Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батнасан: Парламентын тогтолцоотой улс хамгийн хүчтэй эрх мэдлийг Засгийн газартаа өгөх ёстой


УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууслаа. Таны хувьд Үндсэн хуульд тусгагдсан зүйл заалтуудад ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд хэд хэдэн чухал өөрчлөлт орж байгаа. Үндсэн хуулийг хэдэн Их хурлын гишүүд дур мэдээд хийчихдэг ажил биш. Олон жилийн судалгаанд үндэслэгдэж байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр иргэдийг нааштай хандаж байгаа гэж ойлгож байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ард түмэнд хүртээлтэй, төр нийгмийн тогтолцоотой холбоотой заалтууд, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зэрэг олон сайн зүйл заалтууд тусгагдсан. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хуульд Засгийн газрыг ирц нь бүрдсэн тохиолдолд гишүүдийн олонх нь огцруулчихдаг. Одоогийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд нийт гишүүдийн олонхоор огцруулна гэдэг заалт оруулж ирсэн. Ингэхээр 39 гишүүнээр огцруулна гэсэн үг. Энэ нь Засгийн газар тогтвортой ажиллахад гол суурь болох юм. Түүнчлэн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж өгч байгаа нь авууштай зүйл болж байна. Улсын төсөвтэй холбоотойгоор Ерөнхий сайдын оруулж ирсэн улсын төсвийг зардал нэмэхгүй байх заалт оруулж байгаа нь төсвийн сахилга бат сайжруулах төсөв тогтвортой байх гол зохицуулалт болно. Мөн Ерөнхий сайдыг огцруулахдаа дараагийн Ерөнхий сайдын нэрийг цуг өргөн барих заалт оруулж ирж байгаа. Энэ маш чухал заалт. Түүнчлэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал оруулж ирсэн нь УИХ-д Ерөнхий сайд өөрөө өөртөө итгэл үзүүлэх талаар асуудлаа тавьж болно. Хэрвээ их хурал дэмжихгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох заалт орж ирж байна. Дараагийн чухал асуудал бол давхар дээл. Их хурлын гишүүд Засгийн газрын ажлыг хийхээ больё, зөвхөн хуулиа баталдаг бусад онцгой эрхээ хэрэгжүүлээд явъя гэх үүднээс давхар дээлтэй байх шаардлагагүй гэх зүйл заалтыг би дэмжсэн. Тийм учраас Их хурлын гишүүн давхар дээлтэй байхад зохимжгүй гэдэг дээр саналаа өгсөн. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээр таван Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалтаар явахаар боллоо. Миний бодлоор давхар дээлийг 100 хувь тайлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Парламентын тогтолцоотой улсад хамгийн хүчтэй эрх мэдлийг Засгийн газартаа өгөх ёстой. Засгийн газартаа эрх мэдэл өгч байж ажил урагшилна. Тэр үүднээс Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд нь өөрөө томилдог байх нь зүйтэй. Өнөөдөр Монгол Улсад тийм ёс зүй байна уу гэдгийг харах хэрэгтэй. Гэхдээ энэ санал унасан. Дээр нь Шүүхийн асуудал. Шүүх засаглалтай холбоотой Их хурлын гишүүдийн өргөн барьсан төсөл дээр нэлээд том заалтуудыг оруулж ирсэн. ШЕЗ, шүүхийн хариуцлагын зөвлөл, Улсын дээд шүүхийн шүүгч нарт тавьдаг шалгуурууд зэрэг тодорхой заасан байсан. Хариуцлага сахилга баттай байя, хуулийн засаглалын дор амьдаръя гэж бодож байгаа бол шүүх засаглалыг гарцаагүй сайжруулахаас өөр аргагүй. Шүүхийн засаглал амин чухал асуудал. Өнөөдөр манайд шүүх засаглал хараат байдлаар ажиллаж байгаа нь үнэн. Угтаа хараат бус ажиллах ёстой биз дээ. Ерөнхийлөгчийн шүүгчийг томилдог, чөлөөлдөг. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энэ тал дээр дэвшил гарсан. Бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно. Шүүгч ямар нэгэн ёс зүйн алдаа, ажлын хариуцлага алдсан зүйл гарвал сахилгын хороо түдгэлзүүлдэг, огцруулдаг болж байгаа. Энэ бол шүүхэд гарч байгаа том дэвшил. Ер нь шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороог Үндсэн хуульдаа тусгаад өгөх нь зөв л дөө. Харин одоо шүүх засаглалыг улам сайжруулахын тулд 30 гаруй органик хууль эхний ээлжинд шинэчлэгдэх байх. Энэ хуулиуд дээрээ шүүх засаглалтай холбоотой нарийн зохицуулалтуудыг Их хурал хийж баталж өгөх хэрэгтэй. Энэ үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэнд ээлээ өгнө.

-Ард нийтийн санал асуулга явуулахтай зэрэгцүүлэн засаглалын хэлбэр асуух санал гаргаж ирсэн. Энэ тухайд?

-Ард нийтийн санал асуулга өөрөө хуультай. Хуулийн дагуу л явуулна. Үндсэн хуулийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг батлагдаад дууссан. Хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа ард нийтийн санал асуулга асууж болно гэж хуульд заасан байдаг. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах уу, үгүй юу гэх асуултыг л асууна. Давхардуулж засаглалын хэлбэрийн тогтолцоог асуудаг тийм зүйл заалт хуульд байхгүй.

-Байгалийн баялагтай холбоотой заалт ямар байдлаар орж байна вэ?

-Үндсэн хуульд орсон томоохон өөрчлөлтийн нэг бол байгалийн баялагтай холбоотой заалт. Байгалийн баялагтай холбоотой заалтад нэлээд олон гишүүн санал гаргасан. Бид санал бодлоо солилцоод стратегийн орд байгалийн баялгийн 51 хувийг төр ард түмэн эзэмших нь зүйтэй гэсэн дээр санал нэгдэж хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Байгалийн баялгийн дийлэнх нь ард түмний мэдэлд байна. Ард түмний мэдэлд байна гэхээр баялгийн сан байгуулах болно. Баялгийн санд хуримтлал үүсгэнэ. Баялгийн сан байгуулаад одоогоор 300 орчим тэрбум төгрөг хуримтлуулчихсан байна. Баялгийн сандаа мөнгө хуримтлуулснаар нийгмийн салбар, ажилгүйдэл, ядуурал иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдэхэд манайд маш дөхөм болох юм. Мөн Ирээдүй хуримтлалын өв сан гэх сан байгаа. Бидний ирээдүй болсон үр хүүхдэдээ тодорхой хэмжээний бодит орлогыг үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

-МАН Их хурлыг хугацаанаас нь өмнө тараахаар гарын үсэг зуруулж байгаа талаарх мэдээлэл яваад удаж байна. Та гарын үсгээ зурсан уу?

-Миний хувьд гарын үсэг зураагүй. Энэ асуудалд нухацтай хандах ёстой гэж үзэж байгаа. Батнасан гэх хувь хүн талаасаа илүү би ард түмнээсээ сонгогдсон. Сонгогчдоосоо асуух ёстой. Сая тойрогтоо ажиллаж байхад УИХ тарахыг дэмжиж байгаа хүмүүс ч байна. Хамгийн гол нь төрийн ажлыг явуулахад сэтгэлийн хөөрөл, хувийн эрх ашгийн үүднээс тарна, тарахгүй гэдэг асуудлыг хэлэхэд эрт. Энэ асуудлыг нухацтай судалж хандах нь зүйтэй гэж бодож байгаа.

-Ээлжит бус сонгууль явуулахыг та дэмжих үү?

-Дэмжих, дэмжихгүйгээ сонгогчдоосоо асуумаар байна. Cудалгаа ч явуулмаар байна. Үнэхээр нийгэмд шударга ёс тогтооё, Их хурал тарах нөхцөл байдал хэдийнэ болсон, дараагийн Их хурлыг сонгох нь зүйтэй гэсэн судалгаа, тооцоо баримтлал гарч ирвэл надад татгалзах зүйл алга. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй Их хурлыг тараа гэж байгаа бол тарж болно. Их хурал тарах, ээлжит бус сонгууль явуулах чинь хоёр өөр асуудал. Их хурал тарна гэдэг гишүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Их хурлын гишүүдийн 51 хувь нь их хурлыг тараагаад дараагийн ээлжит бус чуулганыг хийнэ гэж байгаа бол зөв зүйтэй асуудал байх. Хэн нэгэн хүний хэлснээр Их хурал тардаг тогтолцоо байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *