутгуудад чиглэлээ өгч байна.

Түүнчлэн мал эрүүл мэндийн үзлэгт орсон байх ёстой. Халдварт болон хүнд халдах өвчнөөс сэргийлсэн урьдчилан сэргийлэх вакцин тариаг хийж, оторт явах зам маршрутыг нарийвчилж тогтоосон байх ёстой. Энэ ажлууд үндсэндээ бүгд хийгдсэн. Одоогоор өвөлжилтийн бэлтгэлээ хангахад малын үзлэг, ангиллын ажил дуусах шатандаа явж байна. Шүлхий мялзангийн вакцин хийгдэж дуусах шатандаа явж байна. Энэ жилийн хувьд малын угаалга ялгалтыг нэлээд сайн хийсэн. Хадлан бэлтгэх ажлын явц 60 гаруй хувьтай явж байна. Ургац сайн ургасан. Үр тарианы хураалт 20 гаруй хувьтай. Зарим нутгуудаар бороо их орсон учраас үр тарианы болц оройтож байгаа. Богино хугацаанд үр тариагаа хураах бэлтгэл хангагдсан. Техникийн засвар үйлчилгээ хийгдээд дууссан. Шинэ техникийг ургац хураалтаас өмнө нийлүүлсэн. Аж ахуйн нэгжүүд аваад бэлдчихсэн. Аравдугаар сардаа багтаагаад үр тарианы ажлаа үндсэндээ дуусгачихна.

-Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой болсон уу?

-Хурааж авах тарианы хувьд урьдчилсан баланс гарсан. Балансаар бид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах түүнчлэн нөөц бүрдүүлэх боломжтой гэх тооцоо гарсан. Үр тарианаас гадна хүнсний ногооны хураан авалтын ажил эхэлж төмс хураах ажил дууссан. Хадгалах сав агуулгын хүрэлцээг бодож үзэхэд экспортод гаргах бололцоо бүрдсэн. Энэ ажлыг бүс нутгуудтай ярьж байна. Хүнсний ногоо хураан авалт 60 гаруй хувьтай явагдаж байна. Энэ жил манжин, луувангаар хэрэгцээгээ 100 хувь хангана. Нарийн ногооны хувьд өөрийнхөө хэрэгцээний 60-аас дээш хувийг хангах боломжтой болсон. Арваннэгдүгээр сар гартал хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг өргөн хүрээнд зохион байгуулна. Намрын ногоон өдрүүд арга хэмжээ нийслэлд зохион байгуулагдсан. Ихэнх аймгуудад зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Хэнтий аймагт гэхэд 20 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Нийслэлд өргөтгөсөн худалдаагаар 200 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдсэн байна. Ногооны өргөтгөсөн худалдааг залгуулаад сүү цагаан идээний өргөтгөсөн худалдааг арваннэгдүгээр сарын дунд хүртэл зохион байгуулна. Аймаг орон нутаг малчид ирээд өөрсдөө борлуулах бололцоог хангаж өгнө. Талбай лангууны түрээсийг хөнгөлөх арга хэмжээ авч ажиллаж байна. Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Бүх аймгууд хуваариараа ажиллана. Энэ жил мах бэлтгэлийг нэлээд өргөн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Нийт 16 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ шаардлага байна. Оны эцэст 67 сая мал өвөлжих хуваарь гарсан. Энэ дагуу бэлчээр худаг ус хашаа саравчаа тогтоож байна. Махны экспорт хийх ажлыг ч зохион байгуулна. Мал бэлтгэх үйлдвэрүүдэд тодорхой шаардлагыг тавьж байгаа. Нэгдүгээрт, малын гарал үүсэл тодорхой байх ёстой. Малчны хотноос эдийн засгийн эргэлтэд орохоор мал эмнэлгийн тодорхойлолт авснаар бүртгэлд орж, хаагуур дамжив, хаана боловсрогдов, эцсийн үйлдвэрлэлд очихдоо бар кодтой очих юм. Бэлдэж байгаа хүнс аюулгүй, эрүүл байх ёстой. Малын маханд байгаа антибиотикийн үлдэгдлийг хянадаг системтэй болсон. Бүх хүнсний захууд, үйлдвэрийн газруудад хяналтын системтэй болж байгаа. Хоёрдугаарт, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж боловсруулж байгаа бол иж бүрэн боловсруулах ёстой. Зөвхөн гулуузыг нь аваад бусдыг нь хаядаг байж болохгүй. Тиймээс бид мал боловсруулж байгаа үйлдвэрүүдэд тавьж байгаа хоёр дахь шаардлага гулууз мах хэд гарсан, гэдэс дотор дайвар бүтээгдэхүүн хэд гарсан арьс шир нь хаана байна. Байгаль дээр хаягдал хийдэг цус сэвс чинь хаана байна байгалиа бохирдуулсан уу, үгүй юу гэх шаардлагуудыг тавьж байгаа. Ийм шаардлага хангасан үйлдвэрүүдэд экспорт хийх эрхийг нь олгоно. Мах боловсруулах үйлдвэрийг хянаж шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Мал эмнэлгийн байгууллага ажиллаж байна.

-Махны үнэ цаашдаа нэмэгдэх үү?

-Нэмэгдэнэ. Ноднин жил шаардлагатай хэмжээнд мах бэлдэж чадаагүйгээс болж махны үнэ нэмэгдсэн. Зах руу орж ирдэг махыг үйлдвэрүүд ард иргэдээс өмнө худалдаад авчихсан. Ингээд ард иргэдийн гар дээр очих мах хомсдсон. Энэ жилийн махны бэлтгэлийг дор хаяж гурав дахин нэмнэ. Нөгөө талаар зах зээл дээр байгаа гажуудал ард иргэдэд очих махыг үйлдвэрүүд өрсөлдөж авдаг байдлыг цэгцэлнэ. Нийслэлд махны хангамж тогтвортой байна. Нийлүүлэлтийг бололцооны хэмжээнд нийлүүлнэ. Нийлүүлэлт сайжруулаад ирэхээр үнэ тогтвортой болно. Үнийн асуудал ярихаар хоёр зүйл яригдаж байгаа юм. Үнийг тогтвортой байлгана гэдэг нэг талдаа хүнс бэлдэж байгаа малчид тариаланчдын бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгана. Тэдний үнийг унагаж болохгүй. Малчдаас авч байгаа үнийг өнөөгийн зах зээлийн үнээс бууруулахгүй байна. Нөгөө талдаа хэрэглэгчдэд очиж байгаа үнийг өсгөхгүй хөөрөгдөхгүй байна. Зах зээл тогтвортой болвол зах зээлийн зарчмаар махны үнэ тогтоно. Малчдаас 2000-3000 төгрөгөөр мах аваад нийслэлд 10 гаруй мянган төгрөгөөр борлуулдаг гажуудал байсан. Бид энэ байдлыг засах бололцоотой гэж үзэн ажиллаж байна. Энэ жил малчдаас таван мянган төгрөгөөс доошгүй үнээр худалдаж авна гэж бодож байгаа. Хотод нийлүүлэгдэж байгаа махны үнийг 10 мянган төгрөгөөс нэлээд доогуур тогтооё гэсэн байр суурьтай байна. Энэ хоёрын зөрүү олон шат дамждаг явдалд энэ үнэ нэмэгддэг. Аль болох цөөхөн шат дамжлагатайгаар хэрэглэгчдээ хүргэхээр зорьж байна.

-Махны экспорт өнөөдөр ямар хэмжээнд байна вэ?

-БНХАУ-д мах экспортлох нэмэгдүүлэх чиглэлээр байнга яриа хэлцэл хийж байна. Нөгөө талаар мах үйлдвэрлэх үйлдвэрүүдийг сонгон шалгаруулах ажлууд ч хийгдэж байна. 60 гаруй үйлдвэр хятад улс руу мах үйлдвэрлэх саналаа тавьсан. Хятадын мэргэжлийн байгууллагуудтай хамтраад энэ дотроос 25 үйлдвэрийг эхний ээлжинд сонгож авсан. Цаашдаа үйлдвэрийн тоогоо нэмнэ. Үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ ч нэмнэ гэж бодож байна. Махны экспортыг манайх өнөөдөр 16 улсад экспортолж байна. Хятад улсад нийлүүлж байгаа нэг онцлогтой бүтээгдэхүүн бол дулааны аргаар боловсруулсан мах. Манайд дулааны аргаар мах боловсруулах стандарт байхгүй. Экспортод бид квот буюу хязгаар тавьж өгнө.

-Үндсэн хуулиар ард нийтийн санал асуулга явуулахтай зэрэгцүүлэн ээлжит бус сонгууль явуулах асуудал яригдаж эхэлсэн. Үүнд та ямар суурьтай байна вэ?

-Энэ асуудал яригдаад эцэслэгдээгүй байна. Ард нийтийн санал асуулга явуулъя гэхээр 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардалгатай болж байгаа. Оны наана ард нийтийн санал асуулга явуулж 30 тэрбумыг зарлагадаад, оны дараа сонгууль явуулж 30 гаруй тэрбум төгрөг зарцуулна гэвэл эдийн засагт амаргүй дарамт болно. Эдийн засгийн агуулга талаас хамтад нь явууж болдоггүй юм уу гэх санал гарсан. Миний хувьд зардал чирэгдэл багатай хувилбарыг дэмжих нь зүйтэй гэж бодож байсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас шалтгаалж АНСА явуулах уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *