Categories
мэдээ улс-төр

АН ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар МАН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын санаачилгаар “Олон улсын ардчиллын өдөр”-ийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ. Мөн АН-ын зөвлөл өчигдөр хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын загвар нь ямар байх, ямар асуудлаар санал асуулгыг явуулах талаар судалж, МАН-тай зөвшилцөх зорилгоор ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж, дэд даргаар хуульч Х.Тэмүүжин ажиллах юм байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан маргааш болох Ардчилалын баярын өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг дэлхийн Ардчилалын баярын өдөр болгон зарласан. Энэ шийдвэрийн хүрээнд Монгол улс ардчилалын 30 жилийн тэгш ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Манай нам энэ сарын 13-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд Ардчилалын баярын ард түмэнтэйгээ хамтран тэмдэглэх шийдвэрийг гарган зохион байгуулалтын ажлаа хийгээд явж байна. Ойн арга хэмжээний хүрээнд “Өчигдөр ба өнөөдрийн Монгол” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн. Мөн маргааш Монгол улс ардчилалын замаар 30 жил сэдэвт “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол, практикийн хурлыг Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Нийслэлийн бүх дүүргүүдийн Ардчилсан нам оролцсон нээлттэй өдөрлөгийн зохион байгуулна. Нээлттэй өдөрлөгөөр нийслэлийн есөн дүүрэг тус, тусдаа өөрсдийн онцлог үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Ардчилалын замнал, алдаа оноо, сургамж, сорилт таван боть номын нэгдүгээр боть номын нээлтийг хийнэ. Мөн Сүхбаатарын талбайд хоолны фистиваль, урлагийн тоглолт, ховор чамин автомашины үзэсгэлэн, спортын арга хэмжээ явагдахаас гадна орой Монголын хамгийн том лазерын шоу, бүх оддын тоглолт болно” гэлээ.

Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон ард нийтийн санал асуулгын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “АН-ын улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж нийгэм, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсөн шийдвэрийг гаргасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хувилбарыг бид дэмжиж байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байгаа. Учир нь Ерөнхийлөгч болон АН-аас гаргасан санал хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ороогүй. Анхны зорилтоосоо нэмэлт, өөрчлөлтийн төсөл ухарсан. Үндсэн хуульд оруулах шаардлага хангасан төсөл байж чадахгүй.

Тиймээс хоёрдугаар төслөөр ард нийтийн санал асуулга явуулахыг бид эсэргүүцэж байна.

Ардчилсан нам ажлын хэсэг байгуулан ард нийтийн санал асуулгыг ямар асуултаар явуулах, загвар эх нь ямар байх, ямар хүрээнд явуулах асуудлаар судалж эрх баригчтай зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан. Ардчилсан нам цаашид ардчилалаас ухрахгүй, сонгодог парламентаа хөгжүүлэхийн тулд тууштай ажиллана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *