Categories
мэдээ цаг-үе

Ч.Даваабаяр: Баялаг бүтээгчид төдийгүй нийгэм бүхэлдээ ШУДАРГА ЁС-ыг л хүсч байна

Баялаг бүтээгчдийг
дэмжих холбооноос зохион
байгуулдаг “Жижиг, дунд
үйлдвэрлэл, үйлчилгээ
эрхлэгчдийн форум” энэ
сарын 26-нд болно. Хоёр дахь
жилдээ зохиогдох уг форум
энэ удаад “Тогтвортой
хөгжлийг хангахад
жижиг, дунд үйлдвэрлэл
эрхлэгчдийн оролцоо”
сэдвийн дор өрнөх юм байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих
холбооны ерөнхийлөгч
Ч.Даваабаяртай уулзаж
форумын талаар болон
жижиг, дунд үйлдвэрлэл
эрхлэгчдийн өнөөгийн
байдлын талаар ярилцсанаа
хүргэж байна.


-Баялаг бүтээгчдийг
дэмжих холбоо анх хэзээ
байгуулагдсан юм бэ. Үүнээс
яриагаа эхэлье?

-Миний хувьд анхнаасаа
ийм холбоо байгуулъя гэж
яваагүй. 2014 онд Монгол
Улсын эдийн засаг хүндэрч,
байгууллага, компаниуд
ажилчдаа цомхотгоод, үйл
ажиллагаагаа хумиад эдийн
засаг хямарч эхэлсэн.

-Энэ үед манай “Масс”
агентлаг ажилчдаа ер
цөөлөөгүй. Үйл ажиллагаагаа
ч хумиагүй. Харин ч бид энэ
жижиг, дунд үйлдвэрлэл
эрхлэгчдийг дэмжье, эхний
удаад сурталчилгааг нь үнэ
төлбөргүй хийж өгье гээд 21
аймгийн 100, Улаанбаатар
хотын 100 аж ахуйн нэгжийг
дэмжье гэсэн. Хэрвээ бидний
дэмжлэгтэйгээр эдгээр аж ахуйн
нэгжүүдийн үйл ажиллагаанд
ахиц гарвал эргээд бидэнд
реклам сурталчилгаагаа
гаргуулах замаар нэг нэгнээ
харилцан дэмжинэ гэж бодсон.
Ингээд манай агентлагийн
сэтгүүлчид дөрвөн группт
хуваагдаад Монгол орны дөрвөн
зүг рүү томилолтоор гарсан.
Нэвтрүүлэг, мэдээ бэлтгээд
завсаргүй ажилласан. Бид 2014,
2015 онд бүтэн ажилласан.
Эхний нэвтрүүлгүүдээ хийгээд
гурван сар болсны дараа манай
сэтгүүлчид ирээд “Энэ салбарт
асуудал маш их байдаг юм.
Ийм ийм бэрхшээл, хүндрэл
байна. Дэмжихгүй бол болохгүй
юм байна. Амьдралаа жинхэнэ
бор зүрхээрээ авч явдаг хүмүүс
юм байна” гээд ямар зовлон
бэрхшээл туулж байгааг нь нэгд
нэгэнгүй ярьцгааж ямар хүнд
салбар руу орцгоосноо мэдсэн.
Ингээд нийгмийн захиалгаар
Баялаг бүтээгчдийг дэмжих
холбоо маань байгуулагдсан.
Холбоогоо байгуулахдаа сэтгэл
санаа нийлсэн хүмүүсээр
Удирдах зөвлөлөө бүрдүүлсэн.
Нийгмийн захиалгаар бий
болгосон холбоо гэж хэлж
болно.

-Өнгөрсөн жил танай
холбоо анхдугаар форумаа
хийж, төлөөлөгчид ЖДҮХ
сангийн асуудлаар гомдол
ихээр гаргасан шүү дээ?


-2018 оны зургадугаар
сарын 4-нд анхны форумоо
зохион байгуулсан. Тэр форумд
аймаг, орон нутаг, дүүргүүдийн
400 орчим төлөөлөгч оролцсон
юм. Монгол Улсад жижиг, дунд
үйлдвэрлэлийн салбарт 800
гаруй мянган хүн ажилладаг.
Үүний 60 хувь нь жилийн 50
сая төгрөг хүртэлх орлоготой
аж ахуйн нэгж байна.
Анхдугаар форумын үеэр
манай баялаг бүтээгчид
тулгамдсан олон асуудлаа УИХ-
ын гишүүд болон яам, тамгын
газрын шийдвэр гаргагчдад
илэрхийлсэн.
Түүний дотор “Жижиг, дунд
үйлдвэрлэлийг хөгжүүлэх
сангийн мөнгө баялаг
бүтээгчдэд олдохгүй байна”
гэдэг асуудал хамгийн хурцаар
яригдсан. Хоёрдугаарт,
үндэсний үйлдвэрлэгчийн
дотоодын зах зээлийг төр
бодлогоор хамгаалахгүй
байгааг шүүмжилсэн.
Монголын эдийн засгийн
форум гэж жил бүр маш том
арга хэмжээ болдог ч тэнд
ЖДҮ-ийн салбарын хөгжил
огт яригддаггүй, цаашлаад
ЖДҮ-ийн форумыг ивээн тэтгэх
байгууллага ч олддоггүй, тийм
өнчин өрөөсөн, хамгийн хүнд
зовлон зүдгүүр дунд явж ирсэн
ХӨГЖДӨГГҮЙ өр зээлэндээ
баригдсан салбар бол ЖДҮ-ийн
салбар юм.
Монгол хүний тэвчээр
гайхалтай юм даа гэж бодох
юм. Ер нь бид сүүлийн 30-аад
жил 30 хувийн хүүтэй зээлээр
бизнес хийх гэж зүдэрч ирлээ.
Ийм тохиолдол дэлхийд ч ховор
үзэгдэл юм билээ. Энэ бүхэн
бол шударга ёс алдагдсаны
илрэл. Монголын улс төрийн
нөхцөл байдал, улстөрчдийн
ёс зүйгүй байдлаас улбаалж
Монголын ард түмэн, салбар
салбарын хүмүүс шударга ёсыг
хамгийн ихээр их хүсэмжлэх
болсон нь хэнд ч мэдрэгдэхээр
боллоо.

-Шударга ёс бол яг одоо
манай нийгэмд агаар, ус мэт
л хэрэгтэй зүйл болчихоод
байгаа шүү дээ?

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд
очих ёстой төрийн
санхүүгийн дэмжлэг тэдэнд
очихгүй байна. Мөн тэдний
үр хүүхэд Төрийн сангийн
зээлээр сурах боломжоо эдэлж
чаддаггүй. Жирийн ардын
хүүхдүүд хувийн сургуульд
сурч ломбардны зээлэн дунд
амьдарч байгааг олон нийтийн
сүлжээнээс харж байгаа
байлгүй дээ. Сүүлийн үед УИХ-
ын гишүүд маань олон нийтийн
сүлжээг гарамгай ашиглаж улс
төр хийдэг болсон шүү дээ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын
гишүүн, төрийн өндөр албан
тушаалтнууд албан тушаал,
мэдээлэлд ойрхон байдлаа
ашиглаж байгаа нь ЖДҮ-
ийн салбарынхны бизнестээ
хөрөнгө оруулалт оруулах
боломжийг хаагаад зогсохгүй үр
хүүхдэдээ хүссэн боловсролыг
нь олгох боломжийг мөн
хулгайлсаар байна. Энэ бол
баримттай, УИХ-ын гишүүд
олуулаа бүлэглэн үйлдсэн
хулгай юм. Энэхүү хулгай
илэрч нийгмийг шоконд оруулж,
нийт монголчууд, гадаадад
амьдардаг монголчууд ч бүх
нийтээрээ жигшин зэвүүцсэн.
Энэ увайгүй үйл явдлыг “ЖДҮ
эрхлэгчдэд тохиолдсон хар
өдрүүд” гэж нэрлэн жил бүр
үүнийг сануулж байх зорилгоор
манай холбооны Удирдах
зөвлөл форумаа “Тогтвортой
хөгжлийг хангахад жижиг, дунд
үйлдвэрлэл, үйлчилгээний
оролцоо” сэдвийн дор өргөн
хүрээг хамруулж зохион
байгуулж байхаар болсон.
ЖДҮ-ийн салбар ямар ч улсын
нэг номерын бодлогын салбар
байдаг. Яагаад гэвэл нийт
хүн амын ажиллах хүчний 80-
90 хүртэл хувийг энэ салбар
гаргадаг. Ажилгүйдлыг багасгаж,
ядуурлыг бууруулахад
улсын том бодлого энд явж
байдаг. Тийм учраас бидэнд
парламентын засаглал байна
уу, хүчтэй Ерөнхий сайдын
засаглал нь байна уу, хааны
засаглал нь байна уу огт
хамаагүй. Жирийн баялаг
бүтээгчид ШУДАРГА ЁС-оор
өлсөж, цангаж байгаа шиг
Монголын нийт ард түмэн ч
үүнийг маш ихээр хүсч байна.
Бид Үндсэн хуулиар олгогдсон
эрхээ эдлэх эрхтэй баялаг
бүтээгчид шүү дээ. Баялаг
бүтээгчдийн боломжийг
хулгайлсан тухай мэдээлэл
нийгэмд цацагдахад бид ямар
хүнд итгэж саналаа өгснөө сая л
мэдэж авсан нь нэг талаар сайн
ч нөгөө талаар ЖДҮ-ийн хувьд хар өдрүүд байлаа.
Дөрөв дэх засаглал
болсон хэвлэл мэдээллийн
байгууллагууд, хуулийн
фермүүд, “Бид уучлахгүй
хөдөлгөөн”, судлаач, эрдэмтэн,
докторууд энэ алдагдсан
боломжийн талаар нэгдэж
тэмцэж ирсэн. Одоо ч тэмцсээр
байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэл
үйлчилгээ эрхлэгчдийн
алдагдсан боломжийг эргэж
нөхөж авах боломжгүй байгаа
нь маш харамсалтай. Яагаад
гэвэл бизнест цаг хугацаа
алтнаас ч илүү үнэтэй. Шинэ
хуульд зорилго зорилтыг
тодорхой болгосон. Хуучин
2007 оны хуулийн зорилго
бол тунхаг төдий байсан.
Тэгвэл энэ удаагийн хуульд
зорилго болон зорилтыг ялгаж
нарийвчилснаар онцлогтой.
Энд үйлдвэрийг төрөлжүүлэн
хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг
сайжруулах, ажлын байрыг
нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдийн
улс орны эдийн засагт эзлэх
хувийг дээшлүүлэх зэргээр
заасан боловч дотоодын зах
зээлийг хамгаалах гэсэн нэр
томьёо ороогүй байна.
Гадаадын бараа
бүтээгдэхүүн Монголын зах
зээлд гаальтай, гаальгүй
машин, чингэлгүүдээр чөлөөтэй
орж ирж байгаа ийм тохиолдолд
үндэсний үйлдвэрлэл хөгжинө
гэж бодохын ч хэрэггүй.
Кластераар бүсчлэн хөгжүүлэх
чиглэлийг Засгийн газар
батлахаар хуульчлагдсан нь
шинэ зүйл байлаа.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас
олгож буй төрийн онцгой
хөнгөлөлттэй олгож байгаа
зээлийг ямар нэг сайд, дарга,
сангаар дамжуулан олгох
нь буруу юм. Ямар нэг сайд,
дарга, аймаг, сумын Засаг
дарга зээлийн асуудлыг
шийдэж байгаа тохиолдолд
зээл зорилтод бүлэгтээ очихгүй
байгааг баялаг бүтээгчид
байнга хэлсээр сануулсаар
байгаа. Тийм учраас сангийн
мөнгийг 100 хувь банкаар олгох
нь зөв юм.
Ер нь бидний үзэж
байгаагаар татварын өршөөл
үзүүлсэн тохиолдолд ЖДҮХ
сангаас онцгой хөнгөлөлттэй
зээл авсан бол тэр Өршөөлийн
хуульд хамрагдахгүй байх
хэрэгтэй. Тоглоомын дүрэм
анхнаасаа тодорхой байх хэрэгтэй. Энэ зээлийн онцлог
нь гурав хүртлэх хувиар таван
жилийн хугацаатай авдаг.
Эхний жилдээ үндсэн зээлээ
төлөхгүй хоёр дахь жилээс зээл,
зээлийн хүүгээ төлж эхэлдэг
онцгой хөнгөлөлттэй зээл юм.
Сарын 0.25 хувийн хүүтэй гэсэн
үг. 2019 оноос төсөл сонгон
шалгаруулалтыг дөрвөн үе
шаттайгаар онооны системээр
үнэлж, Хороо, дэд хороо нь
төсөл сонгон шалгаруулах
үнэлэх үйл явцыг цахимаар
болон олон нийтийн мэдээллийн
хэрэгслээр нээлттэй ил тод
зохион байгуулж байгаа нь
сайшаалтай санагддаг юм.

-Нааштай өөрчлөлтүүд
гарч эхэлжээ, тэгвэл?

-Яагаад ингэж хийж байгаа
вэ гэвэл сайндаа ч биш 2019
оны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яамны сайдын
А-119 тушаалаар Төрийн өндөр
албан тушаалтан түүний гэр
бүлийн гишүүд хувь эзэмшдэг
бол ЖДҮ эрхлэгчийн төслийг
хүлээн авахгүй байхаар
журамласан байна. Мөн тухайн
төслийг сан болон аймгийн
ЖДҮ-ийн асуудал хариуцсан
байгууллагад нэгэн зэрэг
ирүүлсэн бол төслийг хүлээн
авахгүй, мөн бусад сангуудад
зээлтэй бол мөн зээл олгохгүй
гэх мэт олон заалтууд орсныг
онцлууштай. Энэ хуульд
анх удаа хөтөлбөрийг таван
жилийн хугацаатай баталж
хэрэгжүүлэхээр хуульчилж
оруулсан.
Энэ удаагийн форумд
ЖДҮ-ийн хууль шинэчлэгдэн
батлагдсантай холбогдуулан
түүнийг дагаж гаргах журмын
төсөлд ЖДҮ үйлдвэрлэгчид
өөрсдийн саналаа тусгуулах
зорилготой юм. Бид 2009 онд
мөн яг ийм агентлагтай болж
байсан түүхтэй. Тэгвэл одоо
10 жилийн дараа дахин тус
агентлагийг байгуулж байна.
Хоёр дахь удаагаа агентлаг
байгуулагдаж байгаа учраас
энэ агентлаг ЖДҮ эрхлэгчийн
хууль эрх зүйн асуудлыг
сайжруулсан, дотоодын зах
зээлийг хамгаалахыг хүсч байна.
Жижиг, дундын үйлдвэрлэлийг
дэмжихэд хоёр арга байдаг.
Эхнийх нь санхүүгийн арга,
нөгөөх нь санхүүгийн бус арга.
Энэ хоёр аргыг хослуулан
дэмжиж байж амжилтанд
хүрнэ. Энэ амжилтын төлөө баялаг бүтээгчид бид шинэ
агентлагтайгаа гар нийлэн
ажиллахад бэлэн байгаа.
Засгийн газар болон салбарын
яамнаас гарах журмууд дээр
манай холбооны төлөөлөл
орж ажиллах албан хүсэлтээ
явуулсан боловч одоогоор
тодорхой хариу ирээгүй байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж,
хөдөлмөрийн насны хүн амын
эдийн засгийн идэвхтэй байдлыг
66 хувьд, ажилгүйдлийн түвшинг
зургаан хувьд хүргэнэ гэж
“Монгол Улсын хөгжлийн үзэл
баримтлал 2030”-д тусгасан
боловч одоогийн байдлаар
ажилгүйдлийн түвшин 10.1 хувьд
хүрч нэмэгджээ. Ажилгүйдэл,
ядуурал өссөөр, бидний
гадаад өр зээл нэмэгдсээр
байна. Засгийн газрын 2016-
2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт “Үйлдвэржилт
21:100” хөтөлбөрийн хүрээнд
импортыг орлох 100 нэр төрлийн
бүтээгдэхүүн дотооддоо
үйлдвэрлэдэг улс болно гэсэн
төлөвлөгөө биелсэнгүй.
Мөн Итгэлийн зээлийг
олгож, ЖДҮ эрхлэгчид, өрхийн
үйлдвэрлэл эрхлэгчдийг
дэмжинэ гэсэн нь одоо
хүртэл бас л хэрэгжээгүй
байна. Импортыг орлох
бараа үйлдвэрлэсээр байтал
импортын татварыг нэмэхгүй
байна. Аж ахуйн нэгжийн
орлогын албан татварыг салбар
харгалзахгүй нэг хувь болгож
жилдээ нэг удаа тайлан өгдөг
болгоно гэсэн амлалт болон
дэмжлэг биелсэнгүй. Харин
ч эсрэгээр жил бүр нийгмийн
даатгалын шимтгэл өссөөр
байна. ЖДҮ эрхлэгчдэд энэ бол
бас нэг том дарамт болж байна.
УИХ-ын гишүүд, Засгийн газрын
гишүүд 950 саяар хавтгайруулан
ЖДҮ сангаас хөнгөлөлттэй
зээл авсан нь жишээлбэл, нэг
гишүүний 950 саяар бодоход
100-гаад аж ахуйн нэгжийн
зээлийг ганцаараа авчихсан
гэсэн үг. Энэ зээлийг авсан
тохиолдолд зах зээл дээр 500-
1000 ажлын байр шинээр бий
болох ёстой байсан. Үүнийг л
алдагдсан боломж гээд байгаа
юм шүү дээ. Гэтэл өрхийн болон
бичил үйлдвэрлэгчид 10-20 сая
төгрөгийн хооронд л ихэвчлэн
зээл хүсдэг. Том үйлдвэрийг
дагаж ЖДҮ хөгжиж ЖДҮ-ийг
дагаж өрхийн үйлдвэрлэл
хөгждөг тогтолцоотой. Сан бол өсөн үржиж байх ёстой.
Сайдын мэдлийн төсөв биш
ээ. ЖДҮХ сангийн онцгой
хөнгөлөлттэй зээлийг дагасан
шударга бус үйлдлүүд нийслэлд
төдийгүй аймаг, суманд хүртэл
гарч байгааг АТГ-ын Олон
нийттэй харилцах зөвлөлөөс
мэдээллээ.


-Та судлаач хүний хувьд
манай нийгмийг эдийн засаг
болоод улстөрийн талаас нь
хэрхэн харж байна вэ?


-Одоо бид бүгд Неолиберал
эрин үед амьдарч байна.
Чөлөөт буюу зохицуулалтгүй
эдийн засгийн системд
бүтээгдсэн эд баялаг үргэлж
тэгш бус хуваарилагддаг
гэдгийг судлаачид аль хэдийнэ
тогтоосон. Улс орны эдийн
засаг, улс төр мухардалд орох
үед хөгжлийнх нь гарцыг зөв
тодорхойлох нь чухал юм.
Чөлөөт худалдаа нэрийн дор орж
ирж буй гадны үйлдвэрлэгчдийн
довтолгооноос дотоодын
үйлдвэрлэл болоод зах зээлээ
хамгаалах (протекнист) бодлого
явуулах нь хөгжлийн гарцын
тулгуур асуудлын нэг юм.
Товчдоо бол цөөн тооны
баячууд олигархуудын үе
залгамжилсан улс төрийн
засагтай тэдний хяналтад
байдаг хөдөө аж ахуй, уул
уурхай давамгайлсан
хоцрогдсон бүтэц бүхий эдийн
засагтай, тэгш бус байдлын
ялгаа хэт ихтэй, орчин үеийн
неофиодалын нийгмийг бий
болгож, үе улиран сонгогдох
засаглалын тогтолцоотой байна
гэж харж байна.
ЖДҮ эрхлэгчдийн хувьд
энэ удаагийн форумын үеэр
хэлэлцэх олон асуудлын
дараалалтай байгаа ч тэдний
амнаас “Шударга нийгэм
хэрэгтэй байна” гэсэн ганц
өгүүлбэр л ихээр гарч байна.
ЖДҮ эрхлэгчид гэлтгүй
Монголын нийгэмд шударга
ёс үгүйлэгдэж байгааг хэн ч
үгүйсгэхгүй болов уу. Учир
нь ард түмний итгэлийг авч
сонгогдсон УИХ-ын гишүүд амин
хувийн эрх ашгийнхаа төлөө ард
түмэн, жижиг дунд үйлдвэрлэл
эрхлэгчдэд зориулсан зээлийг
хэрхэн хуваан идсэнийг нийгэм
даяараа харлаа. Энэ мэт тэдний
үйлдсэн хулгай, хуйвалдаан ил
болж, ард түмэн бухимдаж
байна. Манай энэ удаагийн
форумын үеэр энэ асуудал
дахин хурцаар хөндөгдөх
нь тодорхой байх гэж бодож
байна.
“ЖДҮ-чин УИХ Үндсэн
хуульд гар хүрэх эрхгүй” гэх
эсэргүүцэл нь санал асуулгын
ирцэнд сөргөөр нөлөөлөх
магадлал өндөр. Эрх баригч нам
хариуцлагаас зугтаасан үйлдэл
гэж харж байгаа. Хоёрдугаарт,
ЖДҮХ сангаас зээл авсан хэрэг,
60 тэрбумын хэрэг, авлига
албан тушаал, концесс гээд
эрх барьж байгаа намд олон
асуудал байна. Тэд энэ бүх
хариуцлагаас зугтаахын тулд
бүх л буруу зүйлээ парламентад
нааж үлдээгээд парламентыг
тарааж, өөрсдөө цэвэрхэн
нэр дэвшинэ гэж тооцож байх
шиг байна. Харин ч баялаг
бүтээгчид энэ тал дээр нэлээд
нухацтай хандаж сонголтоо
хийнэ байх гэж бодож байна.