Categories
мэдээ цаг-үе

Дэлхий дээр өв залгамжлагч саятан муур олон

МУУРНЫ АНАТОМИ

Муур нь 2.5-7кг жинтэй, зарим үүлдэр, тухайлбал Maine Coon зэрэг нь 11.3 кг хүрдэг. Мөн хамгийн жижигхэн нь 1.8 кг орчим төрөл бас бий. Дэлхийд хамгийн том рекорд тогтоосон муур 21 кг 297 гр ба хамгийн жижиг нь 1 кг 36 гр байна. Дундаж өндөр 23-25 см, урт 46 см (толгой, бие) ба сүүлний урт 30 см байдаг. Үе мөч, булчин, шөрмөс нь тун зөөлөн, уян хатан тул толгойнхоо эргэн тойрноос бусад бараг бүх биеийнхээ хэсгийг долоож чадна. Мөн өндөр үсрэх чадвар сайн бөгөөд биеийн өндрөөсөө тав дахин илүү 1.5 м орчим үсэрч чаддаг. Цагт 60 км орчим хурдлах чадвартай. Хараа нь хөдөлгөөнт зүйлийг олж тогтоохдоо тун сайн ч, хөдөлгөөнгүй болон удаан хөдөлж буй зүйлийг олж харахдаа тийм сайн биш. Хүүхэн хараа нь хүнийхээс өөр, босоо нарийн байдаг нь хэмжээгээ хурдан өөрчлөхөд давуу талтай аж. Гэгээтэй газар нарийн босоо, бүдэг харанхуй орчинд хүүхэн хараа нь нүд дүүрэн нээгдэж гэрлийн нүдэнд тусах хэмжээг ихэсгэх ба сайн хардаг. Өнгөний үндсэн гурван эх болох хөх, улаан, ногооныг ялгах боловч улаан өнгийг бүдэг ягаан болгож хардаг байна.

Хамар нь хүнээс хэдэн мянга дахин илүү үнэрлэх чадвартай. Мууранд “хамрын хээ” гэж байх ба энэ нь хүнийхээр бол хурууны хээтэй адил бөгөөд муур болгоных өөр юм. Хамраа өөрийн эзэмшил газраа шалгах болон идэж болох зүйл мөн бишийг ялгахад ашигладаг.

Муурын таван мэдрэхүй дотроос хамгийн сайн нь сонсгол аж. Энэ нь хулгана зэрэг амьтдын гаргах чимээг олж сонсоход зориулагдсан. Мөн чихээ нэг нэгээр нь хоёр өөр зүгт хөдөлгөн тэр зүгийнхээ дуу чимээг ялгаж сонсож чаддаг. Энэ нь шөнөөр ан хийхдээ олзоо хүлээн мярааж, гэтэж байгаад авлахад зохицон хөгжсөн чадвар юм.

Урд хөл нь тав, хойд хөл нь дөрвөн сарвуутай. Гиннесийн номд хойд, урд хөлөндөө тус бүр долоон сарвуу, нийт 28 сарвуутай муур тэмдэглэгдсэн байдаг.

МУУРНААС ХАРШИЛ ҮҮСЭХ НЬ БИЙ

Муурны харшил бусад амьтны харшлаас илүү элбэг тохиолддог буюу нохойн харшлаас даруй хоёр дахин их тохиолдол бүртгэгдсэн байдаг.

Муурны харшлын тухай дийлэнх хүмүүсийн буруу ойлголт бол муурны илүүдэл хаясан үс, хялгас харшил үүсгэдэг гэж боддог. Үнэндээ нэгэнт хуйхнаасаа салчихсан илүүдэл үс харшлын идэвхтэй аллерген байж чаддаггүй. Муурны харшлын гол үүсгэгч нь тэдний шээс, шүлс болон хаганд агуулагддаг бичил уургууд юм.


МУУР ҮНЭР, АМТЫГ МЭДЭРДЭГГҮЙ

Муурны амтлах, үнэрлэх чадвар муу байдаг нь түүний эрхтний согогоос шалтгаалдаг гэнэ. Муур хүнээр биеэ маажуулахдаа таатай ханддаг байна. Энэ нь эзэндээ хайртайдаа биш, харин маажихад өөрийнхөө үнэрийг мэдэрдэг аж. Ийм аргаар сүүл, нүд болон чихний хоорондох зайнаас ялгарах үнэрийг олж авдаг байна. Мөн энэ цуглуулсан үнэрээрээ өөрийн орон зайг тэмдэглэдэг. Тархи- Муурны тархи хүнийхтэй адил. Тийм ч учраас хүнтэй адил сэтгэл хөдлөлтэй. Цусны даралт багасгах, тайвшрахын тулд муураа илэхэд л болно гэж эрдэмтэд үздэг байна. Муурыг илэхэд зүрхний цохилт удааширч цусны даралт багасдаг. Тийм учраас зүрх судасны өвчтэй хүмүүс муур тэжээвэл илүү урт наслах магадлал өндөр. Муур – хамгийн залхуу амьтан. Өдөрт 16 цаг унтдаг, нэг ёсондоо амьдралынхаа 70 хувийг унтана гэсэн үг.

ВИБРИСС

Вибрисс-муурын арьсны үзүүрт байрлах мэдрэмжийг дамжуулах үсний үзүүр юм. Шинжлэх ухааны нэр нь vibris­sae, үнэндээ муурын сахал нь чичирдэг. Муур дунджаар хоёр талдаа ойролцоогоор 12 ширхэг сахалтай. Сахланд мэдрэлийн цэгүүд байрлах тул сахлаараа дамжуулах гаднын бүх мэдээллийг олж авч мэдэрнэ. Сахлыг нь авбал гадна ертөнцийг муу мэдэрнэ, үнэртэх эрхтэн нь муудаж ангаа хийж чадахгүй болно. Сахлынхаа тусламжтайгаар нарийхан хоолойд багтах эсэхээ хүртэл мэдэрдэг ажээ. Сахал нь урагш чиглэсэн бол тэрээр нэг зүйлийг маш их сонирхож байгааг илэрхийлнэ. Дээш болсон бол өрсөлдөгчөө айлгах гэж байгаа хэрэг. Арагш бол ямар нэгэн зүйлээс маш их айжээ, тайван байх үедээ сахал нь тал тал тийшээ сөрвийсөн байдаг аж. Муур хөлрөх булчирхайтай: хацар, хөх, сарвуу нь хөлөрдөг байна. Муурын сарвууны хумсны бүтцээс шалтгаалаад модноос уруугаа бууж чаддаггүй. Модноос буух хэрэг гарвал бөгсөөрөө хойшоо алхаж буухаас өөр аргагүй. Муур таны хоолойг танина, гэхдээ танихгүй мэт үл тоодог. Өвдөхөөрөө нуугддаг. Өвчтэй байхдаа араатны олз болно гэсэн амьтны инстикт нь ажилладаг ажээ. Таны муур гурван настай бол хүнийхээр 30 настай гэсэн үг. Муур найман настай бол хүнийхээр 50, 14 настай бол хүнийхээр 72 настай. Гэрийн тэжээмэл муурын дундаж наслалт 15, зэрлэг муурын дундаж наслалт 3-5 жил. Байнга угаалга үйлддэг нь зөвхөн ариун цэвэр сахиж байгаадаа бус мөн өөр зорилготой. Ингэснээр арьсанд шаардлагатай байгаа аминдэмийг өгдөг, ялангуяа В витамин, мөн амьтны сэтгэл санаа өөрөө тайвширдаг байна. Хэрвээ ариун цэврийг нь сахиулж угаалгыг нь хийлгэхгүй бол амьтан стресст орж үхэх ч магадлалтай.

ХАРАНХУЙД ГЭРЭЛТЭХ НҮД

Муурын ногоон нүд харанхуйд 80 метрийн цаанаас гэрэлтэж харагддаг. Нүднээс гарах гэрэл нь өөдөөс ойж буй гэрэл ирсэн тэр замаараа л эргэж харагддаг ажээ. Муур хүнтэй адил АВ цусны бүлэгтэй. Нуруу нь хүнийхээс таван нугалам илүү. Муурын зодоон маш богино хугацаанд ширүүн болно. Зодооны гол хэрэгсэл бол шүд. Муужгай хорвоод мэндлэхдээ нүд, чих нь хаалттай байдаг. Нүд нь нээгдэхээрээ цэнхэр байж байгаад аажимдаа өөрчлөгддөг ажээ. Муурыг ганцхан “Меов” л гэж дуугардаг гэж бодож байна уу? Үгүй шүү, тэд 26 өөрөөр “меовлож” чадна. Монголчуудын дургүй энэ амьтанд гадныхан маш их хайртай, өв залгамжлагч хүртэл болчихсон саятан муур хүртэл байдаг.

ГАДНЫХАН ЯАГААД МУУРАНД ХАЙРТАЙ ВЭ

Оросын Петербург 2005 оноос эхлэн муурнуудын өдрийг тэмдэглэх болжээ. Энэ хотод маш олон муурны хөшөө бий. Хөшөөнүүдэд хүрэхэд аз жаргал авчирна хэмээн итгэдэг байна. Эх орны дайны үеэр фашистуудад бүслэгдсэн хотод асар том хархууд гарч ирэн ховордсон хоол хүнснээс гадна тамирдсан хүмүүс рүү довтлох болжээ. Тухайн үед хотынхныг тусгайлан авчирсан муурны “дивиз” аварсан гэдэг. Муурыг байнга илж байвал ядаргаа тайлагдан, санаа сэтгэл тайвшран эерэг энерги авдаг гэж ярьцгаадаг. Зарим нь ганцаардахгүйн тулд муур тэжээж, өхөөрдөн тоглож хань татдаг байна. Муур сайн сайхан зүйлийг зөгнөдөг ажээ. Хэрвээ муур өөрөө танай гэрт орж ирвэл түүнийг хөөх хэрэггүй. Ямар нэгэн сайн сайхан мэдээг тээж ирлээ гэцгээдэг. Муур тайван амгалан, хэрүүл шуугиангүй, баяр хөөртэй хүмүүсийн дунд байх дуртай. Орчин үед муурыг зэвүүцэн үзэх нь аажмаар багасч, янз бүрийн зорилгоор тэжээх хүмүүс олширчээ. Хашаа хорооныхоо хулгана зурамнаас салахын тулд “хулганы жинхэнэ ангууч”-ийг тэжээдэг айл төдийгүй аялал жуулчлалын баазууд олон болсон. Орон сууцны айлд муур байвал ялаа шумуулаас гадна жоом хүртэл харагдахгүй болно. Зарим гэр бүл ямар нэгэн амьтан тэжээвэл үр хүүхэд маань аливааг энэрэн хайрлах сайхан сэтгэлтэй болж хүмүүжинэ хэмээн үздэг болсон. Арай цэвэрч амьтан болохоор муурыг сонгох нь бий. Цэвэрч учраас хоол идсэнийхээ дараа заавал нүүр гараа угаана. Савраа шүлсдэж байгаад нүүрээ арчдаг. Энэ нь биологийн хувьд өөр зорилготой байдаг аж. Бухимдсан хүний уур уцаар нь дороо алга болно. Муурны хэл арзгар ширүүн бөгөөд түүнээс нь шүлс мэт шингэн зvйл ялгарч байдаг. Магадгүй түүгээрээ нүүр гараа угаадаг байх. Урьд өмнө нэгэн зүрх муутай хүн зүрхэн тус газраа муураар долоолгодог байсан бөгөөд үүнийхээ ачаар зүрхнийхээ өвчнөөс салсан тухай яриа бий. Монголчууд муурыг муу зөнтэй, эзнээ үхэхийг хүлээж хэвтдэг, муур урдуур нь хөндлөн гарвал муу зүйл болохын шинж хэмээн цээрлэдэг.

Г.НЯМДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *